Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/91

 

 

 

 

 

 

 

 

2021          11             01                                          2021/ДШМ/91

 

 

Н.Жд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Өлзийбаяр,

            Түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Рашзэвэг, цахим сүлжээгээр Э.Ганбат,

            Д.Даваа,

            Шүүгдэгч Н.Ж,

            Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Т.Батжаргал, шүүгч Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Өлзийбаяр, шүүгдэгч Н.Жы өмгөөлөгч Ц.Рашзэвэг, Д.Даваа, Э.Ганбат нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг үндэслэн Н.Жд холбогдох эрүүгийн 1934000000356 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,

 

Н.Ж нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг Бамбарын 5-509 тоот хашааны гадна амь хохирогч Б.Ууганбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар 22-79 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр санаатай дайрч хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Н.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Нарангийн шар овгийн Намжилын Жыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Жд 8 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 469 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 2279 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч шүүгдэгч Н.Жд буцаан олгож,

 

Хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдсан зүйлгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуваарилах зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Өлзийбаярт 11.300.800, иргэний нэхэмжлэгч Ц.Гантулгад 99.000 төгрөг төлснийг, шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Жаас гаргуулах хохирол төлбөргүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Өлзийбаяр нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болох 6.604.549 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,

 

Н.Жд урьд авсан бусдын баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Өлзийбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: Н.Ж нь миний хүүг санаатайгаар авто машинаар дайрч амь насыг нь хохироосон байхад ялын доод хэмжээг оноож, оршуулгын зардалд гарсан мөнгийг дутуу төлсөн байхад хэт нөгөө талыг барьж шийдсэнд маш их гомдолтой байна.

 

Мөн 1 нас 10 сартай өнчирч үлдсэн охинд нь 2019 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоолгомоор байна. Анхан шатны шүүх ялын доод хэмжээг оноосонд гомдолтой байна гэжээ.

 

Шүүгдэгчийн Н.Жы өмгөөлөгч Ц.Рашзэвэг, Д.Даваа нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн дээрх заалтуудаар Н.Жыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон.

Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 11 дүгээр талд Н.Жы өмгөөлөгч нарын “Н.Ж нь санаатай хүн алаагүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн ослын улмаас болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ гэсэн заалтуудад эргэлзэж, эдгээр заалтуудыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

 

Шүүгдэгч Н. Ж яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ: “тойроод сууж байсан, өвсөн дунд сууж байсан, би тодорхой санахгүй байна, сүртэй маргаан болоогүй, миний хувьд эрдэнэт хүний амь насыг хохироосондоо маш их харамсаж байна, архинаас боллоо, өдий насандаа ийм хэрэгт орсондоо харамсаад барахгүй байна” гэж мэдүүлдэг. Энэ байдал нь шийтгэх тогтоолын 13 дахь талд бичигдсэн өгүүлбэр болох ойлгож, ухамсарлаж байгаа аюулаа "машинаар дайрч" санаатай үйлдлээрээ шууд бий болгосон нь уг аюулыг хүсэж үйлдсэн гэдгийг нотолж байна гэсэн агуулгатай зөрчилдөж байгаа болно. Шүүгдэгч Ж нь бусдын амь насыг санаатайгаар хохироосон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа болно.

 

Өмгөөлөгч бид шүүгдэгч Н.Жыг хүнийг алах гэмт хэрэг үйлдээгүй талаар маргаж мэтгэлцэн урьд нь давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаануудад оролцож байсан. Гэвч шүүхүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн алдаануудад дүгнэлт өгснөөс өөрөөр Н.Жы үйлдэл нь хүнийг алах гэмт хэрэг эсвэл авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих хэрэг үү гэдэгт огтхон ч дүгнэлт өгөөгүй юм.

 

Н.Ж машинаа асаагаад хөдлөхдөө амь хохирогчийн сууж байсан зүг рүү чиглээгүй, эсрэг зүгт хөдөлж, хашаа байшингийн суурийг мөргөөд буцах замдаа талийгаачийг дайрсан байдаг. Энэ нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилт хийсэн нотлох баримтаар тогтоогддог. Эндээс дүгнэхэд шууд хүнийг алах санаа юу эсвэл хөдөлгөөний аюулгүй байдал зөрчив үү гэдгийг ялгаж дүгнэх ёстой байсан гэж үзэж байна.

 

Хавтаст хэргийн 59, 60, 61-62, 63-64 дүгээр талд гэрч Д.Мөнхбаатар, Э.Оргил, Б.Энхтамир, М.Наранбаатар нарын мэдүүлгүүд авагдсан байх ба эдгээр нь хоорондоо зөрүүтэй. Зарим нь талийгаач болон Н.Ж нарыг хоорондоо маргасан гэх, эсвэл машиндаа суугаад хөдлөхдөө юу ярьсныг нь сонсоогүй гэх, гэрч Д.Мөнхбаатар мэдүүлэхдээ Н.Ж машиндаа суугаад шууд хөдлөөд эргээд хойгуур яваад буцаж ирээд миний мотоциклийг мөргөсөн, хажуу талын хашааг мөргөөд цаад талынх нь хашаанд тулаад машин нь хаазлаад байсан гэж мэдүүлдэг.

 

Хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Чулуунбаатар, гэрч Э.Оргил нарын мэдүүлэг өөр хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогддоггүй болно. Энэ байдлаас дүгнэвэл хохирогчийг санаатай дайрсан үйлдэл хийгээгүй болох нь тодорхой байна. Иймд өмгөөлөгч бид шат шатны шүүхээс хэргийн бодит байдалд зөв дүгнэлт хийхийг хүсэж байна.

 

Давж заалдах шатны шүүх дээр дурдсан нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь тунгаасны үндсэн дээр шүүгдэгч Н.Жы холбогдсон үйлдэлд бодит дүгнэлт өгч түүнд холбогдох хэргийн хуулийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Н.Жы өмгөөлөгч гаргасан Э.Ганбат давж заалдах гомдолдоо: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 15:30 цагийн үед гэмт хэрэг гарсан буюу хохирогч Б.Ууганбаатар нь Н.Жы жолоодож явсан тээврийн хэрэгсэлд дайрагдах үед архи ууж согтуурсан байсан гэрч Б.Энхтамир, Д.Мөнхбаатар, Э.Оргил, Б.Чулуунбаатар нараас 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн оройн 20-22 цагийн хооронд мэдүүлэг авсан болох нь хэргийн материал дахь эдгээр гэрч нарын мэдүүлэг өгсөн цаг хугацааг тэмдэглэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

 

Гэтэл эдгээр гэрч нараас мөн өдрийн хэдэн цагт цусны дээж авсан талаар "Хүний биеэс дээж авах тэмдэглэл"-д тусгаагүй байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд энэ алдааг засаагүй байсан тул анхан шатны шүүх хуралдаанд гэрч нарыг оролцуулан тодруулж асуух зорилгоор хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй, хүсэлтийг хангаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Н.Жаас тодруулж асуухад тэрээр “2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 16 цагийн үед осол болсноос хойш 19 цагийн үед цагдаагийн тасагт бүгд /гэрч, шүүгдэгч/ очсон. Тэнд байхад надаас цусны дээж аваад эрүүлжүүлсэн, бусад гэрч нараас тэр үед л цус авсан гэж мэдүүлсэн болно. Дээрх нэр бүхий гэрч нараас цусны дээжийг гэмт хэрэг болсноос хойш цагдаагийн байгууллагад очсоны дараа 19-20 цагийн үед авсан гэж үзэх үндэстэй бөгөөд үүний дараа гэрч нараас мэдүүлгийг 20-22 цагийн хооронд авсан байхаар цаг хугацаа нь тогтоогдож байна. Уг авсан дээжүүдэд химийн шинжилгээ хийж гаргасан 5799 дугаартай дүгнэлтэд Б.Энхтамирын цусанд 1.7%, 5798 дугаартай дүгнэлтэд Д.Мөнхбаатарын цусанд 1.0%, 5803 дугаартай дүгнэлтэд Э.Оргилын цусанд 0.7%, 5800 дугаартай дүгнэлтэд Б.Чулуунбаатарын цусанд 1.1% этилийн спирт илэрлээ гэсэн нь эдгээр гэрчүүд хөнгөнөөс дунд зэргийн согтолттой байсан гэдэг нь хөдөлбөргүй нотлогджээ.

 

Иймд согтуурсан үед нь гэрч нараас мэдүүлэг авах ажиллагаа явуулсан, согтуу гэрчид худал мэдүүлэг өгөхгүй байх тухай хууль сануулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болно.

 

2. Гэрч нарын /согтуу/ мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй байгааг анхаарч зөрүүг арилгах ажиллагааг хийгээгүй, гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулах, мэтгэлцэх боломжийг үндэслэлгүй хангаагүй болно.

 

3. Шүүгдэгчийн сэтгэцийн чадвар /үйлдлээ мэдэх чадвар/-ыг тогтоолгохдоо 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 19 цагийн үед түүнээс авсан гэх цусны дээжид хийсэн шинжилгээний дүгнэлт буюу гэмт хэрэг гарснаас хойш 3 цагийн дараах согтолтын зэрэг буюу 2.4% /дунд зэргийн согтолт/ хэмжээн дээр үндэслэн шинжээчээр дүгнэлт гаргуулсан, мэдүүлэг авсан нь хэргийн жинхэнэ байдлыг буруу тогтооход, шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарахад нөлөөлсөн.

 

Өөрөөр хэлбэл 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 15:30 цагийн үед шүүгдэгч Н.Ж ямар зэргийн согтолттой байсныг тогтоож, энэ үед сэтгэц, мэдрэл оюун ухааны хувьд ямар байсан байж болохыг тогтоосны эцэст түүний үйлдэл болон гэм буруугийн хэлбэрт нь зөв дүгнэлт хийх ёстой. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянаж тогтоох үүрэгтэй” гэсэн заалтыг мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд зөрчсөн тухай шүүх хуралдаанд өмгөөлөгч дүгнэн ярьсныг шүүх няцааж, үгүйсгэж дүгнэлт хийгээгүй болно. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ж миний хүүг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн байхад анхан шатны шүүх ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Мөн 1 нас 2 сартай хүүхэд нь өнчирч үлдсэн байхад зайлшгүй тэтгэмж тогтоож өгөх ёстой гэж бодож байна гэв.

Шүүгдэгч Н.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд өмгөөлөгч нарынхаа гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжиж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Энэ хэрэг өмнө нь давж заалдах болон хяналтын шатны шүүхүүдээр хянагдаж байсан. Уг шүүхүүдээс зам тээврийн осол гаргасан гэж шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлуудыг хүлээн аваагүй байгааг анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүх хуралдаанд хоёр шинжээч оролцон гэрч нарын согтолтын зэргийн талаар мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байгаа гэв.

Шүүгдэгч Н.Жы өмгөөлөгч Ц.Рашзэвэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Н.Жы үйлдэлд хүнийг санаатай алсан гэмт хэргийн шинж огт байхгүй байхад анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Мөн хэргийн талаар мэдүүлсэн гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байхад зөвхөн Э.Оргил, Б.Чулуунбаатар нарын мэдүүлгийг үндэслэн зүйлчлэлийг тогтоон шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй болсон. Иймд Н.Жд холбогдох хэргийн зүйлчлэлийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг юм уу Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргүүдийн аль тохирох хэсгээр нь зүйлчлэн шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Н.Жы өмгөөлөгч Д.Даваа тус шүүх хуралдаанд /цахим сүлжээгээр/ гаргасан саналдаа: Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийлгүйгээр Н.Жд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан Хүнийг алах гэмт хэргээр зүйлчлэн шийдвэрлэж байгааг маш их гайхаж байна. Иймд хэргийн зүйлчлэлийг зөв тогтоон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Н.Жы өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд /цахим сүлжээгээр/ гаргасан саналдаа: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн талаар зарим зүйлийг шалган тогтоогоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх энэ байдалд огт дүгнэлт хийсэнгүй. Гэрч нарыг согтуурсан байх үед нь авсан мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаад гомдолтой байна. Иймд гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Прокурор Б.Сувд-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Жд 10 жил хорих ял оногдуулах санал гаргасан хэдий ч шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хуульд заасны дагуу 8 жил хорих ял оногдуулсан. Н.Жы үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүх Н.Жд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Н.Жд холбогдох хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр Д.Чимэдцэен, Б.Цэрэндулам нар, нөөцөд Ц.Оюунгэрэл гэх хүмүүс сонгогдсон байна.

 

Гэтэл анхан шатны шүүх хэргийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ иргэдийн төлөөлөгчөөр хэрэгт огт сонгогдоогүй Д.Алтанцэцэг гэх хүнийг иргэдийн төлөөлөгчөөр оролцуулан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

 

Хэрэв тухайн хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон этгээд нь шүүх хуралдаанд цаашид үргэлжлүүлэн оролцох боломжгүй бол түүнийг хуульд заасны дагуу сольж болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан.

 

Хэрэгт иргэдийн төлөөлөгчийг хуулийн дээрх заалтын дагуу солиогүй байхад буюу өөрөөр хэлбэл тухайн хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор болон нөөцөд сонгогдсон байсан нэр бүхий иргэдийн төлөөлөгчдийг Д.Алтанцэцэгээр сольсон талаар баримт хэрэгт авагдаагүй байхад Д.Алтанцэцэгийг шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-т заасан шүүх хууль бус бүрэлдэхүүнээр шийтгэх тогтоол гаргасан гэх ноцтой зөрчилд хамаарч байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан хохирлын талаарх баримтуудын алийг нь хүлээн авч ханган бусад ямар баримтуудыг нь үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, баримт бүрийг нэг бүрчлэн үнэлээгүй, шүүгдэгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн гүйцэд төлсөн мэт бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно гэж заасантай нийцээгүй байна.

 

Энэ талаар өмнө нь Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 38 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 504 дүгээр тогтоолуудад тодорхой дурдсан байгааг анхаарвал зохино.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Өлзийбаярын гаргасан “...анхан шатны шүүхээс Н.Жд оногдуулсан хорих ял хэт хөнгөдсөн...” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Рашзэвэг, Д.Даваа нарын хамтран гаргасан “...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх...”, Э.Ганбатын гаргасан “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах...” агуулга бүхий давж заалдсан гомдлуудад хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байх тул тус тус хэрэгсэхгүй болгосныг болон хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.Жд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Н.Жд холбогдох эрүүгийн 1934000000356  дугаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Өлзийбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Рашзэвэг, Д.Даваа, Э.Ганбатын нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Жд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ЭНХМАА

 

 

                         ШҮҮГЧИД                                                    Х.ГЭРЭЛМАА

 

 

                                                                                                М.МӨНХДАВАА