Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 453

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

улсын яллагч Э.Г,

шүүгдэгч С.У, түүний өмгөөлөгч Р.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.У холбогдох эрүүгийн 1706 0067 10015 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 01 дүгээр сарын -ний өдөр С аймгийн суманд төрсөн, настай, эмэгтэй, халх, боловсролгүй, үсчин мэргэжилтэй, ажилтай, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо,  өрөөнд түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, С.У, /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч С.У нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Хайрхан амралтын газарт бэр эгч Д.Б маргалдан зодож бие махбодид нь буюу зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт, зүүн шагайд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би амралтын газарт дарга байцаагч нартай юм ярьж байсан. Бямбаа эгч гэрээс гарч ирэхэд нь би инээхэд намайг яагаад инээгээд байгаа юм бэ гээд үснээс зулгаасан. Тэгээд модон сандал даваад унасан ба тэнд байсан хүмүүс биднийг салгасан. Би босч ирээд уурандаа хоёр удаа өшиглөсөн. Зарим гэмтэл нь сандал дээр унаад үүссэн байх. Намайг мөрдөн байцаагч шүүх эмнэлэгт үзүүл гэсэн ч би үзүүлээгүй гэв.

Хохирогч Д.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их хайрхан амралтанд хамт олноороо салхинд гарч бага зэрэг архи хэрэглээд хадам дүү У жаахан ам мурийсан. У нь намайг нэг удаа өшиглөхөөр түлхээд орхитол цуг унасан байсан. Тухайн үед би согтсон байсан, юу болсноо сайн мэдээгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 8-9 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹8718 дүгнэлтэд “Д.Б биед зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт, зүүн шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 14 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 20 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.У нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Хайрхан амралтын газарт бэр эгч Д.Б маргалдан зодож бие махбодид нь буюу зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт, зүүн шагайд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Уранбилэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч С.Уранбилэгт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Прокуророос шүүгдэгчийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгч нь 200.000 төгрөгний цалинтай жижүүрийн ажил хийдэг тул торгох ялаар шийтгэж өгөөч гэсэн хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байх тул түүнд хуульд заасан торгох ял оногдуулах боломжтой гэж үзлээ.  

Шүүх шүүгдэгч С.У ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.