| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/01308/И |
| Дугаар | 102/ШШ2024/01700 |
| Огноо | 2024-04-02 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2024/01700
| 2024 оны 04 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2024/01700 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, *дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө -*, * давхарт байрлах, *, *,
Хариуцагч:Баянгол дүүрэг, * дугаар хороо, *, * дүгээр байрны * тоотод оршин суух, * **
Нэхэмжлэлийн шаардлага:906 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагч * шүүх хуралдааны нарийн бичгийн дарга * нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
* нь хариуцагч *906 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
* болон * нар нь Иргэний хуулийн 431.1-т заасныг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1 жилийн хугацаатайгаар * тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, даатгуулагч * нь 1,510,000 төгрөгийн даатгалын хураамжийг даатгагчид төлөхөөр тохиролцож, эрсдэлээ даатгуулсан.Гэрээний хугацаанд 1 удаа нийт 500,000 төгрөгийн нөхөн төлбөр авч байсан.Гэтэл 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 604 000 төгрөгийн даатгалын хураамжийг төлсөн боловч үлдэгдэл 906 000 төгрөгийн даатгалын хураамжийг төлөөгүй байна.Иймд *аас Иргэний хуулийн 431.1, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасны дагуу даатгалын гэрээний хураамжийн төлбөрийн үлдэгдэл 906 000 төгрөгийг гаргуулж өгнө үү, даатгуулагч даатгалын хуваарьт хураамжийг төлөөгүй шалтгаанаар гэрээ 2020 оны 11 сарын 26-ны өдөр цуцлагдсан гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Би * машин лизингээр аваад, *-тай даатгалын гэрээ байгуулж байсан, би 2018, 2019, 2020 онуудад даатгалын хураамжаа төлсөн байгаа. Жилд ойролцоогоор 1,500,000 төгрөг орчим төлбөр төлдөг, 2020 онд би 604,000 төгрөг төлсөн байна.Гэтэл 604,000 төгрөг төлөөд явж байтал машин руу чулуу үсрээд шил нь цуурсан, тэгэхэд нэлээн юм болж байж сар орчмын дараа 500,000 орчим төгрөг өгч байсан.Бодит зах зээлийн үнэ нь 2,000,000 гаран төгрөг болж байсан.Тухайн үед би *-д гэрээгээ цуцаллаа гэдгээ хэлсэн, хохирол учрахад сэтгэлд хүртэл үйлчилж чаддаггүй, маш бага үнэлгээ өгдөг, 2020 онд надад 500,000 төгрөгийн нөхөн төлбөр өгсөн, түүнийгээ авах гээд байгаа бол би *-д 600,000 төгрөг төлсөн, ямар ч хохиролгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, даатгалын хураамж хуваан төлөх баримт, Хаан банкны шилжүүлгийн баримт, ерөнхий журналын тайланг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Хариуцагчтай 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1 жилийн хугацаатай, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, даатгуулагч 1 510 000 төгрөгийн даатгалын хураамжийг даатгагчид төлөхөөс 604 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 906 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Би даатгалын хураамжид 2020 онд 604,000 төгрөг төлсөн, 2020 оны 8 сард болсон даатгалын тохиолдолд 500 000 төгрөг аваад гэрээгээ цуцалсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, даатгалын хураамж хуваан төлөх баримт, Хаан банкны шилжүүлгийн баримт, ерөнхий журналын тайлан, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчдын хооронд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр даатгалын гэрээ байгуулагдсан байна.
Даатгалын хураамжийн үлдэгдэл мөнгийг даатгуулагчаар төлүүлэх тухай үйл баримтад маргаж байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т зааснаар даатгалын гэрээний харилцаа үүссэн байна.
Талуудын хооронд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1 жилийн хугацаатай, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, даатгуулагч 1 510 000 төгрөгийн даатгалын хураамж төлөх үүргээс 604 000 төгрөг төлж, үлдэгдэл 906 000 төгрөгийг төлөөгүй байна.
Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.1-т Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй бол даатгагч хураамж төлөх 15 хоногийн нэмэлт хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацааг дахин хэтрүүлбэл үүсэх үр дагаврыг даатгагч бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ гэж зааснаар нэхэмжлэгч байгууллага нь даатгуулагчид мэдэгдсэн баримтгүй байна.
Дээрх даатгалын гэрээний хугацаа нь 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дуусах байтал, 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр цуцлагдсан гэх талуудын тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 434 дүгээр зүйлийн 434.2.5-д зааснаар талууд тохиролцож гэрээг цуцалсан байна.
Иймд зохигчдын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний үүргийн харилцаа нь 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болсон байна.
Зөвхөн даатгуулагч нь даатгалын хураамжийг төлөөгүй шалтгаанаар даатгалын гэрээ 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр цуцлагдсан гэх нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар баримтаар нотлогдоогүй байна.
Нөгөө талаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг ба зохигчдын хооронд гэрээний харилцаа үүссэн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр болон гэрээ цуцлагдсан 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс тоолоход гэрээний үүргийн биелэлтийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх бөгөөд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх баримтгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр *-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч *аас 906 000 /есөн зуун зургаан мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН