| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2023/04768/И |
| Дугаар | 102/ШШ2024/01575 |
| Огноо | 2024-03-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2024/01575
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Б даргалж, шүүгч Ж.К, Ч.М нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х хаягт оршин суух А.Т
Хариуцагч: Ү хаягт оршин суух Т.А
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 14,010,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгч А.Т,
Хариуцагч Т.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Т нь хариуцагч Т.Аөөс гэм хорын хохиролд 14,010,700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Т.А нь 2023 оны 04 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Б дүүргийн* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах АХы * байрны орцны урд хохирогч А.Т надтай маргалдан зодож миний биед зүүн дээд 3, 4 дүгээр шүдний эмтрэл, зүүн завжинд няцарсан шарх, эрүү хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт нуруу хоёр шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн шуу, бугуйн үед зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Б дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ний өдрийн * дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Энэ гэмт хэргийн улмаас хохирлыг шүүх шийдвэрлэхдээ насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тогтоолд заасан байдаг. Т.Аийн учруулсан гэмтлийн улмаас зөөлөн эдийн гэмтлийн эмчилгээний зардалд 1,841,300 төгрөг, эмийн худалдан зардалд 74,400 төгрөг, нэг шүдний имплант 3,000,000 төгрөг, нэг шүдний ломбо 95,000 төгрөг, нийт 5,010,700 төгрөгийн хохирол учирсан. Иймд хариуцагчаас эрүүл мэндийн хохиролд 5,010,700 төгрөг, мөн энэ гэмтлийн улмаас 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл багшийн ажлаа хийгээгүй улмаас олох ёстой байсан цалин хөлсний орлогод 9,000,000 төгрөг, нийт 14,010,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие иргэн П 08 дугаар сарын 07-ны өдөр Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаас орж оноогдсон эм болон нөхөн төлбөр тогтоолгосон. Энэ хүний нэхэмжилж байгаа мөнгөн дүнг үндэслэлгүй хуурамч бичиг баримт бүрдүүлэн нэхэмжилж байсан учраас төлөхөөс татгалзсан ажлын газрын тодорхойлт нь үнэн биш, ажил эрхэлж байгаагүй болно. Шүдний эмнэлгийн баримт мөн үнэн зөв эсэх нь тодорхойгүй, учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед энэ хүн ажилдаа ороогүй байсан. Тэр өдөр ажилдаа согтуу байсан учраас халагдсан. Цалин 9.000.000 төгрөг гэж байгаагүй. Шүүхийн эмнэлгийн дүгнэлтэд шүд хугарсан гэж тусгагдаагүй байсан. Энэ хүний 2 шүдэнд эмтрэл байсан гэж тусгагдсан байсан. Би шүдний үнийг судалж үзэхэд 1.350.000 төгрөгөөр имплант суулгуулах, ломбо 150.000 төгрөг гээд нийт 1.500.000 төгрөгөөр тооцоолсон. Би одоогоор шүдний мөнгийг төлөх боломжгүй, наадмын дараагаас төлөх боломжтой. Би албадан ажил хийж байгаа бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гээд миний албадан ажил хийх хугацаа дуусна гэв.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /хх 2-5/, гэрэл зураг /хх 6-7/, * ТББ-ын сургалтын төвийн тодорхойлолт /хх 8/, Өш Жи Юу ХХК-ийн Adore implant clinic эмнэлгийн тодорхойлолт /хх 9/, Цу эрдэнэ ХХК-ийн нэхэмжлэх /хх 10/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмийн жор бичиг /хх 11/, Төв эм хангамж нэхэмжлэх /хх 12/,
5. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 20/,
6. Шүүхээс дараах баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Пг гэрчээр асуусан.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.Тийн нэхэмжлэлээс 3,095,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 10,915,700 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч А.Т нь хариуцагч Т.Аөд холбогдуулж гэм хорын хохиролд 14,010,700 төгрөгийг шаардан шүүхэд хандсан. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлийг ...миний биед хөнгөн хохирол санаатай учруулсан нь Б дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ний өдрийн * дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон гэж тайлбарласан.
3. Хариуцагч нэхэмжлэлийг ...Шүүхийн эмнэлгийн дүгнэлтэд шүд хугарсан гэж тусгагдаагүй байсан. Энэ хүний 2 шүдэнд эмтрэл байсан гэж тусгагдсан байсан, ...Тухайн үед энэ хүн ажилдаа ороогүй байсан. Тэр өдөр ажилдаа согтуу байсан учраас халагдсан. Цалин 9.000.000 төгрөг гэж байгаагүй гэсэн агуулгаар тайлбар гаргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хариуцагч Т.А нь 2023 оны 4 дүгээр сарын 29-нөөс 4 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Б дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр АХы 22 дугаар байрны орцны урд нэхэмжлэгч А.Ттой маргалдан зодож, түүний биед нь зүүн дээд 3, 4 дүгээр шүдний эмтрэл, зүүн завжинд няцарсан, шарх, эрүү зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, хоёр шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн шуу, бугуйн үенд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн * дугаар шийтгэх тогтоол болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байхаас гадна зохигч дээрх үйл баримтын талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, дээрх тогтоолоор хариуцагч Т.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон байна.
4.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй боловч эмчилгээний зардал болон бусад зардал нь баримтаар тогтоогдсон байхыг шаардана.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон эм тарианы зардалд 74,400 төгрөгийн, эмчилгээний зардалд 1,841,300 төгрөгийн баримтуудаар дээрх хэмжээний хохирол нэхэмжлэгчид учирсан гэж үзэх боломжгүй байна. Учир нь тухайн баримтуудад бичигдсэн эм, эмчилгээний үйлчилгээг нэхэмжлэгч нь худалдан авсан эсэх, улмаар нэхэмжлэгчээс дээрх хэмжээний зардал гарсан эсэх, мөн тухайн эмчилгээний үйлчилгээг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийн улмаас зайлшгүй худалдан авах шаардлагатай байсан эсэх нь тогтоогдохгүй байна.
Харин нэхэмжлэгч А.Т нь 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Adore implant clinic /Эдори имплант клиник/ эмнэлэгт шүдээ үзүүлэн улмаар имплант шүд хийлгэх, шүдний ломбо хийлгэх эмчилгээний төлбөр нийт 3,095,000 төгрөгийн зардал байх бөгөөд уг зардлыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зайлшгүй зардалд тооцох үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 3,095,000 төгрөгийг шаардах эрхтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсаны улмаас 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд багшийн ажлаа хийгээгүй гэж олох ёстой байсан орлогод 9,000,000 төгрөг нэхэмжилсэн. Хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого гэдгийг тодорхойлоход хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учирсны улмаас хохирогч ажлаас чөлөөлөгдсөн, бага цалинтай ажилд шилжсэн, группэд орсон зэргээс болж одоогийн авч байгаа цалин, хөлс, тэтгэвэр, тэтгэмж нь урьд эрүүл байхдаа авч байсан цалин, олж байсан орлогоос буурсан зөрүүг ойлгож болно. * ТББ-ын сургалтын төвийн тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгч сарын 1,800,000 төгрөгийн цалин хөлс авч байсан болох нь тогтоогдохгүй байхаас гадна уг баримтыг үндэслэн нэхэмжлэгч 9,000,000 төгрөгийн цалин хөлс олох байсныг тодорхойлох боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 9,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
4.3. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас 3,095,00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Тид олгож, үлдэх 10,915,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
5. Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, хариуцагч Т.Аөөс 3,095,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 64,470 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Т.Аөөс 3,095,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Тид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,915,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т.Аөөс 64,470 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.Б
ШҮҮГЧИД Ж.К
Ч.М