| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/03262/И |
| Дугаар | 183/ШШ2023/04348 |
| Огноо | 2023-12-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2023/04348
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 6 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэгт оршин суух, Х овогт О.Б /РД:********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэгт байрлах, Т******* ХХК /РД:*******/-д холбогдох/
Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Т******* ХХК-иас А******* ХК-ийн 27 424 ширхэг хувьцаа худалдан авсан гэрээг цуцлаж, хувьцаа авахад гарсан зардал 1 588 706 600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эмүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О.Б******* нь хариуцагч Т******* ХХК-д холбогдуулан 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн А******* ХК-ийн 27 424 ширхэг хувьцаа худалдан авсан гэрээг цуцлаж, хувьцаа авахад гарсан зардал 1 588 706 600 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасан. Миний бие гэрээнээс татгалзаагүй ба Иргэний хуулийн 254.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд эрхийн доголдолтой хөрөнгө худалдан авсан гэж үзэн энэхүү нэхэмжлэлээр гэрээг цуцлах шаардлага гаргаж байгаа болно. Иргэн О.Б******* миний бие 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр А******* ХК-ийн 27.424 ширхэг энгийн хувьцааг нээлттэй зах зээл буюу Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан Т******* ХХК-аас худалдан авсан. Улмаар нээлттэй хувьцаат компаний болох А******* ХК-ийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч болсон билээ. 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр А******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд миний бие хувьцаа эзэмшигчийн хувьд төлөөлөгчөөр дамжуулан оролцсон. Гэвч А******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын Тооллогын комиссын 01 дугаартай тогтоолоор намайг саналын эрхгүй гэж үзэн, тогтоол гарган санал хураалтад оруулаагүй болно. Хэдийгээр Компанийн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь дараах эрх эдэлнэ, 34.1.1 дэх хэсэгт хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх гэж заасан заасан хэдий ч А******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын Тооллогын комиссын 01 дугаартай тогтоолоор намайг саналын эрхгүй гэж үзэн, тогтоол гарган санал хураалтад оруулаагүй билээ. Өөрөөр хэлбэл Т******* ХХК нь эрхийн доголдолтой хөрөнгө буюу А******* ХК-ийн саналын эрхгүй энгийн хувьцааг надад худалдсан гэж үзэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 23.6 дахь хэсэгт саналын эрхгүй болсон хувьцааны талаарх мэдээллийг Хороо өөрийн цахим хуудсаар дамжуулан 15 хоногийн дотор нийтэд мэдээлнэ гэж заасан. Миний энэ асуудлаар Санхүүгийн зохицуулах хороонд урьд өргөдөл гаргасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос надад А******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болохоос өмнө хариу өгсөн. Ийнхүү хариу өгөхдөө намайг саналын эрхтэй гэж хариуг өгсөн байдаг. Гэсэн хэдий ч А******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын Тооллогын комиссын 01 дугаартай тогтоолоор намайг саналын эрхгүй гэсэн. Тиймээс Т******* ХХК нь эрхийн доголдолтой хөрөнгө худалдсан гэж үзэн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа болно. Иргэний хуулийн 254.1 дэх хэсэгт худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэсэн эрхийн хүрээд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Т******* ХХК ба О.Б******* нарын хооронд 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хийгдсэн А******* ХК-ийн 27.424 ширхэг энгийн хувьцааг худалдах худалдан авах хэлцлийг цуцалж өгнө үү гэсэн.
1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Нэхэмжлэгч О.Б******* миний бие 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр А******* ХХК-ийн 27.424 ширхэг хувьцааг хуульд заасан шаардлага хангасан гэж үзэж худалдаж авсан. Гэтэл дээрх хувьцаа нь компанийн үйл ажиллагаанд санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж оролцох эрх нь хязгаарлагдмал, цаашид ногдол ашиг болон уг компанийн хувьцааны үнэ ханш өсөн нэмэгдэх эсэх нь эргэлзээтэй, цаашлаад 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр болсон А******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал дээр тодорхой болсон. Би Т******* ХХК-д худалдаж авсан хувьцаандаа эргэлзэж байгаа талаараа мэдэгдсэн боловч хариуцагчийн зүгээс та хууль ёсны дагуу худалдаж авсан хувьцаандаа эргэлзээд байгаа бол шүүхээрээ шийдүүл гэж хэлсэн тул би шүүхэд хандсан болно. Иймд миний Т******* ХХК-иас 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр худалдан авсан А******* ХХК-ийнх 27.424 ширхэг хувьцааны гэрээг цуцлан өгч, хувьцаа худалдан авахад гаргасан 1 588 706 600 төгөргийг гаргуулж өгнө үү гэжээ.
1.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр А******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болсон. Энэ хурал дээр би О.Бгыг төлөөлж орсон. А******* ХХК-ийн нийт хувьцаанаас 15.7 хувийг эзэмших хувьцааг худалдан авсан. 27 424 ширхэг хувьцаа нь 1 588 000 000 төгрөг болж байгаа. Үүнийг хөрөнгийн биржийн захиалгын дагуу хэлцэл хийсний үндсэн дээр худалдаж авсан. ТУЗ-ын хурал дээр ТУЗ-ын дарга тооллогын комиссоороо тогтоол гаргуулаад энэ хувьцаа нь бүрэн хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч биш гэдэг утгаар бид нарыг хуралд оролцох эрх ашгийг хөндсөн. Хуралд үг хэлэх болон санал өгөх эрхийг хассан. Үүнээс болж маргаан үүссэн. Хувьцааг бүрэн эзэмших эрхтэй гэсэн зөвшөөрсөн бичиг Аудитын хорооноос ирсэн байсан. Хувьцааг худалдан авсан гол үндэслэл нь сүүлийн 3 жилийн эдийн засгийн тайланг судалсан, Монгол улсын хүнсний үйлдвэрт эхний 10-т ордог, тогтмол үйл ажиллагаа явуулдаг, үр ашигтай компани гэдгийг нь тооцож үзсэн. Ашгийн төлөө байгууллага учраас хуулийн дагуу ногдол ашиг хүртэх ёстой. Гэтэл ногдол ашиг хуваарилахгүй, хувьцаа бүрэн баталгаажуулах эрх зүйн актыг үндэслээгүй гэж үзсэн учраас нэхэмжлэл гаргасан. Хэрэв ногдол ашиг өгөхгүй юм бол бид энэ их мөнгөө өгөхгүй. Тиймээс гэрээг цуцалж төлбөрөө буцаан авах хүсэлттэй байна. Учир нь саналын эрхгүй хувьцааг худалдаж, хохироосон байна. Энэ нь тооллогын комиссын тогтоолоор нотлогдоно. Хэрэв худалдан авсан хувьцаа саналын эрхгүй, ногдол ашгаа авахгүй юм бол ямарч ач холбогдолгүй гэв.
2.Хариуцагчийн төлөөлөгч Ж.Ч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр А******* ХК-ийн 27.424 ширхэг энгийн хувьцааг нээлттэй зах зээл буюу Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан худалдсан. Уг хувьцааг иргэн О.Б******* худалдан авчээ. Манай компанийн эзэмшиж /өмчилж/ байсан нь А******* ХК-ийн 27.424 ширхэг энгийн хувьцаа нь ямар нэг д хөрөнгийн доголдолгүй байсан болно. О.Б******* ч өөрийн худалдан авсан хувьцаагаа тухайн үед холбогдох байгууллагаас тодруулж Санхүүгийн зохицуулах орооноос 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 9-1067 тоот албан тоот бичгээр маш тодорхой хариу авсан байдаг. Санхүүгийн зохицуулах хороо нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар саналын эрхгүй болсон хувьцааны талаарх мэдэлэллийг нийтэд мэдээлдэг ба манай компаниас худалдсан А******* ХК-ийн хувьцааг саналын эрхгүй гэсэн ямар ч мэдээлэл нийтэд гараагүй байгаа болно. Иймд О.Бгын саналын эрхгүй хувьцаа худалдсан гэх нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй, Т******* ХХК ба О.Бгын нарын хооронд 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хийгдсэн А******* ХК-ийн 27.424 ширхэг энгийн хувьцааг худалдах худалдан авах гэрээг цуцлах агуулгатай нэхэмжлэлийг мөн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд О.Бгын Т******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т******* ХХК нь өөрийн эзэмшиж байсан А******* ХХК-иин 27 424 ширхэг хувьцааг Б ҮЦК-иар худалдан борлуулах захиалга өгсөн. О.Б******* гэх хүнийг танихгүй. А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал дээр О.Б******* гэх хүн авсан байна гэдгийг мэдсэн. Бид нарыг захиалга өгч худалдан борлуулах үед энэ хувьцаа нь Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалагдсан энгийн хувьцаа байсан. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийг зөрчин эрхийн доголдолтой хөрөнгө зарсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Т******* ХХК-ийн худалдан борлуулахаар захиалга өгсөн хувьцаа нь эрхийн доголдолгүй болох нь хэрэгт авагдсан Монголын хөрөнгийн биржийн тодорхойлолтоор тогтоогдоно. Мөн нэхэмжлэгч талаас хүсэлтийн дагуу ирсэн албан бичгээр нотлогдоно. Нэхэмжлэгч захиалга өгөхдөө Б ҮЦК-тай онлайн брокерын гэрээ хийсэн байсан. Энэ гэрээний 5.5 дахь хэсэгт холбогдох хууль дүрэм журмаа судалж байгаад захиалга өгөх үүрэгтэй гэсэн байгаа. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт зааснаар саналын эрхгүй болсон хувьцааны талаар мэдээллийг санхүүгийн зохицуулах хороо олон нийтэд мэдээлэлдэг хуулийн зохицуулалттай. Манай компаниас худалдсан А******* ХХК-ийн хувьцаа саналын эрхгүй гэсэн талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй. О.Б*******ас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 56-60 дахь хэсэгт заасан хувьцаа худалдан авсан гэрээгээ ямар үндэслэлээр цуцлах гээд байгаа нь тодорхойгүй. Цуцална гэдэг үг хууль хэрэглээнд байхгүй. Хүчин төгөлдөр бусад тооцуулж өгөөч гээд байгаа юм уу эсхүл төөрөгдөж хийсэн гэж үзээд байгаа юм уу, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн гэж үзээд байгаа юм уу тодорхойгүй. Иргэний хуулийн 56-60 дахь хэсэгт заасан үндэслэл нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэлд дурдагдаагүй байна. А******* ХХК нь өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Сүүлийн 3 жил ашиг орлого олсон талаараа хувьцаа эзэмшигчдийн хурал дээр мэдээлсэн. Ногдол ашиг олох олохгүй асуудал нь энэ хувьцаат компанийн санхүүгийн чадамж, чадавхтай холбоотой. Мэдээллийг сайн судалсны үндсэн дээр энэ арилжааг хийсэн гэж бодож байна. Нэхэмжлэгч манай компанитай шууд гэрээ хийгээгүй, өөрөө л Монголын хөрөнгийн биржээр дамжуулж захиалгаа өгч хийсэн. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хувьцаа нь эд хөрөнгийн доголдолгүй болох нь Б ҮЦК болон Монголын хөрөнгийн биржийн баримтаар тодорхойлогдож байгаа. Эрхийн доголдолтой байсан бол Санхүүгийн зохицуулах хороо тодорхойлох бичиг хийж өгөхгүй байсан. Монголын хөрөнгийн бирж дээр ч нээлттэй арилжаалагдахгүй байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, лавлагаа, 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Захиалгын гэрээ, О.Бгын гараар бичсэн хүсэлт, Б ҮК-ийн дансны хуулга, 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б ҮК-ийн Номинал дансны үйлчилгээний гэрээ, 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Онлайн брокер үйлчилгээний гэрээ, дансны хуулга, А******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тооллогын комиссын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын ирц, хурлыг хүчин төгөлдөрт тооцуулах тухай” тогтоол, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 9/1067 дугаар албан бичиг, төлбөрийн баримт, орлогын баримтууд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 183/ШЗ2023/09172 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж, О.Б*******д олгосон итгэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /хэргийн 4-19, 39-40-р хуудас/
хариуцагчаас хариу тайлбар, Д.М*******д олгосон итгэмжлэл, хариу тайлбар /хэргийн 34, 48-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б ҮЦК ХК-иас 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр худалдан авсан А ХК-ийн 27,424 ширхэг хувьцаа нь тухайн үед Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй, хууль ёсны дагуу арилжаалагдаж байсан хувьцаа мөн эсэх, худалдан авах журам зөрчсөн эсэх талаар лавлагаа, мэдээллийг /хэргийн 52-63-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Т******* инвест ХХК-ийг хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчиж, эрхийн доголдолтой саналын эрхгүй хувьцаа худалдсан тул гэрээг цуцалж, хувьцааны үнэд төлсөн 1 588 706 600 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч О.Б*******д А******* ХК-ийн 27 424 ширхэг энгийн хувьцааг нээлттэй зах зээл буюу Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдсан, эрхийн доголдолтой буюу саналын эрхгүй хувьцааг худалдаагүй, хувьцааг саналын эрхгүй талаар Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээгүй тул гэрээг цуцлах нь үндэслэлгүй, хувьцааны үнэд төлсөн 1 588 706 600 төгрөгийг буцаан нэхэмжилсэнийг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч О.Б******* нь 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй арилжаалагдаж байсан А******* ХК-ийн 27 424 ширхэг хувьцааг худалдан авахаар захиалгын гэрээ, хүсэлтийг Б ҮЦК ХК-нд гаргаж, хариуцагч Т******* ХХК-иас 27 424 ширхэг А******* ХК-ийн хувьцааг нэгж үнэ 57 500 төгрөг, нийт 1 588 706 600 төгрөгөөр 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр худалдан авсан болох нь хэрэгт авагдсан Б ХК-ийн захиалгын гэрээ, О.Бгын арилжааг зохион байгуулах тухай хүсэлт, харилцагчийн дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банкны төлбөрийн баримт, орлогын мэдүүлгээр тогтоогдож байна.
4.2.Мөн нэхэмжлэгч О.Б******* нь Б ҮЦК ХК-тай 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Номинал дансны үйлчилгээний гэрээ, Онлайн брокер үйлчилгээний гэрээг тус тус байгуулж, Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар үнэт цаас худалдах, худалдан авах захиалгаа илгээх, дансны үлдэгдэл, гүйлгээний мэдээллээ харахаар харилцан тохиролцсон, энэ талаар зохигч талууд маргаагүй болно.
5.Талуудын маргааны зүйл нь доголдолтой буюу саналын эрхгүй хувьцааг худалдсан гэж гэрээг цуцлах талаар байна, хувьцааны захиалга хийсэн, үнийг төлж, шилжүүлэн авсан талаараа маргаагүй.
6.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд 243.2-д “худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй” гэж заасан.
6.1.Нэхэмжлэгч нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “харилцагчийн хөрөнгөөр, түүний нэрийн өмнөөс, түүний даалгавраар үнэт цаасыг худалдах, худалдан авахтай холбоотой зуучлалын үйлчилгээг гэрээний үндсэн дээр эрхлэхийг үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа /цаашид "брокерийн үйл ажиллагаа" гэх/ гэнэ” гэж зааснаар Б ҮЦК ХК-нд хувьцаа худалдан авах захиалгыг өгч арилжааны захиалгын санд оруулж, Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалагддаг А******* ХК-ийн 27 424 ширхэг хувьцааг Т******* ХХК-иас Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авчээ.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “үнэт цаас болон үүсмэл санхүүгийн хэрэгслийг нийтэд санал болгон худалдах, худалдан авахтай холбоотой гэрээ, хэлцэл байгуулах нөхцөлийг бүрдүүлж, үнэт цаасны арилжааг зохион байгуулахыг үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа гэнэ” гэж зааснаар зохигч талууд хувьцааг худалдсан, худалдан авч үнийг нь төлсөн талаар маргаагүй.
7.Нэхэмжлэгч нь хариуцагчийг эрхийн доголдолтой буюу саналын эрхгүй хувьцааг худалдсанаас компанийн энгийн хувьцаа эзэмшигчийн эрхийг ч эдлэх боломжгүй болж Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан “хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх” эрхээ хэрэгжүүлж чадаагүй, ногдол ашиг ч хүртэхгүй болох нь хэрэгт авагдсан А******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолоор тогтоогдож байгаа тул гэрээг цуцлахаар шаардлага гаргасан гэж тайлбарласан .
7.1.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй боловч худалдан авсан хувьцаа нь саналын эрхгүй буюу доголдолтой болох нь баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.
7.2.Хэрэгт авагдсан А хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тооллогын комиссын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №01дугаартай “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын ирц, хурлыг хүчин төгөлдөрт тооцох тухай” тогтоолд “...А ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 04дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хуралд 2 саналын эрхгүй хувьцаа эзэмшигч /О.Б*******, А/ өөрөө болон итгэмжлэлээр оролцож” гэсэн байх боловч 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 9/1067 дугаартай Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг “...та 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдөр А ХК-ийн 27 424 ширхэг хувьцааг нэг бүрийг 57 500 төгрөгөөр худалдан авах захиалгыг Б ҮЦК ХК-д өгсөн байна. Монголын хөрөнгийн бирж ХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн нээлттэй арилжаагаар та А ХК-ийн 27 424 ширхэг хувьцааг Т******* ХХК-иас худалдан авсан байна. Иймд таны худалдан авсан А ХК-ийн 27 424 ширхэг хувьцаа саналын эрхтэй болно” гэжээ.
7.3.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “энэ хуулийн 22.1.1-д заасан этгээд болон түүнтэй холбогдох этгээд нь энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг зөрчсөн бол түүний хууль зөрчиж худалдаж авсан хувьцаа саналын эрхгүй байна”, 23.5-д “энэ хуулийн 22.1.2-т заасан этгээд болон түүнтэй холбогдох этгээд нь Компанийн тухай хуулийн 57.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг зөрчсөн бол тэдгээрийн эзэмшиж байгаа бүх хувьцаа саналын эрхгүй байна” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн худалдан авсан А******* ХК-ийн 27 424 ширхэг хувьцаа нь саналын эрхгүй талаар ямар нэгэн баримтгүй, мөн 23.6-д “саналын эрхгүй болсон хувьцааны талаарх мэдээллийг Хороо өөрийн цахим хуудсаар дамжуулан 15 хоногийн дотор нийтэд мэдээлнэ” гэж заасан боловч уг хувьцааг саналын эрхгүй талаар Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлээгүй, харин ч нэхэмжлэгчид 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 9/1067 дугаар албан бичгээр “...саналын эрхтэй болно” гэсэн хариуг өгсөн болох нь тогтоогдож байна.
8.Иймд нэхэмжлэгч О.Бгын хариуцагч Т******* инвест ХХК-иас худалдан авсан А******* ХК-ийн 27 424 ширхэг хувьцаа нь саналын эрхгүй буюу эрхийн доголдолтой болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан 2023 оны 2 дугаар сары 03-ны өдрийн А******* ХК-ийн 27 424 ширхэг хувьцаа худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үнэд төлсөн 1 588 706 600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч О.Бгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 042 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Бгын хариуцагч Т******* инвест ХХК-д холбогдуулан гаргасан хувьцаа худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 1 588 706 600 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Бгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 042 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН