Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/102

 

 

 

 

Ө.От холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Уянга, түүний өмгөөлөгч С.Сувдмаа,

Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/308 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Ө.От холбогдох эрүүгийн 2134000000154  дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн

 

Шүүгдэгч Ө.О нь 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4-р багийн нутагт хонины бэлчээр дээр Б.Бат-Эрдэнэтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Ө.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/308 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Ө.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Боржгин овгийн Өлзийбалын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялыг өршөөн хэлтрүүлж,

 

Эрүүгийн 2134000000154 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ө.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

           

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржгин овгийн Өлзийбалын Оаас 755 116 /долоон зуун тавин таван мянга нэг зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ЙГ882111900 дугаарын регистртэй, Боржигон овгийн Гавааравжаагийн Уянгад олгож,

 

Хохирогч Ө.О нь цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Боржгин овгийн Өлзийбалын От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Уянга давж заалдах гомдолдоо: “...Хэрэг болсон Жаргалант сумын Зөөжий голд малаа хариулж явсан хүүхдийг Ө.О зодсоноос болж гарын шивлүүр яс хугарч, хамар нь гэмтэж хавдсан учир Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Шүүхийн шинжилгээний газар хамрын гэмтлийг нь хуучин гэмтэл гэж тогтоосон байсан. Энэ нь зодуулсны улмаас болж гэмтсэн. Хуучин гэмтэл байх учиргүй. Одоо бие дунд зэрэг үе үе толгой нь өвддөг. Хамар нь байнга битүүрдэг, амьсгалахад нь хүндрэлтэй байдаг. Сумын эмнэлгийн хяналтад байдаг. Иймд хэргийг дахин шалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтээр дахин шинжээч томилсон. Энэ дүгнэлтээр хамрын гэмтэл нь хуучин гэмтэл байна гэсэн дүгнэлт гарсан. Хэрэгт шүүгдэгч Ө.О хохирогч Б.Бат-Эрдэнийн хамар руу нь цохисон гэдгийг нотлох баримт байдаггүй. Шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангаж гарсан. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтад хохирогчийн нэрийг Ө.О гэж техникийн шинжтэй алдаа гаргаж буруу бичсэнийг өөрчлөлт оруулан зөвтгөх саналтай байна гэв. 

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Сувдмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийтгэх тогтоол нь ойлгомжгүй гарсан. Хамрын гэмтлийг хуучин гэмтэл гэж гаргасан шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. “Сонгдо” эмнэлгийн тодорхойлолтод хамрын хугарал гэсэн байгааг шалгах шаардлагатай, эргэлзээтэй байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-р заалтад хохирогчийг Ө.О гэж буруу бичсэн. Шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хүүхдийн толгой өвдөөд, байнга хамар нь битүүрч байгаа. Хамрын таславч мурийлт гэмтэл нь хуучин гэмтэл гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Урьд ийм гэмтэл байгаагүй. Энэ хэргээс болж хүүд маань гэмтэл учирсан байгаа. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх гэсэн шаардлагыг хангаж гараагүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ө.От холбогдох эрүүгийн 2134000000154 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн шаардлагыг хангахгүй байна.

Шүүгдэгч Ө.О нь 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4-р багийн нутагт хонины бэлчээр дээр Б.Бат-Эрдэнэтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйл баримтын талаар мэдүүлсэн хохирогч Б.Бат-Эрдэнийн мэдүүлэг дутуу бичигдсэн, мөн эрүүгийн 2134000000154 дугаартай хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөөгүй гэрч Ш.Бат-Оргилын ...Би 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өглөө 09 цагийн үед манайд Нямсүрэн ирээд бид хоёр нэрийг нь мэдэхгүй 0,5 литрийн архи хувааж уугаад тэгээд сумын төв рүү мотоциклтой очоод дэлгүүрээс 0,75 литрийн хараа нэртэй архи аваад сумаас урагшаа гарч тэр архиа хувааж уучхаад Нямсүрэнгийн гэрт очсон. Тэгээд тэндээ байж байгаад 19 цагийн үед гэртээ очоод байж байгаад унтсан. Тухайн үед би нэлээн согтуу байсан. Тэгээд нэг сэрсэн чинь зодоон болоод байсан тэгэхээр нь би гэрээс гараад хартал гэрийн хойно Мөнхбаатар газар хэвтэж байсан. Тэгэхээр нь би яасан бэ гэсэн чинь Гомбын хүү Нямжаргал аав цохисон гэж хэлсэн тэгээд би Мөнхбаатарыг гэрт өргөж оруулаад байж байтал Нямсүрэн ирээд түргэн дуудсан... Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Би тухайн үед гэртээ унтаж байсан. Тухайн үед Гомбо, Мөнхбаатар хоёулаа согтуу байсан. Хөл өвдөөд байна гэж л байсан угаасаа Мөнхбаатар тал цус харвалттай нүд муутай хүн байгаа юм. Мөнхбаатар зодоон болсны дараа огт мотоциклтой хөдөлж яваагүй... /хх-ийн 23-24х/,

гэрч Г.Нямжаргалын: би тухайн үед гэртээ байсан тэгсэн гадаа хүмүүс маргалдаад байхаар нь би гэрээсээ гартал аав Мөнхбаатар ах хоёр маргалдаж байсан тэгээд би яваад очтол урт төмөр барьчихсан зогсож байсан тэгээд би салгаад аавыг оруулж унтуулсан ...Тухайн үед аав урт төмөр л барьчихсан байсан ...хоёулаа согтуу байсан ...Тэр өдөр Мөнхбаатар ах мотоциклоос унаагүй... /хх-ийн 35-37х/ гэсэн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

Анхан шатны шүүх гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт хийхдээ Ө.Оыг хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохих, түлхэх, унагаах зэрэг энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна гэж хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан мэтээр дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Ө.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь тогтоох хэсгээс зөрүүтэй нөхцөл байдал байна.

Мөн шүүгдэгч Ө.Оын үйлдсэн хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна гэж дүгнэхдээ түүний холбогдсон  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн гэж гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг шийтгэх тогтоолын удиртгал, тодорхойлох хэсэгт бичигдсэнээс өөрөөр бичсэн байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ гэж заасан шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийн шаардлагыг хангаж гараагүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 3176 дугаартай дүгнэлт /хх-н 017х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 587 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй гарсан байх тул хохирогч Б.Бат-Эрдэнийн биед учирсан гэмтлийг дахин тогтоох шаардлагагүй, энэ талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шийтгэх тогтоолын 5 дугаар заалтад хохирогчийг Ө.О гэж, давж заалдах шатны шүүхийн нэрийг “Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх” гэж буруу бичсэн байгааг цаашид анхаарах шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/308 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Уянгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ө.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХДАВАА

 

 

                   ШҮҮГЧИД                                        Т.ЭНХМАА

 

 

                                                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ