Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/100

 

 

 

 

 

М.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Б.Мөнхтулга

            Хохирогчийн өмгөөлөгч С.Б,

           Шүүгдэгч М.Бын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

            Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж, шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЗ/978 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Төв аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Нямтайвангийн бичсэн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар дээд шатны прокурорын эсэргүүцлээр М.Бт холбогдох эрүүгийн 1934003100100 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн,

 

М.Б нь Төв аймгийн Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгчийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа Төв аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн 111 дугаартай албан өрөөнд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр эрүүгийн 1934002020133 дугаартай хэрэгт холбогдон шалгагдаж байсан Г.Ган-Одоос түүний гар утасны гаднаас ирсэн болон гадагш залгасан дугааруудыг хэний дугаарууд болох, ямар учиртай болохыг асуун тайлбар авч, хариулахад нь “мэдэхгүй гэдэг үгээр ам таглах гээд байна уу” гэж гараараа зүүн мөрөн тус газар 2-3 удаа, хэвлий тус газар 1 удаа тус тус цохисны улмаас Г.Ган-Од нь баруун хөмсөг хэсгээрээ шүүгээ мөргөж, баруун зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Цэрэнпилийн өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Г.Ган-Одыг малын хулгайн хэрэгт шалгаад Төв аймагт авчирсан байсан, Өрөөнд М.Б, Г.Ган-Од, Мөнхтулга бид дөрөв байсан. Би хугацаатай бичиг явуулах гээд гараад явсан, М.Б, Г.Ган-Од, Мөнхтулга гурав байж байсан...” гэсэн мэдүүлгийг үндэслэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй, үйл баримт болох үед Мөнхтулга өрөөнд байсан гэх нөхцөл байдал үүсч байгаа бөгөөд энэ байдлыг тодруулаагүй, хэрэгт Мөнхтулгыг гэрчээр тогтоож мэдүүлэг аваагүй байх тул гэрч Д.Цэрэнпилийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг шалгаж тодруулах.

 

Мөн хэргийн зүйлчлэлийг дахин шалгаж тодруулах шаардлагатай байна хэмээн үзэж хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

 

Төв аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын Ц.Нямтайван бичсэн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

 

Учир нь: М.Б хохирогч Г.Ган-Одын зүүн мөрөн тус газар нь 2-3 удаа, хэвлийн тус газар 1 удаа тус тус цохисны улмаас Г.Ган-Одын биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан нөхцөл журмын дагуу бэхжүүлж цуглуулж авсан хохирогч Г.Ган-Одын “...чи мэдэхгүй гэдэг үгээр ам хаах гэлээ гээд гараа атгаж байгаад миний элэг рүү цохих гэхээр нь би хоёр гараа элгэндээ эвхээд хаасан чинь миний зүүн мөр рүү 2-3 удаа цохиод хамгийн сүүлийн удаа хүчтэй цохих үед хажууд байсан модон шкафны булан мөргөөд доошоо тонгойсон...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Цэрэнпилийн “...даргын өрөөнөөс гараад ирсэн чинь Г.Ган-Од нойлын өрөөнд зогсож байсан. Тэгээд би Г.Ган-Од дээр очоод өрөө рүү оръё гээд хэлсэн чинь баруун хөмсөгнөөс нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч А.Гансүхийн “...би хүү Г.Ган-Одоос юу болсон талаар асууж хэн ийм болгосон юм бэ гэхэд Төв аймгийн цагдаад ажилладаг М.Б гэж цагдаа цохисон, тэр үйлдлийнх нь улмаас ойчихдоо гэсэн үү тэнцвэр алдахдаа гэсэн хажуудаа байсан зүйлийг хөмсөг хэсгээрээ мөргөөд хөмсөг нь язарсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Зоояагийн “...яагаад ийм зүйл болсон талаар асуухад Төв аймгийн Заамарт ажилладаг цагдаа цохисон, цохих үед унахдаа юм мөргөөд ийм болчихсон гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Жамъянгаравын “...сувилагч дуудаад эмчээ та энэ хүүхдийн шархыг хараад өгөөч гэхээр нь харсан чинь баруун хөмсөг хэсэг нь оёдол тавихаар хэмжээний цус гарсан, цохигдсон юм уу зүсэгдсэн шархтай эрэгтэй хүүхэд байсан. Надад хэлэхдээ цагдаагийн газарт гэмтсэн гэсэн ба ширээ билүү шкаф мөргөсөн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба яллагдагч М.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрүүдэн шүүж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос яллагдагчид тухайн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

           

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Дээд шатны прокуророос бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. М.Бын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Хэргийн зүйлчлэлийн хувьд ч гэсэн Эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Тухайн хэрэг учрал болох үед буюу шүүгчийн захирамжид тусгагдсан хүнийг гэрчээр асуулгах талаар мөрдөн байцаалт, прокурорын шатанд өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргаж байсныг хүлээн аваагүй байгаа. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгааг анхаарч үзнэ үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх М.Бт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ дээд шатны прокурор Ц.Нямтайвангийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй.

 

Түүнчлэн шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит, болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг тогтоодог учиртай.

 

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч Г.Ган-Одын мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, түүний хохирогчоор болон Ц.Жамъяангарав, Н.Бадамжунай, Д.Цэрэнпил, А.Гансүх, Н.Зоояа нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүдээс үзвэл хэрхэн юуны улмаас үүдэн хохирогч Г.Ган-Одын биед баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан болох үйл баримт нь нотлогдон тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийг шатанд гэрч Д.Цэрэнпил тухайн үйл баримт болох үед н.Мөнхтулга гэх хүн байсан талаар мэдүүлсэн байх хэдий ч дээр дурдагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хоорондоо ноцтой зөрүүгүй, н.Мөнхтулга гэх хүнийг гэрчээр тогтоон мэдүүлэг авснаар цаашид тухайн болж өнгөрсөн гэх үйл баримт, хэргийг шүүхээр хянан хэлэлцэж шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэхэд онцын нөлөө үзүүлэхээргүй байх тул энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийн тухайн хэсгийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Харин прокурорын шатанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж заасныг анхаарч үзэлгүй орхигдуулжээ.

 

Өөрөөр хэлбэл прокуророос М.Бт холбогдох хэргийг хянан үзэж холбогдох шийдвэр гаргахдаа М.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг сайтар нягтлан үзэлгүйгээр түүнд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлтэд үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь буруу байна.

 

Түүнчлэн прокуророос шүүгчийн захирамжийн дээрх заалтын талаар эсэргүүцэл гаргаагүй, давж заалдах шатны шүүхэд хэргийн оролцогч нартай мэтгэлцээгүй тул захирамжийн уг хэсэгт зааснаар хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.   

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан “...хэргийн зүйлчлэлийг дахин шалгаж тодруулах шаардлагатай...” гэсэн хэсгийг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Ц.Нямтайваны бичсэн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар эсэргүүцлийн “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЗ/978 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Нямтайваны бичсэн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар дээд шатны прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг энэ магадлалд дурдсан үндэслэлээр хүлээн авч хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ 

      

 

                   ШҮҮГЧИД                                                  Т.ЭНХМАА

 

 

                                                                                      М.МӨНХДАВАА