| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Болормаа |
| Хэргийн индекс | 315/2026/0032/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/65 |
| Огноо | 2026-02-25 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Цэгмэд |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2026/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин,
Улсын яллагч Б.Цэгмэд,
Хохирогч *******,
Гэрч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан ******* овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 06 дугаар сарын 06-аас 08-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн 3 дугаар багийн нутаг "" гэх газраас иргэн *******ийн эзэмшлийн сартай хонгор зүсмийн унагыг бусдын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 7,500,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр адуугаа хураагаад явж байсан. Манайх *******ынхтай ойрхон. *******ын худгийн хажууд очиж, бид 30-аад минут адууныхаа талаар ярилцсан. *******аас манай адуу хаана байна вэ? гэхэд танай адуу хойд дээгүүр байна гэж хэлсэн. Тэгээд би хойд дээгүүр гарч явахад бензин дуусаж, гэр рүүгээ явсан. Оройн 17-18 цагийн үед GPS-ээр мэдээлэл ирэхэд нь адуугаа хаана байгааг мэдэж, очиж авсан. Тэгэхэд л манай адуунд сартай тамгатай унага ирж нийлсэн байсан. Тэгэхээр нь би шуурганд уруудсан биш, энэ хавийн айлын унага байлгүй дээ гэж бодоод адуундаа орхисон. Маргааш нь адуугаа хураахад ахын хаваржааны дэргэдэх нууранд ус уугаад, адуутай нийлсэн байдалтай байсан. Тэр өдөр би тэнд нь орхисон. Маргааш нь манай адуу гэрийнхээ гадаа ирсэн байсан. Тэр унага хэдэн үрээ дагаад ирэхэд нь хөөрхий минь, харангасах гэж байгаа юм байна, хөхүүлье гэж бодоод хонгор гүүнийхээ даага хөхүүлж байсан арьсыг нөмөргөж хонгор унагыг хөхүүлсэн. 2025.06.08-ны өдрийн өглөө ******* эхнэр, 2 хүүхэдтэйгээ манай баруун дээр явж байхад нь би амдаж очиж уулзсан. ******* надаас хонгор унага үзэгдэнэ үү? гэж асуусан. Тэгэхээр нь би “хонгор унага үзэгдээгүй, сартай хонгор, халзандуу гэмээр унагыг би гүүндээ хөхүүлж байгаа, та нар намайг дагаж очоод хар” гээд би гэр рүүгээ дагуулж явсан. Гэртээ очоод би эхнэрээсээ гүү хаана байна вэ? гэж асуухад хойд дээр байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрийнхээ хойд дээгүүр дагуулж яваад олдохгүй байхаар нь би “та нар манайд очоод байж бай, би олоод хөөгөөд очъё” гэсэн. Тэд манай гэр рүү явсан. Би баруун хойд дээгүүр яваад, олдохгүй болохоор нь гынх руу орж асуухад “....Ах аа энэ урд доор хонгор гүү чинь нэг хонгор унага хажиглаад зогсож байна.” гэсэн. Тэгэхээр нь “...Миний дүү яваад, хөөгөөд ир” гэж г явуулсан. ч яваад, хөөгөөд ирсэн, би ч ******* руу ярьж, гүүгээ олчихлоо, та нар ирж унагыг үз гэж хэлсэн. Тэднийг ирэхэд нь би унагыг барьж өгөөд Олзбаяр гэх дүүгээ хүргээд өгчих гэж гуйгаад, өгөөд явуулсан. Түүнээс биш худал, хулгайн зүйл болоогүй гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ шинээр болон өөрчлөн хэлэх зүйл байхгүй гэв.
Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Сартай хонгор унага нь ******* гэдэг хүний унага. Би тухайн үед ******* гэдэг хүний унага байсныг мэдээгүй. 2025.06.06-ны өдөр адуугаа хураахад бүрэн байсан. 2025.06.07-ны орой адуугаа бүртгэхэд сартай хонгор унага алга болсон байсан. Өмнөх өдөр нь ******* намайг адуугаа унаж байхад голд надтай таарсан. Алга болдог өдөр би баруун айлуудаараа хайсан. *******ынхаар орж чадаагүй. гэх хүн тэмээнд явж байгаад *******ын гадаа нэг унага байх нь байсан, би сайн хараагүй гэхээр нь утсан дээр байсан унаганыхаа зургийг үзүүлэхэд “наад унага чинь бараг мөн дөө, ийм сартай унага байсан гэж хэлсэн. Тэгээд сураг нь гарахгүй болохоор маргааш нь *******тай уулзаж утсан дээр дарсан унаганыхаа зургийг харуулж, энэ унага харагдсан уу? гэж асуусан. Тэгэхэд ийм унага үзэгдээгүй ээ гэсэн. Тэгэхээр нь би явахдаа “******* аа, унагаа авъя аа” гэхэд “миний хөгшин гүүний унага аа, би хөгшин гүүнийхээ унагыг салгаж залуу гүүнд авхуулах гэж байгаа юм” гээд худал хэлсэн. Би унагаа авъя гэтэл “манай гэрийн гадаа очоод үз” гэсэн. Тэгэхээр нь “тэгвэл би үзье” гээд яваад очсон. Гэтэл гэрийнх нь гадна унагатай гүү байгаагүй. ******* энд л байсан юм даа гээд намайг дагуулж хайгаад олж аваад гэх дүүгээрээ хүргүүлсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “*******ийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн нутаг гэх газраас 2025 оны 06 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө эрлийз сартай эр хонгор унага алдаад олдохгүй байна” гэснийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1- р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, ач холбогдолтой, тухайн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон эрх зүйн дүгнэлт.
1. Гэм буруугийн талаар:
1.1. . Улсын яллагч: Шүүгдэгч *******ыг бусдын эзэмшлийн сартай хонгор зүсмийн унагыг бусдын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 7,500,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч *******ыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугүйд тооцуулах саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 06 дугаар сарын 06-аас 08-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн 3 дугаар багийн нутаг "" гэх газраас иргэн *******ийн эзэмшлийн сартай хонгор зүсмийн унагыг бусдын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөрийн адууны унага нь үхсэн гүүндээ үхсэн унаганы арьсыг нөмөргөж хонгор гүүндээ авхуулж бусдад 7,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2025.06.17-ны өдрийн тэмдэглэл, 2026.06.24-ний өдөр хохирогч *******өөс унага байсан гэх адууны 2025.06.07-08-ны өдрүүдэд бэлчсэн гэх GPS төхөөрөмжийн зураг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч *******, гэрч , , *******, , нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний "Болор үнэлгээ" ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2502151 дугаартай шинжээчийн дүгнэлт, Сүхбаатар аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн 2026.01.15-ны өдрийн 06 дугаартай албан тоот зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
2. Эрх зүйн дүгнэлт:
2.1. Мал хулгайлах гэмт хэрэг гэдэгт: Бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулах эрхийг олж авдаг шууд санаатай үйлдлийг ойлгоно. Энэ зүйлд “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна.
Хохирогчийн малыг маллаж байсан гэрч ******* нь өөрийн алдсан унагаа шүүгдэгч *******ын эзэмшилд байгааг гэрч оос мэдэж улмаар адуунд нь байгааг очиж үзээд алдсан сартай хонгор унаганыхаа зургийг үзүүлээд сураглахад ийм унага үзэж хараагүй, байхгүй гэж худал хэлж, *******ыг унагаа авъя, манай сартай хонгор унага танай хээр азаргатай адуунд байна лээ гэхэд тэр сартай хонгор унага чинь манай хөгшин гүүний унага байгаа юм. Би арай залуу гүүнд авхуулсан юм гэх зэргээр худлаа ярьж, өөрийн адууны хонгор гүүнийхээ үхсэн унаганы арьсыг сартай хонгор зүсмийн унаганд нөмөргөж хонгор гүүндээ авхуулж өөрийн эзэмшилд байлгаж байсан үйлдлээрээ хулгайлах гэмт хэргийн шинжийг хангажээ.
******* нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсэн атлаа хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэл хийгдсэн гэж үзнэ.
2.2. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.
Тухайн хэргийн хувьд хохирогч *******ийн эд хөрөнгөд хохирол учирсан нь шүүгдэгч *******ын түүний эзэмшлийн сартай хонгор зүсмийн унагыг бусдын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөрийн унага нь үхсэн хонгор гүүндээ авхуулж, уг унагыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.
2.3. Прокуророос шүүгдэгч *******ын дээрх үйлдэлд бусдын малыг хулгайлсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
3. Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3.1.1. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаантай, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг шүүгдэгч *******ын оршин суугаа газар болох Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаар тогтоох саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэх саналыг шүүхэд гаргаж байна гэв.
3.1.2. Эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүхээс шүүгдэгч *******ыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Улсын яллагчийн яллах дүгнэлтийг сонслоо. Манай үйлчлүүлэгч малчин учраас зорчих эрхийг хязгаарлавал малыг нь хэн хариулах вэ? Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байна. Иймд *******т 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулах санал гаргаж байна гэв.
3.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “ Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах хийгээд түүний хувьд тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгааг үндэслэвэл, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнийг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
4. Хохирлын талаар:
4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан.
4.2. Шүүгдэгч *******ын гэмт үйлдлийн улмаас хохирогч *******д учирсан хохирол 7,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий унагыг биет байдлаар хүлээлгэн өгсөн. Хохирогч сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн бөгөөд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
4.3. Шүүгдэгч ******* нь хохирогч *******д учруулсан 7,500,000 төгрөгийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн буюу тэрээр унагыг биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
5. Бусад:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******ын ******* -ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнийг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч *******д учирсан хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, хохирогч нь сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэснийг, ******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА