Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2021/ДШМ/93

 

-

 

 

 

 

Б.М-ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор П.Даваасүрэн,

            Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 7 сарын 28-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Долгионы гаргасан эсэргүүцлээр Б.Мад холбогдох эрүүгийн 2034000000451  дугаартай хэргийг 2021 оны 10 сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн,

 

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 7 сарын 22-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр баг “Мойлтын ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос 4.0 метр урттай 59 ширхэг 3.0145 м3 бөөрөнхий хуурай эгэл нарс мод бэлтгэж, уг модоо гарал үүслийн гэрчилгээгүйгээр иргэн В.Сүхбаатарын эзэмшлийн портер маркийн 43-62 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль орчинд 1 316 957 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Б.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: шүүгдэгч Б.Батмөнхийг “зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батмөнхийг ялаас өршөөн хэлтрүүлж,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батмөнхөд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4-д зааснаар шүүгдэгч Б.Батмөнхөд холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн шар өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багт байрлах Цагдаагийн хашаанд битүүмжлэгдсэн 3.0145 м3 буюу 59 ширхэг хуурай нарс мод, 43-62 ТӨА улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 362 100 төгрөгийг хурааж шүүгдэгчээс гаргуулан улсын төсөвт шилжүүлж,

Шүүгдэгч Б.Батмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  мөрдөгчийн 2020 оны 7 сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Б.Долгион эсэргүүцэлдээ: “...Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүгдэгч Балган овогт Бат-Эрдэнийн Мыг " Зөвшөөрөлгүйгээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батмөнхийг ялаас өршөөн хэлтрүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн 3.0145м3 буюу 59 ширхэг хуурай мод болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 362 100 төгрөгийг хурааж, шүүгдэгчээс гаргуулан улсын төсөвт шилжүүлэх, шүүгдэгч Ш.Батмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, мөрдөгчийн 2020 оны 07 сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг баримтлан ял оногдуулах байтал шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг бүхэлд нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан  ялаас өршөөсөн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн  гэж дүгнэхээр байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 28-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус   зааснаар дээд шатны прокурорын Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эсэргүүцэл бичих хэтэрсэн  хугацааг сэргээлгэх хүсэлтийг хүргүүлж, эсэргүүцэл бичих хугацааг сэргээлгэсэн болно. ..” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн гаргасан дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэстэй гарсан хэдий Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг хэрэглэх байтал 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Мад холбогдох эрүүгийн 2034000000451 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурор Б.Долгионы гаргасан эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.

Төв аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор П.Даваасүрэн 2020 оны 8 сарын 28-ны өдөр 433 дугаартай яллах дүгнэлт үйлдэн Б.Мад холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна /хх-н 134-136/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан мөрдөгч прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ба хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэснийг зөрчсөн байна.

Тухайлбал мөрдөн байцаалтын шатанд гарч М.Пүрэвдоржийн “Би түүнээс мод бэлтгэх эрх авсан талаар асуугаагүй. Харин Б.М ах манай гэрт ирээд надад хэлэхдээ ямар ч асуудал байхгүй. Миний машин ууланд явахгүй байна. Мосттой машинаараа мод татаад өгчих гэж хэлэхээр нь түүнд туслах гээд л хамт явсан юмаа. Түүнээс би өөртөө хэрэглэх, ашиглах зорилгоор мод бэлтгэж, тээвэрлээгүй.” /хх-н 40/

Б.Мын яллагдагчаар өгсөн “Би 2020 оны 7 сарын 22-ны өдөр 12 цагийн орчим таньдаг дүү болох Пүрэвдоржтой Төв аймгийн Жаргалант сумын төв дээр уулзаад хашааны дай мод хийх мод хэрэгтэй байна, яваад өг гэж гуйхад Пүрэвдорж зөвшөөрөөд тэр өдөр хамт Пүрэвдоржийн Мазда маркийн тээврийн хэрэгсэлтэй би 48-45 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Мойлтын ам гэх газар руу модонд явсан. Тэгээд бид 2 Мойлтын ам гэх газарт ууланд унасан байсан хуурай модыг 4 метрээр нь тайрч машиндаа ачаад тэгээд орой 20 цаг өнгөрч байхад уулнаас Жаргалант сумын Өгөөмөр багт байх аавын дүүг Ванягийн хашаанд буулгаад орхисон.” /хх-н 90/ гэсэн мэдүүлгүүд, 2020 оны 8 сарын 15-ны өдрийн хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 03/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 04-06/ гэх зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.М нь 2020 оны 7 сарын 22-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр баг Мойлтын ам гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос 4.0 м урттай 59 ширхэг 3.0145 м3 бөөрөнхий хуурай эгэл нарс мод бэлтгэж, уг модоо гарал үүслийн гэрчилгээгүйгээр иргэн В.Сүхбаатарын эзэмшлийн портер маркийн 43-62 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн /яллах дүгнэлт дурдсанаар/  гэх гэмт хэргийг үйлдэхэд М.Пүрэвдоржийн хамтран оролцсон оролцоо байсан эсэхийг шалгасан болон түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татсан, эсхүл яллагдагчаар татахаас татгалзаж шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт алга байна.

Мөн мөрдөгчийн тогтоолоор шүүгдэгч Б.Мын хууль бусаар бэлтгэсэн 59 ширхэг бөөрөнхий хуурай эгэл нарс мод нь хэдэн метр куб хэмжээтэй, экологи эдийн засгийн үнэлгээ нь хэд болохыг тогтоолгохоор Батсүмбэр суман дахь сум дундын ойн ангийн мэргэжилтэн Ц.Батбаярыг шинжээчээр томилж, дүгнэлт гаргахыг даалгажээ /хх-н 72, 75/. Шинжээчийн хоёр удаагийн дүгнэлтээр шүүгдэгч Б.Мын хууль бусаар бэлтгэсэн 59 ширхэг бөөрөнхий хуурай эгэл нарс мод нь (3,0145 м3+3,109 м3) 6,1235 м3 хэмжээтэй, ойн санд учруулсан хохирлын экологи эдийн засгийн нийт үнэлгээ нь (1 316 957 төгрөг+1 358 242 төгрөг) 2 675 199 төгрөг гэж тогтоосон /хх-н 73, 76/ байхад яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Мыг “... 4.0 м урттай 59 ширхэг 3,0145 м3 бөөрөнхий хуурай эгэл нарс мод бэлтгэж, ...байгаль орчинд 1 316 957 төгрөгийн хохирол учруулсан” гэж өөрөөр тусгасан байна.

Иймд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал / гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/, 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй байна гэж үзлээ.

Анхан шатны шүүхийн 2021 оны 7 сарын 28-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Б.Мыг биш харин Б.Батмөнхийг гэм буруутай болох, ялаас өршөөн хэлтрүүлсэн, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэсэн тухай зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлүүдийг тусгасан байгаа нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан тул дээд шатны прокурор Б.Долгионы 2021 оны 9 сарын 24-ний өдөр гаргасан 21 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 07 сарын 28-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон магадлалд заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.МӨНХДАВАА

 

                   ШҮҮГЧИД                                               Т.ЭНХМАА

 

                                                                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ