| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2026/0032/э |
| Дугаар | 2026/ШЦТ/32 |
| Огноо | 2026-02-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2026/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Р.Ариунаа,
Улсын яллагч Б.Ануужин,
Шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Р овогт Нийн От холбогдох эрүүгийн 2617000100023 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ашиглалтын техникч мэргэжилтэй, Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбааатар төмөр замд ачаа хүлээлцэгч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн ................ сумын......... дугаар баг, ........... . ............ тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Р овогт Нийн О /РД: ................./
Холбогдсон хэргийн талаар:
/прокурорын яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч Н.О нь Говьсүмбэр аймгийн .............. тоотод 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21:00 цагийн орчимд, хохирогч Б.Бийг хэрүүлийн шинжтэй чат бичсэн гэх шалтгаанаар түлхэж унаган, өшиглөж эрүүл мэндэд нь зүүн чамархайд няцарсан шарх, зүүн чамархай, зүүн нүдний гадна хэсгээр хуйхан дор цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Н.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Учраа олох гээд ярьсан чинь гэрт ороод ир гэсэн. Тэгээд гэрт нь учраа олох гэж ороод ойлголцоогүй. Тэгээд л маргалдсан. Буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
2. Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Хэрэг болсон өдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 14-ний орой би Шивээговь сумын 2 дугаар баг 21-р зөрлөг 24-12 тоот гэртээ ганцаараа амарч байсан. Шөнө 01 цагийн үед манай ачаа вагон хүлээлцэгч О надруу чатаар “Хэзээ болих юм бэ” гэж чат бичсэн тухайн үед нь би учрыг нь ойлгоогүй болохоор юу яриад байгааг чинь ойлгохгүй байна гэж хариу бичсэн тэгсэн манай нөхөрт мөнгө зээлүүлдэг, архины мөнгийг нь зээлүүлдэг мөн өөр хүнтэй явалддагийг чинь би мэднэ ш дээ гэсэн утгатай чат бичсэн. Тэгэхээр нь би шөнө болсон байна унтаж амарлаа чамайг юу яриад байгааг нь ойлгохгүй байна, маргааш нүүр нүүрээ харж байгаад учраа олоё гэж хариу бичээд орхисон. Тэгээд 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдөр буюу бүтэн сайн өдөр манай охин М хүүхдүүдтэй тоглож байгаад 17 цаг гэртээ орж ирсэн бөгөөд орж ирээд надаас ээж Е “Танай ээж манай ээжтэй муудчихсан юм уу чамтай битгий тогло, чамд битгий хүр гээд байх юм гэж надаас асуусан Е гэдэг нь Оийн бага охин нь байгаа юм. Тэгэхээр нь би О-ийн чат руу “чи жоохон хүүхдэд юу зааж өгөөд байгаа юм, эсвэл хүүхдийн хажууд юу ярьж байгаа юм, ичээч” гэж бичсэн тэгсэн над руу эргүүлээд утсаараа залгаад чи юу солиороод байгаа юм балай авгай минь танай хүүхэдтэй манай хүүхэд таараачгүй гэж байна гэж над руу уурласан бөгөөд би өөдөөс нь юм хэлж амжилгүй утсаа тасалсан тэгэхээр нь уурандаа чатаар өөрөөсөө ичээч хүүхдийн хажууд ярих ярихгүй юмаа бодож ярь гэж бичсэн чинь миний чат очихгүй байсан тэгсэн О намайг блок хийчихсэн байсан. Тэгээд орой нь хүүхдээ ээж аавдаа өгч явуулчихаад өөрийнхөө чатаар бичсэн мессежээ хуулж аваад гар утасных нь мессеж рүү явуулсан тэгсэн чинь над руу утсаар залгаад хаана байна гэж асуусан бөгөөд би гэртээ байна гэж хэлсэн чинь байж байгаарай би яваад ороё гэж хэлсэн. Тэгээд удалгүй ганцаараа орж ирсэн бөгөөд үүдний хэсэгт орж ирээд чи яахаараа хүнийг ингэж доромжилдог юм гэж надтай хэрэлдэж эхэлсэн тэгэхээр нь би чи тэгвэл яахаараа жоохон хүүхдэд янз янзийн юм яриад байгаа юм гээд өөдөөс нь хэрэлдсэн тэгсэн намайг түлхсэн бөгөөд би арагшаа саваад үүдний хэсгийн ханыг дагзаараа мөргөсөн тэгээд би болиоч гээд хажуу тийшээ болтол намайг барьж аваад хажуу тийшээ унагаад үүдний хэсэгт байдаг гутлын тавиурын буланд шахаад толгойгоор гутлын тавиур хоёр удаа түлхэж мөргүүлсэн бөгөөд баруун талын гуя хэсэг рүү хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Тэр үед би бага зэрэг манараад босож ирэхэд зүүн талын хацар хэсгээр нойт оргих шиг болохоор нь гараараа илтэл цус гарчихсан байсан би тухайн үед чихнээс цус гарчихлаа гэж бодсон яг тэр үед хаалгаа нүдэж байсан тэгсэн О дахиж намайг түлхэж үүдний хаалганы хажууд газар унагаасан. Би унах үедээ баруун талын хөлөө эвгүй гишгээд унасан тэгээд би унасан чигтээ өндийгөөд хаалгаа онгойлготол Оийн нөхөр А, жижүүр Б нар орж ирж байсан бөгөөд би тэр хоёрт энийгээ аваачээ гэж хэлсэн чинь О дахиж намайг үүдний хэсэгт түлхэж унагаад зүүн талын гуя, нуруу хэсэг рүү хоёр удаа өшиглөсөн тэр үед Б юу болоод байгаа юм болиоч гэж хэлчихээд эргээд гараад явсан...Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 7-8 дугаар хуудас/
3. Шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ГОС0726/029 дүгээр дүгнэлтэнд:
4. Зүүн хөхний дээд хэсгээр, баруун хөхний дээд хэсгээр, зүүн бугалганд, баруун бугалганд, баруун шуунд, зүүн гуянд, баруун гуянд, баруун тавхайд цус хуралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул түүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохиролын зэрэг тогтоохгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 40-41 дүгээр хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /х.х-ийн 50 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Н.О нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, 21 дүгээр зөрлөгийн 24-12 тоотод 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21:00 цагийн орчимд, хохирогч Б.Бийг хэрүүлийн шинжтэй чат бичсэн гэх шалтгаанаар түлхэж унаган, өшиглөж эрүүл мэндэд нь зүүн чамархайд няцарсан шарх, зүүн чамархай, зүүн нүдний гадна хэсгээр хуйхан дор цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Оийн өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2025 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн ГОС/0729 дүгээр шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Иймд шүүгдэгч Н.Оийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Н.О нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Н.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.
Шүүгдэгч Н.О нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөнийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч болон оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйл тогтоогдоогүй болно.
Хохирогч Б.Б нь шүүгдэгчид холбогдуулж гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
ХОЁР. Улсын яллагчаас шүүгдэгч Н.От эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Ануужин би өнөөдрийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Н.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр прокурорын шийдвэр гарсан байна. Шүүгдэгч Н.О нь 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Шивээговь сумын 2 дугаар баг, 21 дүгээр Зөрлөгийн 24-12 тоотод 21 цагаас орчим хохирогч Бтэй хүүхдүүдийн хооронд болсон асуудал, хэрүүлийн шинж чанартай чат зэрэг үл ялиг зүйлээр шалтаглан түүнийг гэрт нь байхад нь зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Н.Оийн хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал бол тогтоогдсон байна. Шүүгдэгч Н.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгчид урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Шүүгдэгчид авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай. Энэ хэрэгт хураасан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдсон зүйлгүй болохыг дурдаж байна. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал хэрэгт гараагүй байна. Мөн иргэний нэхэмжлэл байхгүй болохыг дурдаж байна. Шүүгдэгч Т.Оийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогчийн хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эмчилгээний зардалдаа 500,000 төгрөг нөхөн төлсөн байгаа учраас шүүгдэгчийн хувьд бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна гэх дүгнэлтийг,
Шүүхээс шүүгдэгч Н.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв. Шүүгдэгч Н.Оийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, түүний хувийн байдалд тохирсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан саналыг хүлээн авч 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.
Эрүүгийн 2617000100023 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р овогт Нийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.От оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Н.О нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ