Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 152/ШШ2024/00164

 

         У аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч:  Т овогт С.Ц-ийн,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд оролцогчид:

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа оролцов.

        Нэхэмжлэгч С.Ц-д шүүх хуралдааны товыг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдсэн бөгөөд тэрээр Миний бие нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 14:30 цагт шүүх хуралтай гэж надад мэдэгдсэн боловч би охиныхоо 2 хүүхэд хараад, зээ охин маань салхин цэцэг өвчин туссан тул шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байх тул намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдаан хийж миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь: 

        1. Нэхэмжлэгч С.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

      1.1. Миний бие 1961 онд У аймгийн Т суманд төрсөн. Би бага ангиа төгсөөд хичээлээс гарч аав, ээжийнхээ дэргэд нэгдлийн мал маллаж өссөн. Одоо тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд Т сумын Лениний зам нэгдэл мал маллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр болон Т сумын бага сургуульд орсон гарсан тушаал олдохгүй, үрэгдэж алга болсон тул шүүхэд хандах шаардлагатай боллоо. Би 1977 оноос нэгдлийн гишүүн болж, 1987 оны 9 дүгээр cap хүртэл мал малладаг байсан. Аймгийн архиваас ажиллаж байснаа нотлох цалин болон тушаал шүүлгэхэд 1977-1978 оны цалингийн баримт олдохгүй байна. Мөн хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байхгүй юм. Иймд миний У аймгийн Т сумын Лениний зам нэгдэлд 1979 оны 1 дүгээр сараас 1987 оны 9 дүгээр сарыг дуустал малчнаар, У аймгийн Т сумын бага сургуульд 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал галчаар /бага сургуулийн ангиуд болон захирлын өрөө, дотуур байрыг модоор галлаж, хичээл орох анги танхим бэлдэх/ ажиллаж байсан байдлыг сэргээн тогтож өгнө үү. Тухайн үед намайг Лениний зам нэгдэлд мал маллаж байсныг мэдэх Н.Д, бага сургуульд галчаар ажиллаж байсныг мэдэх Ж.Б нарыг гэрчээр асууж өгнө үү. Миний бие эрүүл мэндийн шалтгааны /бөөрний өвчин/ улмаас цэргийн алба хаагаагүй гэжээ.

       2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, У аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, У аймгийн архивын тасгаас 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргасан 70 дугаар тодорхойлолт, У аймгийн Архивын тасгаас 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргасан С.Ц-ийн Т сумын Бага сургуульд 1987 оны 10-12, 1988 оны 1-2, 1989 оны 8-12, 1990 оны 1-5, 8-12, 1991 оны 1-5, 8-11, 1992 оны 2-4, 6, 1993 оны 8-12, 1994 оны 1-3 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, У аймгийн Архивын тасгаас 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргасан С.Ц-ийн Т сумын Лениний зам нэгдэлд 1979 оны 1 дүгээр сараас 1987 оны 9 дүгэр сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, С.Ц-ийн нийгмийн  даатгалын дэвтрийн хуулбар, шимтгэл төлөлтийн лавлагаа, Лениний зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1985 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хурлын протокол, нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1987 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хурлын протокол, У аймгийн Т сумын бага сургуулийн захирлын 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 7 дугаар Ажилчин авч ажиллуулах тухай тушаал, Ж.Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд, Н.Д-ийн иргэний үнэмлэхийн хуулбар болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон У аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 422 дугаар шийдвэрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

        3. Шүүхээс У аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ... дүгээр албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягтын хуулбар, иргэний хаягийн хуудас №7, гэрч Н.Д, Ж.Б нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

        1. Нэхэмжлэгч С.Ц-ийн У аймгийн Т сумын Лениний зам нэгдэлд 1979 оны 1 дүгээр сараас 1987 оны 9 дүгээр сарыг дуустал малчнаар, У аймгийн Т сумын бага сургуульд 1987 оны 10 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал галчаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

        2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч С.Ц-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

         Нэхэмжлэгч С.Ц нь хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

        3. У аймгийн Архивын тасгаас 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр С.Ц-ийн Т сумын Лениний зам нэгдэлд 1979 оны 1 дүгээр сараас 1987 оны 9 дүгэр сарыг дуустал ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

       Лениний зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1985 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хурлын протоколд ...С.Ц-ийн ингэн тэмээ 2, 3 насны эм /ингэ/ 1 тус тус хорогдсон талаар бичигджээ.

         Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1987 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хурлын протоколд ...4-р бригад С.Ц-учир нь олдоогүй гэж бичигджээ.

       У аймгийн Архивын тасгаас 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр С.Ц-ийн Т сумын Бага сургуульд 1987 оны 10-12, 1988 оны 1-2, 1989 оны 8-12, 1990 оны 1-5, 8-12, 1991 оны 1-5, 8-11, 1992 оны 2-4, 6, 1993 оны 8-12, 1994 оны 1-3 дугаар саруудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

        У аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан, С.Ц-ийн БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбарт С.Ц, Т сумын бага сургуульд галч, 1988 оноос ажиллаж эхэлсэн гэж тэмдэглэжээ.

       4. Шүүхээс гэрч Н.Д, Ж.Б нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Н.Д Миний бие 1984 оноос нэгдэл хувьчлагдах хүртэл У аймгийн Т сумын Лениний зам нэгдлийн 5 дугаар багт малчнаар ажиллаж байна. С.Ц1984 оноос У аймгийн Т сумын Лениний зам нэгдлийн 3 дугаар багт мал маллаж, эхнэр хүүхдийн хамт амьдардаг байсан. С.Ц бяруу маллаж байгаад сүүлд голдуу тэмээ малладаг болсон бөгөөд бид нэг нутгийн хүмүүс, нэг нэгдэлд хамт ажиллаж байсан учраас би сайн танина мэднэ. Тухайн үед У аймгийн Т сумын Лениний зам нэгдлийн даргаар н.Д гэх хүн ажиллаж байсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр У аймгийн Т сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон У аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 422 дугаар шийдвэрийн хуулбараар, гэрч Ж.Б Би 1981 онд Багш нарыг бэлтгэх сургууль төгсөөд Т-ийн 2 дугаар бага сургуульд багшаар томилогдсон. Ажиллах хугацаандаа 1981 онд багш, 1985 онд Тийн хоёрдугаар бага сургуулийн захирал, 1987 онд 8 жилийн сургууль болоход хичээл ангийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. Би 2006 он хүртэл ажилласан тул С.Ц-г хэдээс хэдэн онд ажиллаж байсныг сайн мэднэ. С.Ц 1987 онд Тийн хоёрдугаар бага сургуульд галчаар ажилд орж байсан. Тухайн үед 2 галчтай байсан, сургуулийн дотуур байр, анги танхимыг галладаг байсан. 1997 он хүртэл Тийн хоёрдугаар бага сургуульд галчаар ажиллаж байгаад ажлаасаа гарсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр У аймгийн Т сумын бага сургуульд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

         5. Нэхэмжлэгч С.Ц нь У аймгийн Т сумын Лениний зам нэгдэлд 1979 оны 1 дүгээр сараас 1987 оны 9 дүгээр сарыг дуустал малчнаар, У аймгийн Т сумын бага сургуульд 1987 оны 10 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал галчаар тус тус ажиллаж байсан болох нь У аймгийн Архивын тасгаас 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргасан С.Ц-ийн Т сумын Лениний зам нэгдэлд 1979 оны 1 дүгээр сараас 1987 оны 9 дүгэр сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Лениний зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1985 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хурлын протокол, нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1987 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хурлын протокол, У аймгийн Архивын тасгаас 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргасан С.Ц-ийн Т сумын Бага сургуульд 1987 оны 10-12, 1988 оны 1-2, 1989 оны 8-12, 1990 оны 1-5, 8-12, 1991 оны 1-5, 8-11, 1992 оны 2-4, 6, 1993 оны 8-12, 1994 оны 1-3 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Т сумын бага сургуульд галч, 1983 онд ажилд орсон, 1988 оноос ажиллаж эхэлсэн гэж бичигдсэн ХААТР-1 маягт, гэрч Н.Д, Ж.Б нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

       6. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч С.Ц-ийн У аймгийн Т сумын Лениний зам нэгдэлд 1979 оны 1 дүгээр сараас 1987 оны 9 дүгээр сарыг дуустал малчнаар, У аймгийн Т сумын бага сургуульд 1987 оны 10 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал галчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

         7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        8. Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн У аймгийн Т сумын бага сургуулийн захирлын 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 7 дугаар Ажилчин авч ажиллуулах тухай тушаал нь нотлох баримтын шаардлага хангахгүй, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, шимтгэл төлөлтийн лавлагаа нь хэрэгт хамааралгүй байх тул тус тус үнэлээгүй болно.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогт С.Ц-ийн У аймгийн Т сумын Лениний зам нэгдэлд 1979 оны 1 дүгээр сараас 1987 оны 9 дүгээр сарыг дуустал малчнаар, У аймгийн Т сумын бага сургуульд 1987 оны 10 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал галчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор У аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                  ДАРГАЛАГЧ,

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             П.БОЛОР