Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/97

 

 

 

 

 

Н.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

                        Прокурор Э.Уранчимэг

                        Хохирогчийн өмгөөлөгч С.Сувдмаа

                        Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч А.Мөнхтулга, М.Мэндсүрэн

                        Нарийн бичгийн дарга Г.Жаргалболд нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/349 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч Төв аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Нямтайвангийн бичсэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаар дээд шатны прокурорын эсэргүүцлээр Н.Бд холбогдох эрүүгийн 1934003820420 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн,

 

Н.Б нь Төв аймгийн Баянжаргалан сум, Эрдэнэ 3 дугаар багийн нутагт 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Л.Отгонбаттай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934003820420 дугаартай хэргийг эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Бг цагаатгаж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.Б нь 14 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг DVD-ийг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Л.Отгонбатад буцаан олгож, Л.Отгонбатын 1.389.247 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Төв аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Нямтайвангийн бичсэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаар дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: Шүүх Н.Бд холбогдох хэргийг эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Бг цагаатган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь шүүгдэгч Н.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Отгонбатын “...тэгээд би явах гээд мотоцикль дээрээ суугаад явах гэтэл Н.Б гүйж ирээд миний нармайн дундуур нэг удаа гараараа цохисон тэгээд миний хамарнаас цус гарсан байх...” гэх,

 

Гэрч Б.Батжаргалын “...2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр аавынхаа гэр малыг нүүлгээд орой болсон учир Л.Отгонбатын гэрийн ойролцоо хоноглохоор зогсож байхад Л.Отгонбат мотоцикльтой ганцаараа ирээд манай хаваржааны малын өвс идүүлчихлээ энд буулгахгүй гэхэд энүүгээр өнгөрөх нь миний асуудал газар орон гээд хэрэлдэж байсан. Л.Отгонбат ах аавыг та нар цусанд дуртай гэхэд аав уурлаад нүүр рүү нь цохиод аавыг заамдаж авахад дахиад цохь гээд дайраад байсан...” гэх,

 

Шүүгдэгч Н.Бгийн гэрчээр өгсөн “...Л.Отгонбатын хаваржааны хажууханд хоноглохоор байж байхад Л.Отгонбат мотоцикльтой хүрч ирээд чи хаваржаан дээр мэдсээр байж хүрч ирээд буулаа гэхээр нь би хоноглочхоод маргааш нүүнэ, орой болсон болохоор буух газраа очиж амжихгүй байна гэсэн тэгэхэд Л.Отгонбат нь та муусайнуудыг алаад өгнөө гээд мотоциклоосоо бууж ирсэн тэгээд Л.Отгонбат намайг танайхан цусанд дуртай улс даа гэж хэлэхээр нь уур хүрээд шанаа руу нь гараараа цохисон...” гэх,

 

Гэрч Б.Батбаатарын “...би тухайн үед хонио туугаад нүүгээд явж байсан маргаан эхлэх үед би байгаагүй, 2 хонины талд явж байсан тэгсэн суваа хонины баруун хойд талаас мотоцикльтой хүн гарч ирээд ээжтэй уулзаж байсан, хоорондоо маргалдаад л байсан. Аав тухайн мотоциклийн хажууд М.Баяржавхлан гэх хүнтэй сууж байсан. Аав уурлаад түрүүлж цохисон...” гэх,

 

Гэрч М.Баяржавхлангийн "...би 2019 оны 05 дугаар сарын үед байх айл нүүж байсан тухайн нүүж байгаа айлд очиход Н.Б гэх айлынх байсан ба төд удалгүй нутгийн иргэн Л.Отгонбат гэх хүн ирсэн. Ирээд Н.Б, Л.Отгонбат хоёр мэнд усаа мэдээд Л.Отгонбат нь Н.Бд та жаахан цаагуур нүүхгүй яасан юм бэ гээд хэлтэл Н.Б ах Л.Отгонбатад хандан энэ нутаг дэвсгэрээр явахад чам шиг “п...”-гаар заалгахгүй, чам шиг бацааныг алаад өгье гэж хэлэхэд Л.Отгонбат танайх цусанд дуртай даа гэж хэлсэн тэгээд тэр хоёр хоорондоо барьцалдаж муудалцаж зодолдсон. Тэр үед Л.Отгонбат Н.Б гэх хүнийг зодож, цохиогүй би салгах гэтэл миний нуруу татчихаад би салгаж дийлээгүй. Тэгээд хоорондоо зодолдож байгаад хэрэлдээд л салцгаасан. Н.Б нь Л.Отгонбатыг хоёр гараараа цохиж байгаа харагдсан. Харин ямар гэмтэл яаж учирсан талаар би мэдэхгүй, харин Л.Отгонбат ах сүүлд шүд хугарчихлаа гээд шүлсээ хаяж байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар Н.Б нь Төв аймгийн Баянжаргалан сум, Эрдэнэ 3 дугаар багийн нутагт 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Л.Отгонбатыг зодсон гэх үйл баримт нотлогдон тогтоогдсон.

 

Харин хэрэгт авагдсан шинжээчийн 306, 562, 900 дугаартай дүгнэлтүүд эрс зөрүүтэй ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулж хэргийг шийдвэрлэх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг үнэн зөв тогтооход ач холбогдолтой байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Уранчимэг гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг бүрэн гүйцэд тогтоож чадалгүйгээр Н.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй байгаа тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

 

            Хохирогч Л.Отгонбатын өмгөөлөгч С.Сувдмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Энэ хэрэг анхан шатны шүүхээр 3 удаа шийдвэрлэгдсэн байгаа. Хэрэгт авагдсан байгаа шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй байгааг анхаарч үзнэ үү. Н.Б өөрөө гэм буруу зүйл ангиа хүлээн зөвшөөрч байхад шүүхээс түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хэрэгт дахин шинжээч томилуулахаар нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

 

            Шүүгдэгч Н.Бгийн өмгөөлөгч А.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Н.Б нь хохирогч гэх Л.Отгонбатыг нэг удаа цохисон гэдгээ хүлээн зөвшөөрдөг ба уг үйлдэлдээ маргахгүй байгаа. Прокурор энэ хэргийг нийт 2 жил 5 сар шалгасан атлаа шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслээд хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхээр нь хэргээ буцаан авч дахин шинжээч томилуулахаар буцааж өгнө үү гэх дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

 

Шүүгдэгч Н.Бгийн өмгөөлөгч М.Мэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Одоо шинжээч томилуулан юу тогтоолгох гээд байгаа нь тодорхой бус байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалт, прокурор, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасан, хязгаарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Бгийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэж, түүнийг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Л.Отгонбатын нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийн үйл баримт тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Отгонбатын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоох зорилгоор Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 306 дугаар “...Л.Отгонбатын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх[1]

 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 562 дугаар “...Л.Отгонбатын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд тогтоогдлоо, ...дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх[2],

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн 900 дугаар “...Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 562 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна, 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 562 дугаартай дүгнэлтийн 1-р хариултад тусгагдсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн гавал тархины КТГ-р хуучин гэж тодорхойлогдсон байна, иймд дээрх гэмтлийг цаг хугацааны хувьд хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна...”[3] гэх 3 удаагийн шинжээчийн дүгнэлтүүд гарч хэрэгт авагдсан байдаг.

 

Анхан шатны шүүх шинжээчийн 562, 900 дугаартай дүгнэлтүүд нь хэрэг учрал болсноос хойш 1 сар орчмын дараа Л.Отгонбатын эмнэлгийн байгууллагад үзүүлсэн баримтууд болон хэргийн материалд үндэслэн хөнгөн хохирол учирсан гэж гарсан тул эдгээрийг шүүхээс үнэлж Л.Отгонбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх боломжгүй,

 

Харин шинжээчийн 306 дугаар дүгнэлт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж гарсан хэдий ч, уг дүгнэлт нь Л.Отгонбатын өөрийнх нь биед үзлэг хийж, тухайн хэрэг учрал болсноос хойш 8 хоногийн дараа гарсан, тухайн хэрэг учрал болсон гэх өдрийн маргааш буюу 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр түүний биед түргэн тусламжийн дуудлагаар очин үзлэг хийсэн эмч Д.Мөнхтуяагийн үзлэгийн тэмдэглэл, түүний шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг зэрэгтэй нийцсэн тул Л.Отгонбатын эрүүл мэндэд тухайн үед хөнгөн хохирол учирсан эсэх нь эргэлзээтэй байдлыг бий болгож байна хэмээн дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмын дагуу Н.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатган шийдвэрлэсэн нь зөв байна.    

 

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “...ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан...” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар тодорхойлсон.

 

Өөрөөр хэлбэл, гэмтлийн хөнгөн зэрэг нь эрүүл мэндийг 28 хүртэл хоногийн хугацаагаар түр сарниулах шинжтэй болохыг “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4-т заажээ.

 

Хэрэгт Н.Б нь Л.Отгонбатын нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон талаарх баримт авагдсан хэдий ч уг үйлдлийнх нь улмаас хохирогчийн эрүүл мэнд түр буюу 28 хоногийн хугацаагаар сарнисан, эсхүл ерөнхий хөдөлмөрийн чадвараа түр алдсаныг нотлох баримт хэрэгт авагдаагүй ба, харин тухайн үйл баримтаас хойш 4 долоо хоног өнгөрсний дараагаар хохирогч нь Л.Отгонбат нь эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэн толгойн КТГ зураг авхуулан эмчилгээ хийлгэсэн гэх бусад баримтууд хэргийн материалд авагдсан байгаа хэдий ч эдгээр нь тухайн хэрэгт хамааралгүй, түүнийг үндэслэн Н.Бг Л.Отгонбатын биед хөнгөн хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн боломжгүй юм.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт бүрийг хооронд нь харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, тэдгээрийн агуулга нь хэргийн бодит байдалтай хэрхэн нийцэж байгаа эсэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянан цагаатгах тогтоол гарган шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заах, шинжээчийн хэд хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэхээр заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд тус тус заасантай нийцжээ.

 

Төв аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Нямтайван хэрэгт авагдсан 306, 562, 900 дугаартай дүгнэлтүүд нь хоорондоо эрс зөрүүтэй тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэрэгт дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг, гэмт  хэргийн улмаас учирсан хохирлыг зөв тогтооход ач холбогдолтой гэж дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн ба давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Э.Уранчимэг дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү хэмээн дүгнэлт гаргасан.

 

Дээд шатны прокурорын эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтдээ цагаатган тогтоолыг хүчингүй болгуулан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалган дахин шинжээч томилсноор хэргийн ямар нөхцөл байдлыг нөхөн тогтоох, өөрөөр хэлбэл шинжээчээс юуг тодруулах талаар үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт гаргаж чадаагүй байна.

 

Харин тусгай мэдлэгийн хүрээнд хийгдэн 2 дугаар хавтаст хэргийн 15-17 дугаар талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 900 дугаар 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтийн “Дүгнэлт” хэсгийн 2.3-т “...дээрх гэмтлийг цаг хугацааны хувьд хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэсэн байх тул цаашид хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх шаардлагагүй, хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалган тогтоожээ.

 

Иймд Төв аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Нямтайван бичсэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд[4] “...Даргалагчаас: Шийтгэврийн тогтоох хэсгийг танилцуулав...” гэж бичиг, техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/349 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Төв аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Нямтайвангийн бичсэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаар дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ        

 

 

                   ШҮҮГЧИД                                                  Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                                       М.МӨНХДАВАА

 

[1] хх-ийн 1-р хавтас 37-р тал

[2] хх-ийн 1-р хавтас 41-42-р тал

[3] хх-ийн 2-р хавтас 15-17-р тал

[4] хх-ийн 2-р хавтас 161-р тал