Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2023/0278

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б******* /РД: *******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Ө******* /РД:*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Б******* /РД: УШ*******/

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Хуулийн хэлтсийн дарга Ж.И*******

Маргааны төрөл: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/754 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.И*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага.

1. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/754 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох

Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд.

2.1. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/754 дүгээр захирамжаар нийслэлийн Боловсролын газарт 640 хүүхдийн сургууль барих зориулалтаар 7500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

2.2. Нэхэмжлэгч Д.Б******* болон Т******* нарын хооронд 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 02--74 тоот Авто зогсоол захиалгаар барих гэрээ байгуулагдсан байдаг.

2.3. Д.Б*******ээс 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаснаар тэрээр Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Х гудамж, дүгээр байр, давхрын тоот хаягт байршилтай 16 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн байна.

2.4. Ийнхүү нэхэмжлэгч нь ...тухайн захиргааны акт нь иргэн Д.Б*******ийн өмчлөлийн 16 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй давхцаж, өмчлөх эрхийг нь ноцтой зөрчөөд зогсохгүй, газар ашиглах эрхийг ч зөрчөөд байна... гэж тайлбарлаж, анх 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан, шүүх 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/754 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах О хотхоны баруун талд улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр 640 хүүхдийн сургууль барих зориулалтаар 7500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх нийслэлийн Боловсролын газарт олгосон байдаг юм. Гэтэл бодит байдал дээр О хотхоны гол төв хэсэгт сургууль барих зорилгоор газар эзэмших эрхийг нийслэлийн Боловсролын газарт олгосон байна.

3.2. Энэхүү О хотхоны гол төв хэсгийнх нь газрын доор хэвлийд иргэн Д.Б******* нь авто зогсоол захиалгаар барих гэрээ байгуулан, улмаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн *******-р хороо, 13312 Х гудамж, байр, давхрын тоот хаягт байршилтай 16 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж, эрхийн улсын бүртгэлийн Ү- тоот дугаарт бүртгүүлж, 0002153 тоот гэрчилгээ авсан байдаг юм. Энэ утгаараа иргэн Д.Б******* нь Баянзүрх дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах О хотхоны гол төв хэсгийн газрын хэвлийд байрлах 16 м.кв талбай газрын хууль ёсны ашиглагч нь билээ.

3.3. Энэхүү асуудлаар 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 06/3848 хариу мэдэгдлээр шийдвэрлэх боломжгүй байна гэснийг 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан болно. Тухайн захиргааны акт нь иргэн Д.Б*******ийн өмчлөлийн 16 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй давхцаж, өмчлөх эрхийг нь ноцтой зөрчөөд зогсохгүй, газар ашиглах эрхийг ч зөрчөөд байгаа болно. Нийслэлийн Засаг Даргын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/754 тоот захирамж нь илт хууль бус захиргааны акт болно.

3.4. Учир нь уг захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй юм. Энэхүү нөхцөл байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т заасан захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэсэн тул нийслэлийн Засаг даргын захирамж бүхэлдээ илт хууль бус гэж үзэж байна. Захиргааны актыг гаргасан захиргааны албан тушаалтан нь үг, үсэг, тооны алдаа гаргаж улмаар энэхүү алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал захиргааны акт нь утга агуулгын илэрхий алдаатайд тооцогдоно гэж Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоолын 4 дэх заалтад албан ёсоор тайлбарласан байдаг.

3.5. Энэ утгаараа тухайн захиргааны акт нь О хотхоны баруун талд гэж алдаатай гарсан бөгөөд гол төв хэсэгт олгогдсоноор иргэн Д.Б*******ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, газрын хэвлийг ашиглах эрхийн нь ноцтой зөрчөөд байгаа билээ. Мөн уг нийслэлийн Боловсролын газарт олгосон 7500 м.кв газар нь иргэн Д.Б*******ийн үл хөдлөх хөрөнгө байрлах талбай газартай давхцаж байгаагаараа бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэж байгаа болно. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан. Иймд тус нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/754 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлд холбогдох хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/754 дүгээр газар эзэмших эрх олгох тухай" захирамжаар Баянзүрх дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "О хотхон"-ы баруун талд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 640 хүүхдийн сургууль барих зориулалтаар 7500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг нийслэлийн Боловсролын газарт олгож шийдвэрлэсэн.

3.7. Тус захиргааны акт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 154 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн гарсан болно.

3.8. Газрын кадастрын мэдээллийн санд нийслэлийн Боловсролын газарт олгосон газар нь ямар нэгэн хэмжээгээр бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй байх бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан баримтууд, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
  2. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
  3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...тухайн захиргааны акт нь иргэн Д.Б*******ийн өмчлөлийн 16 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй давхцаж, өмчлөх эрхийг нь ноцтой зөрчөөд зогсохгүй, газар ашиглах эрхийг ч зөрчөөд байна..., уг акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж заасны дагуу илт хууль бус захиргааны акт..., хариуцагчаас ...илт хууль бус захиргааны акт биш ба нэхэмжлэгчийн өмчлөл бүхий авто зогсоолтой давхцал үүсээгүй... гэж тайлбарлан маргасан.
  4. Маргаж буй захиргааны актын тухайд, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/754 дүгээр захирамжаар нийслэлийн Боловсролын газарт 640 хүүхдийн сургууль барих зориулалтаар 7500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. (Хавтаст хэргийн 17 дахь тал)
  5. Нэхэмжлэгч Д.Б******* нь Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, 13312 х гудамж, дүгээр байр, давхрын тоот хаягт байршилтай 16 м.кв талбай бүхий авто зогсоолын өмчлөгчөөр 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэгдсэн (Хавтаст хэргийн 51-64 дэх талд).
  6. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ, 33.1.1-д ...төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж заасан бөгөөд хуулийн энэ зохицуулалтаас үзвэл нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд дээрх захирамжийг гаргасан байна.
  7. Уг захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай гэж заасанчлан актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус, түүнчлэн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд илтэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр нөхцөл үүссэн үндэслэл тогтоогдохгүй байна.
  8. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй захиргааны акт нь хэнд хандсан нь тодорхойгүй, хууль зүйн ямар үр дагавар үүсгэж байгаа нь ойлгомжгүй, үүний улмаас тухайн захиргааны актыг хэн, хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй болж, уг актыг бодит байдалд биелүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдлыг ойлгох бөгөөд ийм акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл, үр дагаваргүй, илт хууль бусад тооцогдоно.  
  9. Гэвч Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/754 дүгээр захирамжаар нийслэлийн Боловсролын газарт 640 хүүхдийн сургууль барих зориулалтаар 7500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байгаа нь хэнд газар олгож байгаа, ямар зориулалтаар эзэмших, бодит байдал хэрэгжүүлэх боломжтой байдлаар гарсан байна.
  10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /ойлгох/-оор, 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны акт ... /-ыг/ ... илт хууль бус болохыг тогтоолгох ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн-ийг тодорхойлохоор тус тус заасан, түүнчлэн, үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол эргэж сэргэх хууль зүйн үр дагавар үүсэх учиртай.
  11. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагын үндэслэлээ газрын хэвлийгээр давхцал үүсэж өөрийн өмчлөлийн авто зогсоолыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байдалд хүрч байна гэж тайлбарладаг боловч шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан шинжээчийн дүгнэлтэд ...иргэн Д.Б*******ийн өмчлөлийн газар доорх авто гарааш нь нийслэлийн Боловсролын газрын эзэмшил газартай давхцалгүй, давхцалын хил хязгаар нь Д.Б*******ийн авто зогсоолоос хойш 1,2705 метрт хол зайтай байгаа... талаар дүгнэсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй, түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/754 дүгээр захирамжийг утга агуулгын илэрхий алдаатай болоод түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэж энэ үндэслэлээр тухайн захиргааны актыг илт хууль бус гэж тооцох үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/754 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий Д.Б*******ийн нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар шинжээчийн зардалд нэхэмжлэгчээс 575,000 /таван зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулан Г ХХК-ийн Төрийн банк дахь 109500109165 тоот дансанд төлүүлсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ