Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/00813

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/00813

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, Ц.Т ,

 

Хариуцагч: *** , өөрийн байранд байрлах, БГЭМТ,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч БГЭМТд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Ц.Т 2021 оны 3 дугаар сараас БГЭМТд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч даргаар томилогдон ажилласан. Түүнээс өмнө би А.ч ӨЭМТ-ийн даргаар ажиллаж байсан. БГЭМТийн дарга З.Б 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн *** тоот тушаалаар намайг БГЭМТийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч даргын ажлаас хууль бусаар чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчлөө. Нийслэлийн БГЭМТийн дарга нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил үүсээгүй, ноцтой зөрчил гаргаагүй байхад улс төрийн шалтгаанаар зохиомлоор баримт бүрдүүлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосонд гомдолтой байна. Тухайлбал, миний зэрэгцсэн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа буюу А.ч ӨЭМТ-д зөвлөхөөр ажилладгийг мэдсээр байж ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон байна. Миний бие ЭМТ-ийн дарга З.Б т А.ч ӨЭМТ-д зөвлөхөөр ажилладгаа удаа дараа мэдэгдэж байсан ба миний хөдөлмөрийн гэрээнд зэрэгцсэн хөдөлмөрийн харилцааг хориглоогүй байсаар байтал ноцтой зөрчил гаргасан мэтээр гүтгэж хууль бус тушаал гаргасан. Мөн ЭМТ-ийн даргын *** тоот тушаалын үндэслэлд ажлын ирцтэй холбоотой албан ёсны чөлөө аваагүй, ажлын хоцролт их, ажил тасалсан гэж заасан нь бодит байдалд нийцэхгүй, зохиомлоор баримт бүрдүүлсэн гэж үзэж байна. Миний бие 2020 оны орон нутгийн сонгуулиар Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон ба 2020 оноос Баянгол дүүргийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны даргаар ажиллаж байгаа бөгөөд ИТХ-ын ээлжит болон ээлжит бус хуралдаан, Нийгмийн бодлогын хорооны хурал, дүүргийн ИТХ дахь Эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал хуралдах бүрт, мөн гадаад томилолт болон дотоодын сургалтад хамрагдах бүрт амаар болон бичгээр хүсэлт гарган чөлөө мэдүүлж байсан бөгөөд хууль бус тушаалд ажлын 5 хоног тасалсан гэж дурьдсан өдрүүдэд албан ёсоор акт авч биеэ эмчлүүлсэн байсан болно. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Ц.Т нь БГЭМТ-ийн даргын 2021-03-*** -ний өдрийн *** тоот тушаал, 2022-05-12-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу БГЭМТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч даргаар томилогдон ажиллаж байсан. Ийнхүү ажиллаж байх хугацаанд буюу Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж авлигатай тэмцэх Шүүр ажиллагааны хүрээнд нийтийн албанд танилын хүрээ, зүй бус нөлөөллөөр хуульд заасан шаардлага хангаагүй этгээд томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж нийтийн албанд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, авлига албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангах үүднээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх, төрийн алба, төрийн өмчийг шимэгчдээс салгах ажлыг эхлүүлж байгаагаа мэдэгдэн төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар бүр Шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангаж, хууль тогтоомж, шаардлагыг зөрчиж томилогдсон этгээдийг олж тогтоон, 2023- 04-06-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг үүрэг чиглэл болгож 2023-03-17-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ХЭТ/595 дугаар албан бичгийг ирүүлсэн байдаг. БГЭМТ ТБАГУТҮГ-аас Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирүүлсэн дээрх чиглэлийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2023-03-28-ны өдрийн *** дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж, шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангах ажлын төлөвлөгөөг баталсан. Уг төлөвлөгөөний дагуу ажлын хэсэг холбогдох хяналт шалгалтыг хийж, 2023-04- 06-ны өдөр авлигатай тэмцэх шүүр ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлын илтгэх хуудсыг гаргаж танилцуулсан бөгөөд хяналт шалгалтаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Ц.Т нь Баянгол дүүргийн 10 дугаар хорооны А.ч өрхийн эрүүл мэндийн төвд зөвлөх эмчээр давхар ажил эрхэлж, цалин хөлс авч байгаа нь тогтоогдсон байдаг. Дээрх зөрчилтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын *** дугаартай албан бичгийн хэрэгжилтийг хангах үүднээс БГЭМТ ТБАГУТҮГ-аас 2023-04-06-ны өдөр ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэл гаргаж түүнийг гардуулан өгөхөөр ахмадын салбар эмнэлгийн *** тоот өрөөнд 2023-04-06-ны өдөр очиход ажлын байрандаа байгаагүй, өвчтэй гэх боловч тухайн үед акт өгөөгүй байсан. Мөн 2023-04-11-ний өдөр дахин очиход хуралд явсан байсан тул 2023-04-12-ны өдөр уулзаж мэдэгдлийг танилцуулсан. Гэвч Ц.Т БГЭМТ ТБАГУТҮГ-ын 2023-04-06-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хүлээн авахаас эрс татгалзсан. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга нь нийгмийн эрүүл мэндийн алба, өрхийн ЭМТ-ийн үйл ажиллагааг дэмжлэгт удирдлага зохион байгуулалтаар хангах, хяналт тавих зорилтыг хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд 1. Өрхийн ЭМТ-ийн үйлчлэх хүрээний тойрог, хүн амыг уялдуулан одоо ажиллаж буй өрхийн эмнэлгийн чадавх, үйл ажиллагааны ачаалал, бодит нөхцөл байдлыг судлах, дүгнэлт хийх, хяналт тавих, 2. Өрхийн эмнэлгийн гадаад, дотоод орчны эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг анхаарч мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах, хяналт тавих, 3. Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааны гурвалсан гэрээг байгуулан ажиллах тухай захирамжийг хэрэгжүүлж ажиллах, гэрээний биелэлтийг шалгасан тухай илтгэх хуудас, биелэлтийн дүнг хагас, бүтэн жилээр гаргах, 4. Өрхийн эрүүл мэндийн санхүүжилтийн байдалд хяналт тавьж, үнэлгээ дүгнэлт хийх, тайлан тэнцлээ хуульд заасан хугацаанд гарган өгөх шаардлага тавих ... гэх мэт зорилтыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл Ц.Т нь Баянгол дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй гурвалсан гэрээ байгуулах, гэрээнүүдийн хэрэгжилт болон санхүүжилтийн байдалд хяналт тавих, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах эрх бүхий албан тушаалтан хэр нь үндсэн ажил олгогчоос албан ёсны зөвшөөрөл авалгүйгээр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны А.ч өрхийн эрүүл мэндийн төвд зөвлөх эмчээр давхар ажиллаж эрхэлж байснаас гадна уг өрхийн ЭМТ-ийн эцсийн өмчлөгчөөр 2022-12-07-ны өдөр бүртгүүлсэн тухайгаа ажил олгогчид мэдэгдээгүй байдаг. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Албан тушаалтан өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдтэй ашгийн төлөө үйл ажиллагаатай харилцааг дуусгавар болгосноос хойш хоёр жилийн хугацаанд тухайн этгээдтэй холбогдох захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно., 18 дугаар зүйлийн 18.5.3-д ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг эрхэлж болно гэж заасныг болоод хөдөлмөрийн гэрээний 6.1.6-д заасан ... ашиг сонирхлын зөрчил гаргахгүй ажиллана", 6.1.7-д заасан хууль бус аливаа үйлдэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах бөгөөд холбогдох удирдах ажилтанд мэдэгдэнэ" гэснийг тус тус зөрчсөн үйлдэл болсон. Мөн нэхэмжлэгч Ц.Т нь ажилдаа цагтаа ирдэггүй, ажилдаа ирэх болон тарах цагаа бүртгүүлдэггүй, ажлаас гадуур явахдаа албан ёсоор удирдлагаасаа зөвшөөрөл, чөлөө авдаггүй, ажлын цагийн хоцрогдол удаа дараа гаргаж, 2023 оны 4 дүгээр сард ажлын 5 хоног ажил тасалсан нь хөдөлмөрийн гэрээний 9.7.3-т Хүндэтгэн үзэх шалтгаангүй дараалсан 3 өдөр, тухайн сард хоцорсон буюу тасалсан цагийн нийлбэр дүн нь ажлын 5 хоног буюу 40 цаг ажил тасалсан, жижүүр буюу ээлжийн гарааны хуваарийг дур мэдэн сольсон, удирдлагад мэдэгдэлгүй хуваарь өөрчилсөн" гэсэн ноцтой зөрчилд хамаарч, хөдөлмөрийн дотоод журмын 5.14-т ажилтан ажилдаа ирэх, явахдаа цаг бүртгэлийн аппаратад цагаа заавал бүртгүүлнэ. Удирдлагаас авсан зөвшөөрлөөр ажлын цагийн дундуур гадагш явах, хурал, сургалт зэрэгт явахдаа гадуур ажлын дэвтэрт хөтлөлт хийнэ. Өглөө болон оройны аль нэг үед нь бүртгүүлээгүй бол тухайн өдрийн хагас өдрөөр ажил тасалсанд тооцно. Ажлын цагийн бүртгэл, цаг ашиглалтын байдалд хүний нөөцийн алба хяналт тавьж, ажилтны цаг ашиглалтын тооцоог сар бүр тулган санхүүд өгнө. Сар улирлын цаг ашиглалт, хоцрогдлыг ажлын нэг өдрийн ажил тасалснаар тооцож хариуцлага тооцно гэж заасныг зөрчсөн байдаг. БГЭМТийн зүгээс дээрх зөрчлүүдтэй нь холбоотойгоор 2023-05-05-ны өдөр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 18 дугаар зүйлийн 18.5.3, 19 дүгээр зүйлийн 19.2, 29 дүгээр зүйлийн 29.2. 29.2.3, 29.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, 123.3, 123.7, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.6.6, 3 дугаар зүйлийн 3.13, 5 дугаар зүйлийн 5.14, 13 дугаар зүйлийн 13.7.3, хөдөлмөрийн гэрээний 6.1.6, 6.1.7, 9.7.3, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023-03-17-ны өдрийн *** дугаартай чиглэлийг үндэслэн Ц.Т тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, 2023-05-05-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн. Иймд Ц.Т нь Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч даргын албан тушаалд ажиллаж байхдаа ажилдаа цагтаа ирэхгүй, ирэх болон тарах цагаа бүртгүүлэхгүй, ажлаас гадуур явахдаа удирдлагаас албан ёсны зөвшөөрөл, чөлөө авдаггүй, 1 сард 5 хоног ажил тасалсан, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, үндсэн ажил олгогчдоо мэдэгдэлгүйгээр өөрөө хяналт шалгалт хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах ёстой өрхийн эрүүл мэндийн төвдөө зөвлөх эмчээр ажилласан, эцсийн өмчлөгчөөр нь бүртгүүлсэн өрхийн ЭМТ-ийн хөө үйл ажиллагаанд хяналт тавьж ирсэн зэрэг зөрчлүүдийг удаа дараа, үргэлжлүүлэн гаргасантай холбоотойгоор ажлаас чөлөөлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс Нийслэлийн БГЭМТ-ийн даргын 2023.05.05-ны өдрийн *** тоот Ц.Т ийг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал,2023.04.04-ний өдрийн сургалтын хөтөлбөр, сургалтын бүртгэлийн хуудас, сургалтад оролцогчдын зураг, e-hospital.mn-ээс эмчийн үзлэгийн тэмдэглэл, Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023.11.15-ны өдрийн ***, *** тоот шүүхэд гаргасан тодорхойлолт, Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023.04.19-ний өдрийн ***,*** тоот тодорхойлолт, 2023.03.28-ны өдрийн Дархлаажуулалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хяналт сэдэвт сургалт, уулзалтын удирдамж, 2023.04.27-ны өдрийн Хүний хөгжил, нийгмийн хөгжил сэдэвт өдөрлөгийн зураг, 2023.04.28-ны өдрийн Эрүүл монгол хүн үндэсний чуулганы үнэмлэх, 2023.04.28-ны өдрийн Эрүүл монгол хүн үндэсний чуулганы хөтөлбөр, Ц.Т ийн Хас банк дахь *** тоот дансны 2023.*** .*** -2023.10.26-ны өдрийг хүртэлх хуулга, төрийн албаны цалингийн нэгдсэн системийн цалингийн мэдээлэл, 2023.11.20-ны өдрийн А.ч ӨЭМТ-ийн тодорхойлолт, БГЭМТийн Өрхийн эрүүл мэндийн төв хариуцсан менежер Б.Э-ийн 2023.11.20-ны өдрийн тодорхойлолт, Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны Баянгол дүүргийн салбар зөвлөлийн дарга Ж.М-ийн 2023.11.20-ны өдрийн тодорхойлолт, Өрхийн ЭМТ-ийн Хүн амын эрүүл мэндийн хяналтыг сайжруулах гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн хуудас, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023.06.12-ны өдрийн *** тоот худалдааны тэмдэглэл, 2021.03.*** -ний өдрийн *** тоот зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх гэрээ, А.ч өрхийн эмнэлгийн нийгмийн даатгалын 2021.03-2023.05, 2023.08-2023.10 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим хэлбэрээр мэдүүлсэн тухай баталгааны маягтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн БГЭМТ-ийн даргын 2021.03.*** -ний өдрийн *** тоот Ц.Т ийг ажилд авах тухай тушаал, Нийслэлийн БГЭМТ-ийн даргын 2023.03.28-ны өдрийн *** тоот ажлын хэсэг байгуулах тухай тушаал, хавсралт, 2023.04.03-ны өдрийн *** тоот ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, 2023.04.06-ны өдрийн 02 тоот ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, 2023.04.06-ны өдрийн ШҮҮР ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлын илтгэх хуудас, 2023.04.06-ны өдрийн мэдэгдэл, 2023.04.12-ны өдрийн Ажлын хэсгээс мэдэгдэл танилцуулсан тухай илтгэх хуудас, Нийслэлийн БГЭМТ-ийн даргын 2022.*** .03-ны өдрийн *** тоот байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг шинэчлэх тухай тушаал, БГЭМТ-ийн Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний загвар, чөлөөлөгдсөн болон халагдсан албан хаагчийн тойрох хуудас, 2022.05.12-ны өдрийн Ц.Т тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Ц.Т ийн албан тушаалын тодорхойлолт, опендата системээс авсан А.ч өрхийн ЭМТ-ийн улсын бүртгэлийн мэдээлэл зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр А.ч өрхийн ЭМТ-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ц.Т ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, цаг бүртгэлийн файлд үзлэг хийсэн тэмдэглэл, Хил хамгаалах ерөнхий газрын Ц.Т ийн 2023 оны 4 сард хилээр гарсан орсон бүртгэлийн лавлагаа, Текстрим ХХК-иас 2023.04 сарын цаг бүртгэлийн дэлгэрэнгүй тайлан, А.ч ӨЭМТ-ийн 2021.03.*** -ний өдрийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023.03.17-ны өдрийн *** дугаар албан бичгийг, нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.Т ийн вайбер аппликэйшний зурвас, цахим шуудангаар ирсэн цалингийн мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Б.Г гэрчээр асуусан тэмдэглэл зэргийг цуглуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч БГЭМТд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргаж, дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2.1. Миний бие Ц.Т 2021 оны 3 дугаар сараас БГЭМТд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч даргаар томилогдон ажилласан. Түүнээс өмнө би А.ч ӨЭМТ-ийн даргаар ажиллаж байсан. БГЭМТийн дарга З.Б 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн *** тоот тушаалаар намайг БГЭМТийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч даргын ажлаас хууль бусаар чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчлөө. Нийслэлийн БГЭМТийн дарга нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил үүсээгүй, ноцтой зөрчил гаргаагүй байхад улс төрийн шалтгаанаар зохиомлоор баримт бүрдүүлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосонд гомдолтой байна. Тухайлбал, миний зэрэгцсэн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа буюу А.ч ӨЭМТ-д зөвлөхөөр ажилладгийг мэдсээр байж ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон байна. Миний бие ЭМТ-ийн дарга З.Б т А.ч ӨЭМТ-д зөвлөхөөр ажилладгаа удаа дараа мэдэгдэж байсан ба миний хөдөлмөрийн гэрээнд зэрэгцсэн хөдөлмөрийн харилцааг хориглоогүй байсаар байтал ноцтой зөрчил гаргасан мэтээр гүтгэж хууль бус тушаал гаргасан байна. Мөн ЭМТ-ийн даргын *** тоот тушаалын үндэслэлд ажлын ирцтэй холбоотой албан ёсны чөлөө аваагүй, ажлын хоцролт их, ажил тасалсан гэж заасан нь бодит байдалд нийцэхгүй, зохиомлоор баримт бүрдүүлсэн гэж үзэж байна. Миний бие 2020 оны орон нутгийн сонгуулиар Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон ба 2020 оноос Баянгол дүүргийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны даргаар ажиллаж байгаа бөгөөд ИТХ-ын ээлжит болон ээлжит бус хуралдаан, Нийгмийн бодлогын хорооны хурал, дүүргийн ИТХ дахь Эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал хуралдах бүрт, мөн гадаад томилолт болон дотоодын сургалтад хамрагдах бүрт амаар болон бичгээр хүсэлт гарган чөлөө мэдүүлж байсан бөгөөд хууль бус тушаалд ажлын 5 хоног тасалсан гэж дурьдсан өдрүүдэд албан ёсоор акт авч биеэ эмчлүүлсэн байсан болно. иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй дараах үндэслэлээр маргав. Үүнд: Ц.Т нь Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч даргын албан тушаалд ажиллаж байхдаа ажилдаа цагтаа ирэхгүй, ирэх болон тарах цагаа бүртгүүлэхгүй, ажлаас гадуур явахдаа удирдлагаас албан ёсны зөвшөөрөл, чөлөө авдаггүй, 1 сард 5 хоног ажил тасалсан, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, үндсэн ажил олгогчдоо мэдэгдэлгүйгээр өөрөө хяналт шалгалт хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах ёстой өрхийн эрүүл мэндийн төвдөө зөвлөх эмчээр ажилласан, эцсийн өмчлөгчөөр нь бүртгүүлсэн өрхийн ЭМТ-ийн хөө үйл ажиллагаанд хяналт тавьж ирсэн зэрэг зөрчлүүдийг удаа дараа, үргэлжлүүлэн гаргасантай холбоотойгоор ажлаас чөлөөлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар Нийслэлийн БГЭМТийн даргын 2023.05.05-ны өдрийн *** тоот Ц.Т ийг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, 2023.04.04-ний өдрийн сургалтын хөтөлбөр, сургалтын бүртгэлийн хуудас, сургалтад оролцогчдын зураг, e-hospital.mn-ээс эмчийн үзлэгийн тэмдэглэл, Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023.11.15-ны өдрийн ***, *** тоот шүүхэд гаргасан тодорхойлолт, Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023.04.19-ний өдрийн ***,*** тоот тодорхойлолт, 2023.03.28-ны өдрийн Дархлаажуулалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хяналт сэдэвт сургалт, уулзалтын удирдамж, 2023.04.27-ны өдрийн Хүний хөгжил, нийгмийн хөгжил сэдэвт өдөрлөгийн зураг, 2023.04.28-ны өдрийн Эрүүл монгол хүн үндэсний чуулганы үнэмлэх, 2023.04.28-ны өдрийн Эрүүл монгол хүн үндэсний чуулганы хөтөлбөр, Ц.Т ийн Хас банк дахь *** тоот дансны 2023.*** .*** -2023.10.26-ны өдрийг хүртэлх хуулга, төрийн албаны цалингийн нэгдсэн системийн цалингийн мэдээлэл, 2023.11.20-ны өдрийн А.ч ӨЭМТ-ийн тодорхойлолт, БГЭМТ-ийн Өрхийн эрүүл мэндийн төв хариуцсан менежер Б.Э-ийн 2023.11.20-ны өдрийн тодорхойлолт, Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны Баянгол дүүргийн салбар зөвлөлийн дарга Ж.М-ийн 2023.11.20-ны өдрийн тодорхойлолт, Өрхийн ЭМТ-ийн Хүн амын эрүүл мэндийн хяналтыг сайжруулах гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн хуудас, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023.06.12-ны өдрийн *** тоот худалдааны тэмдэглэл, 2021.03.*** -ний өдрийн *** тоот зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх гэрээ, А.ч өрхийн эмнэлгийн нийгмийн даатгалын 2021.03-2023.05, 2023.08-2023.10 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим хэлбэрээр мэдүүлсэн тухай баталгааны маягт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн БГЭМТийн даргын 2021.03.*** -ний өдрийн *** тоот Ц.Т ийг ажилд авах тухай тушаал, Нийслэлийн БГЭМТийн даргын 2023.03.28-ны өдрийн *** тоот ажлын хэсэг байгуулах тухай тушаал, хавсралт, 2023.04.03-ны өдрийн *** тоот ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, 2023.04.06-ны өдрийн 02 тоот ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, 2023.04.06-ны өдрийн ШҮҮР ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлын илтгэх хуудас, 2023.04.06-ны өдрийн мэдэгдэл, 2023.04.12-ны өдрийн Ажлын хэсгээс мэдэгдэл танилцуулсан тухай илтгэх хуудас, Нийслэлийн БГЭМТийн даргын 2022.*** .03-ны өдрийн *** тоот байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг шинэчлэх тухай тушаал, БГЭМТийн Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний загвар, чөлөөлөгдсөн болон халагдсан албан хаагчийн тойрох хуудас, 2022.05.12-ны өдрийн Ц.Т тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Ц.Т ийн албан тушаалын тодорхойлолт, опендата системээс авсан А.ч өрхийн ЭМТ-ийн улсын бүртгэлийн мэдээлэл, А.ч өрхийн ЭМТ-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ц.Т ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, цаг бүртгэлийн файлд үзлэг хийсэн тэмдэглэл, Хил хамгаалах ерөнхий газрын Ц.Т ийн 2023 оны 4 сард хилээр гарсан орсон бүртгэлийн лавлагаа, Текстрим ХХК-иас 2023.04 сарын цаг бүртгэлийн дэлгэрэнгүй тайлан, А.ч ӨЭМТ-ийн 2021.03.*** -ний өдрийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023.03.17-ны өдрийн *** дугаар албан бичиг, Ц.Т ийн вайбер аппликэйшний зурвас, цахим шуудангаар ирсэн цалингийн мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Б.Г гэрчээр асуусан тэмдэглэл, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Нийслэлийн БГЭМТийн даргын 2021 оны 3 дугаар сарын *** -ний өдрийн *** дугаар тушаалаар Ц.Т ийг Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч даргаар томилж, БГЭМТийн даргын 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар тушаалаар давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалт, хориглолтыг удаа дараа зөрчсөөр ирсэн нь хяналт шалгалтаар илэрсэн, ажилдаа ирэх, тарах цагаа бүртгүүлэхгүй, ажлаас гадуур явахдаа байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох албан ёсны чөлөөг аваагүй, ажлын цагийн хоцрогдол удаа дараа гаргаж, 2023 оны 4 дүгээр сард ажлын 5 хоног тасалсан нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан хөдөлмөр эрхлэлтийг харилцааг шууд цуцлахаар заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс тасалбар болгон ажлаас чөлөөлжээ.

6. Нэхэмжлэгч Ц.Т нь дээрх ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил үүсээгүй, ноцтой зөрчил гаргаагүй байхад улс төрийн шалтгаанаар зохиомлоор баримт бүрдүүлсэн, зэрэгцсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг мэдсээр байж ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон, миний хөдөлмөрийн гэрээнд зэрэгцсэн хөдөлмөрийн харилцааг хориглоогүй, ирцтэй холбоотой албан ёсны чөлөө аваагүй, ажлын хоцролт их, ажил тасалсан гэж заасан нь бодит байдалд нийцэхгүй, 2020 оноос Баянгол дүүргийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны даргаар ажиллаж байгаа бөгөөд ИТХ-ын ээлжит болон ээлжит бус хуралдаан, Нийгмийн бодлогын хорооны хурал, дүүргийн ИТХ дахь Эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал хуралдах бүрт, мөн гадаад томилолт болон дотоодын сургалтад хамрагдах бүрт амаар болон бичгээр хүсэлт гарган чөлөө мэдүүлж байсан, ажил огт тасалж байгаагүй, ажлын 5 хоног тасалсан гэж дурьдсан өдрүүдэд албан ёсоор акт авч биеэ эмчлүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж маргасан.

7. Харин хариуцагчаас нь нэхэмжлэгчийг давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалт, хориглолтыг удаа дараа зөрчсөөр ирсэн нь хяналт шалгалтаар илэрсэн, ажилдаа ирэх, тарах цагаа бүртгүүлэхгүй, ажлаас гадуур явахдаа байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох албан ёсны чөлөөг аваагүй, ажлын цагийн хоцрогдол удаа дараа гаргаж, 2023 оны 4 дүгээр сард ажлын 5 хоног тасалсан нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан хөдөлмөр эрхлэлтийг харилцааг шууд цуцлахаар заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул ажлаас халсан нь үндэслэлтэй гэж маргаж байна.

8. Нэхэмжлэгч Ц.Т нь А.ч Өрхийн ЭМТ-ийн даргаар ажиллаж байгаад 2021.03.*** -ний өдрөөс эхлэн Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх гэрээгээр зөвлөх эмчээр ажиллаж байсан болох нь дээрх гэрээ, А.ч ӨЭМТ-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, Ц.Т ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

9. Хариуцагч нь дээрх хөдөлмөр эрхлэлтийг өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд өрхийн ЭМТ-ийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй атлаа ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр, өөрөө эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн, хувьцааг нь хамтран эзэмшдэг эмнэлэгт давхар ажил эрхэлж, цалин хөлс авсаар ирсэн нь давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтыг, мөн өөрийн нэгдмэл сонирхолтой уг этгээдтэй ашгийн төлөө үйл ажиллагааг дуусгавар болгоогүй атлаа мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах, үйл ажиллагаанд нь хяналт, шалгалт дүгнэлт хийх зэргээр албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолтыг удаа дараа, үргэлжлүүлэн зөрчсөн нь хяналт шалгалтаар илэрсэн буюу ШҮҮР ажиллагааны хөтөлбөрийн 9-д заасан Нийтийн албан тушаалтны удирдах болон харъяалах, зохицуулалтад шууд хамаарах салбарт түүний хамаарал бүхий этгээд ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулдаг, энэ байдал нь давуу байдал үүсгэхүйц нөхцөл үүсгэсэн этгээд гэсэн зөрчил гаргасан гэж тайлбарлав.

10. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн давхар хөдөлмөр эрхлэлтийг Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т заасан ажил олгогчоос зөвшөөрөл авах харилцаа байхад ажил олгогчид мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй гэжээ.

11. Нэхэмжлэгчийн зэрэгцсэн хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт заасан зөвшөөрөл авах ажлын байр биш байх ба харин Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй гэж заасан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох ажилд хамаарч байх тул ажил олгогчийн давхар хөдөлмөр эрхлэлтийн хязгаарлалт, хориглолтыг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна.

12. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.7.3-т Хүндэтгэн үзэх шалтгаангүй дараалсан 3 өдөр, тухайн сард хоцорсон буюу тасалсан цагийн нийлбэр дүн нь ажлын 5 хоног буюу 40 цаг ажил тасалсан, жижүүр буюу ээлжийн гарааны хуваарийг дур мэдэн сольсон, удирдлагад мэдэгдэлгүй хуваарь өөрчилсөн бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан ноцтой зөрчилд хамруулахаар заажээ.

13. Нэхэмжлэгч ажлаа таслаагүй, тухайн үед чөлөө авсан, гадуур ажилтай талаар тэмдэглэл үйлдсэн, шалтгаанаа ажил олгогчдоо мэдэгдсэн гэх боловч эмнэлгийн магадлагаатай байснаа ажил олгогчид мэдэгдсэн болохоос дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлаар эзгүй байсан, энэ ажлаар чөлөө авсан болохоо хангалттай нотлоогүй гэж үзлээ.

14. Учир нь Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тодорхойлолтыг гаргаж өгсөн боловч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.20.2-т Ажлын 1 өдөр хүртэлх хугацааны чөлөөг ажилтны өргөдлөөр албаны дарга, тасгийн эрхлэгч, ажлын 2 ба түүнээс дээш өдрийн чөлөөг ажилтны өргөдлөөр даргын тушаалаар олгоно гэж заасан бөгөөд чөлөө авах талаар өргөдөл гаргасан болохоо баримтаар нотлоогүй.

15. Нэхэмжлэгч нь 2023 оны 4 сард эмнэлгийн магадлагаатай байсан нь баримтаар тогтоогдсон ба 4 сарын 13, 17, 18, 24, 25, 26-ны өдрүүдэд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажилтай байсан хэдий ч ажил олгогчид энэ талаар өргөдөл гаргаж, мэдэгдэж, албан ёсоор чөлөө аваагүй байна.

16. Эдгээр өдрүүдэд үндсэн ажлаа хийгээгүй талаар нэхэмжлэгч маргаагүй, 4 сарын цалин бодсон мэдээллээс үзэхэд ажлын 20 өдөр ажиллахаас ажлын 12 өдөр ажиллаж, цалин авсан, өвчтэй байсан 2023 оны 4 дүгээр сарын 7-ноос 5 хоногийн магадлагаатай байсан хугацааг хасвал ажлын 6 өдөр гадуур ажилласан бөгөөд энэ талаар мэдэгдээгүй тул ажил тасалсан гэж үзэх үндэслэлтэй.

17. Нэгэнт ажилтан нь хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцохоор тухайлан заасан зөрчил гаргасан байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөлөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

18. Иймд нэхэмжлэгчийн гаргасан БГЭМТд холбогдох, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

19. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх заалтыг баримтлан БГЭМТд холбогдох, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Ц.Т ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ