Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/01179

 

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/01179

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн * дугаар хороо, * байр, * тоотод оршин суух, р* Сартуул овогт *

Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо, *тоотод оршин суух, р*, * овогт *

Нэхэмжлэлийн шаардлага:Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мягмардорж, өмгөөлөгч Э.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга * нар оролцов.

/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч * нь * холбогдуулан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Би *2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, * гудамж хаягт байх * зуслан, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаас бусад зориулалтай газрын эрхийг худалдахаар болж гэрээ байгуулсан.

Газар эзэмших эрх шилжүүлэх 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний 3.1 дэх хэсэгт Гэрээний зүйлийн үнэ газар эзэмших эрхээ шилжүүлэгч тал эрх хүлээн авагч талаас 450,000,000 шилжүүлэхээр тохиролцов. Мөн гэрээний 3.1.1 дэх хэсэгт Төлбөр төлөх нөхцөл, хугацаа нь 2022.03.14-нд Хаан банк * дансаар 50,000,000 төгрөг авч үлдэгдлийг 2022.06.14-нд төлж дуусган эзэмших эрхийн нэр шилжүүлэхээр тохиролцов гэсэн боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байна.

Энэ хугацаанд * холбогдож үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч худлаа хэлдэг байсан сүүлдээ утсаа авахаа болиод алга болсон.Гэрээний үлдэгдэл төлбөрөө төлүүлэхээр шүүхэд хүртэл хандсан.Гэвч *р иргэний үнэмлэх дээрх хаяг дээрээ байхгүй байсан тул хэргийг хэрэгсэхгүй болгосон.Иймд өмгөөлөгчтэй гэрээ байгуулж хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар болсон.Ингээд 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш цагдаагийн байгууллагаар хайж хаягийг олж тогтоосон.Цагдаагийн газраар эрэн сурвалжлуулж байхдаа *г олон хүнтэй өглөг авлагатай, олон газраас эрэн сурвалжлах зарлуулсан гэдгийг олж мэдсэн.* газрын эрхээ шилжүүлэх гэрээ байгуулснаас хойш манай газрыг ашиглаж байна.Иймд өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна.Энэ асуудлаас болж гэр бүл хамаатан садантайгаа хүртэл муудалцаж, эвгүй байдалд орж, сэтгэл санаа, мөнгө төгрөг, эд материалаа хохирч байна.Одоо хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, биелүүлэх боломжгүй гэж үзэж байгаа тул гэрээнээс татгалзаж байна.* миний газрыг анх авсан тэр хэмжээгээр нөхөн сэргээж өгсний дараа түүнээс авсан 50,000,000 төгрөгийг буцааж өгнө.* болон * нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:*г нь Сонгинохайрхан дүүргийн * дүгээр хороо, * гудамжинд байрлах * талбайтай зуслангийн буюу хэрэгцээний зориулалтаас бусад зориулалтаар газрын хууль ёсны эзэмшигч болох нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын * дугаартай газар эзэмших гэрчилгээгээр нотлогдож байгаа. Талууд 2022 оны 3 сарын 14-ний өдөр газар эзэмших гэрээ байгуулсан бөгөөд гэрээний агуулга нь * нь өөрийн эзэмшлийн газрыг * шилжүүлэх, түүний хариу төлбөрт * 450,000,000 төгрөгийг 2 хувааж авахаар тохиролцсон.Гэрээ байгуулах үед 50,000,000 төгрөгийг авсан, үлдэгдэл 400,000,000 төгрөгийг 2022 оны 6 сарын 14-ний дотор буюу 4 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон.Хэрэв заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол үнийн дүнгийн тодорхой хувиар алданги төлөхөөр тохирсон.Мөн хэрэв мөнгө төлөх чадваргүй бол урьдчилгааг буцаахгүйгээр тохиролцсон.Эрх шилжүүлэгч нь эрхийн болон биет байдлын доголдолгүй хөрөнгийг эрх хүлээн авагчид шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл тухайн газар төмөр хашаа барьж, газрын төлбөрүүдийг хугацаанд нь төлж, бусдад барьцаалагдаагүй, эрхийн ямар нэгэн доголдолгүй газрыг шилжүүлсэн.Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243.1, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2.1 дэх хэсгүүдэд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.Гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагч урьдчилгаа болох 50,000,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 400,000,000 төгрөгийг төлөөгүй тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээний үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт нэхэмжилсэн боловч хариуцагч гэрээнд заасан хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагчийг эрэн сурвалжлуулсан, 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр эрүүгийн хэргээр цагдан хоригдож байгааг мэдсэн бөгөөд хорих 461 дүгээр ангид хоригдож байхад нь нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийг гардуулсан.Талуудын хооронд байгуулсан эрх шилжүүлэх гэрээний 4.5 дахь хэсэгт зааснаар эрх шилжүүлэгч нь гэрээнд заасан төлбөрөө төлөхийг шаардах эрхтэйгээс гадна Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар түүнчлэн гэрээний үүргийн биелэлтээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар * гэрээнээс татгалзаж байгаа.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд анх гэрээнд заасан төлбөрөө авах хүсэлтэй байсан боловч хариуцагч тухайн төлбөрийг төлөх чадваргүй болохыг эрэн сурвалжилж байх хугацаанд мэдсэн ба өмнөх шүүх хуралдаанаас гарсны дараа ч миний бие өмгөөлөгчийн хувиар хариуцагч * төлбөр мөнгөний асуудлыг хэрэв төлөх юм бол газрыг өөр рүү нь шилжүүлэх боломжтой гэсэн санал тавьсан, тодорхой шалтгаанаа хэлье гээд хариу өгөөгүй.*тухайн газар дээр 4, 5 барилгын суурь цутгасан байгаа ч тэр этгээдүүдтэй ямар гэрээ хэлцэл хийсэн нь тодорхойгүй, түүнийхээ баримтыг * шүүхэд гаргаж өгөөгүй.Ийм учраас үлдэгдэл мөнгөө өгөх чадваргүй гэдэг нь тогтоогдож байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах худалдан авах гэрээгээр биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчид шилжүүлэх бараа буюу худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон мөнгийг төлнө гэж заасан боловч энэ мөнгийг төлөөгүй.Иргэний хуулийн 249.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс татгалзаж болно гэсэн үндэслэлээр * гэрээнээс татгалзаж байгаа.Учир нь Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3 дахь хэсэгт зааснаар хугацааг ямар нэгэн үүрэг гүйцэтгэхийн тулд тогтоосон бөгөөд хэлцэлд өөрөөр заагаагүй бол хугацааны эцсийн өдрийг 24 цагийн дотор гүйцэтгэнэ гэсэн заалт байна.Төлбөрийг 2022 оны 6 сарын 14-ний өдрийн 24 цагийн дотор төлсөн байх ёстой боловч өнөөдрийг хүртэл 2 жил орчим хугацаанд төлөөгүй байгаа учраас уг хугацаа өнгөрсөн Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан.Иймд * гэрээнээс татгалзаж, газраа чөлөөлүүлж авах хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч хариу өгөөгүй.

Нэхэмжлэгчээс-* газар эзэмших эрхийн *дугаартай гэрчилгээ, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн * дугаартай хариуцагч * эрэн сурвалжилсан шийдвэр, * дүгээр хаалттай ангийн тодорхойлолт, * дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн тодорхойлолтыг шүүхэд өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: * нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд зааснаар үлдэгдэл төлбөрийг төлөхгүй, уг төлбөрийг төлөх чадваргүй болох нь тогтоогдсон тул гэрээнээс татгалзаж байна гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн * газар эзэмших эрхийн *дугаартай гэрчилгээ, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

* Сонгинохайрхан дүүргийн *дүгээр хороо, *гудамж хаягт байрлах, нэгж талбарын * дугаар бүхий, * газрыг зуслан, гэр бүлийн хэрэгцээнээс зориулалтаас бусад зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэж, Иргэний газар эзэмших эрхийн * дугаартай гэрчилгээг олгосон байна./хх-6/

Зохигчдын хооронд 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, * нь * дүүргийн * дүгээр хороо, * байрлах, * талбай бүхий газрын эзэмших эрхийг * шилжүүлэх, эрх шилжүүлэн авагч * нь 450 000 000 төгрөгийг * өгөхөөр тохиролцож, урьдчилгаа 50 000 000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн авсан, газар эзэмших эрх хариуцагчид шилжээгүй, энэхүү хэлцлийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан гэрээ байгуулагдсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна./хх-7/

Хариуцагч газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд зааснаар үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байгаа гэх нэхэмжлэгчийн шаардлага нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэх үндэслэлд нийцээгүй байна.

Хуульд зааснаар нэмэлт хугацаа тогтоосон, үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулах болон Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан гэрээнээс татгалзах журмыг зөрчиж, үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна.

Нөгөө талаар хариуцагч төлбөрийг төлөх чадваргүй болох нь тогтоогдсон, Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-т зааснаар гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон тухай баримтгүй байна.

Нэхэмжлэгч нь зөвхөн гэрээнээс татгалзсан ба үр дагавар шаардаагүй атлаа улсын тэмдэгтийн хураамжид 2 407 950 төгрөг төлсөн байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 2 407 950 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар илүү төлсөн 2 337 750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үндэслэлгүй тул газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээнээс татгалзах тухай * нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар *улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 407 950 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдсэн 2 337 750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж * олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖ