Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2023/0406

 

2023                05          02                                         128/ШШ2023/0406

 

 

                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг даргалж, шүүгч Ц.Мөнхзул, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч М.Г********* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И.Ц*****

Хариуцагч: Х газар

Хариуцагч: Б дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.О*********, иргэдийн төлөөлөгч М.Г*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.С******нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага

Х газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5** дугаартай тушаалыг илт хууль бусад тооцуулж, ... дахин тушаал гарган огноог 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр болгон засвар оруулахыг хариуцагчид даалгах, Б****** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 0******дүгээр Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай актыг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох, 2015 оны 3 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацааны тэтгэврийн мөнгийг хариуцагчаас гаргуулахыг даалгах

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:

И.Ц*****миний бие бүх цэргийн дайчилгаагаар 1987 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан, Хилийн цэргийн 0**** дугаар ангид алба хааж, 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдөр халагдсан. 1994 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 1998 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Х аймаг дахь Х*** ц***0**** дугаар ангид радист, 1998 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2002 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл тус ангид хүмүүжил эрхэлсэн орлогч, 2002 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2004 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл мөн ангид хилийн албаны даргаар, 2004 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2005 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мөн ангийн хилийн заставт сэтгэл зүйчээр, 2005 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2006 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 0*****дүгээр ангид салаан захирагчаар ажиллаж нийт 17 жил 6 сар хилийн цэрэгт ажиллаж байгаад /2018 оны Б****** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр/ 2006 оны 10 дугаар сарын 27-ны өдөр биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж ажил хийх боломжгүй болж гадаад улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан тул хувь тэнцүүлж тэтгэвэр тогтоолгох өргөдлийг Хил хамгаалах газарт гаргаад, гадаад улсад эмчилгээ хийлгэхээр явсан.

Гэтэл миний өргөдлийг Х х***** г****хүлээн авч 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5** дугаартай Х газрын даргын тушаал гаргахдаа хариуцлагагүй хандаж уг тушаалыг утга агуулгын илэрхий алдаатай гаргасан учраас тэтгэвэр тогтоолгон авах эрх нь зөрчигдсөөр өнөөдрийг хүрч байна. Энэхүү тушаалыг И.Ц*****2015 онд гадаад улсад эмчилгээ хийлгэж ирээд, Б****** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст очиж тэтгэврээ тогтоолгоод 1 жил гаруй хугацаанд тэтгэврийн мөнгийг авч байсан.

Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 0******дугаартай Б****** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн акт гарсан талаар надад хэлж, тэтгэврийн байцаагч "та тушаалын алдааг залруулж засварлаж авч ир үгүй бол таны тэтгэврийг зогсооно" гэсэн шаардлага тавьсан. И.Ц*****нь тухайн албан тушаалтанд би энэ хууль бус тушаалыг гаргах эрх бүхий этгээд биш, та нар албаны шугамаар лавлагаа авч болдоггүй юм уу гэхэд эс үйлдэл гаргаж, түүний тэтгэврийн зогсоосон. Тэтгэвэр тогтоолгох үед 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр И.Ц*****нь 48 настай тэтгэвэр тогтоолгох эрхтэй байжээ.

Энэ талаар И.Ц*****Хил хамгаалах ерөнхий газрын холбогдох албан тушаалтан болох Н.Батбаярт хандаж, тушаалын алдаанаас болж тэтгэвэр зогсооно гэж байгаа тул тушаалд засвар оруулж өгөх хүсэлт гаргасан боловч эс үйлдэл гаргаж, түүний хууль ёсны эрх ашгийг зөрчсөөр өнөөдрийг хүрч байна.

Тухайн үеийн төрийн байгууллагын албан тушаалтны энэхүү эс үйлдэл, буруутай үйл ажиллагаанаас болж миний бие 17 жил 6 сар хилийн цэргийн байгууллагад ажилласан байтал өнөөдрийг хүртэл хуулиар олгогдсон тэтгэвэр авах эрх нь зөрчигдөж, амьдралын эх үүсвэр, амжиргаагаа залгуулах боломжгүй, Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхээ зөрчүүлсээр, эрүүл мэндийн байдал доройтож байгаа тул Хил хамгаалах ерөнхий газрын албан тушаалтны хууль бус үйл ажиллагааг зогсоож, түүний хууль ёсны эрх ашгийг сэргээж өгөхийг хүсэж байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэг, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Х газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5** дугаартай тушаалыг илт хууль бусад тооцуулж, дахин тушаал гарган огноог 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр болгон засвар оруулах, 2015 оны 3 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацааны тэтгэврийн мөнгийг хариуцагчаас гаргуулахыг даалгахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.2. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

... И.Ц******* Б****** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2*** дугаартай "Тэтгэвэр тогтоолтын хуудас"-аар 17 жил 06 сар 06 өдөр нийгмийн даатгал төлснийг тогтоож, 230,*** төгрөгийн тэтгэвэр олгохоор шийдвэрлэжээ. И.Ц*****нь тэтгэврээ хэвийн авч байтал Б****** дүүргийн Нийгмийн Даатгалын хэлтсээс түүнд 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1** дугаартай улсын байцаагчийн акт гарсан талаар хэлж, "та тушаалын алдааг залруулж засварлаж авч ир үгүй бол таны тэтгэврийг зогсооно" гэсэн үндэслэлгүй шаардлага тавьсан байдаг. Уг тушаалыг гаргах эрх бүхий албан тушаалтан нь И.Ц*****биш юм.

Энэ талаар нэхэмжлэгч И.Ц*****тухайн үеийн Хил хамгаалах ерөнхий газрын холбогдох албан тушаалтанд хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй, түүний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн байдаг.

Б****** дүүргийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Б.Ц******, Д. Б***-О***нарын 1** дугаартай "Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай" захиргааны акт нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "...Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй" гэж хуульд заасныг зөрчсөн байна. Тухайн өдөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр И.Ц*****нь 49 настай хуулийн уг заалтаар тэтгэвэр авах эрхтэй байжээ.

И.Цэ**********хуулиар олгогдсон эрхийг Б****** дүүргийн Нийгмийн Даатгалын хэлтсээс дээрх хууль бус акт гарган өнөөдрийг хүртэл зөрчсөөр байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэг, Захиргааны хэрэг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Б****** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Ц******, Д.Б***-О***нарын 2016 оны дүгээр сарын 03-ны өдрийн дугаар 1** улсын байцаагчийн "Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай" актыг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох, нэхэмжлэгч И.Цэ**********2015 оны 1 дүгээр сараас 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны тэтгэврийг нөхөн олгуулахыг хариуцагчид даалгахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.3. Хариуцагч Х газаршүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Иргэн И.Ц*****Хил хамгаалах ерөнхий газарт 2006 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эмчилгээ хийлгэх болсон тул хувь тэнцүүлж, цэргийн тэтгэвэрт гаргаж өгнө үү гэсэн өргөдөл гаргасан боловч цэргийн эмнэлгийн эмч нарын дүгнэлт, холбогдох материалыг хавсаргаж өгөөгүй байна.

Гадаад улс руу эмчилгээнд явсан гэх боловч эмчлүүлсэн гэх баримт, материалыг одоог хүртэл Хил хамгаалах ерөнхий газарт авчирч өгөөгүй. Түүний цэргийн тэтгэвэрт гарах хүсэлтийг шийдвэрлэхдээ Х газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5** дүгээр тушаалын 1 дүгээр заалтад "Цэргийн жинхэнэ алба хаах нас хэтэрсэн тул" гэж илэрхий алдаа гарсан байна.

Уг тушаалыг үндэслэн Б****** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2015 оны 03 дугаар сард хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоосон боловч 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 0******дугаартай улсын байцаагчийн актаар тэтгэврийг зогсоож, үндэслэлгүй олгосон тэтгэврийг нөхөн төлүүлжээ.

Иргэн И.Ц*****нь тухайн үед Хил хамгаалах ерөнхий газарт ".... тушаалын алдааг засуулах" хүсэлт гарсан гэх боловч өргөдөл, гомдлын бүртгэлд энэ талаар тусгагдаагүй байгаа болно.

Өмгөөллийн "С Э Л ХХН-ийн өмгөөлөгч Н.***** нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр "И.Ц*******холбоотой тушаалын алдааг засуулах" тухай хүсэлт гаргахад "Эмнэлгийн дүгнэлт, холбогдох материал байхгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй" гэсэн хариу өгсөн.

Энэ талаар иргэн И.Ц*****болон түүний өмгөөлөгчтэй Хил хамгаалах ерөнхий газрын Хуулийн зөвлөх, дэд хурандаа Ч.М********* биечлэн уулзаж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан "Биеийн эрүүл мэндээр" гэсэн үндэслэлээр хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгоход тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу "Цэргийн жинхэнэ албанд биеийн эрүүл мэндээр тэнцэхгүй тухай цэргийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гарсан байх ёстой" гэдгийг тайлбарлан ойлгуулсан.

Иргэн И.Ц******* холбогдох Х газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5** дүгээр тушаалын 1 дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу "Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн" гэж засах эрх зүйн үндэслэлтэй бөгөөд энэ тохиолдолд уг тушаалын 3 дугаар заалтаар түүнд олгосон 15 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг буцааж төлүүлэх нөхцөл үүсэж байгаа болно гэжээ.

2.4. Хариуцагч Б дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Б****** дүүргийн 17 дугаар хорооны иргэн И.Ц*****нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу цэргийн өндөр насны тэтгэврийг 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хувь тэнцүүлэн тогтоолгосон байна. Х газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5** дүгээр тоот тушаал нь тухайн иргэнийг 39 нас хүрсэн үед Цэргийн жинхэнэ алба хаах нас хэтэрсэн тул цэргийн албанаас халсугай гэсэн үндэслэлээр чөлөөлсөн байгаа энэ дээрх хуулийн 8 дугаар зүйл 8.2.3 дахь заалтад нийцэхгүй байна. Цэргийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар Офицерын алба Офицерын албыг дунд офицер 47 нас хүртэл, ахлах офицер 52 нас хүртэл, дээд офицер 57 нас хүртэл хаана гэж заасан байдаг тул Цэргийн хувь тэнцсэн тэтгэвэр тогтоох боломжгүй байна. Иймд нэхэмжлэхийн шаардлагын дагуу Б****** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1** тоот актыг хүчингүй болгох, тухайн иргэний тэтгэврийг нөхөн олгуулах үндэслэлгүй байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нь шүүхэд анх Х газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5** дугаартай тушаалын 1 дэх заалтыг илт хууль бусад тооцуулж, ...биеийн эрүүл мэндээр... гэж засвар оруулах, 2015 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацааны тэтгэврийг нөхөн олгуулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Улмаар 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Б****** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 0******дүгээр Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай актыг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох, нэхэмжлэгч И.Цэ**********2015 оны 01 дүгээр сараас 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны тэтгэврийг нөхөн олгуулахыг хариуцагчид даалгуулах гэж нэмэгдүүлжээ.

Харин 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Х газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5** дугаартай тушаалыг илт хууль бусад тооцуулж, ... дахин тушаал гарган огноог 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр болгон засвар оруулах, 2015 оны 3 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацааны тэтгэврийн мөнгийг хариуцагчаас гаргуулахыг даалгах тухай гэж өөрчилсөн байна.

Ийнхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг эцсийн байдлаар нэгтгэн авч үзвэл дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.Үүнд:

1. Х газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5** дугаартай тушаалыг илт хууль бусад тооцуулж, ... дахин тушаал гарган огноог 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр болгон засвар оруулахыг хариуцагчид даалгах,

2. Б****** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 0******дүгээр Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай актыг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох.

3. 2015 оны 3 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацааны тэтгэврийн мөнгийг хариуцагчаас гаргуулахыг даалгах тухай.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Х газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5** дугаартай тушаалыг илт хууль бусад тооцуулж, ... дахин тушаал гарган огноог 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр болгон засвар оруулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Х газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн И.Ц********цэргийн албанаас халж, тэтгэвэр тогтоолгох тухай 5** дүгээр тушаалаар И.Цэ**********хүсэлтийн дагуу, 0*****дүгээр ангийн бэлтгэл заставын сургалт эрхэлсэн орлогч, ахлах дэслэгч Идэшийн Ц******* цэргийн жинхэнэ алба хаах нас хэтэрсэн тул гэсэн үндэслэлээр 2006 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс ажлаас чөлөөлж, цэргийн албанаас халсугай гэж шийдвэрлэсэн байна.

Дээрх 2006 оны 5** дүгээр тушаал гарах үед үйлчилж байсан Монгол улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрхзүйн байдлын тухай /1992 оны/ хуулийн 1З дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д Цэргийн албан хаагч нь офицерын албыг: -дунд офицер 45 нас хүртэл хааж болно гэж, 19 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт Офицерыг цолоор нь дунд, ахлах, дээд гэж ангилна. Дунд офицер нь дэслэгч, ахлах дэслэгч, ахмад, ахлах офицер нь хошууч, дэд хурандаа, хурандаа, дээд офицер нь бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал цолтой байна гэж заасан.

Цэргийн албаны тухай /2016 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т Офицерыг дунд, ахлах, дээд гэж ангилна гэж, мөн зүйлийн 11.4-т Офицерын албыг дунд офицер 47 нас хүртэл, ахлах офицер 52 нас хүртэл, дээд офицер 57 нас хүртэл хаана гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т Дэслэгч, ахлах дэслэгч, ахмад цолтой офицерыг "дунд офицер", ... гэнэ тус тус заажээ.

Нэхэмжлэгч И.Ц********Х газрын даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 365 дугаар тушаалаар ахлах дэслэгч цол олгосон /ХХ-н 43-44 дэх тал/ байх тул дээрх хуулийн зохицуулалтуудын дагуу түүний цол дунд офицер байх ба түүний цэргийн алба хаах насны дээд хязгаар нь 45 нас гэдэгт хамаарч байна.

Х газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5** дүгээр тушаалаар нэхэмжлэгч И.Ц********цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэх үндэслэлээр цэргийн албанаас чөлөөлөх үед нэхэмжлэгч 39 нас 9 сартай байсан байх ба цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байсан байна.

Дээрхээс үзэхэд, маргаан бүхий 5** дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг цэргийн алба хаах нас хэтрээгүй байхад нь цэргийн жинхэнэ алба хаах нас хэтэрсэн буюу цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэсэн үндэслэлээр цэргийн албанаас халсан нь хууль зөрчсөн байна.

Гэвч дээрх 5** дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг 45 нас хүрээгүй байхад нь нас хэтэрсэн гэж ажлаас чөлөөлсөн нь хууль бус байх хэдий ч энэ тушаал нь тухайн үедээ нэхэмжлэгчид эерэг нөлөөлөл, эерэг үр дагаврыг үүсгэсэн байх бөгөөд тус эерэг нөлөөлөл бүхий 5** дүгээр тушаалыг нэхэмжлэгч тухайн үедээ мэдээгүй гэж үзэх боломжгүй, уг тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол тухайн үед зөрчигдөөгүй байна гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны акт болох 5** дүгээр тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, .. харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж тус тус заасан ба уг зохицуулалтын агуулгаас үзэхэд захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоох, хамгаалах зорилготой.

Тодруулбал, маргаан бүхий захиргааны акт хууль зөрчсөн хэдий ч уг акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны сонирхол сэргэхээргүй байвал Захиргааны хэргийн шүүх уг маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох гэх мэт нэхэмжлэлийг хангасан шийдвэрийг гаргах үндэслэл үүсэхгүй.

Мөн Х газрын даргын 2006 оны 5** дүгээр тушаалд тухайн үед үйлчилж байсан 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан илт хууль бус захиргааны акт тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

Иймд Х газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5** дугаартай тушаалыг илт хууль бусад тооцуулж, ... дахин тушаал гарган огноог 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр болгон засвар оруулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Б****** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 0******дүгээр Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай актыг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Б****** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай № 0******тоот актаар цэргийн алба хаах нас хэтэрсэн гэж чөлөөлсөн нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь заалт цэргийн алба хаах нас хэтэрч гэснийг зөрчсөн гэж дүгнэж, үндэслэлгүй олгогдсон 2,6******төгрөгийг нэхэмжлэгч И.Ц******* буцаан төлүүлэхээр шийдвэрлэжээ. /ХХ-ийн 6 дахь тал/.

Нэхэмжлэгч нь илт хууль бус захиргааны актын улмаас хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгох эрх зөрчигдсөн гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй мөн тус хэсгийн 2-т биеийн эрүүл мэндээр, 3-т цэргийн алба хаах нас хэтэрч гэж тус тус заасан байна.

Х газрын даргын 2006 оны 5** дүгээр тушаалаар И.Ц********цэргийн албанаас чөлөөлөх үед нэхэмжлэгч 39 нас 9 сартай байсан буюу цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй болох нь тогтоогдож байх тул нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2016 оны 1** тоот акт нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрхзүйн байдлын тухай /1992 оны/ хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Офицер, ахлагчийг дараах тохиолдолд нас харгалзахгүйгээр цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халж болно, мөн хэсгийн 1-т цэргийн жинхэнэ албанд биеийн эрүүл мэндээр тэнцэхгүй тухай цэргийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гарсан гэж заасан.

Нэхэмжлэгч нь 2006 оны 10 дугаар сарын 27-ны өдөр цэргийн албанаас хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргахдаа, уг өргөдөлдөө[1][1] өөрийгөө 1960 онд төрсөн гэж болон эмчилгээ хийлгэх буюу өвчний учир гэсэн худал мэдээлэл бичсэн болох нь тогтоогдож байна.

Учир нь нэхэмжлэгч И.Ц*****нь тухайн үед өвчний учир цэргийн албанаас халагдаж, цэргийн тэтгэвэр тогтоолгох бодит нөхцөлд байсан бол өргөдөлдөө Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу заавал хавсаргавал зохих биеийн эрүүл мэндээр цэргийн алба хаах боломжгүй гэдгээ тогтоолгосон цэргийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг гаргуулах, гаргасан дүгнэлтийн өргөдөлдөө хавсаргаж өгөх ёстой байсан ба энэ нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хийх ёстой үйлдэл байна.

Шүүхээс нэхэмжлэгч биеийн эрүүл мэндээр тэнцэхгүй тухай цэргийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гаргуулсан эсэхтэй холбоотой баримтуудыг цуглуулах ажиллагааг хийсэн боловч цэргийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гаргуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн Б****** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн № 0******тоот актад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны акт тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Б****** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 0******дүгээр Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай актыг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2015 оны 3 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацааны тэтгэврийн мөнгийг хариуцагчаас гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүх нэхэмжлэлийн 1 болон 2 дахь шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул 2015 оны 3 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацааны тэтгэврийн мөнгийг хариуцагчаас гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

Тодруулбал, шүүх маргаан бүхий 5** дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг цэргийн алба хаах нас хэтрээгүй байхад нь цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэсэн үндэслэлээр цэргийн албанаас халсан нь хууль зөрчсөн, Х газрын даргын 2006 оны 5** дүгээр тушаалаар И.Ц********цэргийн албанаас чөлөөлөх үед нэхэмжлэгч цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй болох нь тогтоогдож байх тул нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2016 оны 1** тоот акт нь хууль зүйн үндэслэлтэй гэх зэргээр дүгнэж нэхэмжлэлийн 1 болон 2 дахь шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир 2015 оны 3 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацааны тэтгэврийн мөнгийг хариуцагчаас гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн тухайд:

Иргэдийн төлөөлөгч М.Г********* нь Нэг талаараа нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна. Өргөдөл орж ирлээ тэр өргөдлийг хүлээж авна. Өргөдөлд бичигдсэн зүйлийг шалгаж, тогтоогоогүй хариуцлагагүй хандсан учраас ийм байдал үүссэн байна. 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалаас болж ийм нөхцөл байдал үүсэн байх магадлалтай гэж үзэж байна. Хил хамгаалах байгууллага өргөдлийг авахдаа шалгаж тогтоогоогүй байна гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг гаргасан ба уг дүгнэлтээс үзэхэд нэхэмжлэлийг хангах агуулгаар дүгнэлт гаргажээ.

Шүүх маргаан бүхий 5** дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг нас хэтрээгүй байхад нь цэргийн алба хаах нас хэтэрсэн буюу цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэсэн үндэслэлээр цэргийн албанаас халсан нь хууль зөрчсөн гэж дүгнэсэн, мөн өргөдлийг хүлээж авахдаа хариуцлагагүй хандсан талаарх дүгнэлт үндэслэлтэй боловч актын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэхээргүй байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй, уг дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрхзүйн байдлын тухай /1992 оны/ хуулийн 1З дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 3-д заасныг тус тус баримтлан Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Б****** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус холбогдуулан гаргасан Х газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5** дугаартай тушаалыг илт хууль бусад тооцуулж, ... дахин тушаал гарган огноог 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр болгон засвар оруулахыг хариуцагчид даалгах, Б****** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 0******дүгээр Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай актыг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох, 2015 оны 3 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацааны тэтгэврийн мөнгийг хариуцагчаас гаргуулахыг даалгах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч И.Цэ**********нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэгч И.Цэ**********улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

                     ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ

      ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ