Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 221/MA2017/0473

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Гэрэлцэцэгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Гэрэлцэцэгийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/117 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ц.Гэрэлцэцэгийг Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 26-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны 76 хоногийн олговор 3424484 /гурван сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун наян дөрөв/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтуудыг бодитой үнэлээгүй, гэрчийн мэдүүлгийг харгалзаж үзээгүй, хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын улсын байцаагчийн  албан шаардлагын хэрэгжилт болон газар дээр нь албан шаардлагын хэрэгжилтийг шалгасан байдлыг харгалзаагүй. Албан шаардлагын биелэлтийг ирүүлэхдээ албан шаардлагыг хэрэгжүүлсэн мэтээр бичгээр ирүүлж, газар дээр нь шалгахад биелүүлээгүй хуурсан байсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Мэргэжлийн хяналтын газрын боловсролын улсын байцаагчийн албан шаардлагын тухайд шууд хэрэгжүүлэх боломжгүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан ажлууд нэлээдгүй тусгагдсанаас гадна 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр буюу 2 сарын хугацаанд бүрэн хэрэгжүүлэх боломжгүй байсан" гэж шүүх үзсэн нь ойлгомжгүй, шүүх улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтийг үнэлж дүгнэх боломжгүй юм. 2016 оны 08 дугаар сард тус сургуулийн багш, ажилчдаас ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу аймгийн Засаг даргын А/320 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдан Боловсрол, соёл урлагийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу Хөхморьт сумын 9 жилийн дунд сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж сургуулийн захирал Ц.Гэрэлцэцэг нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй тухай дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэхэд харгалзан үзээгүй. Мөн сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн нь Санхүүгийн хяналт,  аудитын албаны хяналт шалгалтаар санхүүгийн зөрчил илэрч,  улсын байцаагчийн албан шаардлага, Санхүүгийн хяналт,аудитын албаны даргын санал дүгнэлтийг харгалзан үнэлээгүй. Ц.Гэрэлцэцэг нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4 дэх заалтад сургуулийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг сургуулийн зөвлөл, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоотойгоор төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, мэдээллэх, мөн зүйлийн 20.2.9 дэх заалтад багш, суралцагч, ажилтаны хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэх гэсэн сургуулийн захирлын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хууль зөрчсөн байна. Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/117 дугаар захирамжаар Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын сургуулийн захирал Ц.Гэрэлцэцэгийг “захирлаар томилогдохдоо холбогдох хууль, тогтоомж зөрчиж томилогдсон, албан үүргээ хангалтгүй биелүүлж мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах үүргээ хангалтгүй биелүүлсэн нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Ц.Гэрэлцэцэг нь дээрх захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Маргаан бүхий Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/117 дугаар захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолыг тус тус баримталсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.  Тодруулбал,

          Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 30.1.15-д “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж заасан бөгөөд энэхүү хуульд заасан шаардлагыг хангаж Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 413 дугаартай албан бичгээр ажлын хэсгийн дүгнэлтийг хүргүүлсэн, нэхэмжлэгч Ц.Гэрэлцэцэгийн 2016 оны үр дүнгийн гэрээний хэрэгжилт F үнэлэгдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогджээ.

           Ажлын хэсгийг Хөхморьт сумын 9 жилийн дунд сургуулийн багш нараас ирүүлсэн гомдлын дагуу тус аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/320 дугаар захирамжаар тус сургуулийн үйл ажиллагаа, дотоод ажилд үнэлгээ хийх, зөвлөн туслах үүрэгтэй томилсон байх ба 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын сургуулийн үйл ажиллагаанд хяналт хийж, зөвлөн тусласан ажлын дүгнэлтээр нэхэмжлэгч Ц.Гэрэлцэцэгийг тус сургуулийн захирлын албан үүргийг гүйцэтгэхэд шаардлага хангахгүй гэж дүгнэсэн.

           Дээрх ажлын хэсэгт тус аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газрын боловсролын улсын байцаагч, Боловсрол, соёлын газрын төсвийн мэргэжилтэн, Боловсрол, соёлын газрын ахлах мэргэжилтэн нарын эрх бүхий албан тушаалтанууд орсон байх ба Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 08-09-029/04/110 дугаар албан шаардлагад дурдагдсан зөрчлүүдээс биелэгдээгүй 12 зөрчил болон боловсон хүчин, сургуулийн бичиг хэрэг, дотоод ажил, сургуулийн төсөв санхүү, үдийн цай хөтөлбөр, хөрөнгийн ашиглалт хамгаалалтын талаар гаргасан зөрчил, мөн сургуулийн багш ажилчдаас авсан санал асуулгын дүнг үндэслэн гаргасан ажлын хэсгийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Түүнчлэн, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар удирдамжаар тус аймгийн Хөхморьт сумын сургуулийн 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 21-03/10/26 тоот улсын байцаагчийн акт тавигдсан байх бөгөөд уг актад үндэслэн Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 77 дугаар албан бичгээр захирал Ц.Гэрэлцэцэгт хариуцлага тооцох саналыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн байх ба уг албан бичигт “сургуулийн анхан шатны бүртгэлийг болон бодит байдал дээр шалгахад сургуулийн шинэ хуучин агуулахад шороо тоос дарсан, хулганы баастай, зарим хэсэг өттэй, дутуу шулсан тэмээний яс болон борц их хэмжээгээр хадгалагдаж байсан, эд хариуцагч хүлээн авсан тэмээний махаа тухайн үед нь борцолсон боловч журмын дагуу махаа зарлагадаж борцоо орлого аваагүй агуулахад мах байгаагаар тайлагнаж, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотуур байрны хүүхдийн үдийн хоолонд дээрх тэмээний борцоор цагаан будаатай шөл хийж өгч байсан” талаар тусгажээ.

          Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргаагүй байхад хүчин төгөлдөр захиргааны акт болох Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 08-09-029/04/110 дугаар албан шаардлага, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 21-03/10/26 тоот улсын байцаагчийн актад дурдсан зөрчил болон түүний биелэлтэд дүгнэлт өгч маргаан бүхий актыг хүчингүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн...дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

Дээрх байдлыг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч Ц.Гэрэлцэцэг нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-т “сургуулийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх”,  20.2.4-т “сургуулийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг сургуулийн зөвлөл, багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоотойгоор төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв, хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, мэдээлэх”, 20.2.13-т “сургуулийн орчин дахь хоол, хүнс, ундны цэвэр ус, бие засах газрын эрүүл ахуй, аюулгүй байдлын баталгааг хангах ажлыг зохион байгуулах, хяналт тавих” зэрэг хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьдаггүй, удирдлага арга зүйгээр хангаж ажиллаж чадахгүй байгаа нь нотлогдсон, маргаан бүхий актад дээрх үндэслэлийг баримталсан байхад шүүх нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөсөн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “захирах, захирагдах ёс” 4.2.3-т заасан “ард түмэнд үйлчлэх” төрийн албаны зарчимтай нийцэхгүй байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж зааснаар сургуулийн захирал нь төрийн үйлчилгээний албан хаагч тул түүнтэй хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй ч хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд маргаан бүхий актад хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн нь түүний хуулийн төгөлдөр байдалд нөлөөлөхгүй юм.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэх үндэслэл нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болж чадахгүй, мэргэжил, ур чадварын тухайд албан ёсны комиссын дүгнэлт гараагүй тул дээрх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Гэвч Боловсролын тухай хуулийн ерөнхий зохицуулалтыг баримталсан, ажлаас чөлөөлсөн үндэслэлд заасан “сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах үүргээ хангалтгүй биелүүлсэн нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон” гэсэн нь нотлогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,          Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг баримтлан Ц.Гэрэлцэцэгийн “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/117 дугаар захирамжийг хүчингүй болгож,  урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                   

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

                                     ШҮҮГЧ                                                            Э.ЛХАГВАСҮРЭН

                                     ШҮҮГЧ                                                            О.НОМУУЛИН