Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/99

 

 

 

 

 

Ж.Д, Ө.Бнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Энхбат,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ/онлайнаар/,

Шүүгдэгч Ж.Дын өмгөөлөгч М.Мэндсүрэн, шүүгдэгч Ө.Баттулгын өмгөөлөгч А.Мөнхтулга,

Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/222 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Ж.Д, Ө.Бнарт холбогдох эрүүгийн 2134000000014  дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

 

Монгол улсын иргэн,

 

Шүүгдэгч Ж.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Өгөөмөрийн 15-01 тоотод 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Т.Эрдэнэбатыг "гар утас авлаа" гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаа санаатай учруулсан,

Мөн шүүгдэгч Ө.Б-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй боловч бүлэглэн Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Өгөөмөрийн 15-01 тоотод 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар Т.Эрдэнэбатыг бэртэл гэмтэлтэй, бусдын туслалцаа шаардлагатай байхад нь аюул учирсан нөхцөлд буюу хүйтэн байшинд орхисны улмаас амь хохирогч Т.Эрдэнэбат нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан,

Шүүгдэгч Ө.Бнь Ж.Дтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй боловч бүлэглэн Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Өгөөмөрийн 15-01 тоотод 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Т.Эрдэнэбатыг бэртэл гэмтэлтэй, бусдын туслалцаа шаардлагатай байхад нь аюул учирсан нөхцөлд буюу хүйтэн байшинд орхисны улмаас амь хохирогч Т.Эрдэнэбат нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, шүүгдэгч Ж.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, шүүгдэгч Ө.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/222 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Ж.Дыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бүлэглэн, бэртэл гэмтэлтэй хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ө.Б бүлэглэн, бэртэл гэмтэлтэй хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, шүүгдэгч Ж.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, шүүгдэгч Ө.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Жамъяншаравын Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож, 60 /жар/ хоног буюу 2 /хоёр/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Дт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг, шүүгдэгч Ө.Баттулгад оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн 2134000000014 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.Д, Ө.Бнар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Маяа болон түүний өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ нарын олох ёстой байсан орлого 50 000 000 /тавин сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг энэ шийтгэх тогтоолоор хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Ж.Д, Ө.Бнараас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд "...Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Маяагийн баримтгүйгээр нэхэмжилсэн олох ёстой байсан орлого болох 50 000 000 /тавин сая/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж..." гэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д "Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно." гэж заасан. Шүүгдэгч нар нь шүүх хуралдааны үеэр иргэний нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдалтай маргаагүй хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлж тухайн нэхэмжлэлийг нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.4-д "гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах" гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгчдийн маргаагүй хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэлийг хангах бүрэн боломжтой болно.

Анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/222 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан байна. Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэх эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал тул энэ талаар хэлэх тайлбаргүй гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирлын хувьд нэхэмжлэх эрхийг нь шийтгэх тогтоолд нээлттэй үлдээсэн. Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэн шүүгдэгч Ө.Баттулгын эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шийтгэх тогтоол хуулийн дагуу гарсан. Ямар ч баримтгүй учраас олох ёстой орлого 50 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ гаргасан тайлбартаа: 50 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх хэлэлцэхгүй орхисон. Энэ нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон үндэслэлээ шийтгэх тогтоолдоо бичээгүй. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 50 000 000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Д, Ө.Бнарт холбогдох эрүүгийн 2134000000014 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 31 дугаартай яллах дүгнэлт үйлдэн Ж.Д, Ө.Бнарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна /2хх-н 35-43/.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар “шүүгдэгч Ж.Дын хувьд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн ба түүний хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг нь тэрээр хохирогчийг зодож, цохиж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогч Т.Эрдэнэбатын биед зүүн 3, 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, үүдэн доод баруун 1 дүгээр шүдний хугарал, зүүн шүдний булгарал, хуйханд шарх, дух, баруун, зүүн хацар, хүзүү, дал, нуруу, баруун, зүүн ташаа, өвдөг, тохойд олон тооны зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр, хөнгөн гэмтлүүдийг учруулж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийг зодож, цохисон хууль бус санаатай үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

Мөн шүүгдэгч Ж.Д, Ө.Бнарын бүлэглэн үйлдсэн бэртэл гэмтэлтэй хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг нь тэрээр бэртэл гэмтэлтэй, согтуу хохирогчийн амь нас, эрүүл мэнд аюултай нөхцөл байдалд байгааг мэдсээр байж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон орхиод явж байгаа өөрсдийн хайхрамжгүй хандсан үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж үйлдсэн, хохирогч Т.Эрдэнэбатын амь нас хохирсон хохирол, хор уршигт хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хохирогчийн амь нас хохирсон нь шүүгдэгч нарын хохирогчийн амь нас, эрүүл мэнд аюултай нөхцөл байдалд байхад орхиод явсан үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд Ж.Д гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Эрдэнэбат Ббид хоёрын голд суусан. Тэгээд уугаад бид гурав нэлээн удсан, мөн согтсон. Тэгээд байж байхад миний гар утас алга байсан.. Би та хоёр утас гаргаж өг, та хоёроос өөр хэн авдаг юм гэж хэлсэн. Ингээд Эрдэнбат бид хоёр маргалдаад заамдалцсан. Тэгээд хоорондоо цохилцсон санагдаж байна. Ингээд ухаан орж гараад байгаа. Нэг санахад БЭрдэнэбатыг чи Дариагийн утсыг гаргаж өгөөч гээд өшиглөж байсан санагдаж байна.” гэж /1хх-н 55/,

Сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд гал түлж байхдаа архиа талийгаач аягалж тойруулаад ууж байтал миний Самсунг А-9 маркийн утас алга болчихсон. Тэгэхээр нь миний утсыг та хоёроос өөр хэн авдаг юм гээд талийгаачийг хардаад заамдаж аваад муудалцаад дээр доороо ороод би талийгаачийн нүүр рүү гараараа 3-4 удаа цохисон. ... Бпизда минь утсыг нь авсан юм бол өгөөч гээд талийгаачийг 2-3 удаа өшиглөсөн. Би харанхуй байсан учир яг хаана нь өшиглөсөн талаар нь харж чадаагүй.” гэж /1хх-н 155/

Ө.Бсэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “...бид нар Батаагийн байшинд ирж байшинг нь Д галлаад талийгаач зуухны урд талд ханан пийшин налж бакришиг дээр сууж Д зуухны өмнө суугаад гал түлж би гал тогооны шүүгээ налж суугаад архийг талийгаач тойруулж ууж байтал Төгсөө гэх хүүхнийг ярьж байгаад талийгаач Д хоёр маргалдсан. Тэгээд Д өөрийнхөө утаснаас талийгаачид юм харуулна гээд утсаа ухтал утас нь байгаагүй. Тэгээд улам хэрүүл ширүүсээд Д талийгаачийг цохиж аваад дээр нь гарчихсан зодож байхад би салгасан. Байшин харанхуй гэрэлгүй байсан учир би яаж цохиж зодож байгааг нь хараагүй” гэж /1хх-н 171/ амь хохирогчийг зодсон талаар харилцан эсрэг сонирхолтой мэдүүлэг өгснийг шалгаж тогтоох шаардлагатай байна.

2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн 6 дугаартай дүгнэлтэд амь хохирогч Т.Эрдэнэбатын биед учирсан хүндэвтэр зэргийн гэмтлүүдээс бусад гэмтлийн талаар тодорхойгүй, бүрэн биш дүгнэлт гаргасан байх тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2-т “Шинжлүүлэгч нь нэг цагийн хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрт эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлж, хэрэв эдгээр гэмтлүүд нэг нэгэндээ харилцан нөлөөлж шинжлүүлэгчийн биеийн байдлыг хүндрүүлсэн бол тэдгээрийг бүрдэл байдлаар авч үзэж эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох” гэсний дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй байна.

Мөн прокуророос яллах дүгнэлтдээ гэмт хэргийн талаар үндэслэл бүхий тайлбар хийж хэргийг нотолж чадаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокурор тогтоох үүрэгтэй. Шүүгдэгч Ж.Д, Ө.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд ямар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах ямар үүргээ зориуд биелүүлээгүй орхисон талаарх баримт хэрэгт авагдаагүй байх  бөгөөд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг нотолж чадаагүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон магадлалд дурдсан нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг прокурорт буцаасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/222 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Д, Ө.Бнарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХДАВАА

 

 

                   ШҮҮГЧИД                                        Т.ЭНХМАА

 

 

                                                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ