Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/96

 

 

 

 

 

Д.Нд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Мөнхтулга,

Шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш,

Нарийн бичгийн дарга Б.Батмандал нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/317 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Д.Нд холбогдох эрүүгийн 2134000000223  дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч Д.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн нутаг Дивизийн байранд иргэн С.Наранхуягийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, хамар, баруун ташаан толгойд цус хуралт, зүүн хөхөнд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/317 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Д.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 732 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,

Шүүгдэгч Д.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ныг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ныг ажил эрхлэхээс бусад нөхцөлд Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Д.Ныг Төв аймгийн нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу хорих ялаар солихыг анхааруулж,

Эрүүгийн 2134000000223 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Наранхуяг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч Д.Н Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт тус тус зааснаар 4 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу 2 жил, 2 сарын хорих ялаас өршөөсөн байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг дахин 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөсөн нь хууль зүйн үндэслэлгүй ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Н өмнө нь 3 удаагийн ял шийтгэлтэй. Ялтай байдал нь дуусаагүй байхад дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн. Урьд нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсаны дараа дахин санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн учир 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар өршөөлд хамааруулахгүй байхад анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ныг дахин өршөөлийн хуульд хамааруулж шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Д.Н нь хэдийгээр өмнө нь ял шийтгүүлж байсан боловч 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахаар байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Нд холбогдох эрүүгийн 2134000000223 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Шүүгдэгч Д.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн нутаг Дивизын байранд иргэн С.Наранхуягийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, хамар, баруун ташаан толгойд цус хуралт, зүүн хөхөнд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт /хх-н 51-54/ үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 732 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Н өмнө нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 2 сар хорих ял шийтгүүлжээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Д.Н нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолоор, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 4 жил, 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жил, 2 сарын хорих ял нь өршөөгдсөн гэж байх боловч уг 4 жил 2 сарын хорих ялаас шүүгдэгч Д.Н нь хэдийг нь эдэлж, хэзээ, яаж хорих ангиас суллагдсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 732 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх ямар нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Ныг тэнссэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 732 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь тодорхой бус байжээ.

Мөн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоол, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарыг shuukh.mn сайтаас авч хэрэгт хавсаргасан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасны дагуу цуглуулж, бэхжүүлж аваагүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Дээрх баримтуудыг хуульд заасны дагуу авч хэрэгт хавсаргах нь шүүхээс шүүгдэгч Д.Нд эрүүгийн хариуцлагыг зөв оногдуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зэрэг ач холбогдолтой байх бөгөөд мөрдөн байцаалт, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон Д.Нд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Д.Нд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан тул дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/317 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, магадлалд заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХДАВАА

 

 

                   ШҮҮГЧИД                                        Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ