Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 452

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

улсын яллагч Х.Н,

хохирогч Б.З,

шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.А холбогдох эрүүгийн 1706 0018 90009 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 0-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эмэгтэй, халх, боловсролтой, мэргэжилтэй, дүүрэг, дугаар хороо, байрны жижүүр ажилтай, дүүрэг, дугаар хороо, хороолол, оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, С.А, /РД: /,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч С.А нь Г.Г бүлэглэн иргэн Б.З гээгдүүлсэн Хаан банкны виза картыг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд ашиглан Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хур нэртэй хүнсний дэлгүүрээс 28 удаагийн үйлдлээр 682.035 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авч хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 06 дугаар сард хажуу орцны Ганцэцэг карт оллоо гэхээр нь чи яаж байгаа юм бэ уншуулбал код нэхнэ гэж хэлсэн. Гэтэл зүгээр үзье гэсэн тул бид “Хур” дэлгүүр рүү ороод уншуулахад код нэхээгүй тул 1 ширхэг тамхи авсан. Гараад яагаад код нэхэхгүй байгаа юм бол гэж хоорондоо ярьсан. Хоёулаа өрөнд орох байх гэж би сэрэмжлүүлэхэд цалингаасаа авсан мөнгөө төлчихье гэж Г хэлсэн. Би гэмшиж байгаа бөгөөд Б.З уучлалт гуйж байна. Ингэж хэрэгт холбогдож, шүүхэд ирнэ гэж бодоогүй. Буруугаа ойлгож байна. Хэд хоногийн өмнө би бас карт олсон бөгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэж өгсөн. Цэвэрлэгээ хийхдээ янз бүрийн эд зүйл олдог. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Чингэлтэй дэлгүүрийн цагдаа “Хур” дэлгүүрийн худалдагчтай ирээд намайг байцаасан тул би хэд хоногийн дараа мөнгөө төлөх гээд очиход мөнгө авахгүй, Баянзүрх дүүргийн цагдаа руу шилжүүлнэ, тэнд очоод төл гэсэн. Тэгээд өнөөдрийг хүртэл мөнгөө төлж чадаагүй. Өнөөдөр л хохирогчийг харж байна. Хохирогчийг хохиролгүй болгохын тулд цалин болон халамжийн мөнгөө аваад хохирлоо барагдуулна гэж бодож байна. Прокурор 680.000 төгрөгийг хуваагаад 340.000 төгрөгөөр төл гэсэн гэв.

Хохирогч Б.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би онлайнаар дансны хуулгаа үзэхэд олон удаагийн давтамжтай мөнгө гарсан байсан. “Хаан банк”-ны картыг байнга ашигладаггүй тул ээжээсээ утсаар асуухад карт хадгалдаг газар байхгүй байсан тул “Хаан банк” руу ярьж хаалгасан. Машин эсхүл ажлын шүүгээнд карт байдаг бөгөөд би хаана, хэзээ алга болгосон гэдгээ санахгүй байна гэв.

Хохирогч Б.Золбадралын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын үед миний Хаан банкны карт надад байсан. Би картаа нэг их ашигладаггүй болохоор нэрийн хуудасны саванд хийгээд машиндаа авч явдаг байсан юм. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр би хүмүүстэй хөдөө явж байгаад Хаан банкны дансаа шалгаж үзтэл олон давтамжаар мөнгө гарчихсан байхаар нь гайхаад гэр рүүгээ залгаад ээжээсээ миний нэрийн хуудасны саван дотор Хаан банкны карт байна уу гэж асуухад байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад хандах болсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 15-19 дүгээр хуудас/,

Гэрч Г.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 06 дугаар сарын 17-18-ны үед байх би 100 айлын гүүрэн доор бие засах гээд очсон чинь газар Хаан банкны виза карт байхаар нь авчихсан. Тэгээд би ажил дээрээ ирээд хажуу байрны жижүүр А эгч дээр очоод эгчээ би ийм карт олсон хоёулаа уншуулж үзье гээд 90в байрны Хур хүнсний дэлгүүрт нэг хайрцаг Улаан шонхор тамхи уншуулж үзсэн чинь уншсан. Тэрнээс хойш олон удаа уншуулсан, бодоод үзэхэд 680.000 орчим төгрөгөнд юм авсан байна лээ...” гэх мэдүүлэг. /хэргийн 23-25 дугаар хуудас/,

Хаан банкны дансны хуулга /хэргийн 8-9 дүгээр хуудас/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 13-14 дүгээр хуудас/,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоол /хэргийн 42 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 34 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.А нь Г.Г бүлэглэн иргэн Б.З гээгдүүлсэн Хаан банкны виза картыг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд ашиглан Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хур нэртэй хүнсний дэлгүүрээс 28 удаагийн үйлдлээр 682.035 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авч хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.А прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг  ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч С.А ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэргийн 42 дугаар хуудсанд энэ хэргийн яллагдагч Г.Г нь оршин суух хаяг дээрээ байхгүй,холбоо барих дугаар нь холбогдох боломжгүй байх тул С.А холбогдох 1706001890009/а/ дугаартай хэргээс яллагдагч Г.Г холбогдох хэргийг тусгаарласан прокурорын тогтоол байх тул хохирлыг хувь тэнцүүлэн шүүгдэгч С.А 341.017 төгрөг гаргуулж хохирогч Б.З олгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.