Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 47

 

Ш.Д-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                                    Хэргийн индекс: 150/2019/00059/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                    Даргалагч:

                                     Ерөнхий шүүгч                        Б.Батзориг

                                     Шүүгчид                                  Д.Буянжаргал

                                                                                      Г.Давааренчин

 

                                     Оролцогчид: 

                                     Нэхэмжлэгчийн

    итгэмжлэгдсэн төлөөлөгч     Л.Цуурай

                                     Хариуцагчийн өмгөөлөгч      Г.Амартүвшин

                                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож,  Сэлэнгэ аймаг Сайхан  дахь сум дундын шүүхийн 2019 оны 07-р сарын 24-ны өдрийн 95  дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдах гомдлоор Ш.Д-н нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сумын Засаг даргын тамгын газарт холбогдох “16.500.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2019 оны 09 дүгээр  дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ш.Д анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ш.Д миний бие 2015 оны 03 сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сумын Засаг даргын орлогчтой тус сумын Засаг даргын тамгын газрын төв зам дагуух хүнсний захыг 2020 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл түрээслэхээр тохиролцож ингэхдээ тус захын гадна болон дотор талын тохижилтын ажлыг иргэн миний бие өөрийн зардлаар хийж гүйцэтгэх, түрээсийн төлбөрийг актаар хүлээж авсан зардлаас хасаж тооцон хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон байдаг. Гэрээ байгуулагдсан даруйд өөрийн хувийн хөрөнгөнөөс 16.500.000 төгрөгийг гаргаж засвар хийлгэж үйл ажиллагаа явуулахад бэлэн болгосон байдаг. Засан сайжруулалт хийгдсэний дараа буюу 2015 оны 06 сарын 10-ны өдрөөс 2015 оны 10 сарын 25 хүртэл ажиллуулсан бөгөөд өвөл болж халаалтгүй учир үйл ажиллагаа зогссон. Үүний дараа 2016 оны хавар ээж нас барсан тул түр хугацаагаар 3 сараар иргэн Сайнбилэгт түрээслүүлсэн. Үүнээс болж сум тус захыг хураан авсан. /түрээсийг Д-д өгөхгүй шүү бид нар авна гээд авсан байсан./ Ингээд миний бие өөрийн зарцуулсан хөрөнгө мөнгөө гаргаж авах, эсвэл гэрээний үүргээ биелүүлж үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж өгөх шаардлагыг удаа дараа тавьсан. 2016 оны 10 сарын 17-нд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч дахин хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй. Хүлээж авахгүй, ямар нэг хариу өгөхгүй байгаа тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэн би Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын зүгээс ямар ч ашиглах үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан объектыг гадна болон дотор талын их засвар, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэн ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө цаг хугацаа зарцуулан ажилласан байхад ямар ч үндэслэлгүйгээр намайг хохироож түрээсийн гэрээг цуцалж, объектыг хураан авч, эрх ашгийг минь зөрчиж байгаа тул тус байгууллагаас бодит хохирол болох 16.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын тамгын газар анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь 2014 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сумын иргэд, сүү, цагаан идээ, хүнсний ногоогоо зарж борлуулах зорилгоор төв замын дагуу хүнсний захын барилгыг барьж 2015 онд ашиглалтад оруулаад тухайн үед ажиллуулах иргэд байхгүй байсан учир Ш.Д-г санал тавьж ирэхээр нь тохиролцож 2015 оны 03-р сарын 10-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан болно. Түрээсийн гэрээний 2.4-д заасны дагуу түрээслэгчийн гадна, дотно тохижилт, тоног төхөөрөмжийг актаар хүлээн авч барилгын түрээсэнд тооцсон болно гэсний дагуу тооцож үзэхэд 13083600 /арван гурван сая наян гурван мянга зургаан зуун/ төгрөг байна.

Хүнсний захын барилгын түрээсийн төлбөрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 03-р сарын 19-ний өдрийн 25 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан түрээсийн төлбөрийн 1 метр квадрат ашигтай талбайн доод үнэ болох худалдаа үйлчилгээний төлбөр 7000 төгрөгөөр тооцсон болно. Хүнсний захын барилгын нийт талбай 162 метр квадрат бөгөөд ашигтай талбай нь 112 метр квадрат учраас энэ хэмжээгээр тооцож үзэхэд 2015 оны 03-р сараас 2016 оны 10-р сар хүртэл 19 сарын түрээсийн төлбөр 14896000 төгрөг болж байна. Ш.Д-н баримт актын дагуу хөрөнгө оруулалтын зардал 13083600 төгрөг болсон. Үүнээс барилгын түрээсийн төлбөрөө хасаж тооцоход 1812400 төгрөг болж манай Засаг даргын Тамгын газар Ш.Д-с 1812400 /нэг сая найман зуун арван хоёр мянга дөрвөн зуун/ төгрөгийн авлагатай байгаа юм.

 Түрээслэгч Ш.Д нь гэрээний 4.1.2, 4.1.3 дахь заалтыг зөрчиж түрээсээ төлөөгүй дур мэдэн өөр хүнд давхар түрээсэлсэн тул гэрээ цуцлах мэдэгдлийг бичгээр буюу 2016 оны 10-р сарын 25-ны өдөр 149 тоот албан бичгээр хүргүүлж гэрээний 4.3 дахь заалтын дагуу гэрээ цуцлагдсан болно. Гэрээ цуцлагдсаны дараа түрээслэгч Ш.Д нь барилгын түрээсэнд гэрээний дагуу тооцож өгсөн хөрөнгө оруулалтаасаа 716000 төгрөгний эд хогшлыг эргүүлж авсан байна. Буцааж авсан 716000 төгрөгийг нэмж тооцвол Ш.Д-с нийт 2528400 төгрөгийг сумын Засаг даргын Тамгын газар авахаар тооцоо гарч байгаа юм. Энэ талаар гэрээ цуцлах албан бичигт дурдаж төлбөр хийх хугацааг зааж өгсөн байгаа боловч одоог хүртэл төлөгдөөгүй байна.

 Ш.Д нь түрээслэгчид мэдэгдэлгүйгээр дур мэдэж тус сумын иргэн Ж.О-т давхар түрээсэлж 3000000 төгрөгийг авсан байна. Мөн иргэн Ж.Сайнбилигт түрээсэлж 1000000 төгрөгийг бэлнээр авч хувьдаа ашиг хонжоо олсон байна.  Тус сумын Хүнсний захын барилгыг түрээслэгч Ш.Д нь гэрээний үүргээ ноцтойгоор зөрчиж давхар түрээсэлж ашиг олсон, түрээсийн төлбөрт тооцож өгсөн тоног төхөөрөмжөө буцаан авсан, түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн улмаас одоо суманд 2528400 төгрөгний түрээс төлөхөөр байна. Тэгэхээр манай Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар нэхэмжилсэн 16500000 төгрөг нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Харин манай сумын Засаг даргын Тамгын газарт түрээсийн гэрээнийхээ дагуу 2528400 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байна гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 07 сарын 24-ний өдрийн 95 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Д-н нэхэмжилсэн 15712700 төгрөгийн зарим хэсэг болох 12697300 /арван хоёр сая зургаан зуун ерэн долоон мянга гурван зуу/ төгрөгийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Ш.Д-д олгож, үлдэх 3015400 /гурван сая арван таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 -Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240450 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын тамгын газраас 218107 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Д-д олгож, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр  шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах  гомдол гаргах эрхтэй болохыг заажээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын Тамгын газар, иргэн Ш.Д нартай холбогдох иргэний хэргийн талаар гарсан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Шүүхийн 2019 оны 07-р сарын 24-ны өдрийн 95 тоот шийдвэрийг тус сумын Засаг даргын Тамгын газраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь: Манай байгууллагаас хэрэгт холбогдуулан гаргаж өгсөн нотлох баримтууд нь нотлох баримтын түвшинд үнэлэгдээгүй тул нотлох баримтуудыг дахин шинээр бүрдүүлж үнэлүүлэх, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухайн асуудлын талаарх мэдээлэл дутуу, нэхэмжлэгч иргэний төлөөлөгч зарим зүйлийг илт үндэслэлгүй илэрхийлж байсан зэргээс шүүхийн шийдвэр буруу гарсан гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэл байх шаардлагыг хангаагүй байна.  Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт...2015 оны 03-р сарын 10-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан ...хуульд өөрөөр заагаагүй бол үл хөдпөх хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ ...гэдгийг зөрчсөн учраас хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн байна. Гэтэл Улсын төсөвт байгууллагын үл хөрөнгийг түрээслэх асуудал нь дээрхи хуулийн заалттай хамааралгүй бөгөөд энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай тусгай хуулиар зохицуулагддаг асуудал юм. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт .. Засгийн газраас тусгайлан журамласнаас бусад үл хөдлөх хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг төрийн өмчит хуулийн этгээд эдэлнэ.. гэж заасан ба Улсын дээд шүүх нь /2006,01,2 6№45/ энэхүү төрлийн маргааныг шийдвэрлэхдээ дээрхи хуулийн заалтаар заавал улсын бүртгэлд бүртгэх шаардлагагүй гэж үзэж шийдвэрлэж байсан ба энэ ч үндэслэлтэй юм. Мөн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт маргаан бүхий гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн юм бол аль хуулийн аль заалтын дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа эсэх нь тодорхойгүй, энэ талаар шийдвэрийн “Тогтоох" хэсэгт дурьдаагүй нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн гэдэг нь эргэлзээтэй байна.   

2015 оны 03-р сарын 10-ны өдрийн Түрээсийн гэрээний...2, 4 дэхь заалтад... Түрээслэгч өөрийн хөрөнгөөр гадна дотно тохижилт хийсэн эд зүйлсээ тухайн үеийн ках зээлийн үнэлгээгээр үнэлж падан, тооцооны хуудсыг хавсарган тооцож нийт үнийн дүнгээ түрээсэндээ тооцож суутгаж болно... зааснаас үзэхэд зөвхөн обьектийн засвар үйлчилгээтэй холбогдолтой асуудлыг тусгаснаас бус хэрэгт авагдсан баримт болох актанд дурьдагдсан ..хүнсний лангуу, кассын лангуу гэх мэт өөрийн худалдах ажиллагаа явуулахтай холбогдолтой зардалууд хамаарахгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн мөнгөний баримтууд нь ихэнх нь нотлох баримтын шаардпага хангахгүй, нэхэмжлэгчийн тухайн обьектод хийсэн гэх эд зүйлийн материалын зардалтай нийлээгүй байхад нарийвчлан тооцоололгүйгээр гаргаж шийдвэрлэсэн байна.

 Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 95 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Бид гэрээ цуцласнаас үүссэн хохирол буюу тухайн захыг тохижуулахад оруулсан хөрөнгөө үнэлээд нэхэмжилсэн. Дамжуулан түрээсэлсэн асуудал огт байхгүй. Тэгээд ч хөрөнгө нь хэний өмч гэдэг нь тодорхойгүй байгаа иймд гэрээ хүчин төгөлдөр бусд тооцсон нь үндэслэлтэй гэж үзэж байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ  нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

             Тус хэргийн хариуцагч нь хуулийн этгээд бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хэмээн үзэж нотлох баримтуудыг  өөрийн байгууллагын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж ирүүлснийг  тухайн баримтууд нь хуульд заасан шаардлагад нийцэхгүй гэсэн үндэслэлээр шүүх хариуцагчаас гаргаж ирүүлсэн бүх нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтад дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т хуулийн этгээд нь бичмэл нотлох  баримтыг  өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан боловч хуулийн этгээд нь хэргийн оролцогчийн хувьд ийнхүү баталгаажуулсан нь  шүүхийн өмнө эрх тэгш  байх зарчимд нийцэхгүй боловч энэхүү хуулийн зохицуулалтын талаар шүүх  тодорхой тайлбарлалгүйгээр шууд  хариуцагч  нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.  

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д  шүүгч зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь тайлбарлан өгөх, мөн хуулийн  38 дугаар зүйлд заасан хэрэг хянан ажиллагаанд оролцож буй зохигч  нь өөрийн шаардлага түүний талаархи нотлох баримтаа өөрөө  гаргаж өгөх үүргийг болон  нотлох баримт нь хуульд заасан журмыг дагуу авагдсан хуулийн шаардлагад нийцсэн байх талаар тайлбарлах үүрэгтэй бөгөөд энэхүү  үүргээ шүүх биелүүлээгүй байна.   

Ийхүү шүүх хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс  зохигчдын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй  гэж үзлээ.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан  сум дахь сум  дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 95 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 218107 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног  өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                            Б.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧИД                                Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                  Г.ДАВААРЕНЧИН