Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2024/01021

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х  дүүрэгт   оршин суух, Б овогт М.Т /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б дүүрэгт оршин суух, Т овогт Ч.Л /РД:********/,

Хариуцагч: Б дүүрэгт оршин суух, И овогт Ц.О  /РД:*******/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.Т*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.У*******,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*******,

Хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Б*******,

Гэрч С.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Т******* нь хариуцагч Ч.Л*******, Ц.О******* нарт  холбогдуулан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний аав болох Н.М******* нь олон жил хүнд өвчтэй байсаны улмаас 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болно. Аав Н.М******* маань намайг жаахан байхад Солонгос улсад хөдөлмөр эрхлэхээр явсан. Солонгост 2003 оныг хүртэл ажиллаж байгаад ирээд өөрийн хурааж хуримтлуулсан мөнгөөрөө орон гэр худалдан авахаар хайж байсан ба манай эмээ Ж.Хын танил хөгшин Ц охин болох О*******ийнх хашаа байшингаа зарах гэж байгаа юм байна гэдэг талаар мэдсэн. Ингээд 2004 онд аав маань Х******* дүүргийн , 359 тоот хашаа байшинг Ц.О*******, түүний нөхөр Ч.Л******* нараас 3 300 000 төгрөгөөр худалдан авч, аав бид 2 өөрсдийн гэсэн орон гэртэй болж амьдарсан. Аав Н.М******* тухайн хашаа байшинг худалдаж авахдаа өрхийн тэргүүн болох Ч.Л*******тэй А4 цаасан дээр бичгийн гэрээ байгуулсан байдаг. Гэрээнд "...Л******* миний бие хашаа байшингаа М*******д 3 300 000 төгрөгөөр худалдаад 3 300 000 төгрөгийг хүлээн авлаа. 14 хоногийн дараа газрын бичгийг М*******ы нэр дээр шилжүүлэхээр тохиролцов. Мөнгийг хүлээн авсан П*******, хүлээлгэн өгсөн М*******” гээд Ч.Л******* Н.М******* нар гарын үсгээ зурсан байдаг. Гэрээнийхээ хамтаар улсын бүртгэлийн Г-220476 дугаартай газар өмчлөх эрхийн ногоон гэрчилгээ, улсын бүртгэлийн Ү-220717 дугаартай 85 м.кв 2 ширхэг өвлийн сууцны өмчлөх эрхийн ягаан гэрчилгээ зэргийг эх хувиар нь аавд өгөөд явсан байдаг. Ингээд 14 хоногийн дараагаас аав Ч.Л*******гийн хойноос хашаа байшингийн бичиг баримтаа шилжүүлж авахаар хөөцөлдсөн боловч арга саам хэрэглээд зугтаад олдохоо байсан гэж аав ярьдаг байсан. Аргаа бараад эхнэр Ц.О*******тэй нь хэд хэдэн удаа холбогдоход “...манай нөхөр Ч.Л******* хүн амьны хэргээр шоронд орчихсон, наад хашаа байшинг чинь та нарт зарчихсан биз дээ, яах гэж надруу яриад байдаг юм, надад одоо хамаагүй...” гэж хэлээд утсаа салгасан байдаг. Ингээд аав маань арга мухардаж Ч.Л******* хаана хоригдож байгаа талаар мэдээлэл авахаар олон газраар явахад хууль цагдаагийн байгууллагууд хувь хүний нууц, гэр бүл төрөл садан нь биш гээд мэдээлэл өгөхгүй байсан. Аав бид хоёр хоёулахнаа учраас нэг байшиндаа амьдраад нэг байшингаа түрээслэж байсан ба 2004 оны 11 сард манай хажуу байшинг С.Бт түрээслэснээр аав маань С.Бтэй /гэрлэлтээ батлуулаагүй/ хамтран амьдрах болж тэдний дундаас дүү М.С төрсөн. Энэ цагаас эхлээд хороо хорины хүн амын тооллогод ам бүл 4 гэж бүртгэгдэх болсон. /аав, би, хойд эх, дүү/ Удалгүй миний аав өвдөж эмнэлэгт хандсан боловч элэгний хүнд өвчин болох цирроз гэдэг өвчнөөр өвчлөн эмчилгээ байхгүй гэснээр хэвтрийн болж байнга эмнэлэгт хэвтэж Ч.Л*******гийн хойноос бичиг баримтаа хөөцөлдөж чадахгүй болсон. Удаан хугацаанд өвчтэй байсаар 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдөр аав маань нас барж 359 тоотод миний бие М.Т******* хойд эх С.Б болон дүү М.С нартай өнөөдрийг хүртэл 16 жилийн хугацаанд амьдарсаар байгаа болно. Аавыг нас барсанаас хойш би бичиг баримтаа хөөцөлдөн нэр дээрээ шилжүүлэхийг хүсэж Ч.Л*******гийн ар гэрийг хайсан боловч олдохгүй байсан. Манай хорооноос “...шинэчилсэн бүртгэл хийлгэ, амьжиргааны түвшин тогтоож хүүхдийн мөнгөнд хамруулна гэснээр хороон дээрээ очтол манай хаяг дээр 10 гаруй хүний бүртгэл байсан. Энэ хүмүүс манай хаяг дээр байдаггүй гэтэл хэсгийн ахлагч н.Өлзий-бүрэн “...энэ хүмүүс танайд хашаа байшингаа зарснаас хойш эцэг нь шоронд орж эхнэр хүүхэд нь айлын хашаа хөлсөлж яваа гэсэн. Хаяган дээрээс битгий хасаач ядаж ндоо бүртгэлтэй баймаар байна хэлээд өгөөч...” гэж гуйлгасан гэдэг. Хойд ээж С.Б 2 удаа хасалт хийлгэсэн боловч буцаад манай хаяг дээр нөгөө хүмүүсийг бүртгэсэн байсан. Дахин хэсгийн ахлагч н.Өлзийбүрэн гэрт ирж битгий хасуулаач гээд гуйсан байдаг. Тэгэхээр нөхөр нь шорон оронд явчихсан, үр хүүхэд нь зовж явахад гэж бодоод ээж дахин хасалт хийлгэх талаар хөөцөлдөхөө больсон. Аавыг нас барсанаас хойш М.Т******* би 2016 оны 6 сард Ч.Л*******гийн эхнэр болох Ц.О*******тэй утсаар холбоо барьсан. Би “...хашаа байшингийнхаа бичиг баримтыг шилжүүлж авах гэсэн юм нөхрийн чинь хоригдож байгаа шоронд нотариатчтай хамт гурвуулаа очьё..." гэтэл Ц.О******* “...би Ч.Л*******гээс салсан. Гэрлэлтээ салгуулах гээд шоронд нотариатчтай очтол уулзахгүй, хэнтэй ч уулзахгүй гэсэн чамтай ч уулзахгуй байх” гэсэн. Ингээд би арга барагдаж яахаа мэдэхгүй болсон. Гэтэл 2018 он болж хүмүүсээс сураг сонсоход Ч.Л******* шоронгоос гарчихсан явж байна гэсэн. Ч.Л******* Х******* дүүрэг, Арцатын 11 дүгээр гудамж, 408 тоотод бүртгэлтэй гэснээр Х******* дүүргийн ны ажилтанд учир явдлаа хэлж утасны дугаарыг нь аваад залгасан боловч энэ утсан дээр байдаггүй гэж өөрөө ярьсан. Гэрийн хаягаар нь очтол эхнэр Ц.О*******ийнх эгч гарч ирж дугаараа сольсон гээд өөр дугаар өгсөн. Тэр дугаараар нь Ч.Л*******тэй утсаар ярьж 2 хоногийн дараа үйлдвэр комбинатад уулзсан. Би уулзаад “....Ч.Л******* ахаа хашаа байшингийн маань бичиг баримтыг шилжүүлж өгөөч, би насанд хүрсэн хүн олон дүү нартай гэр орныхоо бичиг баримтыг цэгцэлмээр байна” гэхэд Ч.Л******* “...би аавд чинь хашаа байшингаа зарсан нь үнэн гэхдээ аав чинь надаас 1 000 000 гаруй төгрөг авсан би шилжүүлж чадахгүй” гэсэн. Энэ хүн аавыг маань нас барсаныг мэдээд үхсэн хүн үг хэлэх биш гэж байгаа бололтой. Тиймээс энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн тул шүүхэд хандаж байна. Би Н.М*******ы төрсөн хүү буюу хууль ёсны өв залгамжлагчийн хувьд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Н.М******* Ч.Л*******, Ц.О******* нарын хооронд хашаа байшин, газрын өмчлөх эрхийг худалдах худалдан авах гэрээ хийгдсэн болохыг тогтоолгож, өмчлөх эрхийг талийгч Н.М*******ы хүү өвлөгч М.Т******* надад шилжүүлэн өгөхийг хариуцагч Ч.Л*******, Ц.О******* нарт даалгаж өгнө үү гэсэн.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Эвлэрэх талаар ярилцаж үзээгүй, Миний аав Н.М******* 2003 онд Бүгд Найрамдах Солонгос улсад хөдөлмөр эрхэлж байгаад ирсэн, 2004 онд Арцатын 8-ийн 359 тоот хашаа байшинг манай эмээ н.Хын таньдаг н.Цэдэн-Иш гэдэг хүнээс сураг сонсоод түүний охин болох Ц.О******* гэдэг хүнтэй холбогдож миний аав Н.М******* Ч.Л******* Ц.О******* гэдэг 2 хүнтэй гар бичмэлээр хэлцэл хийгээд энэ хашаа байшинг 3 сая 300 м*******н төгрөгөөр 2004 онд худалдан авсан байдаг. 2004 онд худалдаж аваад Ч.Л******* гэдэг хүний араас хашаа байшингийнхаа гэрчилгээг шилжүүлж авъя гээд явсан боловч Ч.Л******* шилжүүлж өгөхгүй явсаар байгаад нэг мэдэхэд Ч.Л******* гэдэг хүн маань шоронд орчихсон байсан. Тэр талаар сургийг нь сонссоны дараа аав маань элэгний сероз гэдэг өвчнөөр 7, 8 жил өвдсөний улмаас 2012 оны 8 сарын 26-нд нас барсан байдаг. Тэгээд тэрнээс хойш би Ч.Л******* Ц.О******* гэдэг хүмүүстэй холбоо барих гээд болохгүй, уулзаж чадахгүй байсан. Шоронд орсон гэдэг сураг л байсан. Ц.О******* гэдэг хүнтэй би утсаар яриад эгч ээ ийм байдалтай ийм байна аа, одоо хашаа байшингаа шилжүүлээд авчихъя аа, миний хувьд бурхан болчихсон гэдэг байдлаар нэг удаа ярьсан чинь та нарт наад хашаа байшинг чинь зарчихсан, би Ч.Л******* гэдэг хүнээс чинь салчихсан, надад ямар ч хамаарал байхгүй гэдэг тайлбар хэлж байсан. Ярьсан он сар, өдрөө бас сайн санахгүй байна. Би 2018 онд билүү 2017 онд Ч.Л******* гэдэг хүнтэй нэг уулзаж байсан,  энэ дүүргийн ард талын уулзварын ард талд надтай хүрч ирээд уулзаж байсан, ах аа ийм байдалтай байна аа, би олон дүү нартай байна, аав байхгүй ээ, одоо өнчин өрөөсөн, хашаа байшингаа та шилжүүлээд өгөөч гэж нэг уулзаж байсан тэр үед ахын дүү хоёулаа шүүхээр яваад энэ асуудлуудаа шийдье ээ гэсэн хариу өгсний улмаас би өмгөөлөгч судалж явсаар байгаад 2021 онд билүү 2020 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Эхлээд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргаад дараа нь Х******* дүүрэгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжээд тэгээд энэ хүмүүсийг эрэн сурвалжлаад олдохгүй өдий хүртэл явсаар байгаад өнөөдрийг хүрсэн гэв.

1.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч Ч.Л******* болоод нэхэмжлэгч М.Т*******, Н.М******* нар бол Х******* дүүргийн 1 дүгээр хорооны Арцатын 8-ийн 359 тоот хаягт байрладаг газар, 2 ширхэг өрхийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 3 сая 300 м*******н төгрөгөөр худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцоод 2004 оны 8 сарын 10-ны өдөр бичгээр хэлцэл байгуулсан байдаг. Иргэний хуулийн 243.1-д зааснаар худалдагч гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаараа худалдан авагч үнийг нь төлөх үүргийг харилцан хүлээдэг. Энэ тохиролцооны дагуу Н.М******* 3 сая 300 м*******н төгрөгөө төлсөн. Ч.Л******* мөнгийг нь хүлээж аваад үл хөдлөхийн 2 гэрчилгээгээ эх хувиар нь өгөөд, хашаа байшингаа 14 хоногийн дараа шилжүүлж өгнө өө гээд тохироод явсан байсан. Гэхдээ энэ шилжүүлэх ажиллагаа хийгдээгүй өнөөдрийг хүрсэн. Шүүхийн шинжээч дүгнэлт гаргасан байгаа. Шинжээчийн 3033 дугаар дүгнэлтээр Ч.Л*******гийн гарын үсэг энэ хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан хэлцэл дээр бичигдсэн гарын үсэг мөн гэдгийг тогтоочихсон. Тэгэхлээр энэ хэлцэл дээр өөрөө юу гэсэн байгаа вэ гэхлээр 3 сая 300 м*******н төгрөгөө би авлаа, би хашаа байшингаа шилжүүлээд өгнө өө гэдэг агуулга байж байдаг. Тэгэхлээр эндээс Ч.Л******* 3 сая 300 м*******н төгрөгийг авсан гэдэг нь хангалттай нотлогдож байна. Өмчлөх эрхээ шилжүүлж авахаар хөөцөлдөхөд Ч.Л******* олдоогүй 2008 оноос эхэлж холбогдсон гэж өөрөө хариу тайлбартай биччихсэн байсан. Үүний дараа хорих ял эдэлж байгаа гарч ирсэн байгаа. Энэ хугацаанд Н.М******* элэгний өвчтэй болоод эмчилгээгүй, хэвтрийн дэглэмтэй хүнд байдалтай байсан. 2004 оноос нас барах хүртлээ энэ хашаа байшинд Н.М******* гуай амьдарч байсан. Үүнээс хойш үр хүүхдүүд нь буюу М.Т******* амьдарсаар байсан, саяхан хүртэл амьдарч байсан. 2020 онд түүний хүү болох М.Т******* өв залгамжлагчаар бүртгэгдээд өвлүүлэгчийн шаардах эрхийг өвлөж авсан энэ нь хавтаст хэрэгт авагдчихсан байгаа. Тэгэхлээр М.Т******* бол маргаан бүхий газар байшинтай холбоотой шаардлага гаргах эрх бүхий этгээд мөн гэж үзээд нэхэмжлэл гаргасан байгаа. Хариуцагч Ч.Л*******гийн хувьд өмчлөлөө шилжүүлээгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гаргаад, 2018 оны 3 сарын 1-нд гэрчилгээгээ гээгдүүлсэн гээд дахиад шинээр авчихсан байдаг. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.3-д заасан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө шударгаар өмчлөх, олж авах, эзэмших эрхийг зөрчиж байгаа шударга ёсны зарчимд үл нийцэхээр үйлдэл гаргаж байгаа харагдаж байгаа. Иймд өөрийнхөө зөрчигдсөн эрх ашгаа сэргээхээр нэхэмжлэгч М.Т******* шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Ч.Л*******, Ц.О******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “.....миний аав Н.М******* нь Х******* дүүргийн 359 тоот хаягт байрлах хашаа байшинг Ц.О*******, Ч.Л******* нараас 3 300 000 төгрөгөөр худалдан авч, аав бид хоёр өөрсдийн гэсэн орон байртай болсон....хашаа байшин, газрын өмчлөх эрхийг худалдах худалдан авах гэрээ хийгдсэн болохыг тогтоолгож, өмчлөх эрхийг нэхэмжлэгч М.Т*******д шилжүүлэн өгнө үү...” гэж дурьджээ. Энэхүү хэрэгт хариуцагчаар оролцож буй Ц.О*******, Ч.Л******* нар Монгол улсад үйлчилж буй Иргэний хуулийн холбогдох заалтын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан хашаа байшинг хуулийн шаардлагыг хангаж худалдсан үйл баримт байхгүй юм. Учир нь хариуцагчаар оролцож буй Ч.Л******* миний бие Н.М*******тай худалдах худалдан авах гэрээ хийгээгүй юмаа. Өөрөөр хэлбэл Н.М******* тухайн үед миний хашаа байшингийн үнийг надад төлөөгүй, улмаар бид гэрээ хийж улсын бүртгэлийн байгууллагад очиж бүртгүүлээгүй өдийг хүрсэн. Хариуцагч миний бие 2008 оноос эхлэн Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж улмаар шүүхээс 11 жилийн хорих ялаар шийтгүүлж хорих ял эдлээд гарч ирсэн юм. Гэхдээ нэхэмжлэгч гэх М.Т*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Иймд нэхэмжпэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн эөвшөөрөхөөс татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэсэн.

2.2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М.Т*******  Ч.Л*******, Ц.О******* нарт холбогдох хашаа байшин, газрын өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн болохыг тогтоолгоод өмчлөх эрхийг нэхэмжлэгч М.Т*******д шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан эдгээр үйл баримтууд болсон нь тогтоогддоггүй. Өөрөөр хэлбэл, Ч.Л******* би Н.М*******тай ямар нэгэн байдлаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй гэдэг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Эндээс харахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Ч.Л*******, Н.М******* нарын хооронд ямар нэгэн байдлаар хуульд заасан гэрээ хийгдээгүй байдаг. Н.М******* тухайн үед одоо тэр яриад байгаа нэхэмжлэлд дурдаад байгаа энэ хашаа байшингийн үнийг төлөөгүй. Тиймээс Н.М******* болоод Ч.Л******* бид 2-ын хэн аль нь улсын бүртгэлд очиж бүртгүүлээгүй байдаг гэдэг. Ийм тайлбарыг хариуцагч өгдөг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна, хариуцагч Ц.О******* мөн адил байр суурьтай байгаа гэв.

2.3.Хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Б******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хашаа байшин, газрын өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээ хийсэн болохыг тогтоолгоё, 2 дугаарт өмчлөх эрхийг нэхэмжлэгч М.Т*******д шилжүүлэхийг  хариуцагч нарт даалгая гэсэн ийм 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж ойлголоо. Нэхэмжлэгч талаас гаргасан хууль зүйн үндэслэлээ тодорхойлохдоо Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, мөн 2004 онд дугаар тоот хаягтай хашаа байшинг Ц.О*******, түүний нөхөр Ч.Л******* нараас 3 сая 300 м*******н төгрөгөөр худалдан авч аав бид 2 өөрийн гэсэн орон гэртэй болсон. Гэрээнд нь Ч.Л******* миний бие хашаа байшингаа Н.М*******д 3 сая 300 төгрөгөөр худалдаад 3 сая 300 төгрөгийг хүлээн авлаа 14 хоногийн дараа газрын бичгийг Н.М*******ы нэр дээр шилжүүлхээр тохиролцсон, хүлээлгэн өгсөн Н.М******* гээд гарын үсэг зурсан байдаг гэсэн. Ийм байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж тайлбарлаж байна. Хариуцагч талаас шүүхэд гаргасан байр суурь, нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, түүний үндэслэлд нотолбол зохих асуудал дээр энэхүү хэргийн хариуцагч болох Ц.О*******, Ч.Л******* нарын зүгээс Монгол Улсад үйлчилж байгаа хүчин төгөлдөр Иргэний хуулийн холбогдох заалтын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хашаа байшинг хуулийн шаардлага хангаж худалдсан үйл баримт байхгүй байгаа. Учир нь хариуцагчаар оролцож байгаа Ч.Л******* ‘’миний бие Н.М*******тай худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй гэдэг. Өөрөөр хэлбэл Н.М******* тухайн үед хашаа байшингийн үнийг надад төлөөгүй, улмаар бид гэрээ хийж улсын бүртгэлийн байгууллагад очиж бүртгүүлээгүй өдийг хүрсэн. Хариуцагч миний бие 2008 оноос хойш эхлэн эрүүгийн хэрэгт шалгагдаж, улмаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлээд хорих ял эдэлж гаргасан. Ингэхдээ нэхэмжлэгч М.Т*******ий гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй’’ гэсэн байр суурийг илэрхийлдэг. Өмгөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг дүгнэлт хэлбэрээр хэлье. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь нэр бүхий 2 хариуцагчид холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө болон газрын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Харин хариуцагч 2 иргэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан дээрх 2 шаардлагыг нэг бүрчлэн тайлбарлаж үзье. 1 дүгээрт хашаа байшин, газрын өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд гэвэл энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудын хооронд Иргэний хуулиар тогтоосон хэм хэмжээний дагуу буюу Иргэний хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсэх эсэх асуудлыг эхлээд нарийн шалгаж тогтоох шаардлага үүснэ. Өөрөөр хэлбэл, иргэний хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгээс 8.1.8 хүртэлх заалтыг аль хэсэг, талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа хэрхэн үүссэнийг тогтоолгох шаардлагатай. Учир нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн үндэслэл талуудын хооронд хэрхэн эрх зүйн харилцаа үүссэн, түүнийг хэрхэн нотолсон бэ гэдэг асуудал үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд гэрээ буюу гэрээний эрх зүйн харилцаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу үүссэн байхыг өнөөдөр хууль шаарддаг. Тэгэхээр нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл бол талуудын хооронд буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Н.М******* болон Ч.Л******* нарын хооронд хашаа байшинг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан учир гэрээ байгуулсан тооцоод үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг хариуцагчид холбогдуулан нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Монгол Улсын Иргэний хууль 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан, өнөөдрийг хүртэл холбогдох нэмэлт өөрчлөлт, орсоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийгмийн харилцааг зохицуулсан Үндсэн хуулийн хэмжээнд авч үзэж болохуйц суурь хууль байдаг. Тэгэхээр маргааны гол үйл баримт болох Н.М******* болон Ч.Л******* нарын хооронд Иргэний хуульд заасан гэрээний эрх зүйн харилцаа хэрхэн үүссэн, нарийвчлан зохицуулсан ямар гэрээний эрх зүйн харилцаа хуульд зааснаар хэрхэн, үүссэн бэ гэдгийг эхлээд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдох ёстой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд хэлцэл гэдгийг тодорхойлсон байдаг. Тэгэхээр иргэний эрх зүйн харилцаа, иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн эс үйлдэхүйг хэлцэл гэж тодорхойлно. Маргааны гол объект нь өмчлөх эрх байгаа. Хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө, газрын өмчлөгч гэж хэн юм бэ гэдэг асуудлыг бас үүсэж байгаа. Тэгэхээр Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй болбол иргэн, хуулийн этгээд газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байж болно гэж байгаа. Ингэхдээ 100.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас өөрийнхөө эд хөрөнгийг хамгаалах эрхтэй гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 109 дүгээр зүйл дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх асуудлыг хууль тогтоогчид хуульчилж өгсөн. 109 дүгээр зүйлийн 109.1-д юу гэж заасан байна вэ гэхээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ хэрэгжүүлж байгаа болон уг эрхийг олж байгаа этгээдийн хэн аль нь гаргах эрхтэй гэж заасан байдаг. Мөн 109.2-т үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл болон бусад баримт бичиг өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж, нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрвээ талууд төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх бичиг баримтад заавал хавсаргана аа гэж заасан байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан өмчлөх эрхийг зүгээр нэг цаасан дээр хийж болохгүй юм аа. Энэ бол тусгайлан зохицуулсан эрх зүйн харилцаатай. Заавал нотариатаар гэрчлэгдээд өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг аваад улсын бүртгэлд бүртгүүлж байж гэрээ хүчин төгөлдөр болох юм гэдгийг хууль тогтоомжид хуульчилжээ. Мөн Иргэний хуулийн 126 дугаар зүйлд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуульд тогтоож өгсөн. 126.1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн хамтран өмчлөгчийн дундын эд хөрөнгө байна гэж заасан. 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт юу гэж заасан байна гэвэл гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх, дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг заавал авна аа гэж хуульд заасан байгаа. Тэгэхээр энэ хэргийн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага дурдагдаад байгаа. гэрээ байгуулсан гээд тооцох гээд байгаа зүйл дээр маргааны объектын өмчлөгч нь 4 хүн байгаа. Ганцхан Ч.Л*******тэй гэрээ байгуулсныг тооцох боломжгүй болчихож байгаа. Яагаад вэ гэхээр энэ 128 дугаар зүйлийн 2-оор нөгөө насанд хүрсэн эхнэр буюу Ц.О*******ийн зөвшөөрөл тухайн үед хэрэгтэй байсан. Мөн насанд хүрсэн хүүхдүүдийн зөвшөөрөл бас хэрэгтэй болж байгаа юм. Тэгэхээр энэ хуулийн шаардлага хангаагүй гэрээг байгуулсанд тооцоход хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэрээ болж чадахгүй ийм нөхцөл байдал үүсэж байгаа юм. Мөн 128 дугаар зүйлийн 128.3-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй, хэлцэл өөрөө хүчин төгөлдөр бус байна гэж байгаа. Тэгэхдээ зөвхөн Ч.Л*******тэй гэрээ байгуулсан байж болно гэж үзэхэд гэр бүлийн бусад гишүүдийн зөвшөөрлийг аваагүй гэрээ өөрөө хууль бус буюу хүчин төгөлдөр бус байна гээд хуульд заагаад өгчихсөн. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэж чадахгүй болчихож байна гэж харж байгаа. 182 дугаар зүйлд улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийг зааж өгсөн. Ингээд Иргэний хуулийн дээрх зохицуулалтад дурдсанаар ямар дүгнэлтэд хүрээд байна вэ гэхээр талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн хууль болоод журамд заасан шаардлага нөхцөлийг хангаж, гэрээний эрх зүйн харилцаа үүсгэж чадаагүй байна гэж үзэж байгаа юм. Дараагийн асуудал нь хөөн хэлэлцэх хугацааны тухай ярихаас өөр арга алга. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл дээр иргэн Н.М******* болон Ч.Л******* нарын хооронд байгуулсан гэрээ нь 2004 оны 8 сарын 10-нд хийсэн гэж тайлбарлаж, түүнийгээ нотолж оруулж ирж байна. 2004 оны 8 сарын 10-нд талуудын хооронд байгуулсан хэлцэл нь хууль болоод журамд нийцсэн байна гэж үзье хамаагүй. Тэгвэл мэдээж энэхүү хэрэгт хөөн хэлэлцэх хугацааны асуудал хөндөгдөхөөс өөр арга байхгүй. Учир нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон байдаг 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна гэж байгаа. 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна гэж байгаа. Тэгэхээр мөн хуулийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гээд хууль тогтоомж хуульчлаад өгчихсөн байдаг. Тэгэхээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлд дурдсан талуудын хооронд байгуулагдсан гэх үл хөдлөх эд хөрөнгийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг аль хэдийнээ өнгөрчихсөн байгаа юм. Тэгээд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн үү, үгүй юү гэдэг асуудал бас энд хөндөгдөөд гарч ирж байна. Нэхэмжлэгчид олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээнд нэхэмжлэлд гаргах эрх олгогдох уу, түүний хууль зүйн ач холбогдлын тухайд тайлбарлахад хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд 2022 оны 6 сарын 26-ны өдөр Х******* дүүргийн дугаар бүхий нотариатын өвлөх эрхийн гэрчилгээ олгочихсон байна. Тэр гэрчилгээн дээр юу гэж өвлөх эрхийг олгосон бэ гэхээр энэхүү нотариатаар олгосон өвлөх эрхийн гэрчилгээнд үл хөдлөх эд хөрөнгө, газрыг өвлүүлээгүй байгаа харин юу өвлүүлчихсэн байна вэ гэсэн чинь Иргэний хуулийн 520, 531 дүгээр зүйлд заасан өвлөх эрхийн зохицуулалтад байхгүй зүйлийг өвлүүлчихсэн тэр нь юу гэхээр шаардах эрх, нэхэмжлэл гаргах эрхийг өвлүүлж байна аа гэнэ. Тэгэхээр нэхэмжлэл гаргах эрх, шаардах эрхийг өвлүүлэх эрхийн гэрчилгээ олгосон нь өөрөө энэ хууль зөрчсөн процессыг алдаатай гэж би ойлголоо. Би өмгөөлөгч хүн учраас хууль хэрэглээд талаас нь л ярьж байгаа шүү. Түүнээс талуудын хоорондын би харилцаа үүссэн, үүсээгүй гэдэг юмыг ерөөсөө ярихгүй байгаа. Зөвхөн хуулийг л ярьж байгаа. Ингэснээр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юу, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоод байна гэсэн процессын шинжтэй асуудал үүсэж байна. Нөгөөтээгүүр энэ хэрэгт дүгнэлт өгөхөд дээрх хуулийг зөрчиж олгосон хууль бус өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр гэж үзээд дүгнэлт өгөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгааг дурдах нь зүйтэй болов уу.  Тэгэхээр нэхэмжлэгч М.Т*******ий хувьд энэ хашаа, энэ объектод өнөөдрийг хүртэл одоо оршин сууж байгаа, захиран зарцуулж байгаа, амьдарч байгаа гэдэг бичгийн нотлох баримт бүрэн дүүрэн нотлогдож, хангалттай нотлогдохгүй байна гэж харж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хуулийн өмнө бүрэн дүүрэн нотлох баримтаар нотолж чадахгүй байна. Ийм учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан энэ заалтыг шийдвэртэй тусган хүчингүй болгож энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шударга ёсны хувьд мэдээж хэрэг эцгээ алдчихсан М.Т*******ий хувьд хэцүү байгаа. Гэхдээ шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь биелэгдэх боломжгүй буруу нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна. Магадгүй миний саяын дүгнэлтэд дурдсан тэр ус суваг, дулаан газрын төлбөр, кабелийн төлбөр тооллого, энэ тэрийгээ бүрдүүлээд өмчлөгчөөр тогтоолгох байдаг юм уу, өөр байдлаар явсан бол энэ арай өөр хууль хэрэглээний асуудал яригдах байсан юм болов уу гэсэн зүйл ажиглагдаж байна. Эцэст нь хэлэхэд энэ маргааны асуудлыг өдийгөөс төдий хүртэл үнэхээр ашиглаад би ингээд маргаан бүхий объектыг ашиглаж эзэмшиж явсан гэдгээ баталж чадах юм бол Ч.Л*******гийн талтай бас уулзаж ярилцаад ийм хэмжээний зардал төлбөр ийм юм гарсан, энийгээ одоо хэрхэн шийдэх вэ, аль эсвэл авсан, өгсөн асуудал нь хэр байдаг юм тэрийгээ хэрхэн шийдэх вэ, энэ хөрөнгийг шилжүүлэх үү, үгүй юу гэдэг юм албан ёсоор бас нэ уулзалт яриад хийх боломж нь нээлттэй байсан болов уу, гэхдээ нэгэнт энэ шатаа өнгөрөөсөн байна, дээрх дүгнэлтийн дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, М.Т*******гийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, Н.М*******ы нас барсны гэрчилгээний хуулбар, Х******* дүүргийн ны Засаг даргын тодорхойлолт, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №0093 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ, 2004 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Мөнгө хүлээн авсан баримт, Ү-220717 дугаартай Ч.Л*******, Ц.О*******, Л.С, Л.Э нарын өмчлөх эрхийн гэрчилгээ, г-220476 дугаартай Ч.Л*******, Ц.О*******, Л.С, Л.Э нарын газар эзэмших эрхийн гэрчилгээ, Ц.О*******, Ч.Л******* нарын иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2020/09967 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Х******* дүүргийн ны Засаг даргын тодорхойлолт, Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр, Х******* дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 3984 тоот албан бичиг, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, Л.У*******тай байгуулсан Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, Х******* дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Ү-220717 дугаартай Ч.Л*******, Ц.О*******, Л.С, Л.Э нарын өмчлөх эрхийн гэрчилгээ, г-220476 дугаартай Ч.Л*******, Ц.О*******, Л.С, Л.Э нарын газар эзэмших эрхийн гэрчилгээ /1хх-ийн 5-35, 2хх-ийн 8, 10-12-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хариу тайлбар, Ц.Б*******д олгосон итгэмжлэл /1хх-ийн 47, 2хх-ийн 2-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ү-220717, Г-220476 дугаартай хөрөнгийн хувийн хэрэг, Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлэгээс Н.М*******ы эмчилгээ хийлгэж байсан талаарх лавлагаа, холбогдох баримт, Шүүх шинжилгээний ерөнхий газраас дүгнэлт, Х******* дүүргийн Нэгдсэн эмнэлэгээс Н.М*******ы эмчилгээ хийлгэж байсан талаарх лавлагаа, холбогдох баримт /1хх-ийн 90-192, 222-234, 2хх-ийн 30-46-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь түүний аав Н.М******* нь 2004 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Ч.Л*******, түүний эхнэр хариуцагч Ц.О******* нартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Х******* дүүргийн , 359 тоот хашаа байшинг 3 300 000 төгрөгөөр худалдан авсан боловч өвчний учир нас барсан, мөн хариуцагч Ч.Л******* нь шоронд орсон, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсны улмаас хашаа, байшингийн өмчлөх эрхийг шилжүүлээгүй байсан тул хашаа, байшин газрын өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн болохыг тогтоолгож, өмчлөх эрхийг хууль ёсны өвлөгч болох хүү М.Т*******д шилжүүлэх, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас хөөн хэлэлцэх хугацааг сэргээж хөндөгдсөн эрхийг сэргээж өгнө үү гэж шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч Ч.Л******* нь нэхэмжлэгчийн аав Н.М*******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, хашаа, байшингийн үнэ болох 3 300 000 төгрөгийг төлөөгүй тул өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, түүний хүү М.Т******* нь шаардах эрхгүй гэж маргасан.

4.Хариуцагч Ц.О******* нь хашаа, байшин худалдах худалдан авах гэрээг байгуулахдаа хамтран өмчлөгч нарын зөвшөөрлийг аваагүй, уг хашаа, байшинд өнөөдрийг хүртэл оршин сууж байгаа талаарх болон зардлыг төлсөн баримтыг ирүүлээгүй, хашаа, байшингийн үнийг төлөөгүй гэж үгүйсгэсэн.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1.Хэрэгт авагдсан 2004 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн баримтад “Л******* миний бие хашаа байшингаа М*******д 3 300 000 төгрөгөөр худалдаад 3 300 000 төгрөгийг хүлээн авлаа. 14 хоногийн дараа газрын бичгийг М*******ы нэр дээр шилжүүлэхээр тохиролцов. Мөнгийг хүлээн авсан Л*******, хүлээлгэн өгсөн М*******” гэжээ.

 

6.Талуудын маргааны зүйл нь худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, мөнгө хүлээн авсан эсэх, өмчлөх эрх шилжүүлэх талаар байна, маргаан бүхий газар, орон сууцыг нэхэмжлэгч эзэмшиж, ашиглаж байгаа талаар маргаагүй байна.

 

7.Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж зааснаар Н.М******* нь хариуцагч Ч.Л*******тэй 2004 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хэлцэл байгуулж, Ч.Л******* хашаа байшингаа Н.М*******д 3 300 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар, 14 хоногийн дараа газрын бичгийг Н.М*******ы нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2004 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хэлцэл, Ү-220717 дугаартай, г-220476 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. 

 

7.1.Хариуцагчийн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нь талуудын хооронд хэлцэл байгуулагдаагүй, 2004 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн баримтад зурсан гарын үсэг Ч.Л*******гийн гарын үсэг биш гэж маргасан боловч Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №3033 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан 2004 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хэлцлийн мөнгийг хүлээн авсан гэсний доор зурагдсан Л******* гэсэн дармал бичвэр нь архивт хадгалагдаж буй Ч.Л*******гийн гэх дармал бичвэрийн загваруудтай тохирч байна” гэж дүгнэсэн, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг гэрчилгээг хариуцагч нь нэхэмжлэгчид хүлээн өгсөн талаар маргаагүй.

 

7.2.Иймд зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

7.3.Нэхэмжлэгч М.Т******* нь Н.М*******ы хүү бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т зааснаар хууль ёсны өвлөгч болох нь хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэх болон төрсний бүртгэлийн гэрчилгээ, нас барсны №0000105620 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд мөн хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-т “Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана” гэж зааснаар 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №0093 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээгээр “Г220476 УБД бүхий ХУД , 395м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, Ү220715 УБД бүхий ХУД , 85 м.кв 2 ширхэг өвлийн сууцны өмчлөх эрх шаардах эрх”-ийг мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д “өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө” гэж зааснаар өвлөн авсан авсан байх тул шаардах эрхтэй  байна гэж үзэв.

8.Мөн нэхэмжлэгч нь хариуцагч нь хаана байгаа эсэх нь мэдэгдэхгүй байсан, мөн шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй буюу шоронд хоригдож байсан, түүний аав Н.М******* нь хүнд өвчний улмаас эмнэлэгт эмчлүүлж байсан учраас хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэсэн.

 

8.1.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь нэхэмжлэгч нь гэрээний үүргийн шаардах эрхийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, гэрээний нэг тал болох Н.М******* нь шаардах эрх үүссэн буюу 2004 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээнд 14 хоногийн дараа газрын бичгийг шилжүүлэхээр тохиролцсон байхад 2007 оныг хүртлэх хугацаанд хариуцагчаас шаардаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн гэж мэтгэлцсэн. 

8.2.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна”, 75.2.2-д “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний нэг тал болох Н.М******* нь хүнд өвчтэй эмчилгээ хийлгэж байгаад нас барсан, хариуцагч Ч.Л******* нь гэмт хэрэгт холбогдож эрүүгийн журмаар шалгагдаж байгаад хорих газар хоригдсон, хаана байгаа нь мэдэгдэхгүй эрэн сурвалжлагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох тул шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж тайлбарласан.

8.3.Хэрэгт авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих ял эдлүүлэх албанаас ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 3б/1769 дугаартай албан бичигт “...Чын Л******* нь Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлэн 421 дүгээр нээлттэй хорих ангид ял эдлэж байгаад 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан байна”, мөн Х******* дүүргийн нэгдсэн эмнэлэгийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 92 дугаартай албан бичигт “...тус эмнэлгийн дотрын тасагт Нацагдорж овогтой М******* нь 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн бөгөөд өөрийн хүсэлтээр эмнэлгээс гарсан болно”, нас барсны №0000105620 дугаар гэрчилгээнд “...Н.М******* нь 40 настайдаа 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдөр эмнэлэгт өвчнөөр нас барсныг нас барсны бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгов” гэсэн байх бөгөөд түүний өвчний карт, өвчний түүх гэсэн баримтуудаар хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.

8.4.Иймд Иргэний хуулийн хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-д “шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэж зааснаар нэхэмжлэгчид 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, нэхэмжлэгч нь шүүхэд 2021 онд хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхээр гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авч, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлтэй байна.

9.Нэхэмжлэгч М.Т******* нь хариуцагч Ч.Л*******, Ц.О******* нарт  холбогдуулан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын гаргасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2004 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байх бөгөөд гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичгээр ирүүлсэн баримтаар Ч.Л*******, Ц.О*******, Л.С, Л.Э нарын дөрвөн хүний өмчөөр бүртгэгдсэн байна.

9.1.Хариуцагчийн өмгөөлөгч нь талуудын хооронд байгуулагдсан 2004 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулах хуулийн шаардлагыг хангаагүй гэж маргасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ” гэж заасан нөхцөл байдал үүссэн, талуудын хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарласан боловч энэ талаарх үйл баримт буюу хожим хүлээн зөвшөөрсөн гэх тайлбар нь баримтаар тогтоогдсонгүй.

9.2.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох Х******* дүүрэг, , Арцатын 8 дугаар гудамж, 359 тоотод байрлах, 85 м.кв талбайтай, амины сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220717 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээнд Ч.Л*******, Ц.О*******, Л.С, Л.Э нар өмчлөгчөөр  бүртгэлтэй, Х******* дүүрэг, ,, 395.5 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-220476 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээнд Ч.Л*******, Ц.О*******, Л.С, Л.Э нар өмчлөгчөөр бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар тогтоогдож байна.

9.3.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т “Дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй бөгөөд ийнхүү захиран зарцуулахдаа хэсгээр өмчлөгч бусад өмчлөгчдөд мэдэгдэх үүрэгтэй”, 128 дугаар зүйлийн 128.1-д “Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна”, 128.2-т “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэж тус тус заасан.  

9.4.Нэхэмжлэгч нь уг үл хөдлөх эд хөрөнгийг 2004 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа болох нь гэрч С.Б*******ын мэдүүлэг, хүн ам өрхийн бүртгэлийн карт, өрхийн бүртгэлийн дэвтэр, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, Х******* дүүргийн ны оршин суугаа газрын тодорхойлолтоор тогтоогдоно, гэрээ байгуулахыг хариуцагч Ц.О******* нь мэдэж хүлээн зөвшөөрч байсан гэсэн.

9.5.Гэвч талуудын хооронд гэрээ байгуулагдах үед маргаан бүхий газар, байшин нь хариуцагч Ч.Л*******, хариуцагч Ц.О*******, Л.С, Л.Э нарын өмчлөлд бүртгэлтэй байсан байх бөгөөд Л.С /, Л.Э нар нь насанд хүрээгүй бага насны хүүхэд байсан боловч Ч.Л******* нь хамтран өмчлөгч М.О*******ээс зөвшөөрөл аваагүйгээр Н.М*******тай гэрээ байгуулсан, хариуцагч М.О*******ээс зөвшөөрөл авсан талаарх баримтгүй байна.

9.6.Иймд талуудын хооронд байгуулагдсан 2004 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь нотариатаар батлуулаагүй, зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзэв.

9.7.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан тул нэхэмжлэгчид өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг хариуцагч нарт даалгах үндэслэлгүй байх бөгөөд хариуцагч нар нь хашаа, байшингийн үнэд 3 300 000 төгрөгийг шилжүүлэн өгөөгүйгээс өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй гэж маргасан, нэхэмжлэгч нь үнийг төлсөн талаар баримтаар нотлоогүй.

9.8.Иймд нэхэмжлэгч М.Т*******гийн хариуцагч Ч.Л*******, Ц.О******* нарт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч М.Т*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137 950 /70 200+67 750=137 950/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч М.Т*******гийн хариуцагч Ч.Л*******, Ц.О******* нарт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Т*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ХУЛАН