Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/98

 

 

 

 

 

Б.Зт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Мөнхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/330 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Б.Зт холбогдох эрүүгийн 1934006240343 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт:

Монгол улсын иргэн,

 

Шүүгдэгч Б.З нь Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Буянт 3 дугаар баг Чигчий толгой гэх газрын асфальтан замын 199/200 км заалт шон тэмдгийн орчимд 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 73-14 УНЕ улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн "12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэсэн заалтыг мөн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ. Б/ Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг зөрчсөний улмаас автомашин онхолдож, автомашинд зорчиж явсан Б.Анударийн амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Б.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/330 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Тайж Баатаржавын Зыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

Шүүгдэгч Б.Зт хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах бүсийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Хөдөө аж ахуйн их сургууль, Чингэлтэй дүүргийн Найман шарга худалдааны төвд зорчихоор тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зт оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Заас шинжээчийн хөлс нийт 471 264 /дөрвөн зуун далан нэгэн мянга хоёр зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулж Дотоод хэргийн их сургуулийн багш, ахмад Т.Анхбаяр, Р.Мөнхбаяр, Д.Нямдорж нар /Хаан банк 5083126328/-т олгож,

Эрүүгийн 1934006240343 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “...2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 73-14 УНЕ улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг Б.З нь жолоодон явахад нь автомашины дугуйн хээ салж дугуй хагарснаас автомашин онхолдож зорчигч Б.Анударийн амь нас хохирсон.

Хэргийн үйл баримтаар Б.Зыг автомашин жолоодон явах үед автомашины дугуйн хээ хуурч хагарсан нь гэрч, шинжээч нарын дүгнэлтээр тогтоогддог. Удаа дараагийн шинжээч нарын дүгнэлтээр автомашины дугуйн хээ хуурч дугуй хагарснаас зам тээврийн ослын үндсэн шалтгаан нөхцөл үүссэн гэж үзсэн. Мөн шүүх хуралд шинжээч Ж.Мягмаржав нь оролцож осол гарах шалтгаан уг ослын шалтгаан нь жолоочоос шалтгаалж байгаа эсэх талаар тодорхой хариулт өгсөн. “Ослын шалтгаан нь техникийн эвдрэл гэмтэл, жолоочоос хамаарсан осол биш. Дугуй хагарч машин шарваж байгаа тохиолдолд жолооч арга хэмжээ авах боломжгүй байсан гэж үзэж байгаа, дугуй хагарах үед хөдөлгөөний чиглэл тэр дороо өөрчлөгдөнө.” гэж ослын шалтгаан нөхцөлийг тодорхой тайлбарласан. Гэтэл шүүх Б.Зыг зам тээврийн ослын шалтгаанд гэм буруутай гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй энэхүү гомдлыг гаргаж байгаа тул хүлээн авч хянан үзэж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ослын шалтгаан нь дугуй хагарснаас болж гарсан, жолоочоос шалтгаалаагүй талаар аль аль шинжээч нь хангалттай тайлбарласан. Ослын үндсэн шалтгаан нь тодорхой учраас Б.Зт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Зт холбогдох эрүүгийн 1934006240343 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнийн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Шүүгдэгч Б.З нь Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Буянт 3 дугаар баг Чигчий толгой гэх газрын асфальтан замын 199/200 км заалт шон тэмдгийн орчим 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 7314 УНЕ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно." гэсэн заалтыг мөн 3.4.Б. "Жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ." гэснийг тус тус зөрчсөний улмаас автомашин онхолдож, автомашинд зорчиж явсан Б.Анударийн амь нас хохирсон үйл баримт нь

Шүүгдэгч Б.Зын өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос 09 цагт найз Анужин, Анударь, Батлуу, Адъяабазар бид 5 уулзаад Архангай аймгийн Өгийнуур руу хоёр хоног явахаар цугларсан. Тэгээд бид 5 миний машинтай хүнсээ аваад 12 цагийн үед хотоос гарсан. ... Би өөрийнхөө машиныг жолоодоод миний хажуу талд миний найз охин Анужин, миний ард Адъяабазар, голд нь Батлуу, зүүн хойд талд Анударь суугаад хөдөлсөн. Замдаа хоёр зогсож хамгийн сүүлд нь гол дээр зогсож биеийн чилээгээ гаргаад хөдөлсөн. Тэгээд засмал зам дээр явж байхад миний машины ард түг хийх чимээ гараад би дугуй буудчихлаа гээд орилсон. Би тоормос дээр гишгэхэд машин жолоодлогогүй болоод замын баруун тал руу орсон. Тэгээд машин онхолдсон. ... Би тухайн үед 76-77 км/ц хурдтай явж байсан. Бүгд бүс хэрэглэсэн. Осол болох үед ард суусан хүмүүсийг бүс хэрэглэсэн хэрэглээгүй талаар мэдэхгүй. Би хотоос гарахдаа бүгдэд нь анхааруулаад бүсээ зүүж хөдөлсөн. Би замдаа бүсээ тайлсан эсэхийг мэдэхгүй байна. Осол болох үед зам хуурай, шулуун үзэгдэх орчин чөлөөтэй, зам эвдрэл гэмтэлгүй, гадаа үүлэрхэг байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 18-20, 180-184, 224-225/,

Гэрч Ч.Адъяабазарын өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Зын Тоёота приус 20 маркийн 73-14 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй нь Архангай аймгийн Өгийнуур сум орж амрахаар Улаанбаатар хотоос өглөөгүүр 22-ын товчооны Оргил супермаркет дэлгүүрээс хүнс цуглуулаад тэндээс гарч хажуугийнх нь Берлин бургер гэх зоогийн газарт орж хоол идээд тэгээд хөдлөөд Хүй 7 худаг өнгөрөөд манай ээжийг нутаглуулсан газрын харалдаа зам дагуу зогсож би сүү өргөсөн тэгээд удалгүй хөдлөөд Төв аймгийн Лүн сумын нутагт байх Туул гол дээр очиж зогсоод гол дээр 30-40 орчим минут болоод цаашаа хөдлөхдөө би унтах гээд суудлынхаа бүсийг тайлаад унтсан. Нэг мэдсэн хүчтэй дуу гараад хүмүүс орилоод нүдээ нээгээд хартал машин онхолдож би хажуу талынхаа цонхыг толгойгоороо цохиод ухаан алдчихсан байсан. Ухаан орсон чинь би өөрөө машинаасаа гарч байсан. Түүнээс хойш юу болж байгааг шоконд орчхоод санахгүй байсан. ... Ослын талаар миний хувьд сайн мэдэх зүйл байхгүй байна. Би осол болох үед унтаж байсан учир мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх 21-22/,

Насанд хүрээгүй гэрч А.Анужингийн өгсөн: “... 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр бид нар Архангай аймгийн Өгийнуур сум орж амрахаар болж Б.Зын 73-14 УНЕ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй тухайн өдрийнхөө 11 цагийн үед 22-ийн товчооны Оргил Супермаркет дэлгүүрээс хоол хүнс цуглуулаад хөдөлсөн. Замдаа Эмээлт захын орчим 13:28 цагт зогсож Адъяабазар ээжийнхээ оршуулсан гэх газрын зүг рүү сүү өргөөд 5-10 орчим болоод хөдлөөд явж байгаад Төв аймгийн Лүн сумын нутагт байх Туул гол дээр бид нар 14:34 цагт ирж тэндээ зураг аваад Урьхан гэх зоогийн газрын ариун цэврийн өрөөнд орж 30-40 орчим минут болоод хөдөлсөн. Тэндээс цаашаа хөдлөөд зогсоогүй явж байтал зүүн хойд талын дугуй гэнэт хүчтэй дуугарч ямар ч жолоодлогогүй болоод замынхаа баруун гар тал руу машин онхолдсон. ... Ослын үед арын хэд бүс зүүгээгүй явж байсан. ... 16 цагийн орчим осол гарсан байх тээврийн хэрэгслийн зүүн хойд талын дугуй буудсанаас болж осол гарсан. ... Ослын үед яг хэдэн км/ц хурдтай явсныг нь мэдэхгүй ослын өмнө бол 60-70 км/ц хурдтай явж байсан. Цаг агаар сэрүүхэн, үзэгдэх орчин чөлөөтэй, нар жаргаагүй, замын нөхцөл байдал хэвийн байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 23-25/,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бямбадоржийн өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 17:10 цагийн орчим над руу нэг танихгүй эмэгтэй хүн утсаар залгаж надад өөрийгөө би жуулчдад хэлмэрчилдэг хүн байна. Танай охин Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт осолд орсон ухаангүй байна гэхээр нь би эхнэртээ хэлээд Улаанбаатар хотоос эхнэр Даваасүрэн, түүний эгч Тунгалаг нарыг аваад гарахад замд охиныг түргэн тусламжийн машинтай Улаанбаатар хот руу авч ирж байхад нь хотоос 177 км заалт шон дээр орой 20 цагийн орчим таарч эхнэр түргэний машинд нь суугаад тэгээд буцаад 00 цагийн орчим Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр ирж шууд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт ирж хэвтсэн. Эмнэлэгт ирж хэвтсэнээс хойш маргааш нь буюу 2019 оны 7 дугаар сарын 29-ны өглөө 13 цагийн орчим хэвлийн мэс засалд орж доторх шингэнийг цэвэрлэж үзлэг хийхэд нойр булчирхай, элэг сэмж нь бяцралттай байна гэсэн. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 12:30 цагт ухаан орохгүй байсаар байгаад нас барсан. Тархи бүрэн гэмтэлтэй, хүзүүний 3-р үе цуурсан, нурууны 5, 6, 7-р үе цуурсан, сүүжний суудал яс цуурсан байсан. ... 2019 оны 7 дугаар сарын 28-ны өглөө би ажилдаа 09:30 цагаас 10:00 цагийн хооронд явсан. Тэгэхэд талийгаач салхинд гарна гээд хоол хийгээд мах хөшиглөөд гэртээ үлдсэн хотоос гарахдаа утсаар яриагүй хэлээгүй. Тэгсэн орой 14 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт осолд орчихсон байсан. Ослын дараа талийгаачийг тосож авахаар яваад замдаа түргэний машинтай нь таарч эхнэр машинд нь суухад тэнд хамт явсан Батлуу, эгчтэйгээ хамт миний машинд суухаар нь би ослын талаар асуухад 14 цагийн орчим осол болсон талаар хэлэхээр нь би ийм хол газар хэдэн цагт хотоос гарсан талаар асуухад надад мэдэхгүй байна гэж хэлсэн. Би их хол явж их эрт осолд орсон болохоор нь өглөө хотоос гарсан цагийг асуухад мэдэхгүй гэж хэлсэн... Гарсан шинжээчийн дүгнэлтүүдтэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй. Би нийт эмчилгээний зардал, өмгөөлөгчийн хөлс нийт 40 орчим сая төгрөг зарцуулчихсан байна. Гарсан зардлыг баримтаар нэхэмжилнэ. Гомдолтой байна.” гэх мэдүүлэг /1-р хх 61-63/,

Гэрч Ц.Баатаржавын өгсөн: “ 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр манай хүү З миний эзэмшлийн 73-14 УНЕ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Төв аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсон. Үүний улмаас зорчиж явсан нэг охин нас барсан. Ослын талаар ёстой мэдэхгүй. ” гэх мэдүүлэг /1-р хх 118-119/,

Ц.Баатаржавын иргэний хариуцагчаар өгсөн: “2014 онд орж ирсэн машиныг 10 орчим сая төгрөг авч байсан. Түүнээс хойш би Улаанбаатар хотод хэрэгцээндээ унаж байгаад Зыг насанд хүрч жолоодох эрхийн үнэмлэхтэй болохоор нь хүүдээ хэрэглүүлж байсан. Түүнээс албан ёсоор шилжүүлж өгөөгүй. Уг тээврийн хэрэгслийг Заас би нэхэмжлэхгүй учир хохирлын үнэлгээ гаргах шаардлага байхгүй. Ослын дараа талийгаачийг нас барснаас хойш уулзаж тухайн үед гарсан 7-8 орчим сая төгрөгийг дансаар өгсөн. Яг хэдэн төгрөг шилжүүлсэн эсэхээ нарийн мэдэхгүй байна. Гарсан зардлыг нь би төлж барагдуулна. Одоо надад нэхэмжлэлийн баримт өгөөгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх 121-122/,

 Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №556 дугаартай дүгнэлт: "1. Б.Анударийн биед тархины эдэд няцрал, цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалт, ховдолд цусан хураа, хэвлийн хөндийн цус алдалт, нойр булчирхай, дэлүү, сэмжинд няцарсан шарх, хүзүүний С3-р нугалмын хугарал, сээр нурууны 5, 6, 7, 8-р нугалмын хугарал, аарцаг ясны хугарал, баруун шуунд шарх, зүүн гуя, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.2, 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх  нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна." гэх /1-р хх 32/,

            Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №124 дугаартай дүгнэлт: "1.2. Талийгаач Б.Анударийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хажуугийн ховдолд цусан хураа, тархины эдэд тархмал цус харвалт, хүзүүний С-3-р нугалмын хугарал, сээр нурууны Th5, Th6, Th7, Th8-р нугалмын хугарал, аарцаг ясны хугарал, үнхэлцэг хальсанд цус хуралт, ходоод, нойр булчирхайд цус хуралт, сэмжинд урагдал цус хуралт, баруун бугалганд зулгаралт, баруун шуу, сарвуунд шарх, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Талийгаач Б.Анударь нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. 4. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно. Цус нь 1-р бүлгийн харьяалалтай байна." гэх /1-р хх 86-87/,

            Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн Лүн сум дахь зохицуулагчийн 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дугаар: "1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Тоёота приус 20 маркийн 7314 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. 2. Жолооч Б.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэснийг мөн дүрмийн 3.4Б-д заасан “Жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэв. 3. Зам тээврийн осол хэрэг гарахад цаг агаарын, үзэгдэх орчин, замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв. 4. ШШҮХ-ийн шинжээч С.Дарханбаатарын 2019.9.05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд осол хэрэг гарахад техникийн нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв. 5. Жолооч Б.Зын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон гэж үзэв. 6. Хэрэгт ач холбогдол бүхий шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй." /1-р хх 113/ гэх дүгнэлтүүд,

Шинжээч Л.Мөнх-Эрдэнийн өгсөн: “Би Төв аймгийн цагдаагийн газрын Эрдэнэсант сум дахь зохицуулагчаар ажилладаг. Тухайн тээврийн хэрэгслийн хөтлөгч дугуй нь урдаа байдаг, хойд дугуй хагарсан тохиолдолд ямар байдлаар онхолдохыг тогтоох боломжгүй. Хурд ихтэй онхолдвол эвдрэл ихтэй байна, хурд багатай онхолдвол эвдрэл багатай байна. Схем зурганд тоормосны зураг байхгүй байсан тул хурд хасаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх 226-228/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №4230 дугаартай: "1. Шинжилгээнд ирүүлсэн дугуй нь дугуй доторх хийн даралт, дугуй дээр дарах ачаалал жин, хаймар эдлэлийн хуучралт, замын гадаргуугаас ирэх цохилт, доргилтын нөлөөгөөр хагарсан байх үндэслэлтэй. 2. Хаймар дугуйг 12 жилийн өмнө үйлдвэрлэсэн, хадгалах горим алдагдах зэргээс үүдэн хаймар эдлэлийн хуучралт, замын гадаргуугаас ирэх цохилт, доргилтын нөлөөгөөр бэхэлгээ ган утас, мяндас утаснуудын суналт, агшилт, хэв гажилтад орсноор хээний хэсэг салсан байх үндэслэлтэй. 3. Дээрх дугуйнд учирсан эвдрэл, гэмтэл нь ослын өмнө, ослын дараа эсвэл ослын аль үед хагарсан эсэхийг осол хэргийн материал ирүүлээгүй тул тогтоох боломжгүй байна. 4.Уг дугуй нь хөдөлгөөний явцад буудаж хагарсан эсэхийг осол хэргийн материал ирүүлээгүй тул тогтоох боломжгүй байна. 5. Шинээр тогтоогдсон нөхцөл байдал байхгүй." гэх /1-р хх 65-66/,

            Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 208 дугаартай шинжээчийн: "1. ШШТХ-ийн 17 дугаар зүйлийн 17.4-т "Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэсэн байдаг тул Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн Лүн сум зохицуулагч, цагдаагийн ахмад Л.Мөнх-Эрдэнэ 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй байна. 2.Toyota prius-20 маркийн 7314 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.", 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.", 3.4.Б. "Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3.Хэрэв Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн ямар нэгэн аюул саад бий болох үед тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүй автомашиныг зогсоож чадаагүй. 4.Ослын шалтгаан нь хавтаст хэргийн материалыг тусгагдсан хэрэг учралын газрын схем зураг, фото зураг 27 кадр, хохирогч, холбогдогч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд тухайн автомашины дугуй хагарснаас болж уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэх үндэслэлтэй байна." гэх /1-р хх 166/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 3895 дугаартай шинжээчийн: "1. Хаймар дугуй нь ослын өмнө, хөдөлгөөний явцад хагарсан байна. 2. Хаймар дугуй нь ямар нөхцөлд хадгалагдсан, хэдий хугацаанд ашиглагдсан зэргийг тогтоох боломжгүй байна. 3. Уг хаймар дугуй нь 4 улиралд ашиглаж болох тэмдэглэгээтэй байна. 4. Дугуйн хээ нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан хэмжээнд хүрч байна. 5. Уг хаймар дугуйн эдэлгээний гүйлтийн нормыг тогтоох боломжгүй байна." гэх /2-р хх 10-12/,

            Дотоод хэргийн их сургуулийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 202037 дугаартай шинжээчийн: "1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд автомашины дугуйн хугацааг заагаагүй хээний гүнийг заасан байна. Монгол Улсын стандарт MNS 4598 Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага/, MNS 5011 Авто тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг хийх заавар/-д автомашины дугуйн хээний гүний хэмжээг зааснаас эдэлгээний хугацааг заагаагүй байна. Автомашины дугуй борлуулдаг компаниудын зөвлөмжид олон жил болсон дугуй хээ сайн байсан ч эдэлгээ даахгүй, динамик ачааллын үед буудах, хээ хуурах аюултай гэж заасан байна. Дэд бүтцийн сайдын 2004 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 19 тоот тушаалын 9 дүгээр хавсралт "Резин дугуйн эдэлгээний гүйлтийн доод хязгаарын жишиг норм"-д 205/65 хэмжээстэй дугуй үйлдвэрлэсэн фирмээс хамаараад 45-55 мян/км гүйлтийн нормтой байна. 2. Toyota Prius 20 маркийн 73-14 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно." гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай. Ослын газрын схем зургаас харахад автомашины дугуйн хээ хуурч чигээ өөрчилсөн цэгээс хагарсан цэгээс автомашин хүртэл 146 м зайтай байна. 3. 73-14 УНЕ дугаартай Тоёота приус-20 маркийн автомашин нь 2008 онд үйлдвэрлэгдсэн автомашин байна. Гэтэл дугуй нь 2007 онд үйлдвэрлэгдсэн дугуй байгаа нь анхаарал татаж байна. Зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь дугуйн хээ хуурч хагарсан нөхцөл гэж үзэж байна. Энэ дугуй нь 160 км/цаг хурдтай явах боломжтой дугуй боловч олон жил болсноор динамик ачааллыг даагаагүй байна. Монгол Улсад ашиглагдаж байгаа автомашины 80-аас дээш хувь нь 10-аас дээш жил ашиглагдсан автомашин байна. Ийм нөхцөлд Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдны хязгаарыг чандлан сахих шаардлагатай. 4. Стандартад дугуйн хээний гүнийг 1.6 мм гэж заасан шаардлагыг хангаж байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд саад гэдгийг "тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйл (зам тээврийн ослын улмаас зогссон буюу түр ба удаан, эсхүл зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл, мөн зорчих хэсгийн нүх, эвдрэл, гэмтэл, хашсан хэсэг болон зорчих хэсэг дээр тавьсан, унасан эд зүйл гэх мэт)-ийг гэж заасан байна. 5.6. Жолооч Б.З нь зогсох арга хэмжээ авах боломж гараагүй байх магадлалтай. Өндөр хурдтай яваа автомашины дугуй гэнэт хагарахад /буудахад/ нь автомашиныг тогтоох, зогсооход жолоочийн туршлага, өндөр чадвар шаардлагатай. 73-14 УНЕ дугаартай Тоёота приус-20 маркийн автомашин 12:52 цагийн орчим 22-ын товчооны орчим үйл ажиллагаа явуулдаг "Берлин бургер" зоогийн газраас хөдлөөд Эмээлт захын орчим 10 минут, Лүн сумын нутагт Туул гол дээр 40 минут орчим саатсан, 199 км-ийн заалтын орчим 15 цагийн үед онхолдсон гэсэн мэдүүлэг; хавтаст хэргийн материалыг үндэслэн хурдыг тооцож гаргасан. 22-ын товчооны орчим гэсэн учраас 199-22=177 км замыг 1 цаг 25 минут туулсан гэж үзээд хурдыг тогтоовол: 124 км/цаг гэсэн хурд гарч байна." /2-р хх 26-29/ гэх дүгнэлтүүд,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 3-4/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 5-15/, Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 81-84/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй, зөв байна.

Шүүгдэгч Б.Зт холбогдох хэрэгт мөрдөн байцаалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Зт, Шүүгдэгч Тайж Баатаржавын Зыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Анхан шатны шүүх хуулиар олгогдсон эрхийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндсэн ялуудаас сонгон хэрэглэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх буруутгах хууль зүйн боломжгүй бөгөөд шүүгдэгч Б.Зт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнийн гаргасан “Б.Зт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Харин шүүгдэгч Б.Зын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байхад анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй нь буруу байх тул түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх хэсэгт зааснаар өршөөн хасах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/330 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “3. Шүүгдэгч Б.Зт хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах бүсийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Хөдөө аж ахуйн их сургууль, Чингэлтэй дүүргийн Найман шарга худалдааны төвд зорчихоор тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай. “ гэснийг “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Тайж овогт Баатаржавын Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах үндсэн ялыг өршөөн хассугай.” гэж өөрчлөн,

- 4 дүгээр заалтыг бүхэлд нь хүчингүй болгон бусад заалтыг хэвээр үлдээж,

- Тогтоох хэсгийн 5-9 хүртэлх дугаарлалтыг 4-8 гэж дугаарлан, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХДАВАА

 

 

                   ШҮҮГЧИД                                        Т.ЭНХМАА

 

 

                                                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ