Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 152/ШШ2024/00173

 

        Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,

        Нэхэмжлэгч: С ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: М овогт Д.А-т холбогдох

  Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардал нийт 3,518,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч С ББСБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.А нь С ББСБ-тай 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр .................. тоот цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулан 3,000,000 /гурван сая/ төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь ЗГ/1502100670 тоот зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг ................ дугаарын утсаар мэдэгдэх болон зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2024 оны 04 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 3,000,000 /гурван сая/ төгрөг, хүүгийн төлбөр 505,125 /таван зуун таван мянга нэг зуун хорин таван/ төгрөг, нийт 3,505,125 /гурван сая таван зуун таван мянга нэг зуун хорин таван/ төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд хариуцагч Д.А-тэй байгуулсан зээлийн гэрээний дагуу зээл, хүүгийн төлбөр болох 3,505,125 /гурван сая таван зуун таван мянга нэг зуун хорин таван/ төгрөг, нотариатын хураамж 13,000 /арван гурван мянга/ төгрөг, нийт 3,518,125 /гурван сая таван зуун арван найман мянга нэг зуун хорин таван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж С ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгч С ББСБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.А нь зээлээ бүрэн төлсөн тул зээл төлүүлэх нэхэмжлэлээс татгалзаж байна. Нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч С ББСБ ХК нь хариуцагч Д.А-т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардал нийт 3,518,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С ББСБ ХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        Нэхэмжлэгч С ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,240 төгрөгийн тал хувь болох 35,620 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж С ББСБ ХК-д олгох нь зүйтэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Д.А-ээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардал нийт 3,518,125 /гурван сая таван зуун арван найман мянга нэг зуун хорин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч С ББСБ ХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгч С ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,240 /далан нэгэн мянга хоёр зуун дөч/ төгрөгийн тал хувь буюу 35,620 /гучин таван мянга зургаан зуун хорь/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч С ББСБ ХК-д олгосугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             П.БОЛОР