Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/101

 

 

 

 

О.Хт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор М.Гансувд,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн /цахимаар/

            Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж, шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хяналтын прокурор М.Гансувдын бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 28 дугаар эсэргүүцлээр О.Хт холбогдох эрүүгийн 2134000000358 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,

 

О.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутагт байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Б.Баттогоотой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас О.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Хурган овогт Осорын Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2134000000358 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилж,

 

шүүгдэгч Хурган овогт Осорын Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан О.Хт оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Х энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Баттогоод 250.000 төгрөг төлснийг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Гансувд бичсэн эсэргүүцэлдээ: Хэрэгт хохирогч Б.Баттогоо нь хоёр удаа мэдүүлэг өгөхдөө “...Улаанбаатар хотод нөхөр О.Х бид хоёр амьдарч байхад хэд хэдэн удаа маргалдаж намайг цохиж зодож байсан тэр үед нь Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй. Би он, сар, өдрийг санахгүй байна..., ...одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, нөхөр О.Хтай эвлэрсэн...” гэж,

 

мөн гэрчээр “...манай нөхөр О.Х урьд өмнө нь гар хүрч зодож байсан. 2021 оны 02 дугаар сард намайг зодохоор нь би Багануур дүүрэг рүү ээж дээрээ очсон, тэгсэн ханийгаа уучлаарай одоо дахин тэгэхгүй гэхээр нь гэртээ ирсэн, тэгсэн ирсэн орой нь л мөн намайг зодсон. Би эмэгтэй хүн харахаар уур хүрээд байдаг юм гээд л намайг зодсон...” гэж тус тус мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч О.Х нь хохирогчийг буюу эхнэр Б.Баттогоог өмнө нь зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан, мөн тухайн үйлдэлдээ Цагдаагийн байгууллагаар шалгагдаж хариуцлага тооцуулж байгаагүй, шүүгдэгч О.Хыг анх удаа тохиолдлын шинжтэй эхнэр Б.Баттогоог зодож гэмтэл учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч О.Хт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхдээ шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. О.Х нь хохирогч Б.Баттогоог өмнө нь зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэдэг нь хэрэгт авагдсан түүний гэрч болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг өөрчилж хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгах дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн /цахимаар/ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: О.Х эхнэр Б.Баттогоог зодсон гэх үйлдэлдээ огт маргадаггүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэснийг дэмжиж байгаа гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.Хт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Төв аймгийн прокурорын газраас О.Хыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Жаргалант сум, Загдал 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Баттогоотой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, нүдний алимны салстын цус хуралт, зүүн хацар, зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцралт, баруун хацар, шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

О.Х нь хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мал, аж ахуй эрхэлдэг, орлого олох боломжтой нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн хэмээн үзэж прокурорын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 76 дугаар тогтоолоор О.Хаас хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг нь хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн О.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээг танилцуулж, яллагдагч зөвшөөрөн гарын үсэг зурсан прокурорын саналын хамт хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх О.Хын гэр бүлийн харилцаатай хүн болох Б.Баттогоог нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь байнгын бус тохиолдлын нэг удаагийн шинжтэй хэмээн дүгнэж түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон, мөн түүнд прокуророос найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр танилцуулан яллагдагч хүлээн зөвшөөрсөн ялыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлэн шийдвэрлэж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 90 хоногт биелүүлэхийг даалган шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн IV хэсэг, Арван долдугаар бүлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс доош хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тусгай журмыг баталсан.

 

Уг журмын буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон эсэх зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзэхээр заасан.

 

Мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх дээр дурдагдсан нөхцөл байдлууд тогтоогдсон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй хэмээн дүгнэвэл шүүгдэгчийг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах ба хэрэв шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл дээр дурдагдсан нөхцөл байдлуудын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана гэж мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Өөрөөр хэлбэл шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа атлаа хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоодог ердийн журмын дагуу шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, оногдуулах ялын төрөл, хэмжээг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байх тул хяналтын прокурор М.Гансувдын бичсэн эсэргүүцлийг агуулгынх нь хувьд хүлээн авч хангах нь зүйтэй байна.

 

Анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны 2021/ШЦТ/391 дүгээр шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь хаанаас эхлэж байгаа нь тодорхой бус, шийтгэх тогтоол нь удиртгал, тогтоох хэсгээс бүрдсэн гэж үзэхээр бичигдсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүхийн шийдвэрийн хэлбэр бүтэц нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ хэмээн хуульчилсантай нийцээгүй байна.   

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа ба мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно. 

 

Иймд прокурор М.Гансувдын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч ханган, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон О.Хт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Монгол Улсын Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 19-д Төв аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг хамааруулан “Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх” гэх нэршил олгон тус шүүхийг байгуулсан байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тус шүүхийн нэршлийг “Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх” гэж буруу бичсэн болон хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.Хт урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/391 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, О.Хт холбогдох эрүүгийн 2134000000358 дугаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурор М.Гансувдын бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 28 дугаар эсэргүүцлийг хүлээн авч хангасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.Хт урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ

        

 

                   ШҮҮГЧИД                                                  Т.ЭНХМАА

 

 

                                                                                      М.МӨНХДАВАА