Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/01543

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/01543

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Р.Алтантуяа, шүүгч З.Доржнамжин нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** дүүрэг, *** дугаар хороо, *** байр, *** тоот хаягт оршин суух, Б овогт С-гийн Л /РД:***/,

 

Хариуцагч: *** дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар бичил хороолол, *** дугаар байр, *** тоот хаягт оршин суух, Б овогт Б-ийн Ж /РД:***/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 400,00 төгрөг гаргуулах тухай,

     

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Л, хариуцагч Б.Ж, иргэдийн төлөөлөгч Х.Наранцацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Л нь хариуцагч Б.Ж-ид холбогдуулан эд хөрөнгөд учирсан хохиролд 400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 2023 оны 10 дугаар сарын 11-нд Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, 50 дугаар байрны зогсоолоос өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай Toyota Сhaser маркыг авто машинтай гарч байх үед зам ачаалал ихтэй түгжрээд зогсож байхад хажууд зогсож байсан *** Toyota Сrown 180 маркын авто машин ухарч миний машины арын хэсэг рүү мөргөж сэвтүүлсэн. Тухайн үед цагдаа дуудах гэсэн боловч кроуны жолооч буруугаа хүлээж тохиролцьё гээд машиныхаа бичиг баримтыг өгөөд түгжрэл ихтэй байсан болохоор осол болсон газраас хөдөлсөн. Хариуцагч нь утсаа авахгүй, хариу бичихгүй зугтаад байгаа учраас засуулсан зардал болох 400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Осол болсон талаар баримт байхгүй. Хэний буруу байсан талаар ч баримт байхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3. Иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Б.Ж нь Тоёота кроун маркийн машинтай ухарч байгаад мөргөсөн болохоор Тоёота Чийзэр маркийн автомашины хохирлыг барагдуулах ёстой гэв.

4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, Ашид билгүүн ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, Ашид билгүүн ХХК-ийн 2023.10.13-ны өдрийн *** тоот Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, Б.Ж-ийн эзэмшлийн Тоёота кроун маркийн ***  улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, С.Л-ийн эзэмшлийн Тоёота Чийзэр маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, ослын үеийн фото зураг, Ю кар кузов засварын засвар үйлчилгээний хуудас, осол гарах үеийн бичлэгийг хуулбар шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр ослын үеийн бичлэгт үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Миний бие 2023 оны 10 дугаар сарын 11-нд Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, 50 дугаар байрны зогсоолоос өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай Toyota Сhaser маркыг авто машинтай гарч байх үед зам ачаалал ихтэй түгжрээд зогсож байхад хажууд зогсож байсан ***  Toyota Сrown 180 маркын авто машин ухарч миний машины арын хэсэг рүү мөргөж сэвтүүлсэн. Тухайн үед цагдаа дуудах гэсэн боловч кроуны жолооч буруугаа хүлээж тохиролцьё гээд машиныхаа бичиг баримтыг өгөөд түгжрэл ихтэй байсан болохоор осол болсон газраас хөдөлсөн. Хариуцагч нь утсаа авахгүй, хариу бичихгүй зугтаад байгаа учраас засуулсан зардал болох 400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй дараах байдлаар татгалзав. Үүнд: Осол болсон болон хэний буруу байсан талаарх баримт байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ашид билгүүн ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, Ашид билгүүн ХХК-ийн 2023.10.13-ны өдрийн *** тоот Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, Б.Ж-ийн эзэмшлийн Тоёота кроун маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, С.Л-ийн эзэмшлийн Тоёота Чийзэр маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, ослын үеийн фото зураг, Ю кар кузов засварын засвар үйлчилгээний хуудас, осол гарах үеийн бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота Чийзэр маркийн автомашинаар замын хөдөлгөөнд оролцон, байран дундах зогсоолоос зам руу гарах үед эсрэг урсгалыг сөрж байрны зогсоол руу орохоор зогсож байсан Б.Ж-ийн эзэмшлийн ***  улсын дугаартай, тээврийн хэрэгсэл ухрах үйлдэл хийж, мөргөсөн байна.

5. Осолд холбогдсон жолооч нар нь тухайн үедээ харилцан тохиролцож, цагдаа дуудахгүй, хохирол төлөхөөр болж, хариуцагч нь өөрийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг эх хувиар нэхэмжлэгчид өгөн зам чөлөөлжээ.

6. Нэхэмжлэгч нь өөрийн автомашинд учирсан эвдрэл гэмтлийг үнэлүүлэхэд 200,000 төгрөгийн үнэлгээ гарсан байх бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 20-нд Ю кар кузов засварт засуулж 400,000 төгрөгийн төлбөр төлсөн байна.

7. Хариуцагч нь уг зам тээврийн осол болсон эсэх, хэний буруу байсан талаарх баримт байхгүй, нэхэмжлэгчид тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ өгөөгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан фото зураг, видео бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэргийг үндэслэн шүүх түүнийг тухайн зам тээврийн ослыг гаргасан бөгөөд нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцвал зохих этгээд мөн байна гэж дүгнэлээ.

8. Иймд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах асуудлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зохицуулсан тул нэхэмжлэгч нь энэ зүйлээр шаардах эрхтэй.

9. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

10. Нэхэмжлэгч нь эд хөрөнгөд учирсан гэмтлийг өөрийг хөрөнгөөр засварлаж, 400,000 төгрөгийн зардал гаргасан байх ба хариуцагч нь хохирлын хэмжээний талаар маргаагүй тул хариуцагчаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 400,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Ж-оос эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 400,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Л-ид олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 12,650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.МӨНХЦЭЦЭГ

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН