Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2024/00239

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2024/00239

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:, өөрийн байранд байрлах, * ,

Хариуцагч:* дүүрэг * дугаар хороо * гудамж * дугаар бичил хороолол * тоотод оршин суух бүртгэлтэй, * дүүрэг * дугаар хороо * * дугаар гудамж *тоотод оршин суух, регистр *, * овогт * *,

Хариуцагч:* дүүрэг * дугаар хороо *дугаар гудамж * тоотод оршин суух, регистр *, * овогт * Хандсүрэн,

Нэхэмжлэлийн шаардлага:2 371 017 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч * /цахимаар/, хариуцагч буюу хариуцагч *итгэмжлэгдсэн төлөөлөгч *шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З,А,У нь хариуцагч *нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 371 017 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Зээлдэгч *нар нь 8 000 000 төгрөгийн зээлийг гутал үйлдвэрлэх зориулалтаар 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 23 тоот гэрээ байгуулан 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй авсан.*нар нь 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 05 хүртэлх хугацаанд 8,370,996 төгрөг төлөхөөс 6,504,994 төгрөгийг төлсөн байна.Хамгийн сүүлд 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төлөлт хийснээс хойш төлбөр хийгдээгүй байна.Одоо зээлийн үлдэгдэл төлбөр болох 1,866,002 төгрөг, хугацаа хэтэрсэн хүү 505,015 төгрөг нийт 2,371,017 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч нар хариу тайлбартаа:Бид 2011 онд 8 000 000 төгрөгийн зээл авсан, тэр үед бизнес эрхэлж үйлдвэрлэл явуулж байсан боловч 2012 оноос бие өвдөж, 2013 онд өндөр төлбөртэй хагалгаанд орсон, миний хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоосон тул төлөх боломжгүй гэжээ.

Хариуцагч * шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2011 онд * сумын*даргын тамгын газраас 8,000,000 төгрөгийн зээл авсан, гутлын үйлдвэр эрхэлж, бизнес маань амжилттай сайн явж байсан.Гэтэл 2012 оноос хойш биеийн байдал муудаж, өөрт байсан малаа зарж, хандив цуглуулж бүх мөнгөө шавхаж байж өндөр төлбөртэй хагалгаанд 2013 оны 7 дугаар сард орсон, 2018 онд ахин даралт харваад зүүн тал маань саажилттай болсон, одоо би уг зээлийг төлөх боломжгүй байна, хөдөлмөрийн чадвар 80 хувийн алдагдалтай группт байдаг, группийн 400 000 төгрөгийн 200 000 төгрөгөөр эм авдаг гэв.

 

Нэхэмжлэгчээс-2011 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн *хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шүүхэд өгсөн, хариуцагчаас шүүхэд баримт өгөөгүй./хх 5-6, 7/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1 866 002 төгрөг, хугацаа хэтэрсэн хүү 505 015 төгрөг нийт 2 371 017 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нар 2 371 017 төгрөгийг төлөх боломжгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2011 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваар, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

*нь З,А,У тай 2011 оны 7 дугаар сарын 5-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 8 000 000 төгрөгийг, гутал үйлдвэрлэл, засвар, эсгий урлалын зориулалтаар, 3 жилийн хугацаатай зээлж авсан байна./ хх-5/

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг ба зохигчдын хооронд гэрээний харилцаа 2011 оны 7 дугаар сард үүссэн, гэрээний хугацаа 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр дууссан хугацаанаас тоолоход гэрээний үүргийн биелэлтийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг бөгөөд мөн зүйлийн 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолдог байна.  

Нэхэмжлэгч байгууллага нь дээрх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан болохыг баримтаар нотлоогүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан ба энэ зүйлийн 75.2-т заасан хөөн хэлэлцэх тусгай буюу богиносгосон хугацаанд хамаарахгүй шаардлагад нэхэмжлэл гаргах ерөнхий хугацаа үйлчлэх юм.

Иймд *нараас зээлийн үлдэгдэл 1 866 002 төгрөг, хугацаа хэтэрсэн хүү 505 015 төгрөг нийт 2 371 017 төгрөг гаргуулах тухай * нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасан үндэслэлгүй тул *нараас 2 371 017 /хоёр сая гурван зуун далан нэгэн мянга арван долоон/ төгрөг гаргуулах тухай * нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН