Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2021/ДШМ/92

 

 

 

 

 

П.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Г.Энхбат

            Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар           

            Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/310 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хяналтын прокурор Г.Энхбатын бичсэн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар эсэргүүцлээр П.Бд холбогдох эрүүгийн 2134000830217 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,

П.Б нь Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 34 дүгээр байрны 8 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн охин 14 настай, Ө.Номинзулыг байнга буюу 2021 оны 02 дугаар сарын 10-ны орой чи миний хамрыг хугалчихлаа гэх шалтгаанаар орноос чирж газарт буулган толгой хэсэгт 3-4 удаа өшиглөн, нуруун дээр нь хөлөөрөө 5-6 удаа дэвсэж, нүүр хэсэгт нь гараараа 1 удаа алгадсан,

 

Мөн 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр архи уулгасангүй гэх шалтгаанаар нуруу хэсэгт нь цохисон,

 

2021 оны 03 дугаар сарын 28-ны шөнө энэ хэрүүл маргаан чамаас боллоо гэх шалтгаанаар нуруу хэсэгт нь гараараа 3 удаа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас П.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Агаа овогт Пүрэвзулзагын Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2134000830217  дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж,

 

Эрүүгийн 2134000830217 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, П.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Энхбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч П.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан:

Насанд хүрээгүй хохирогч Ө.Номинзулын: 2021 оны 03 дугаар сарын 28-ны өглөө 08 цагт сэрсэн. Тэгээд гэртээ байж байтал ээжийн найз Сувдаа гэх эмэгтэй, үсчин Заяа гэх хүмүүс манай гэрт ирсэн. Тэгээд юм олж уумаар байна гээд ээжтэй хамт дэлгүүр яваад 2,5 литртэй Нийслэл нэртэй том пиво 2 ширхэг, аавд гээд 1 шил архи авч ирээд миний хажууд гэрт ууж дуусгасан. ...Тэгтэл хажуу айл цагдаа дуудсан байсан. 2021 оны 03 дугаар сарын 28-ны шөнө ээж намайг энэ хэрүүл маргаан чамаас боллоо гичий минь гээд миний нуруу хэсэгт ээж гараараа 3 удаа цохисон. Энэ өдөр аав, ээжийг цохих гэхээр нь би дундуур нь ороод аавыг цааш нь түлхэж холдуулаад бас ээжийг түлхээд холдуулсан чинь ээж орон дээр унасан. Тэгснээ ээж босч ирээд намайг чи юу мэддэг юм гэрээс зайл гичий минь гээд миний нуруу хэсэгт 3 удаа гараараа цохисон. Тэгтэл цагдаа ирсэн. Цагдаа ирэхэд хаалга онгойлгож өгөхгүй шүү гээд ээж намайг загнаад байсан. ...Харин манай ээж 2020 оны 05 дугаар сараас 34 дүгээр байранд нүүж ирснээс хойш архи согтууруулах ундаа хэрэглээд агсам тавиад орилж хашхираад цохиж зоддог болсон. ...2021 оны 02 дугаар сарын 10-ны орой 23 цаг өнгөрч байхад би ээжид гар утсыг нь өгөх гэж байгаад өмнөөс нь жаахан шидсэн чинь ээжийн хамрыг цохисон. Тэгтэл ээж чи миний хамрыг хугалчихлаа гэх шалтгаанаар намайг орноос чирж газарт буулгаад толгой хэсэгт 3-4 өшиглөөд, нуруун дээр хөлөөрөө 5-6 удаа дэвсээд, нүүр хэсэгт гараараа 1 удаа алгадсан. Тэгэхэд аймар өвдөөд би уйлаад ээжээ болиоч ээ би ахиж тэгэхгүй гэж зөндөө гуйсан боловч ээж улам уурлаад намайг зодоод байхаар нь би шөнийн 01 цагийн үед гэрээсээ гарч гүйгээд найз Номин-Эрдэнийн гэрт очиж 2 хоног хоносон. ...Энэ үед миний зүүн гар хөхрөөд, толгой аймар өвдсөн. ...2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би ээжийг архи уулгахгүй, гэрт хүн оруулахгүй гэсэн чинь ээж намайг чи ядаргаатай чамайг би хэрэггүй төрүүлдэг байж айлд өргүүлдэг байж, айлруу яваач гай минь гээд намайг хэлж архиа уух гээд уурлаад миний нуруу хэсэгт цохисон. Хэдэн удаа гэдгийг мэдэхгүй байна. ...2021 оны 03 дугаар сарын 20-ны орой ээж, аав хоёр хоёулаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэртээ орно гэхээр нь би айгаад гэрийн хаалга тайлж өгөөгүй. ...Тухайн үед ээж аав хоёр архи уулаа намайг ална гэсэн гэж хэлтэл /танай ээж аав хоёр тийм ш дээ/ гээд үл тоосон шинжтэй байдаг. ...2021 оны 03 дугаар сарын 28-ны шөнө ээж намайг энэ хэрүүл маргаан чамаас боллоо гичий минь гээд миний нуруу хэсэгт ээж гараараа 3 удаа цохисон. ...Тэгснээ ээж босч ирээд намайг чи юу мэддэг юм гэрээс зайл гичий минь гээд миний нуруу хэсэгт 3 удаа гараараа цохисон. Манай ээж, аав хоёр намайг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ болон эрүүлдээ /эргүү мал чинь, биеэ оторлож хэвтэж байна, бид хоёр чамаас болж хэрэлддэг, чиний хүрсэн бүхэн эвдэрдэг, чи үхүүл таарна, чамайг ална шүү, чам шиг охинтой байсанаас байгаагүй нь дээр, чамайг хэрэггүй төрүүллээ, айлд өргүүлдэг байж, чи зайл даа/ гэх зэргээр хэлдэг. ...Шарх сорив байхгүй. Зодсоны дараа хөхрөлт няцралт болоод арилдаг. ...Миний хэлсэн ярьсан үнэн, надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...Би 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр аав ээжтэйгээ хамт Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 34 дүгээр байрны 7 тоотод гэртээ байж байтал ...Ээж аав хоёр орж ирээд цай ууж сууж байгаад ширээн дээр байсан том төмөр тогоо шидээд аймаар орилоод хашгараад байсан. ...Манай ээж 2021 оны 03 дугаар сарын 28-ны орой ээж аав хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Би болиулах гэхэд ээж миний нуруу хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ...чи миний хамрыг хугалчихлаа гээд намайг орон дээр хэвтэж байтал орноос чирж буулгаад нуруу хэсэг рүү 2-3 удаа өшиглөөд хөлөөрөө 1 удаа дэвсэж зодсон. ...Би 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр эгч Батчимэгийн гэрт хоноод 14-ний өглөө гэртээ ирэхэд архи уучихсан халамцуу байж байсан. ...миний нуруу хэсэг рүү 5-6 удаа гараараа алгадаж зодсон гэв. ...Ээж миний нуруун дээр 5-6 удаа алгадаж зодсон гэмтэл бэртэл аваагүй 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр манай ээж халамцуу байсан. Би 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 34 дүгээр байрны 7 тоотод гэртээ байж байтал орой аав ээж хоёр согтуу ирээд хаалга нүдэхээр нь би айгаад гэртээ орж ирээд ээж аав хоёрыг зодолдож, хэрэлдэж магадгүй гээд хаалга онгойлгож өгөөгүй юм. Гэтэл ээж уурлаад цонх хагалчихсан, би чанга орилоод цагдаа дуудлаа шүү гэхэд манай аав ээж хоёр цаашаа явчихсан. ...2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр намайг хаалга онгойлгохгүй байсан чинь манай ээж П.Б чамайг ална даа гэж хэлсэн. ...2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр аав архи уучихсан байсан. Ээж эрүүл байсан. Манай аав Ш.Өлзийбаяр намайг зодож байгаагүй. Манай ээж амралтын өдрөөр архи уудаг нь үнэн гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй хохирогч Ө.Номинзул дахин мэдүүлэхдээ: Манай ээж согтуудаа л цохиж зодсон. Миний нуруу руу цохидог. 2-3 удаа л цохиж зодсон. Нэг удаа аймар зодсон тэр нь болохоор ээж нэг өдөр найзуудтайгаа гарч архи уух гээд байхаар нь би хориод тэгтэл гэрээс гарах гээд өөрийнхөө төрсөн ах Батсайхан гэхтэй намайг утсаар ярь гээд утсаа өгөөд байсан. Тэгэхээр нь би ярихгүй гээд гар утсыг нь өөдөөс шидсэн чинь ээжийн хамрыг гар утас нь оносон тэгээд хамар нь хөхөрсөн байсан тэр уурандаа намайг орон дээр хэвтэж байтал миний нуруу руу хэд хэдэн удаа алгадаад орноос буулгаад миний нуруу руу 3 удаа байхаа мэдэхгүй байна дэвссэн миний толгой руу гараараа 2 удаа цохисон Тэгээд би тэвчихгүй гэрээсээ гарч гүйгээд найз Солонгоогийн гэрт очиж хоносон. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан зүйл үнэн гэх мэдүүлэг,

 

Гэрч Ж.Оюундарийн: "2020 оны 05 дугаар сард байх манай хажуу талд энэ эмэгтэй хүүхдийнхээ хамт нүүж орсон. Тэрнээс хойш хүмүүс цуглуулж архи ууж эхэлсэн. Архи уухаараа охиноо их зовоодог. ...Хөөрхий муу охиноо гэрээсээ зайлаад өг, гичий, янхан гэх зэргээр хэлээд охиноо чамайг алаад өгье гэх зэргээр хэлээд зоддог. Би чамаас болж ингэж амьдарч байна нохой, гичий, чи хэцүү, чи миний амьдралд гай болж байна гээд л ганц охиноо хэлж харааж зүхдэг. Хамгийн анх 2020 оны 09 дүгээр сарын 10-д гарч байхад охиноо гэртээ 2-3 удаа цохисон. ...2021 оны 02 дугаар сарын 10-ны орой архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ охиноо чи миний хамрыг хугалсан муу гичий чамайг ална гээд зодоод ...2021 оны 02 дугаар сарын 14-ний орой ээж нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодоод байсан. ...2021 оны 03 дугаар сарын 20-ны орой ээж нь согтуу хаалга цохихоор нь охин айгаад гэрийнхээ хаалгыг онгойлгоогүй байтал гичий минь чамайг ална гээд л орилоод байсан. ...Энэ эмэгтэй архи уугаад охиноо дарамтлах болгондоо би чамайг, эцгийг чинь тэжээх гэж ажил хийж байгаа гээд дарамталдаг ээж хүн ш дээ. Манай хажууд ороод архи уухгүй байгаа өдөр ховор л байна гэх мэдүүлэг,

 

Гэрчээр дахин мэдүүлэхдээ: Би П.Б гэх хүнийг сайн танихгүй. Манай хажуу айлын эмэгтэй л гэж мэднэ. ...Хамгийн анх 2020 оны 07 дугаар сард байх ямарч байсан зун байсан шөнө дунд 00 цагийн үед байх П.Б гэх эмэгтэй байшингийн гадаа үүдэнд шал согтуу охиноо тип тап хийтэл нь гараараа болон хөлөөрөө цээж нуруу руу нь цохиод өшиглөөд байсан. ...2020 оны 09 дүгээр сарын эхээр орой 21 цагийн үед мөн П.Б гэх эмэгтэй согтуу охиноо зодоод чамайг алаад өөрөө үхнэ чамайг угаасаа тамлах гэж төрүүлсэн юм, надад дандаа гай болдог чамайг тэжээх гэж зовж байна, чи миний эрхийг боолоо гээд байсан тэр чимээ нь ханын цаанаас сонсогдсон, түг түг хийтэл цохиод байгаа чимээ сонсогдсон охин "яая аа ээжээ гуйж байна болилдоо" гээд уйлаад байсан. ...2021 оны 02 дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед гэртээ архи уугаад байгаа шинжтэй орлилдоод байсан тэгээд тухайн өдрийн шөнө дунд "чи миний хамар руу цохисон" гээд охинруугаа дайраад орилоод байсан охин “ээжээ болиоч ёооё өвдөөд байна” гээд байсан. ...2021 оны 03 дугаар сарын 20-ны орой П.Б гэх эмэгтэй согтуу ирээд гэрийнхээ хаалгыг нүдэхэд охин нь айгаад хаалгаа тайлж өгөөгүй. Тэгтэл хаалганы гаднаас “хаалгаа онгойлго гичий минь ална чамайг” гээд орилоод байсан тэгтэл охин нь хаалгаа тайлж өгөхгүй байсан. ...Хамгийн сүүлд 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мөн П.Б согтуу охиноо зодоод хэлэх хэлэхгүйгээр хэлээд орилж чарлаад байсан тэгээд мөн түмпэн шанага зэрэг эд зүйл тачигнаад байсан. ...Ямарч байсан дээрх мэдүүлсэн 4 удаа охиноо зодож янз бүрээр хэлж доромжилдог байсан. Охиноо миний амьдралд гай болж байна чамайг тэжээх гэж ажил хийдэг, гичий минь эцэгтэйгээ зайл, чамайг тамлах гэж төрүүлсэн юм гэх зэргээр доромжилдог байсан манайх сүүлдээ хажууд нь байхаас залхаж нүүгээд явсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан зүйл үнэн гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Алтанцэцэгийн: Би сайн танихгүй. 2020 оны 09 дүгээр сард манай хажуу талын 7 тоотод шүүхэд үйлчлэгч ажил хийдэг гэх хүүхэн, нөхрийг нь Өлзий гэдэг хаана юу хийдгийг мэдэхгүй ганц охинтой айл байсан. 2021 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө 01 цаг өнгөрч байхад манай хажуу талын айлын охин уйлаад хана руу цохиод байсан. ...2020 оны 10 дугаар сард билүү яг хэдэн сард санахгүй байна шөнө охин нь уйлаад ээжээ миний буруу би дахиж тэгэхгүй гээд уйлаад байсан. ...Тэгснээ дахиж жаахан байж байгаад охиноо дахиж зодоод охин уйлаад байсан. ...2021 оны 04 сарын 01-ний өдөр охиныг зодохоор нь би цагдаад өгсөн. ...2021 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө бүр санаа зовоод гэрт нь орсон. ...Саяхан 2021 оны 04 дүгээр сарын 11-ний орой эхнэр нь согтуу байсан. Эдний гэрт янз бүрийн хүмүүс цуглардаг. Энэ хүүхдийг өвчин тусвал яах вэ, аль эсвэл янз бүрийн хүчирхийлэлд өртвөл яах вэ энэ хүнд хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй байна. Би П.Б гэх хүнийг танихгүй гэх мэдүүлэг,

 

Гэрчээр дахин мэдүүлэхдээ: 2020 оны 10 билүү 11 дүгээр сард шөнө дундаас хойш ойролцоогоор шөнийн 01-02 цагийн үед байх охин нь ээжээ миний буруу гээд уйлаад байгаа чимээ сонсогдсон, ээж нь бололтой эмэгтэй хашхираад байгаа чимээ сонсогдсон тэгэхээр нь би гэрийнхээ дулааны паарыг 2-3 цохиход тухайн айл чимээгүй болчихсон хүүхэд ч уйлахаа больсон би тухайн үед охин буруу зүйл хийгээд ээждээ загнуулж байна гээд өнгөрсөн. Дараа нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний шөнийн 01 цаг 20 минутад хүүхэд нь дахин уйлаад байгаа чимээ гарсан тэгэхээр нь би дахиад дулааны паараа цохиход чимээгүй болоогүй хүүхэд нь уйлаад л байсан манай 4 настай зээ хүү тэр чимээнээр сэрсэн тэгээд чимээгүй болохгүй байхаар нь би цагдаа дуудсан юм. Миний мэдэхийн хүүхдээ 2 удаа уйлуулж байхыг би сонссон сүүлийнх дээр нь би цагдаа дуудсан. Би хүүхдийг зодож байхыг нь бол нүдээр хараагүй.Тухайн айл манайхтай нэг орцонд биш залгаа айл байгаа юм. Тус тусдаа орцтой ч манай гал тогооны өрөө болон том өрөөний ханатай нь тухайн айлын хана нь залгаа байдаг юм гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Уранбаярын: 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр манай хажуу айлд хүмүүс  архи  ууж  эхэлсэн.  ...Тэгэхээр нь хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа юм байна гээд цагдаад хандсан. Энэ айлын хүүхэд жинхэнэ хүчирхийлэлд байдаг. 2021 оны 03 дугаар сарын 20-ны орой ээж П.Б нь согтуу гэртээ ирэхээр нь охин нь гэрийнхээ хаалгыг онгойлгохгүй байтал ээж нь гэрийнхээ цонхыг хага цохиод охиноо чамайг ална гичий минь гээд дайраад байсан. ...2021 оны 02 дугаар сарын 10-нд хүүхдээ хамар хугалчихлаа гэх шалтгаанаар бүүр гэрт байхад сонсогдох хэмжээний нуруу хэсэгт цохиод сонсогдсон. Тэгтэл охин шөнийн 01 цагт гэрээсээ гараад зугтсан. ...Би энэ охиныг үнэндээ өрөвдөж байна. ...2021 оны 03 дугаар сарын 09-нөөс хойш тасралтгүй 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл архи ууж байгаад тэгээд гэртээ олон янзын хүмүүс авч ирж насанд хүрээгүй хүүхдийнхээ дэргэд архи уудаг. 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр охиныхоо нуруу хэсэгт цохиод байсан. Энэ охин зодуулахаараа гэрээсээ явдаг. Хэрэв охин гэртээ байхгүй бол гэрт улам их хүмүүс цуглуулж архидалт ихэсдэг. Охин уурлаад хүмүүсийг нь хааяа хөөж явуулдаг. Энэ хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх хүсэлтэй гэх мэдүүлэг,

 

Гэрчээр дахин мэдүүлэхдээ: Би П.Б гэх хүнийг сайн танихгүй. Манай хажуу айлын эмэгтэй л гэж мэднэ. ...Миний мэдэхийн 2020 оны 09 дүгээр сарын эхээр орой 21 цагийн үед мөн П.Б гэх эмэгтэй согтуу охиноо зодоод чамайг алаад өөрөө үхнэ чамайг угаасаа тамлах гэж төрүүлсэн юм, надад дандаа гай болдог чамайг тэжээх гэж зовж байна, чи миний эрхийг боолоо гээд байсан тэр чимээ нь ханын цаанаас сонсогдсон, түг түг хийтэл цохиод байгаа чимээ сонсогдсон... Түүний дараа 2021 оны 02 дугаар сарын 14-ний орой валинтинаар П.Б гэх эмэгтэй гэртээ архи уугаад байгаа шинжтэй орлилдоод байсан. Тэгээд тухайн өдрийн шөнө дунд чи миний хамар руу цохисон гээд охинруугаа дайраад орилоод байсан охин ээжээ болиоч ёооё өвдөөд байна гээд байсан. Түүний дараа 2021 оны 03 дугаар сарын 20-ны орой П.Б гэх эмэгтэй согтуу ирээд гэрийнхээ хаалгыг нүдэхэд охин нь айгаад хаалгаа тайлж өгөөгүй тэгтэл хаалганы гаднаас "хаалгаа онгойлго гичий минь ална чамайг" гээд орилоод байсан тэгтэл охин нь хаалгаа тайлж өгөхгүй байсан. ...Хамгийн сүүлд 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мөн П.Б согтуу охиноо зодоод хэлэх хэлэхгүйгээр хэлээд орилж чарлаад байсан... Би тэр охины ирээдүйд их санаа зовж байгаа их хэцүү байдаг би 2 удаа цагдаа дуудаж байсан гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч С.Номин-Эрдэнийн: "Би Ө.Номинзулыг танина. Манай найз. Би найзлаад 1 жил болж байгаа. Манай гэрт Ө.Номинзул 2 удаа ирж хоносон. Хоносон хугацаанд 2-3 хоноод явдаг. Манайд байх хугацаанд ээж нь Ө.Номинзулыг асууж сурдаггүй. Манай ээж намайг зодчихлоо гээд өвөл хэлж байсан. 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирж хоноод, 11-нд бас ирж хоносон. ...2021 оны хэдэн сар гэдгийг мэдэхгүй байна. Ө.Номинзул над руу чат бичээд манай ээж намайг согтуу зодоод гэрээс зайл гээд хөөгөөд байна би танайд очиж болох уу гэж хэлсэн. ...Тэр үед манайд Ө.Номинзул 3 хоносон. Ө.Номинзул ээж архи уугаад намайг зайл гээд хөөдөг, юм шиддэг, цохиж зоддог гэж 10-аас дээш удаа надад хэлдэг байсан. Сүүлд аав нь ирсний дараа хоёулаа нийлж архи уугаад Ө.Номинзулыг зодож гэрээсээ хөөдөг гэж надад хэлсэн. Архи уухаараа Ө.Номинзулд хэцүү байдаг гэсэн гэх мэдүүлэг,

 

Гэрч Ч.Ганчимэгийн: Манай охин С.Номин-Эрдэнийн найз гэж манай гэрт ирж хоноод би таньдаг болсон. Манай гэрт анх ирэхдээ манай ээж томилолтоор явсан, танайд хэд хонож болох уу гэхээр нь за тэг гэж хэлтэл манайд 3 хоноод явсан. ...Харин дахин 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр надруу Ө.Номинзул яриад уйлаад эгчээ манай ээж архи уугаад намайг гэрээс зайл чамайг харахаар нүд хорсоод байна гээд хөөгөөд байна гээд уйлсан. Би тэгэхэд нь чи ээжийнхээ эгчийнд очсон гээ биз дээ гэж хэлтэл манай ээжийн эгч чи ээжийгээ цагдаад өгсөн биз дээ гээд загнаад байдаг болсон гэхээр нь өрөвдөөд гэртээ авч ирээд 2 хонуулаад байж байтал 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ээж нь залгаад Ө.Номинзул гэррүүгээ явсан. ...Ээж нь архи уугаад гэрээсээ хөөгөөд чи ахиад цагдаадаа өг, дууд гээд эрүүл согтуу байсан ч хэлж загнаж дарамтлаад байна гэсэн. ...Анх манайд ирэх үед юу ч дуугарахгүй чимээгүй байсан. Би хоол унд ид гэхээр идэхгүй байсан. Би бүр жижиг өрөөнд оруулж хоол өгч байсан. Тэр үед би ээждээ зодуулж ирснийг мэдээгүй. Харин сүүлд мэдсэн. 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирэхэд нь сайн ярилцаж хэлж байсан. Надад бол ээж эрүүл ч байсан, согтуу ч байсан чи цагдаад ээжийгээ өгсөн зайл, харахаар нүд хорсоод байна гэдэг болсон гэж ярьж байсан. Би охин хүүхэдтэй ээж, Ө.Номинзулд санаа зовж сууж байна гэх мэдүүлэг,

 

Аюулын зэргийн болон нөхцөл байдлын үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар яллагдагч П.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн хүүхдийг байнга зодох гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон болно.

 

Түүнчлэн анхан шатны шүүхээс " Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хүнд ноцтой үйл явдлыг ойлгоно.Өөрөөр хэлбэл уг гэмт хэргийн улмаас хохирогч сэтгэл зүйн хувьд /хүнд ноцтой үйл явдлыг зураглан бодох, зүүдлэх, үйл явдал байнга бодогдох, унтаж чадахгүй байх, амархан уурлаж хилэгнэх, анхаарал сайн төвлөрөхгүй байх, хэт цочимтгой болох, байнга тайван бус байх/ гэх мэт цочролд орсон байхыг, мөн гэмт хэрэг ил болон далд хэлбэрээр удаан хугацаанд үргэлжилсэн байхыг ойлгоно гэж дүгнэсэн атлаа хэргийн зүйлчлэл тохирсонгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь хэрэгт авагдсан хохирогчийн сэтгэл зүйн дүгнэлтэд "Насанд хүрээгүй хохирогч Ө.Номинзулын хувьд эцэг эх нь маргалдах үед өөрийг нь буруутгаж гар хүрдэг, ихэвчлэн гэртээ архи согтууруулах ундаа хэрэглэдэг, энэ бүхэнд өдөр бүр санаа зовниж сэтгэлийн түгшилт нь даамжирч, сэтгэл гутралын өндөр түвшинд хүрсэн байна" гэж тусгасан байгаагаас дүгнэхэд хохирогч Номинзул нь гэр бүлийн хүчирхийлэлд байдаг болох нь тогтоогдож байна.

 

Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

 

            Прокурор Г.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. П.Бгийн үйлдсэн хэргийн талаар хохирогч болон гэрчүүд тодорхой мэдүүлсэн байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар түүний үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: П.Бгийн гэр бүлийн хүрээнд хэрүүл, маргаан байсан эсэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн гэрчүүд яллах дүгнэлтэд тусгагдсан үйлдэл холбогдлуудыг хажуугаас нь харж байсан мэт ярьсан байдаг. Мөрдөн байцаалтын шатанд хэт нэг талыг барьсан, мэдүүлэг авахдаа хөтөлсөн, тулгасан байдаг. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд өгсөн дүгнэлт үндэслэл бүхий болсон тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Төв аймгийн прокурорын газраас П.Бг Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 34 дүгээр байрны 8 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн охин 14 настай, Ө.Номинзулыг байнга буюу 2021 оны 02 дугаар сарын 10-ны орой чи миний хамрыг хугалчихлаа гэх шалтгаанаар орноос нь чирч газарт буулган толгой хэсэгт нь 3-4 удаа өшиглөх, нуруун дээр нь хөлөөрөө 5-6 удаа дэвсэж нүүр хэсэгт нь гараараа 1 удаа алгадсан,

 

Мөн 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр архи уулгасангүй гэх шалтгаанаар нуруу хэсэгт нь цохисон,

 

2021 оны 03 дугаар сарын 28-ны шөнө энэ хэрүүл маргаан чамаас боллоо гэх шалтгаанаар нуруу хэсэгт нь гараараа 3 удаа цохиж, зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх П.Бгийн үйлдэл нь ахуйн чанартай архидалтаас үүдэлтэй зөрчлийн шинжтэй, хохирогч эхтэйгээ хэвийн амьдарч байгаа, мөрдөгч хохирогч, гэрч нараас хөтөлж мэдүүлэг авсан, гэрчүүд тухайн цаг хугацаанд хамт байсан мэт мэдүүлэг өгсөн, хэргийн бодит байдал бүрэн гүйцэд тогтоогдоогүй, хэдийгээр гэрчүүдийн мэдүүлгийг хууль бус гэж үзэх боломжгүй ч мөрдөн байцаалтын шатанд яллах талыг баримталж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэх гэмт хэрэг нь гэр бүлийн хүчирхийллийн хүнд ноцтой үйл явдлыг ойлгоно. Уг гэмт хэргийн улмаас хохирогч сэтгэл зүйн хувьд /хүнд ноцтой үйл явдлыг зураглан бодох, зүүдлэх, үйл явдал байнга бодогдох, унтаж чадахгүй байх, амархан уурлаж хилэгнэх, анхаарал сайн төвлөрөхгүй байх, хэт цочимтгой болох, байнга тайван бус байх/ гэх мэт цочролд орсон байхыг ойлгох ба мөн уг гэмт хэрэг ил, далд хэлбэрээр удаан хугацаанд үргэлжилсэн байхыг ойлгохоор байтал гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирохгүй байна хэмээн дүгнэж П.Бг цагаатган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.  

 

Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын иргэн нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй хэмээн тунхагласан.

 

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэх дөрвөн шинжээр илэрнэ хэмээн заасан бол мөн зүйлийн 6.2, 6.3 дахь хэсгүүдэд тухайн хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын, хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгөх, заналхийлэх, бусадтай харилцахын хязгаарлах гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэлд тооцно гэж заасан байдаг.

 

Гэтэл анхан шатны шүүх П.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэж цагаатгах тогтоол гаргахдаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсэг заалтыг үндсэн агуулгаас нь зөрүүтэй, буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно, цагаатгах тогтоол гаргасан бол шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч бусад оролцогчийн санал зэргийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгана гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Эдгээр нь анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй, нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ тодорхой зааж чадаагүй зэргээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарч байгаа болно.

 

Иймд Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбатын бичсэн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, П.Бд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

            Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч П.Бд урьд нь хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/310 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, П.Бд холбогдох эрүүгийн 2134000830217 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

            2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч П.Бд урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ЭНХМАА

 

 

                       ШҮҮГЧИД                                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                                               М.МӨНХДАВАА