Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2017/0489/З |
Дугаар | 184 |
Огноо | 2018-04-23 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 184
Ц.А, Ч.Б, Ц.Д, С.О, З.П, Н.Т, П.Э нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргын
Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Ч.Тунгалаг,
Шүүгчид: Л.Атарцэцэг,
Г.Банзрагч,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг.
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/99, Б/100, Б/101, Б/102, Б/103, Б/104 дүгээр тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон тогтоолын биелэлтийг үл ойшоон биелүүлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хууль бус эс үйлдлийн улмаас учирсан хохирол болох нэр бүхий 7 ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2017/0829 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0118 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч Ц.А-, Ч.Б, Ц.Д, С.О, З.П, Н.Т, П.Э, тэдгээрийн өмгөөлөгч Д.Э, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Г.М.
Нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2017/0829 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.2.1, 27.2.3, 27.2.4-т заасныг тус тус баримтлан “Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/99, Б/100, Б/101, Б/102, Б/103, Б/104 дүгээр тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон тогтоолын биелэлтийг үл ойшоон биелүүлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/99, Б/100, Б/101, Б/102, Б/103, Б/104 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.А, З.П, Н.Т, П.Э нарыг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч нарын “Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/99, Б/100, Б/101, Б/103, Б/104 дүгээр тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон тогтоолын биелэлтийг үл ойшоон биелүүлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Удирдлагын хууль бус эс үйлдлийг тогтоож, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/99, Б/100, Б/101, Б/103, Б/104 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, нэр бүхий 4 ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Ч.Б, Ц.Д, С.О нарын ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт нь нөхөн бичилт хийх, нэхэмжлэгч Ц.А, З.П, Н.Т, П.Э нарын ажилгүй байсан бүх хугацаа буюу 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд урьд авч цалин болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0118 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 829 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч нараас “Давж заалдах шатны шүүх хэргийг үнэн бодитоор тал бүрээс нь судалж, үнэлэлт, дүгнэлт өгөөгүй тул шүүхийн магадлал бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Тодруулбал, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3.4-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. Гэтэл магадлалын тогтоох болон хянах хэсгээс ямар нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн болон шүүхээр хэлэлцээгүй ямар нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болгосон гэж дүгнэсэн нь дараах үндэслэлээр ойлгомжгүй, тодорхойгүй байна.
4. Магадлалд нэхэмжлэгч тус бүрийн өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалууд нь өөр өөр байхад маргаж буй актуудын үндэслэл болсон тамгын газрын шинэчилсэн бүтцээр өмнөх албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөн эсэх, нэхэмжлэгч нэр бүхий иргэдийг тухайн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэл нь хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 эсхүл 27.2.4 дэх хэсэгт заасныг хэрхэн ямар байдлаар зөрчсөн эсэхийг ялгаж, дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэгч нарыг хууль бусаар чөлөөлсөн гэж үзэхдээ түүнийг ямар албан тушаалд эгүүлэн тогтоож байгаа нь шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсгээс тодорхой харагдахгүй байна гэж дүгнэжээ.
5. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч тус бүрээр маргаж буй актуудын үндэслэл болсон тамгын газрын шинэчилсэн бүтцээр өмнөх албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөн эсэхийг нэг бүрчлэн дүгнэж өмнөх албан тушаалын чиг үүрэг нь ямар албан тушаалын нэртэй болж чиг үүрэг нь шилжсэн болохыг тодорхой дүгнэжээ. Шүүхийн шийдвэрийн 17-р хуудсанд З.П-оос бусад бүх нэхэмжлэгч нарын хэлтэс, орон тооны нэр өөрчлөгдсөн ч үнэн хэрэгтээ орон тоо хасагдаагүй, цөөрүүлээгүй харин ч орон тоо нэмэгдсэн төдийгүй, эдгээр нэхэмжлэгч нарыг ажлаас халаад оронд нь гаднаас шинээр ажилтан авсан байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь хэсэгт заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах гэсэн заалтыг зөрчсөн болохыг тов тодорхой дүгнэн бичжээ.
6. Харин З.П-ийн хувьд хороо хариуцсан 2 ажилтны нэгийг цөөрүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх хэсэгт заасны дагуу “орон тоо цөөрүүлсэн бол сонгон шалгаруулалт явуулах” гэсэн заалтыг мөрдөх ёстой байсан боловч ажлаас халсан тушаал гарахаас өмнө З.П-д мэдэгдээгүй, сонгон шалгаруулалтыг явуулалгүйгээр залуу ажилтан гэсэн үндэслэлээр Ж.Батжавхланг үлдээж, З.П-ийг ажлаас халсан нь Төрийн албан тухай хуулийн 27.2.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн талаар мөн шүүхийн шийдвэрийн 19-р хуудсанд тодорхой дүгнэсэн байна. Мөн З.П нь 3 хүртэлх насны хүүхэдтэй байтал түүнийг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн хууль бус шийдвэр байсан юм. Үүнээс гадна Ц.А, Н.Т, Д.Э нарын урьд эрхэлж байсан албан тушаалууд нь бүтцийн өөрчлөлтөөр байхгүй болсон байхад урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлж тогтоосон нь шүүхийн шийдвэр хэрхэн биелэгдэхийг ойлгомжгүй нөхцөл байдалд оруулсан гэж дүгнэжээ. Гэтэл шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч тус бүрээр өмнө эрхэлж байсан албан тушаал хэрхэн өөрчлөгдсөн болон ямар албан тушаалд чиг үүрэг нь хадгалагдан үлдсэн талаар дүгнэсэн байна. Жишээ нь ажилд эгүүлэн тогтоолгосон, дээр дурдсан нэхэмжлэгч нарын хувьд:
7. Ц.А-ын хувьд /шш 10х/ орлого хариуцсан төсвийн мэргэжилтний орон тоон дээр ажиллаж байсан ба тухайн орон тооны нэр нь өөрчлөгдсөн боловч агуулга, чиг үүрэг нь санхүүжилт хариуцсан мэргэжилтний ажлын чиг үүрэгтэй ижил агуулгатай байгааг дүгнэж орон тоо нэмэгдэж, чиг үүрэг хадгалагдаж байгааг тогтоосон байна. Мөн Ц.А-ын ажиллаж байсан хэлтэст орон тоо хасагдаагүй нэмэгдсэн ба Ц.А-ын оронд гаднаас ажилтан авсан болохыг тогтоожээ.
8. Н.Т-ын хувьд /шш 14х/ Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн эрүүл орчны асуудал эрхэлсэн албан тушаал эрхэлж байсан ба хэлтсийн нэр нь тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс нэртэй болж, уг мэргэжилтний албан тушаал нь байгаль орчин, хог хаягдал хариуцсан мэргэжилтэн болж өөрчлөгдөж, мөн орон тоо нэмэгдсэн байхад мөн л Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1 дэх заалтыг зөрчиж Н.Т-ыг ажлаас халж харин оронд нь гаднаас ажилтан шинээр авсан болохыг тогтоосон байна.
9. П.Э-ийн хувьд /шш 15х/ ажиллаж байсан хөдөө аж ахуй, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний албан тушаал нь аялал жуулчлал, ахуй үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, хүнс, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн болон өөрчлөгдөж чиг үүрэг нь уламжлан үлдсэн ба харин ч орон тоо нэмэгдэж, чиг үүрэг хадгалагдаж байгааг тогтоосон байна. Мөн П.Э-ийг халж оронд нь гаднаас ажилтан авсан болохыг тогтоосон байна.
10. Мөн магадлалд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын хууль бус эс үйлдлийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3 дахь хэсэгт заасан шүүхээс гарах шийдвэрийн төрөлд байхгүй байна гэжээ. Хариуцагч байгууллагын ажлаас халсан маргаан бүхий актууд нь хууль зөрчсөн болохыг тогтоосон хүчин төгөлдөр Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нар буцаан ажилд томилуулах шийдвэр гаргуулах хүсэлтээ байгууллагадаа гаргасан боловч хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй, зохих ёсны шийдвэрийг гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4 дэх хэсэгт “...захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасны дагуу гаргасан нэхэмжлэлийн шаардлага болно.
11. Анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг гаргахдаа нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлсөн ба захиргааны хэргийн шүүх нь эд хөрөнгийн бус захиргааны шийдвэртэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэг тул Улсын тэмдэгтийн тухай хуульд заасны дагуу 70200 төгрөг төлсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөөгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Хэрвээ тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн гэж үзвэл нэмж төлүүлэхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой байтал шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
12. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн хувьд тогтоох хэсэгт нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг тус тусад нь тооцож гаргаагүй боловч ямар хугацаагаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгохыг заасан тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч тус бүрээр нөхөн олговрын хэмжээг тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэхийг хүсэж байна. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.3 дахь хэсэгт зааснаар гомдлыг гомдлын шаардлагын хүрээнд хянах ёстой байсан боловч гомдолд дурдагдаагүй шаардлагын хүрээнд дүгнэлт гаргасан. Иймд нэхэмжлэгч нар нь магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх ба давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
13. Иймд Захиргааны хэргийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч нарын хууль ёсны эрхийг сэргээж өгөхийг хүсэж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
14. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасантай нийцсэн байна.
15. Нэхэмжлэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/99, Б/100, Б/101, Б/102, Б/103, Б/104 дүгээр тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон тогтоолын биелэлтийг үл ойшоон биелүүлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагын хууль бус эс үйлдлийг тогтоож, ...тушаалуудыг хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.
16. Давж заалдах шатны шүүхийн, анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 107 дугаар зүйлийн 107.4, 107.5-д заасантай нийцээгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, шүүхийн шийдвэр биелэгдэх нь ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгосон гэж дүгнэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй байна.
17. Нэхэмжлэгч нараас “Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүтцийн өөрчлөлт хийгдсэн гэж байгаа боловч үнэн чанартаа хийгдээгүй бөгөөд зөвхөн албан тушаалуудын нэр өөрчлөгдсөн, бидний эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн. Мөн энэхүү бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдаагүй, харин ч орон тоо нэмэгдсэн байхад ажлаа хийж байсан ажилтнуудыг чөлөөлж гаднаас, эсвэл өөр хэлтсээс шилжүүлэн томилсон нь өөрөө илтэд санаатай хийсэн хууль бус ажиллагаа” гэж маргажээ.
18. Анхан шатны шүүх нэхэмжлэгч тус бүрийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалууд өөр өөр байхад маргаж буй актуудын үндэслэл болсон тамгын газрын шинэчилсэн бүтцээр албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэрхэн өөрчлөгдсөн, мөн хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг ямар байдлаар зөрчсөн зэргийг нарийвчлан шалгаж дүгнэлт хийгээгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.2-т нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой тусгахаар, 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгуулах, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахаар хуульчилжээ.
20. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй, тухайлбал шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, ямар албан тушаалд томилуулах, ямар албан тушаалын ангилал зэрэглэлээр цалин олговор нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх энэ үндэслэлийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэгч Ц.А, З.П, Н.Т, П.Э нарыг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.
21. Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд бүтцийн өөрчлөлтөөр дээрх, зарим нэхэмжлэгч нарын урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, заримд сонгон шалгаруулалтгүйгээр томилгоо хийгдсэн зэрэг нь тогтоогдсон байх хэдий ч тухайн албан тушаалын нэр болон ажиллаж байсан хэлтэс, тасаг өөрчлөгдсөн байхад урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч 7 иргэний ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон олговрыг гаргуулахдаа ямар баримтад үндэслэн, яаж тооцож олгох талаар ямарч дүгнэлт хийгээгүй байна.
22. Мөн нэхэмжлэгч Ц.А, Н.Т, П.Э, З.П нарыг эгүүлэн томилж буй албан тушаалд одоо хэн хэн ажиллаж байгаа, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэхэд дүгнэлт хийгээгүй, шүүхээс тэдгээрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах эсэх асуудлыг шийдвэрлэх нь хэргийг нэг мөр, чирэгдэлгүй шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
23. Нэхэмжлэгч Ц.Д, Ч.Б, С.О нар нь шүүх хуралдааны явцад өөр ажил, албан тушаалд томилогдсон үндэслэлээр “ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ, шүүх энэ асуудлыг шийдвэрлэж захирамж гаргасан байх боловч тухайн шүүгчийн захирамж хэргийн материалд байхгүй, өөрөөр хэлбэл эдгээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан асуудлыг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь мөн тодорхойгүй үлджээ.
24. Дээрх байдлаар анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул магадлалд заасан ажиллагааг бүрэн хэрэгжүүлж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл болон маргаан бүхий актын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.
25. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0118 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА