Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2021/ДШМ/94

 

 

 

 

 

Н.Эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Х.Оюунцэцэг

            Шүүгдэгч Н.Э

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Ч.Болдбаатар     

            Нарийн бичгийн дарга Г.Жаргалболд нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/295 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын гаргасан давж заалдсан гомдлуудаар Н.Эд холбогдох эрүүгийн 2134000000069 дугаартай хэргийг 2021 оны 10 сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн,

 

Н.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг “Төгрөг” гэх газарт байх ууланд самар түүх явцдаа гал түлэх зорилгоор түлээний мод хөрөөдөн унагах үед Л.Сэмжид нь модонд дарагдаж нас барсан, өөрөөр хэлбэл бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

 

Мөн 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг “Төгрөг” гэх “Хан Хэнтий” улсын тусгай хамгаалалттай газрын ойд самар түүх явцдаа гал түлэх зорилгоор 15 метрийн урттай 2 ширхэг шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, экологи эдийн засагт 455.368 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Н.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Нацагдоржийн Эийг бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон, зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай ойд мод бэлтгэсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Н.Эд 3 жил хорих ял, мөн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т зааснаар 2 хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 3 жил хорих ялд, мөн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т зааснаар оногдуулсан 2 хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Шүүгдэгч Н.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эгээс 5.319.500 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оюундэлгэрт олгож, үлдэх нотлох баримтын шаардлага хангаагүй 4.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар энэ хэрэгтэй холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй дурдаж, мөн шүүгдэгчээс зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсний улмаас ойн санд учруулсан 1.366.104 төгрөгийг гаргуулж Байгаль орчин цаг уурын санд тус тус олгож,

 

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Эгийн өмгөөлөгч Г.Анхбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: Миний үйлчлүүлэгчийн хорих ял шийтгүүлсэн зүйл ангиуд нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гарсан “Өршөөлийн үзүүлэх тухай хууль”-д орсон байна. Н.Э өмнө нь Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байгаагүй, мөн улсад төлөх хохирол болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт өгөх оршуулгын зардлыг төлөхөө илэрхийлсээр байтал Өршөөлийн үзүүлэх тухай хуульд хамруулалгүйгээр хорих ял оногдуулсан байдал нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул “Өршөөлийн үзүүлэх тухай хууль”-д хамруулж өгнө үү гэжээ.

 

            Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: Өмгөөлөгч миний байр суурь бол хэргийг мөрдөн байцаалтад буцаалгаж дахин шалгуулах, энэ хэрэг болгоомжгүй үйлдэгдсэн хэрэг биш санаатай үйлдэгдсэн байж болзошгүй нөхцөл байдлууд хэрэгт авагдсан гэж үзсэн. Энэ хүний амь нас хохироосон онц ноцтой гэмт хэрэг. Гэтэл мөрдөн байцаалтын ажиллагаа хангалтгүй, газар дээр үзлэг хийсэн бүрэлдэхүүн тухайн үед холбогдогч нараас мэдүүлэг авсан эсэх нь тодорхойгүй, шалгавал зохих ажиллагаа хийгдээгүй, шинжээчийн дүгнэлт дутуу зэрэг зүйл байсан. Энэ талаар шүүх хурал дээр тайлбарласан боловч шүүхийн шийтгэх тогтоолд дурдах төдий тэмдэглэн шийдвэрлэсэнгүй.

 

Үүнд: Анхан шатны шүүх хурал дээр шинжээч нар оролцсон бөгөөд шинжээч эмч Л.Бямбатуяа нь амь хохирогчийн үтрээнээс арчдас авч эр бэлгийн эс илрээгүй шалтгаанаар ДНХ бүтцийг тогтоогоогүй гэж тайлбарладаг. Мөрдөн байцаагчийн тавьсан асуултад ДНХ бүтцийг тогтоох гэж заагаад амь хохирогчийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд “...бэлэг эрхтэнээс ДНХ шинжилгээ авсан” гэж бичигдсэн байдаг.

 

Мөн дотуур хувцсанд үзлэг хийхэд хөхний даруулга илт урагдаж сэмэрсэн байдалтай байдаг. Үүнийг сэмэрч ханзарсан, нэгээс дээш удаагийн татах чангаах хүч болон хатуу гадаргуутай харилцан үйлчлэлийн улмаас үүссэн шинэ гэмтэл гэж тогтоосон байдаг. Энэ нь модонд даруулсны улмаас үүссэн гэмтэл гэж үзэх үндэслэлгүй байдаг. Нөгөөтэйгүүр амь хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг энгийн нүдээр харахад нэг удаагийн хүчин зүйлийн улмаас учирсан гэмтэл гэхэд маш эргэлзээтэй байгаа. Мөрдөгчийн мөрдөн байцаалт явуулсан асуулт хариулт хэт энгийн, тухайн үед цаг агаар, орчин нөхцөл байдал, бусад этгээдүүдийн мэдүүлэг, маршрут гээд шалгаагүй зүйл байдаг. Иймээс мөрдөн байцаалтад буцааж шалгуулах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй шийдвэрлэсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн З9.6-д заасан “...дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх...” гэсэн зүйлийн 1.3-т заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр гаргасан саналдаа: Н.Э үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан. Түүний үйлдсэн хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа тул уг хуульд заасны дагуу түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Ч.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл эргэлзээтэй нөхцөл байдлууд маш их байгаа. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд эдгээр шалгавал зохих зүйлийг бүрэн гүйцэд шалган тогтоогоогүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гомдолд дурдсан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан дүгнэлтдээ: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн аль хэсэгт хамаарч байгаа гэдэг нь тодорхой бус байгаа тул хүлээн авч хангах боломжгүй гэж үзнэ. Харин шүүгдэгч Н.Э нь өнөөдрийн байдлаар хохирлоо бүрэн гүйцэд төлж барагдуулсан байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан журмын дагуу Өршөөлийн хуульд хамруулах нь зүйтэй байх гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдэд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Эийг “...зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай...”-д тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т зааснаар ял оногдуулахдаа “...2...” хугацаагаар хорих ял шийтгэж, уг “...2...” хугацаагаар гэх хорих ялыг түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар тогтоон шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил, эсхүл бүх насаар нь хязгаарлаж нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад байлгахыг хорих ял гэнэ хэмээн заасан бөгөөд шүүхээс Н.Эд оногдуулсан “...2...” хугацаагаар гэх хорих ял нь хуульд заасан хорих ялын хэмжээний аль хэсэгт нь хамаарч байгаа нь тодорхой бус болжээ.

 

Хэдийгээр хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлийн[1] 19 дүгээр талд шүүгдэгч Н.Эд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т зааснаар 2 жил хорих ял оногдуулсугай...” гэж бичигдсэн байх боловч шүүх хуралдааны тэмдэглэл болон шийтгэх тогтоол хоорондоо эрс зөрүүтэй бичигдсэн байна.

 

Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.8-д тус тус заасан “...хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн...”, “...шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй...” гэх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байгаа болно.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Эд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Анхбаярын гаргасан “...Н.Эг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү...” гэх, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан “...хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Эгийн үйлдсэн гэмт хэргийн төрөл, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж анхан шатны шүүхээс хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн болохыг дурдав.

 

Цаашид шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байхаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг анхаарвал зохилтой.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/295 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Н.Эд холбогдох эрүүгийн 2134000000069 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүдэгч Н.Эд урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧИД                                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                                                М.МӨНХДАВАА

 

[1] хх-ийн 2-р хавтас 1-20-р тал