Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 0012

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нын нэхэмжлэлтэй

хариуцагч Ад холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2018/01117 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Нын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ад холбогдох,

“Хүүхдийн асрамж өөрчлүүлэх” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Нын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э, хариуцагч А, хариуцагчийн өмгөөлөгч Ц, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжпэгч Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь Атай 2010 онд танилцаж 2011 онд охинтой болсон. Таарч тохирохгүй болоод 2012 онд тус тусдаа амьдарсан. Энэ хугацаанд охин маань ихэнх хугацаанд надтай хамт амьдардаг байсан. 2015 онд А шүүхэд нэхэмжлэл гаргаж хүүхдийн тэтгэлэг 85.000 төгрөг тогтоолгож асран хамгаалагч нь болсон ч охиноо хардаггүй ийш тийшээ дандаа явдаг. Би энэ хугацаанд охиноо харж, ажиллаж, хүмүүжүүлж өдийг хүртэл асран хамгаалагчаар нь байгаа. А нь найз нөхөд гэх хүмүүстэй байнга архи пиво ууж, зугаа цэнгэлээр явдаг. Гэр орон нь мөн архидалт ихтэй орчин. Аав С нь Цагдаагийн газарт бүртгэлтэй согтууруулах ундаа хэрэглэдэг ажилгүй. Ээж Н нь мөн л архи пиво хэрэглэж гарч ордог, ааш зан муутай, охиныг минь утасны цэнэглэгчээр хүртэл ороолгодог гэсэн. А нь одоо хүнтэй сууж хамт амьдарч байгаа /Д гэх иргэн/. Охин маань ээжийнхээ гэр бүлээс дандаа айдастай байдаг. Дугаарыг хараад хүртэл А залгаж байна одоо яанаа гээд уйлдаг.А нь орлогын эх үүсвэр байхгүй, ажилгүй. Охин маань аавтайгаа хамт байж хамт амьдрах маш их дуртай. Би ч охиноо аюулгүй, тав тухтай орчинд амьдрах бүхий л нөхцөл бололцоог бүрдүүлсэн. Наранбаатар би архи тамхи хэрэглэдэггүй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд засварын цехэд ажилладаг. Уртын гол багийнхаа иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч, залуучуудын холбооны тэргүүн хийдэг. Гавьяа шагналын хувьд 2012 онд Бригадын шилдэг ажилтан, 2014 он, 2015 онд ХАБЭА аюулгүй ажиллагч, 2016 онд цехийн шилдэг ажилтан, Уурхайчин залуу алтан медаль, Тэргүүний залуу алтан медаль авч байсан. Охиныхоо аюулгүй байдлыг бодсон ч ирээдүйг нь бодсон ч, өөрийнх нь хүсэлтийг бодсон ч би албан ёсны хуулийн дагуу асран хамгаалагч нь болох хүсэлтэй байна. Бид гэр бүлийн баталгаа байхгүй, эд хөрөнгийн маргаангүй болно...” гэжээ.

Хариуцагч А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Бид хоёр 2009 онд танилцаж бидний охин Е нь 2011.05.20-НД төрсөн. Анх танилцсан үеэсээ Н нь ялимгүй асуудлаас огцом уурладаг байсан ч нэг гэр бүл болон амьдрахад ааш зан нь өөрчлөгдөх байх гэж итгэсэн ба үерхэж нөхөрлөж яваад охинтой болсон учир хамтран хэсэг хугацаанд амьдарсан. 2011 онд миний ээж Х.Наранцэцэг нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн барилга засварын цехэд будагчнаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарч, намайг ажилдаа оруулах гэх үед би жирэмсэн болсон байсан тул Ныг тус цехэд ажилд оруулсан. Ингээд удаагүй охин төрсний дараа Нын ааш зан өөрчлөгдөж байнга ууртай байх болж, жижиг гэхгүй асуудалд огцом уурлаж, уурласан үедээ гар хүрэх болсон. Гар хүрэхдээ маш хэрцгий авир гаргаж тарчлаан зовоодог байсан бөгөөд ээж аав маань өмөөрөх үед тэднийг зодож байсан. Аавыг маань хэд хэдэн удаа гар хүрч байсан бөгөөд нэг удаа хавиргыг нь хугалж байсан. Мөн нэг удаа ээжийг минь шанаадаж газар унаган дээрээс нь модон сандлаар зодож байсан. Ингэж биднийг зодохдоо эв эрүүл байсан бөгөөд зодох болсон шалтгаан нь надад дургүй хүрсэндээ гэх хариулт өгч байсан. Мөн тус тусдаа амьдарч байх үедээ энэ байдал үргэлжилж байсан ба хүүхэдтэйгээ уулзъя гэхэд нь өгөөд явуулсны дараа очоод авах гэтэл мөн энэхүү авираа гаргаж зоддог. Ийм байдлаар байнга гэр бүлийн тайван байдлыг алдагдуулж гэрт ирж хэрүүл хийх байдал өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа. Хамт амьдрах хугацаанд байнга уурласан уцаарласан байдалтай, нялх хүүхдэд маань том хүнтэй харьцаж байгаа юм шиг ширүүн харьцана, түүний хажууд намайг зодож хүчирхийллийг байнга хүүхдэд маань харуулна, энэ байдлаа болиоч гэхээр үг авахгүй байдаг ба урьд нь цагдаа байхдаа хүн зодоод ажлаас халагдсан ч энэ байдалдаа дүгнэлт хийгээгүй, хүнийг тамлан зоддог энэ аргаа ид хав болгон гайхуулдаг байсан. Ийм байдлаар үргэлжилж байсан учир тус тусдаа амьдрах болсон. Охинтой минь уулзах нэрийн дор надтай уулзаж намайг зовоох, зодох харгислалаа үргэлжлүүлэх хүсэлтэй байдаг. Охинтой маань уулзах нэрийн дор манайд ирэхээрээ намайг элдвээр хэлж, гар хүрдэг. Ингээд цагдаа дуудаад өгөхөөр уучлалт гуйдаг дахин ингэхгүй санаа зоволтгүй гэж хэлнэ, гэвч нөгөө байдал хэвээр байдаг, түүний сэтгэцэд өөрчлөлт орсон гэмээр байдаг. Энэ бүгдээ болиоч гэхээр хүүхдээ авна гэсэн нэхэмжлэл гаргажээ. Энэ хүнтэй дахин амьдрахгүй, өөр хүнтэй амьдрах болсноо хэлж байгаа боловч үг авдаггүй, элдэв янзын хүнтэй гэртээ архидсан гэж сонсогдож, хүүхдийн хажууд архи хүртэл уудаг, үүнийгээ юман чинээ тоодоггүй, архи уудаггүй хүн болж жүжиглэнэ, шүүхэд нэхэмжлэл гаргаж охиноо авна гээд өөрийн байшиндаа хүүхдийн өрөө хүртэл бэлдэж жүжиг тавьж бусдад үзүүлж харуулж гайхуулж, одоо би А-г чадах гэж байгаа гэж ойр тойрныхондоо ярьж явсан байдаг. Бид хоёр дахин амьдрахгүй гэдгийг огт ойлгохгүй. Хүүхдийг минь авна гэхээр би түун дээр очих юм шиг ойлгож элдэвлэж байгаа байдлыг таслан зогсоож өгнө үү. Нэхэмжлэлдээ охиныхоо нэрийг ч мэдэхгүй байгаа байдлыг шүүх анхаарч үзнэ үү. Охиныг маань төрсний дараа нэг жил л хамт байсан атлаа охин бид хоёрыг өнөөдрийг хүртэл зовоож элдэвлэж байгаа билээ. Миний бие өөрийн гэсэн барилгын засал чимэглэлийн “Үзэмж сайн" ХХК компанитай. Өөрийн гэсэн орон сууцтай бөгөөд өөрийн компаниа удирдан үйл ажиллагаа явуулж байна. Охин Е маань одоо Орхон аймгийн Баян Өндөр сумын 12 дугаар бага сургуулийн 2 дугаар ангид суралцах гэж байна. Охин маань 1 дүгээр ангиа 100 хувийн онц дүнтэй төгсөж, өргөмжлөл авсан амжилттай суралцаж байна. Өнөөдрийг хүртэл охиноо би өөрөө өсгөн хүмүүжүүлж байгаа бөгөөд Н нь охины сурлага хөдөлмөр түүний хэрэгцээ шаардлагыг анхаарч шийдвэрлэж байгаагүй. Хааяа охинд маань гоё юм авч идээрэй гэж мөнгө өгсөн байдаг. Өөр халамж үзүүлж байгаагүй. Охин маань төрсөн цагаасаа өнөөдрийг хүртэл надтай хамт амьдарч байгаа бөгөөд түүний өссөн орчин, хүмүүжиж байгаа байдлыг муу гэж хэлэн дур зоргоороо өөрчлөх гэж худал зүйл бичиж байгаа байдлыг анхаарч өгнө үү” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2018/01117 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14,6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Нын Ад холбогдуулан гаргасан хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н давж заалдсан гомдолдоо:

Миний бие Н нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Энэ шийдвэрээр хүүхдийн ордны шинжээчийн хамтарсан багийн дүгнэлтийг үндэслэл болгох шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь хүүхдийн санал харгалзан үзнэ гэсэн хуулийн заалтыг Е охин хэнтэй байна гэдгээ хэлээгүй учир шүүх нотлох баримтын хэмжээнд шийдвэр гаргана гэсэн боловч, ямар ямар нотлох баримтыг хэрхэн яаж үндэслэж байгаа тухайгаа болон хууль зүйн бодит үндэслэлийг заагаагүй. Өөрөөр хэлбэл /Архидалттай/ орчинд амьдарч байгаа нь хүүхдийн асрамжийг шийдвэрлэх үндэслэл болохгүй гэж үзсэнд ээж А, түүний хамтран амьдрагч байсан Х.Дөлгөөн нар нь удаа дараа /архины/ холбогдолтой арга хэмжээ авагдаж байсан. / Эрүүлжүүлэхдэж байсан /

Үүнийг дүгнэхдээ байнга архидан согтуурдаг гэж үзэх боломжгүй гэсэн байх нь Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ийн конвенцод заасан хүүхдийн язгуур эрх ашиг буюу хүүхэдтэй хамааралтай бүхий л асуудалд хүүхдийн эрх ашгийг / нэн түрүүнд / авч үзэх ёстой. Мөн хүүхэд өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй бөгөөд санаа бодлыг нь хүндэтгэн анхааралдаа авах ёстой.

Эцэг эхтэйгээ уулзах, тэдэнтэй хамт амьдрах эрхтэй. Хүүхдэд / хор уршиг / учрахаас бусад тохиолдолд хүүхэд эцэг эхийн хамт байх эрхтэй гэсэн хуулийн заалтуудыг огт үндэслээгүй. Нэг талын буюу хариуцагч Агийн талд эх хүн, эмэгтэй хүн гэдэг талаас нь шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар охиныг минь хаяад Солонгос улс явсан. Хэрвээ ирэх нь тодорхойгүй, өмнө мөн хаяж ийш тийшээ явдаг байсан. Хүүхэдтэйгээ тодорхой хуваарийн дагуу уулзаж байхыг даалгах миний хүсэлтийг шийдвэрлэхдээ өөрөө хүсэлтдээ /хугацаагаа/ заагаагүй гэсэн нь үндэслэлгүй юм аа. Охиноос минь санал авахад аавдаа хайртай, аавтай уулзсан гэж ээжид битгий хэлээрэй, утсаар ярихад дугаарыг нь хүртэл өөрчилсөн гэх зэргээр хэлсэн. / Хүүхдийн минь / тайлбарыг огтоос дүгнэж үзээгүй. Энэ талаар шүүхийн шийдвэрт огт дурдаагүй зэрэг нь нэг талыг барьж хууль болон түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн акт баримт бичигт үндэслээгүй гэж үзэж байна. Охиноо ёс суртахууны доголдолтой, архидалттай, хэрүүл маргаантай, охиныг хаяад байнга ийш тийшээ явдаг ийм орчинд зөв хүн болж төлөвшүүлж чадахгүй гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү. Охин Ег Н миний асрамжинд үлдээхээр шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХАНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Н нь хариуцагч Ад холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч А нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Н нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ А нь архи, дарс хэрэглэдэг, аав Саранхүү нь архины хамааралтай, охин Егийн амьдарч буй орчин нь архидалттай учраас ийм орчинд хүүхэд өсгөж хүмүүжих боломжгүй гэж тодорхойлжээ.

Зохигчид 2010 онд танилцаж хамтдаа амьдарч байгаад 2011 онд охин Ег төрүүлсэн. Хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2012 оноос тусдаа амьдарч байгаа зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүх зохигчид хэн аль нь ажилтай орлоготой хүүхдийн амьдрах ая тухтай орчин бүрдсэн охин Ег эцэг эхийн хэнийх нь асрамжинд байх нь зохистой байх талаар дүгнэлт гаргуулахаар Орхон аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээчээр томилж хүүхдийн саналыг хэд хэдэн удаа авч дүгнэлтийнхээ үндэслэл болгосон ч шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгох шаардлагагүй, охин Егийн саналыг шүүх асуухад эцэг эхийнхээ хэн нэгэнтэй байна гэсэн санал өгөөгүй, А нь 2012, 2015, 2016,2017 онуудад тус бүр захиргааны арга хэмжээ авагдаж байсан ч энэ нь Аг байнга архи ууж хүүхдээ харж ханддаггүй гэж үзэх боломжгүй, охин Едээ анхаарал халамж сайн тавьдаг нь нотлох баримтуудаар тогтоогдсон гэсэн дүгнэлтүүдийг хийж охин Е эх Агийн асрамжинд байлгахаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь гэр бүлийн тухай хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч Н нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар хангалттай нотолж чадаагүй. Охин Егийн амьдарч буй орчин архидалттай, А ажил эрхэлдэггүй, хүүхэд өсөж хүмүүжих нөхцөл бүрдээгүй гэж тайлбар гаргаж мэтгэлцэж буй боловч хариуцагч А болон түүний гэр бүл байнгын архидалттай хүүхэд өсөж хүмүүжихэд муу нөлөөтэй, амьдрах орчин нөхцөл тааруу гэж үзэх боломжгүй, нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.

Охин Е нь төрсөн цагаасаа ээжийнхээ асрамжид байгаа, А болон түүний ээж буюу эмээгийнхээ хараа хяналтанд байдаг болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, өрхийн эмнэлгийн болон цэцэрлэг, сургуулийн тодорхойлолтууд зэргээр тогтоогдож байх тул хүүхдийн асрамж өөрчлүүлэх гэсэн нэхэмжлэгч Нын гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ. Эцэг эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, эцэг эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно гэж зааснаар эцэг эх аль нь ч хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүргээс татгалзах, үр хүүхдээ эцэг, эхтэй нь уулзуулахгүй хориглох эрхгүй болно.  

Иймд нэхэмжлэгч Нын давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2018/01117 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Нын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдсан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                           Б.БАТТӨР

ШҮҮГЧ                                                                     С.УРАНЧИМЭГ