| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2023/0200/З |
| Дугаар | 128/ШШ2023/0263 |
| Огноо | 2023-03-22 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2023/0263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх--Өлзий даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүгнэлт гаргагч: Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Б*******,
Хариуцагч: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч Д.У******* нарын хоорондын Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч Д.******* 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0009248 тоот шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Б*******, хариуцагч Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн улсын байцаагч Д.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримтын тухайд:
1.1. Дүгнэлт гаргагч Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Б******* нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч Д.У*******д холбогдуулан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч Д.******* 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0009248 тоот шийтгэлийн хуудасны холбогдогч П.У******* гэснийг А******* ХХК /РД:5*******/ гэж өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлт гаргасан байна.
1.2. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч Д.У******* нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1591/Б2210251024 дугаартай зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0009248 тоот шийтгэлийн хуудсаар А******* ХХК-ийн нягтлан бодогч П.У*******д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар 250,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулжээ.
1.3. Дүгнэлт гаргагч Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Б******* нь Улсын ерөнхий прокурорын 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/62 дугаар тушаалаар баталсан Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар болон Баянгол дүүргийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн байгууллагаас бусад хяналтын харьяа байгууллагын зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнуудаас хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан материалуудын хууль зүйн үндэслэлийг шалгах шалгалтын удирдамж-ийн дагуу шалгалт хийсэн байна.
1.4. Уг шалгалтын хүрээнд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч Д.******* Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0009248 тоот шийтгэлийн хуудастай зөрчлийн хэргийг хянаж, Зөрчлийн тухай хуулийн Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасан зөрчилд А******* ХХК-ийн нягтлан бодогч П.У*******д холбогдуулан торгууль оногдуулсан нь буруу гэж шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 64 дугаартай дүгнэлтийг бичиж 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ.
Хоёр. Прокуророос ирүүлсэн дүгнэлт, тайлбартаа:
2.1. ...Прокурорын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д зөрчлийн хэрэг бүртгэлтэд хуулийн хэрэгжилтийг шалгах, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий байгууллагын хэрэг бүртгэх ажиллагаанд шалгалт хийх, 48 дугаар зүйлийн 48.1.6 прокурорын хяналтын аргачилсан заавар, журам батлах гэж тус тус заасан бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/62 дугаар Аргачилсан зааврын 5.1 дүгээр зүйлийн 1.2-т эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн, хялбаршуулсан журмаар шалгаж, шийдвэрлэсэн шийдвэрийг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах шалгалтын хүрээнд хянах гэж заасан байдаг.
2.2. Үүний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд нийгмийн даатгалын эрх бүхий албан тушаалтнуудын шийтгэл оногдуулсан материалуудыг татан авч, удирдамжийн дагуу шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан.
2.3. Өөрөөр хэлбэл прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэх туслах ажилтан ажил үүргийн хүрээнд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг үнэт цаасан дээр шийдвэрлэх хэсгийг зөвхөн бүртгэлийн ажлыг хийдэг. Хууль зүйн үндэслэлд Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна гэж заасан байдаг. Мөн хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.
2.4. Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудас буюу Монгол Улсын Засгийн газраас батлагдсан 135 дугаар маягтад шийдвэрлэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан буюу аж ахуй нэгжийг дурдалгүйгээр хувь хүний нэрийг дурдан шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт "шимтгэл төлөгч" гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг гэж заасан. Энэхүү зөрчилд зөвхөн хуулийн этгээдийг торгохоор зохицуулсан.
2.5. Дүгнэлт бичих болсон шалтгаан нөхцөл буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дугаар хэсэгт Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ гэж заасан бөгөөд илэрсэн зөрчлийг прокурор прокурорын шаардлагаараа арилгуулна. Харин Монгол Улсын Засгийн Газраас баталж байгаа үнэт цаас буюу шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах асуудал нь зөвхөн шүүхийн эрх мэдлийн асуудал юм. Хариуцагч байгууллагыг торгосон, хүний нэр бичиж байгаа нь бичиг техникийн асуудал гэж тайлбарладаг.
2.6. Гэвч шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсэгт хувь хүний нэр дурдагдаж, бичигдсэн байдаг. Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг прокурорын байгууллага бүртгэлийн асуудлыг чиг үүргийг хэрэгжүүлэх прокурорын туслах ажилтан гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл шийтгэлийн хэсгийг л зөвхөн бүртгэдэг. Энэхүү шийтгэлийн хуудасны үр дагавар нь хувь хүн П.У*******гийн нэр, регистрийн дугаараар бүртгэгдсэн. Прокурорын байгууллагын цахим системд бүртгэгдэхдээ хувь хүнээр бүртгэгдэж, энэ нь улсын хэмжээний тоо мэдээ, статистикт шууд нөлөөлж, буруу тоо мэдээлэл гаргаж байна. Иймд шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулж, тоо мэдээг зөвтгөх шаардлагатай. Мөн өөрчлөлт оруулснаар хувь хүний зөрчигдсөн эрхийг сэргээгдэнэ гэж үзэж байна. гэв.
Гурав. Хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч Д.У******* шүүхэд гаргасан тайлбартаа:
3.1. ...Дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг нэгдүгээрт шүүхээс анхаар ч үзэх нь зүйтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх хэсэгт "гомдол" гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл, шүүгчийн захирамж, тогтоол, анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянуулахаар гаргасан өргөдөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг гэж заасан байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хуулийн хугацаа 30 хоног. Энэхүү хугацаа өнгөрчихсөн учраас хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэж байна.
3.2. Би 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шийдвэрээ гаргаж, даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн. Энэ нь хяналт тавих зарчимтай нь нийцэх ёстой. Энэ талаар 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/62 дугаар Аргачилсан зааврын 2.2 дахь хэсэгт заасан байдаг бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Хоёрдугаарт, шийтгэлийн хуудсанд хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаарыг дурдсан. П.У******* нь компанийн эрх бүхий албан тушаалтан байдаг. Энэ нь Компанийн тухай хууль болон бусад хууль нотлох баримтаар нотлогддог. Би хувь хүний регистрийн дугаарыг дурдаагүй. Торгуулийн хуудсаар П.У*******г торгоогүй. Торгуулийг төлөхдөө байгууллагын регистрийн дугаарыг бичиж торгуулийг төлсөн байдаг. Энэ тохиолдолд прокурорын дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
3.3. Прокурор шаардлагынхаа хүрээнд П.У******* гээд биччихсэнийг А******* ХХК болгож шийдвэрлүүлэх боломжтой. Хуулийн санкцыг буруу хэрэглээгүй. Санкцыг буруу хэрэглэсэн бол дүгнэлтийг өөрчлүүлэх, хүчингүй болгуулах дүгнэлтийг бичих нь зүйтэй байсан. Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3-д зааснаар прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дүгнэлт, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Болор-Эрдэнийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 64 дүгээр дүгнэлтийг хангаж, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч Д.******* 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0009248 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч Д.******* 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0009248 дугаартай шийтгэлийн хуудсаар П.У*******д холбогдуулан А******* ХХК-ийн 10/003/Б2210251024 тоот албан бичгийн дагуу хяналт шалгалтыг явуулж, ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй хоцроосон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
3. Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Б*******эс ...Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байхад эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа иргэн П.У*******д /А******* ХХК-ийн нягтлан бодогч/ шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй тул шийтгэлийн хуудаст А******* ХХК / РД:5*******/ өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж,
4. Хариуцагчаас ... Дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, Компанийн тухай хуульд компанийн эрх бүхий албан тушаалтан гэдэгт хэн хэн орохыг тодорхой зааж өгсөн байдаг. П.У*******г компанийн эрх бүхий албан тушаалтан гэж үзсэн бөгөөд П.У******* нь өөрөө тайлангаа гаргадаг. Эрх бүхий албан тушаалтан нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх учраас итгэмжлэл авагдаагүй... гэж тус тус тайлбарлан маргаж байна.
5. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан
6. Энэхүү зохицуулалтаас үзэхэд ажил олгогч хуулийн этгээдийн хувьд нийгмийн даатгалын тухайн сарын тайланг Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны өдрийн дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх бөгөөд энэ хугацаа долоо хоног бүрийн амралт, нийтээр амрах баярын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр тайлагнана гэж заасан хугацаанд харьяалах нийгмийн даатгалын байгууллагад ирүүлээгүй тохиолдолд тухайн ажил олгогч хуулийн этгээдийг уг зөрчлийг гаргасан гэж үзэн хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгохоор зохицуулснаас бус иргэн эсхүл тус компанийн нягтлан бодогч ажилтныг торгохоор зохицуулаагүй байна.
7. Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч Д.******* 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0009248 дугаар шийтгэлийн хуудас[1]-ны ...ОЛСОН нь: хэсгийн холбогдогч хэсэгт А******* ХХК-ийн нягтлан бодогч П.У*******, ...ШИЙДВЭРЛЭХ нь: хэсгийн 1-д заасан холбогдогч хэсэгт П.У*******, 6-д заасан холбогдогч хэсэгт П.У******* гэж тодорхойлоод хуулийн заалт нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу торгууль оногдуулсан байгаагаас үзэхэд нийгмийн даатгалын тухайн сарын тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан гэж ойлгогдохооргүй байгаа нь тодорхой нотлогдож байна.
8. Хариуцагчийн шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно гэж заасан зарчимд нийцээгүй, өөрөөр хэлбэл хуулийн этгээдэд хариуцлага тооцох гэж байгаа тохиолдолд шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээж байгаа этгээд маш тодорхой тодорхойлогдож тэмдэглэгдсэн, хоёрдмол утга санаагүй, ойлгомжтой байх шаардлагатай ба хуулийн этгээдийг торгосон гэх тайлбар эсхүл бусад баримтаар давхар нотлогдож тайлбарлагдахгүйгээр шууд үзэхэд ойлгомжтой байх ёстой.
9. Энэхүү үүргийг хариуцагч эрх бүхий албан тушаалтанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2-т Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна, 1.1-д тухайн хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх-ийг тогтоосон байхаар үүрэгжүүлэн зохицуулсан байхад уг үүргээ биелүүлээгүй дээрх алдааг гаргасан байна.
10. Харин энэхүү алдааг залруулсан өөрчлөлт оруулахаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос дүгнэлт ирүүлсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дугаар хэсэгт Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ гэж заасантай нийцсэн байна.
11. Иймд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч Д.******* 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0009248 дугаар шийтгэлийн хуудаст холбогдогч А******* ХХК /РД:5*******/ гэж бичих ажиллагааг дутуу хийсэн гэж үзэн шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
12. Хариуцагчаас тайлбарласан шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийг А******* ХХК-аас төлсөн гэх үндэслэл нь дээрх алдааг хуульд нийцсэн гэж зөвтгөн дүгнэх үндэслэл болохгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.
13. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч Д.У*******ас 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0009248 тоот шийтгэлийн хуудастай зөрчлийн хэргийг Баянгол дүүргийн Прокурорын газар 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч бүртгэсэн байна. Хариуцагчийн ...үнээс хойш 30 хоногийн дотор прокурор хянаж дүгнэлт бичиж шүүхэд шилжүүлэх байсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж дүгнэлт бичсэн... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
14. Учир нь Улсын ерөнхий прокурорын 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/62 дугаар тушаалаар баталсан Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар болон Баянгол дүүргийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн байгууллагаас бусад хяналтын харьяа байгууллагын зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнуудаас хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан материалуудын хууль зүйн үндэслэлийг шалгах шалгалтын удирдамж-ийг баталжээ. Үүний дагуу тус газрын хяналтын прокурор Э.Б******* хяналт шалгалтыг явуулж хуульд заасан 30 хоногт буюу 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дүгнэлт бичиж ирүүлснийг буруутгах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зөрлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 10.17 дугаар зүйлийн 4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2, 6.6 дугаар зүйлийн 7 дугаар хэсэгт заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Болор-Эрдэнийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 64 дугаартай дүгнэлтийг хүлээн авч, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч Д.******* 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0009248 тоот шийтгэлийн хуудаст А******* ХХК /РД:5*******/ гэж өөрчлөлт оруулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
[1] Хавтаст хэргийн 17 дахь талд