Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 512

 

О.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 56 дугаар магадлалтай, О.Г-д холбогдох 1818000400081 дугаартай эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Баярмаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2012 онд Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг  тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2017 онд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 460.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн Олхонууд овогт О.Г нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироох”, мөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.Г-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жил хасч, 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Г-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 1 хоног хорих ялтай дүйцүүлж, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 3, 6 дахь заалтыг:

-Шүүгдэгч О.Г-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар О.Г-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгохоор шийтгэсүгэй” гэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан өдрөөс буюу магадлал хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн эрх хасах ялыг тоолсугай” гэж тус тус өөрчилж,

-шийтгэх тогтоолын 4, 5 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж,

-Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан шүүгдэгч О.Г-д оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д заасныг журамлан шүүгдэгч О.Галсанжамжилд оногдуулсан торгуулийн ялыг 6 сарын дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Баярмаа бичсэн эсэргүүцэлдээ: “Давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Г-ыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч О.Г нь хэрэг учрал болох үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь гэрч У.Алтанзулын мэдүүлэг, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогддог. Иймээс О.Г нь автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а-д заасан заалтыг зөрчсөн байна. Мөн Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/138, А/131 дугаартай “Журам батлах тухай” хамтарсан тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль илэрвэл согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзнэ” гэжээ. Энэ амьсгал дахь спиртийн агууламж, цусан дахь спиртийн агууламжийн аль нэг хувь хэмжээнд хүрсэн тохиолдолд согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэхээр зохицуулсан ойлголт бөгөөд шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахдаа Стандартчилалын байгууллагаас баталгаажуулсан, зориулалтын багаж /драгер/ хэрэглэсэн байна. Гэвч шүүх дээрх нотлох баримтуудыг үгүйсгэж зөвхөн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаартай дүгнэлтийн “О.Г-ын цусан дахь спиртийн агууламж 0.4 хувь илэрсэн нь согтолтын зэрэгт хамаарахгүй” гэсэн хэсгийг үндэслэн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх үндэслэлгүй гэж өрөөсгөл дүгнэлт хийж, хэт нэг талыг барьж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгээ мэдүүлж байсан. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Баярмаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч О.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараахь үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

1.Прокуророос О.Г-ыг 2018 оны 1 дүгээр сарын 7-ны орой согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сум, 13 дугаар баг, Үйлдвэрийн хотхон руу явах зам дээр 15-51 УБС дугаартай Лексус-470 загварын автомашин жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1а, 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалтыг зөрчиж явган зорчигч Д.Санжсүрэнг мөргөж амь насыг нь хохироосон, мөн өдөр Б.Батнасантай маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч О.Г-ын үйлдсэн гэмт хэргийн талаар дүгнэхдээ прокурорын яллах дүгнэлтэд дурьдагдаагүй “О.Г нь ... явган зорчигч Ц.Баянмөнхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол” учруулсан гэсэн үйл баримтыг нэмж бичсэн атлаа Ц.Баянмөнхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тухай үйл баримт хэрхэн нотлогдсон талаар дүгнэлт хийгээгүй нь ойлгомжгүй байх бөгөөд прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх асуудлыг анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлээгүй нь буруу байна.

Мөрдөн байцаалтын шатанд Ц.Баянмөнхийг хохирогчоор тогтоогоогүй байх боловч тэрээр авто осолд орсны улмаас тархиндаа гэмтэл авч, ой санамжаа түр алдсан гэх шалтгаанаар 2018 оны 1 сарын 16-наас 25 хүртэл, мөн 2018 оны 2 дугаар сарын 8-наас 18 хүртэл “Саран элит” клиникийн эмнэлэгт 2 удаа хэвтэж эмчлүүлсэн болох нь хавтаст хэргийн 119-134 дүгээр хуудсанд авагдсан өвчний түүх, хавтаст хэргийн 244-245 дугаар хуудсанд авагдсан эмнэлгийн хуудсаар тогтоогдсон, мөн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 14/18 дугаар магадлагаагаар “Ц.Баянмөнх нь … гүн цочролд орсны улмаас болсон үйл явдлыг үнэн зөв тусган ойлгох чадвар алдагдсан байх магадлалтай. Энэ байдал нь сэтгэцийн өвчний олон улсын 10 ангилалд хамрах... түр зуурын эмгэг” болох нь тогтоогджээ.

Мөн Ц.Баянмөнх нь 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр гэрчээр /хх-50/ мэдүүлэхдээ хэрхэн осолд орсон тухай огт санахгүй байгаа талаар мэдүүлжээ.

Иймд хавтаст хэргийн 114 дүгээр хуудсанд авагдсан “Ц.Баямөнхийн биед тархи доргилт, баруун ухархайн ар хананы хугарал, баруун духны зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан” болохыг тогтоосон Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 147 дугаар шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх, Ц.Баянмөнхийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д заасан “Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/, мөн журмын 2.4.2-т “Хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15 хувь/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах шалгуур шинжийг хангасан эсэх, түүнийг энэ хэрэгт хохирогчоор тогтоохгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн эсэх талаар шүүх хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.

2.Шүүгдэгч О.Г нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцохдоо хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, согтуугаар автомашин жолоодсоноо хүлээн зөвшөөрөөгүй байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг журамлан түүнд хуульд зааснаас доогуур ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

3.Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч О.Г-ын үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд нотлогдвол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосон эсэх, хэргийн үйл баримт, түүний нотлогдсон байдлын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн эсэх, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Мөн шүүгдэгч О.Г-ыг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны шөнө 01 цагт эрүүлжүүлэх үед түүний согтуурлыг шалгахад 0.31 хувь гарсан тухай тэмдэглэлийг /хх-23/ Монгол Улсын Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн A/138, А/131 дугаар “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-ын 1.6-д заасан “Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно.” гэсэн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр О.Г-ыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэхгүй гэсэн өрөөсгөл дүгнэлт хийсэн байх бөгөөд энэ талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээж авах үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь давж заалдах шатны шүүхийн магадлалд “Анхан шатны шүүх зөвхөн тандагч багажаар гарсан үзүүлэлтийг үндэслэл болгож дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай болжээ.” гэсэн дүгнэлт хийж, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн “О.Г согтолтын зэрэгт хамаарах хэмжээний архи хэрэглээгүй байна.” гэсэн дүгнэлтийг үндэслэн түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэхдээ “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-ын 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.” гэсэн заалтыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Хавтаст хэргийн 5, 7, 23, 109 дүгээр хуудсанд авагдсан баримтаас харахад Цагдаагийн байгууллагад зам тээврийн осол гарч, хүн нас барсан тухай дуудлага 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 22 цаг 40 минутад ирсний дагуу хэргийн газрын үзлэгийг мөн өдрийн 22 цаг 45 минутад эхлүүлсэн байх бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 8-ны шөнө 01 цагт буюу осол гарснаас хойш 2-3 цагийн дараа О.Г-ыг согтуурлыг драгер багажаар үлээлгэж шалгахад 0.31 хувь гарсан, харин Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Туяа нь цуснаас авсан дээжинд 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр химийн шинжилгээ хийж, 0.4 промиль этилийн спирт илэрсэн тухай 8 дугаар дүгнэлт гаргажээ.

Анхан шатны шүүхээс “Шалгуулагчийн биеийн жин, физиологийн онцлог, согтууруулах ундаа хэрэглэснээс хойш хэдий хугацаа өнгөрсөн зэргээс хамаарч амьсгал болон цусан дахь спиртийн агууламж өөрөөр гарах ба шалгах үед цусанд 0.5 промилээс доош спиртийн агууламж илэрсэн гэх үндэслэлээр осол хэрэг болох үед эрүүл байсан гэж дүгнэх нь өрөөсгөл юм” гэсэн дүгнэлт хийж, улмаар шүүгдэгч О.Галсанжамжилыг 2018 оны 1 дүгээр сарын 7-ны орой согтууруулах ундаа хэрэглэсэн талаар У.Алтанзулын 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 01 цаг 30 минутад гэрчээр өгсөн “Галсаннамжил надтай уулзах гэж ирэхдээ архи уугаагүй байсан. Тэгээд бид хоёр нэг шил архи авч хувааж ууя гээд дэлгүүрээс 0.5 литрийн Алтан Чингис нэртэй архи аваад бид хоёр тал хүртэл нь уугаад байж байхад Батнасан залгаад хэрүүл хийсэн… Галсаннамжил тухайн үед 80 км/цагийн хурдтай явж байсан байх… Дээрээс уруудаад явж байх үед … өөдөөс өгсөөд замын хажуу талаар хоёр хүн алхаж явж харагдсан юм… Явган хүнтэй зөрөөд өнгөрсний дараа түс тас гэх чимээ гарч цонх хагарсан байсан”/хх-53/, мөн Б.Батнасангийн 2018 оны 1 дүгээр сарын 8-нд гэрчээр өгсөн “...Содоо /О.Г/ архи уусан байсан. Бүүр нилээн согтуу байсан /хх-57/, мөн О.Г-ын 2018 оны 2 дугаар сарын 24-нд яллагдагчаар өгсөн “Алтанзултай уулзаад 0.5 литрийн шилтэй нэг шил архи задлаад дээрээс нь жоохон уугаад л сууж байсан юм…” /хх-173/ зэрэг мэдүүлгүүд, 2018 оны 1 дүгээр сарын 8-ны орой 00 цаг 30 минутын үед О.Г-ын биед үзлэг хийхэд архи ихээр үнэртэж байсан тухай Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмчийн тодорхойлолт /1хх-93/, О.Г-ыг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны шөнө эрүүлжүүлсэн тухай бүртгэл, тэмдэглэл /1хх-24/ болон тухайн гэмт хэргийн талаар тогтоогдсон хэргийн бусад нөхцөл байдлыг харьцуулан шинжлэх замаар шүүгдэгч О.Г-ыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн хууль зүйн дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 56 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч О.Г-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 56 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч О.Г-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН