Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2016/00825

 

                                                               Хобдабайгийн нэхэмжлэлтэй                                                                   иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 526 дугаар шийдвэр,

 Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар магадлалтай,

А.Хобдабайгийн нэхэмжлэлтэй,

            Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох          

  Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум дахь Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б\22 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

           Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн          

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие А.Хобдабай нь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тушаалаар Дэлүүн сум дахь Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн албан тушаалд томилогдсон юм. Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б\22 дугаар тушаалаар намайг ямар ч шалтгаангүй ерөнхий эмчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ. Намайг буруутгаж байгаа ажил олгогчийн тушаалд дурдсан асуудлууд хууль зүйн үндэслэлгүй, хөндлөнгийн нэг ч нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа. Намайг ажлаас халах болсон бодит шалтгаан нөхцөл нь улс төрийн буюу тухайлбал Дэлүүн сумын Ардчилсан намын бүлгийн хэсэг гишүүдийн захиалгаар хийгдсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж үзэж байна. Түүнчлэн намайг ажлаас чөлөөлсөн тохиолдолд Дэлүүн сумын Засаг даргатай зөвшилцөх ёстой. Энэхүү процессын ажиллагаа хийгдээгүй байна. Хэрвээ намайг эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажлаас чөлөөлсөн тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар нэг сарын өмнө мэдэгдэх ёстой юм. Харин ажил олгогч намайг гэнэт урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн. Иймд намайг Дэлүүн сум дахь Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн ажилд эгүүлэн тогтоож, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б\22 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Дэлүүн сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч А.Ховдабайн үйл ажиллагааны талаар тус сумын иргэдээс удаа дараа гомдол ирсэн учир аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2012 оны 10 дугаар тушаалаар байгуулагдсан Эрүүл мэндийн газрын харьяа алба, эмнэлэг, салбар нэгжүүдэд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулж явуулах байнгын ажлын хэсэг нь 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр аймгийн Засаг даргын 2012 оны 74 тоот захирамжаар баталсан Эрүүл мэндийн газрын харьяа алба, эмнэлэг, салбар, нэгжүүдэд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журмын дагуу Дэлүүн сумын Сум дундын эмнэлэгт дотоод хяналт шалгалт хийсэн. Энэ шалгалтаар байгууллагын дотоод ажилтай холбоотой маш олон төрлийн зөрчил, дутагдлууд илэрч ерөнхий эмч А.Хобдабай нь албан тушаалдаа тэнцэхгүй байгаа нь тогтоогдсон учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.2 дахь заалтыг баримтлан шийдвэрээ гаргасан. Өөрийн охиноо хүүхдийн эмчээр томилж, хувийн зардлаар сургаж нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас төлж байсан нь илэрсэн. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн тул дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн. Түүний Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар нэг сарын өмнө мэдэгдээгүй гэдэг нь огт үндэслэлгүй. Түүнд энэ тухай 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаар мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Мэдэгдэх хуудасны хувийг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр аймгийн шуудангийн салбараар дамжуулан өөрт нь хаяглаж хүргэсэн. Мөн тэр өдөр А.Хобдабайн ashar_hobdabai@уаhoo.com, deluun_sde@уаhоо.соm хаягуудаар мөн мэйлээр хүргүүлсэн. Мөн түүний Дэлүүн сумын Засаг даргатай зөвшилцөөгүй гэдэг нь үндэслэлгүй. Би Эрүүл мэндийн газрын 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 179 дүгээр албан бичгээр Дэлүүн сумын Засаг даргад зөвшилцөх санал хүргүүлсэн боловч тэр татгалзсан хариу өгсөн. Сумын Засаг дарга заавал зөвшөөрсөн тохиолдолд томилох тухай хуулийн зохицуулалт байхгүй учир би өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрээ гаргасан. Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

         Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 526 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан А.Хобдабайг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын санхүүгээс 70.200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

           Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 526 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...эмнэлгийн эрхлэгчийн ажилд...”гэснийг “...эмнэлгийн ерөнхий эмчийн ажилд...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгч А.Хобдабайгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 526 дугаар шийдвэр, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, нэхэмжлэгч А.Хобдабай миний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлээгүй орхигдуулсан учраас хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч А.Хобдабай нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Иймд намайг Дэлүүн сум дахь Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн ажилд эгүүлэн тогтоож, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б\22 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэж бичсэн юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч А.Хобдабай миний Дэлүүн сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн ажилд эгүүлэн томилох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн Б\22 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулсан явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдаа гэж дүгнэж байна. Би нэхэмжлэлийн дээрх шаардлагыг нэхэмжлэлдээ тодорхой бичсэнийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд бичигдсэн байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 526 дугаар шийдвэр, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар магадлалд тус тус өөрчлөлт оруулан нэхэмжлэгч А.Хобдабайгийн нэхэмжлэлийн шаардлага болох “аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б\22 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэснийг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

                Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нуржайнарын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 526 дугаар шийдвэр, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгуулах тухай. Гомдлын үндэслэл: Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар магадлалаар хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тухайлбал: Дэлүүн сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч А.Ховдабай мэргэжил, ур чадварын хувьд ажил, албан тушаалд тэнцэхгүй болох нь Эрүүл мэндийн газрын ажлын хэсгийн тус эмнэлэгт хийсэн шалгалтаар бүрэн нотлогдсон байхад давж заалдах шатны шүүх хариуцагч шүүхэд нотолж чадаагүй, шалгалтын илтгэх хуудас болон шалгалтын бичмэл баримтууд нь Эрүүл мэндийн газрын даргын тушаалыг үндэслэлтэй гарсныг нотлохгүй байна гэж үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажил олгогч ажилтны тухайн ажилд тэнцэхгүй байгааг заавал аттестатчилал, төвшин тогтоох комиссын шалгалтаар тогтоосны үндсэн дээр ажлаас чөлөөлөх хуулийн зохицуулалт байхгүй. Харин тухайн байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийж, шалгалтын дүнг үндэслэн ажлаас чөлөөлөх бүрэн боломжтой гэж үзэж байна. 2. А.Ховдабай нь 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүл мэндийн газрын өмнөх даргын үед тухайн албан тушаалд томилогдсон байдаг. Тухайн үед түүнтэй заавал хөдөлмөрийн гэрээ байгуулж хувийг өөрт нь өгсөн байх ёстой. А.Хобдабай дараа нь Эрүүл мэндийн газрын дарга өөрчлөгдсөнийг далимдуулж өөртэй нь огт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй мэтээр тайлбарлаж байгааг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн орон тоо ажлын байнгын байр учир Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ анх ажилд томилогдох үед байгуулагдсан гэж үзэх үндэстэй. Иймд хэргийг хяналтын журмаар хянаж А.Хобдабайн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

         ХЯНАВАЛ:

         Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.

         Нэхэмжлэгч А.Хобдабай нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/22 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, дотоод хяналт шалгалтаар албан тушаалдаа тэнцэхгүй гэдэг нь тогтоогдсон, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч А.Хобдабайг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/22 дугаар тушаал нь нэхэмжлэгч А.Хобдабайгийн ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагынх нь үндэслэл учраас шүүх тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх тул үүнийг бие даасан шаардлага гэж үзэхгүй.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Эрүүл мэндийн харьяа алба, эмнэлэг, салбар нэгжүүдэд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулж явуулах ажлын хэсгийн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн илтгэх хуудсыг А.Хобдабайгийн мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй болсныг тогтоосон албан ёсны дүгнэлт гэж үзэх боломжгүй гэж анхан шатны шүүхийн дүгнэхдээ ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж тайлбарласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т нийцжээ.

Түүнчлэн А.Хобдабайтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй, гэрээ байгуулаагүй талаар зохигчид маргаагүй тул Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн ажил үүрэг буюу ажлын байрны тодорхойлолтод ямар ажлыг хийх үүрэгтэй болон түүний ажлыг хэрхэн ямар үзүүлэлтээр дүгнэх, хөдөлмөрийн гэрээ хэзээ ямар тохиолдолд цуцлах зэрэг асуудлыг хэрхэн зохицуулсан нь тодорхойгүй байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг А.Хобдабай ноцтой зөрчиж, өөрийн төрсөн охин Х.Алтыншашыг сумын Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, хүүхдийн эмчээр томилон хувийн зардлаар сургаж нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас төлж байсан нь ажлаас чөлөөлөх тушаалын хууль зүйн үндэслэл болсон гэж хариуцагчийн гаргасан тайлбар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д нийцээгүй, нэхэмжлэгчийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

          Хариуцагч нь А.Хобдабайд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шуудангаар болон е-мэйл хаягт нь бичиж мэдэгдсэнийг хуульд заасан хугацаа болох нэг сарын өмнө мэдэгдсэн гэж үзэх боломжгүй, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэг сарын өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан нотлох баримт хэрэгт байхгүй байх тул ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүх дүгнэлт хууль зөрчөөгүй.

          Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн үнэлж,  Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт А.Хобдабайн урьд эрхэлж байсан албан тушаалыг “эмнэлгийн эрхлэгч” гэж буруу тодорхойлсныг  давж заалдах шатны шүүх “эмнэлгийн ерөнхий эмч” гэж залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв юм. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.           

 2. Нэхэмжлэгч А.Хобдабай Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар, хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тус тус хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                                ШҮҮГЧ                                                      Д.ЦОЛМОН