Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2023/0378/З |
Дугаар | 128/ШШ2023/0599 |
Огноо | 2023-07-31 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2023/0599
2023 07 31 128/ШШ2023/0599
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн хоёрдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т******* ХХК /2*******/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Н*******,
Хариуцагч: Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.М******* нарын хоорондын “ Засаг даргын 2023 оны 04 үгээр сарын 05-ны өдрийн дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т******* нь нэхэмжлэлийн шаардлагаа “ Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах” тодорхойлжээ.
Нэхэмжлэгч Т******* ХХК нь Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-н өдрийн дугаар захирамжаар Х дүүргийн 1* дугаар хорооны нутаг дэвсгэрт 3462м2 талбай бүхий газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй болжээ.
Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
Нэхэмжлэгчээс дээрх захиргааны актыг эс зөвшөөрч Засаг даргад 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гомдол гаргаж, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
2.1.Манай компанийн тухайд газраа зориулалтын дагуу ашиглахын тулд 2018 оны 08 дугаар сараас 2020 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд дулааны шугамтай холбоотой зөвшөөрөл авах, шилжүүлэх үйл ажиллагааг тасралтгүй явуулсан,
2.2.Дээрх хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглахын тулд маш их хэмжээний хөрөнгө зарцуулж, тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн,
2.3.Захиргааны байгууллага газар эзэмших эрхийг цуцалсан захиргааны актыг гаргахын өмнө тухайн актад хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судалж, тогтоох үүргээ биелүүлээгүй,
2.4.Н албанаас 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай 01- тоот албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбогдуулан тайлбар санал, нотлох баримтыг ирүүлэхийг мэдэгдсэн тул манай компани холбогдох тайлбарыг хүргүүлсэн боловч харгалзан үзэлгүйгээр шууд шийдвэр гаргасан, Засаг даргын 2023 оны дугаар захирамж нь утга агуулгын илэрхий алдаатай гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч компани нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай орон сууц барих зориулалтаар авсан. 7, 8 дугаар сар барилгажих улирал биш учраас 2019 оноос үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд 2019 онд техникийн нөхцөл авахаар холбогдох байгууллага руу хандсан. Улаанбаатар дулааны сүлжээ компаниас 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай албан бичгээр танайд техникийн нөхцөл олгох боломжгүй, учир нь тус газарт С*******, Т******* болон хэд хэдэн СӨХ-ийн дулааны нэгжийн шугам явж байна, энэ дулааны шугамыг зөөж шилжүүлсний дараа техникийн нөхцөл авах боломжтой гэсэн. Ингээд техникийн нөхцөл аваад дулааны шугамыг зөөж шилжүүлэхийн тулд 2019, 2020 онд С*******, Т*******, СӨХ зэрэг тухайн үед дулааны шугам эзэмшиж байсан бүх компани руу зөвшөөрөл хүссэн. Ингээд 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэхэд тус зөвшөөрлүүд ирж дуусаад манай байгууллага руу шилжүүлж дуусгасан. Нэг ёсондоо 2018-2020 оны 7 сар хүртэл бид зөвхөн дулааны шугамын сүлжээг авахын тулд 1 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй дулааны шугамыг өөрсдөө зөөж шилжүүлсэн. Үүнээс гадна маш олон техникийн нөхцөл 2023 он хүртэл авсан.
Тухайн үед бид Хот байгуулалт хөгжлийн газраас эскиз зураг батлуулах, цэг тэмдэглэгээ баталгаажуулах барилга эхлүүлэх зөвшөөрлөө авах хүсэлтээ өгөөд хөөцөлдөөд явж байсан. 2021 оны 3 сард Х болон М******* констракшн гээд хоёр компани манай эзэмшил газрын 815 м.кв газартай холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хэрэг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хэрэгсэхгүй болсон. 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манайд барилга эхлүүлэх зөвшөөрөл олгосон. 2022 оны 02 дугаар сараас хойш яагаад барилгаа эхлүүлээгүй 2023 оны 3, 4 сард эхлүүлсэн бэ гэхээр манайх цахилгаангүй байсан. Удирдлагын академийн урд талд бид нар цахилгааны дэд өртөг 200,000,000 төгрөгөөр барьж байгуулсан. Ц компаниас зааж өгсөн трассын дагуу явуулах эрх үүрэгтэй. Гэтэл төрийн оролцоотой аж ахуйн нэгж трасс буюу цахилгааны утас явуулахгүй гээд цахилгаангүй байсаар байгаад 2023 оны 4, 5 сар хүрсэн. Бид барилгажих улирал эхэлсэн тул сууриа ухаад эхэлж байсан боловч 4 дүгээр сарын 05-ны өдөр манай газар эзэмших эрхийг цуцалснаас болоод суурийн ажил зогссон. Шүүхээс үзлэг хийж, бидний ухаж бэлдсэн суурийг үзээд зургийг хэрэгт хавсаргасан.
Захиргааны актын үндэслэлийн тухайд Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу актын агуулга ойлгомжтой тодорхой байна гэж заасан. Энэ акт өөрөө Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэсэн захиргааны акт гарсан. Сонсох ажиллагааны мэдэгдэлд Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.6 дах заалтыг зөрчсөн учраас цуцална гэдэг мэдэгдэл хүргүүлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* тайлбартаа 40.1.1, 40.1.6 дах заалтыг зөрчсөн гэж тайлбар гаргасан. Энэ өөрөө хоёр салаа утгыг ойлгуулаад байна. Акт дээрээ 40.1.6 дах заалтыг зөрчсөн гэж дурдсан мөртлөө сонсох ажиллагааны мэдэгдэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбараар 40.1.1 дэх заалтыг оруулж ирж тайлбарлаж байгаа агуулга нь өөрөө захиргааны актын агуулгын алийг зөрчсөн бэ гэдгийг тодорхойлоогүй байна.
Хоёрдугаарт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байна гэж заасныг захиргааны байгууллага өөрөө тогтоогоогүй. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу дараалан хоёр жил ашиглаагүй нөхцөл байдал байхгүй. Нэхэмжлэгчээс холбогдох нотлох баримт санал бусад холбогдох зүйлийг авалгүйгээр шийдсэн. Сонсох ажиллагааны 2022 оны 10 сарын 05-ны өдрийн дугаартай мэдэгдэлд А 3 сарын 27-ны өдрийн дугаар албан бичгээр Газрын тухай хуулийн 33.2, 40.1.1, 40.1.6 дах заалтыг нэхэмжлэгч компани зөрчсөн байна ийм учраас хуулийн хэрэгжилтийг хангуулах зөв шүү гэдгийг үндэслээд манай эзэмшил газрыг цуцалсан. Үнэхээр зөвлөмж бичгийг үндэслэсэн бол бодит нөхцөл байдлыг тогтоогоод тайлбар санал зөвлөмжийг авах боломжтой байсан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан оролцоог хангаагүй. 10 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэл ирээд 10 дугаар сарын 12-ны өдөр нотлох баримт хариугаа хүргүүлсэн. Үүнээс хойш ямар нэгэн холбоо бариагүй. Бид удаа дараа лавласан. Ингэж явсаар байгаад 4 дүгээр сарын 05-ны өдөр цуцална шүү гээд албан бичиг явуулсан. Энэ захирамж өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 24, 26, 27 дугаар зүйлүүдийг болон 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 25.1.7-д заасан журмыг зөрчсөн. Сонсох ажиллагааны мэдэгдэл гэдэг зүйлийг ирүүлсэн ч гэсэн сонсох ажиллагаа хийгдээгүй гэдгийг дурдмаар байна.
Г алба нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан асуудлыг манай байгууллагад олгоогүй. Хуулийн 25.2-т заасан ажиллагааг хийгээгүй. 27.1, 27.5-д заасан сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар санал гаргах боломжоор хангаагүй. 27.6-д заасан сонсох ажиллагааны явц үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж гарсан саналыг ажиллагааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар тэмдэглэл хөтөлнө гэж заасан гэтэл энэ талаар баримт байхгүй. Г албанаас сонсох ажиллагаатай холбоотой баримтыг шаардсан боловч хавтаст хэрэгт ирүүлээгүй энэ талаарх баримт байхгүй.
Гуравдугаарт захиргааны актын үндэслэл нь Газрын тухай хуулийн 40.1.6 дах заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны тайлбараар зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмших тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанли бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч тухайн газар дээрээ гэрээнд заасан зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй барилга байгууламж зам талбай бариагүй гэх мэт зүйлийг ойлгоно. Хүндэтгэн үзэх шалтгаангүй гэдгийг давагдашгүй хүчин зүйлтэй, байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс хамаарсан аль эсвэл өөрт хамаарахгүй нөхцөл байдал гэж заасан. Зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй. Яагаад гэвэл 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл барилга байгууламжийг барих зөвшөөрлийг авахын тулд бүх шаардлагатай нотлох баримтыг хангаж бүрдүүлж ирсэн. 2019, 2020, 2021 онд Засаг даргын захирамжаар хөл хорионы нөхцөл байдал тогтоогдоод давагдашгүй хүчин зүйл тохиолдсон ч гэсэн бид энэ хугацаанд бүх бичиг баримтаа хөөцөлдөөд явж байсан. Энд зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж мөн адил тогтоогдохгүй байна. Яагаад гэвэл 2019-2021 оны тухайд хөл хорионы нөхцөл байдалтай байсан. Өөрөөс шалтгаалахгүй 2021 оны 3 сараас 2022 оны 02 сарын хооронд шүүхийн асуудал явж байсан. Энэ бол манай байгууллагаас үл шалтгаалах нөхцөл байдалтай холбоотой нэхэмжлэл үүсгээд бид гуравдагч этгээдээр оролцоод явж байсан. Газрын тухай хуулийн 40.1.6-д заасны дагуу энэ 3 нөхцөл байдал заавал хамт бүрдсэн байхыг шаардана гэсэн нөхцөлийг хангахгүй. Нэгдүгээрт зориулалтын дагуу ашиглаагүй, хоёрдугаарт хүндэтгэн үзэх шалтгаангүй байх, гуравдугаарт дараалсан 2 жил байх гэдэг нөхцөл байдал бүрдээгүй байгаа учраас үндэслэл бүхий биш байна.” гэв.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтай байна. Нэгдүгээрт маргаан бүхий захиргааны акт өөрөө хууль зүйн хувьд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 26, 27-д заасны дагуу сонсох ажиллагааг хуульд заасны дагуу хийсэн гэж үзэж байгаа. Г албаны 2022 оны 10 сарын 05-ны өдрийн сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай дугаартай албан бичгээр сонсох ажиллагааг явуулсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэл бичгээр гаргахдаа сонсох ажиллагаа хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрч дурдсан. Бид нар мэдэгдэл авсан, холбогдох тайлбар саналыг тухайн байгууллагад хүргүүлсэн гэдэг тайлбарыг өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Сонсох ажиллагааг хариуцагчийн зүгээс хийсэн гэж үзэж байгаа. Газрын тухай хуулийн 40.1.6, 40.1.1-д зааснаар маргаан бүхий газрыг хүчингүй болгосон. 2018 онд анх гэрээ байгуулсан гэж байна. Тэрнээс хойш 2023 он хүртэл гэрээ байгуулснаас хойш 2 жил гэж байгаа. Улсын дээд шүүхийн тайлбарт хуулийн 40.1.6 дах заалтыг юу гэж тайлбарласан бэ гэхээр газар дээр бодитой зориулалтын дагуу тус газрыг ашигласан байх гэж шаарддаг. Өнөөдөр маргаан бүхий газар дээр зориулалтын дагуу нэхэмжлэгч компани барилга байгууламжийг бариагүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Тийм учраас маргаан бүхий газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор 2023 оны дугаартай захирамжаар дээр хууль зүйн үндэслэлийг барьж шийдвэрлэсэн бодит нөхцөл байдалд тулгуурласан акт гэж үзэж байгаа. Өөрөөр маргаан бүхий газрыг бусдад олгож шийдвэрлэсэн төрийн захиргааны байгууллага байхгүй. Газрын тухай хуулиар газар нь өөрөө төрийн хяналтад байна, газрыг ашигтай үр шимийг заавал төрийн захиргааны байгууллага эсвэл өөр этгээдэд эзэмшүүлж шийдвэрлэж үр ашгийг хүртэх зүйтэй гэж үздэг. Ийм учраас маргаан бүхий газрыг чиг үүргийн дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож маргаан бүхий захиргааны актыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.Анх нэхэмжлэгч “Т*******” ХХК нь Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн захирамжаар Х дүүргийн 1* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын дугаартай 6800 м.кв талбай бүхий газрыг Р ХХК-аас эрх шилжүүлэн авч,
Уг эзэмшил газрын дээгүүр авто зам тавих шийдвэр гарснаас шалтгаалан Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар захирамжаар тус компанийн эзэмшил газрын хэмжээг 2647 м.кв болгон багасган эзэмшүүлж,
3.Тус компанийн хүсэлтээр тухайн газарт дахин хэмжилт хийж, Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн тоот захирамжаар авто замын трасст ороогүй 815 м.кв газрыг буцаан олгосон тул нэхэмжлэгч компани 3462 м.кв газар эзэмших эрхтэй болсон болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох,
Т******* ХХК-аас 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өмчийн харилцааны газарт хүргүүлсэн дугаартай, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Газрын албанд хүргүүлсэн дугаартай, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр г албанд хүргүүлсэн дугаартай албан бичгүүд,
Г албанаас 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өөр хэргийн хариуцагчаар оролцож тус шүүхэд гаргасан тайлбар,
Газрын кадастрын мэдээллийн сангийн 2009, 2014, 2018 архивын мэдээлэл, 2011 оны 02 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ /6800м.кв/, зэрэг баримтуудаар тогтоогдож, хэргийн оролцогчид энэ үйл баримттай маргаагүй болно.
4.Харин нэхэмжлэгчээс “...газрын хэмжээг нэмэгдүүлж авахдаа хууль зөрчөөгүй, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй...” гэж, хариуцагчаас “...Авлигатай тэмцэх газраас газар эзэмшүүлэх асуудлыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх журмыг зөрчиж нэхэмжлэгч компанийн эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэн олгосон тухай 2022 оны дугаартай албан бичиг ирүүлсэн, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэж маргажээ.
5.А 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай албан бичигт “...дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтгүйгээр Т******* ХХК-д газрын хэмжээг нэмэгдүүлэн олгосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1,29.2,29.3-д заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасныг зөрчсөн...” гэжээ.
6.2014 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн дугаар захирамжаар Т******* ХХК-ийн 6800 м.кв газар авто замын трасст орсон гэсэн үндэслэлээр эзэмшил газрын талбайн хэмжээг багасгаж 2647 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж,
Тухайн газарт дахин хэмжилт хийснээр авто замаас хасагдсан 815 м.кв газрыг Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн тоот захирамжаар олгож, нийт 3462 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон нь,
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэснийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
Учир нь анх Т******* ХХК-ийн эзэмшил газрын хэмжээ нь 6800 м.кв байсан бөгөөд авто замын трасст орсон гэсэн үндэслэлээр эзэмшил газрын хэмжээг багасгаж, 2647 м.кв болгон эзэмшүүлсний дараа трасст орсон гэх газарт дахин хэмжилт хийж, үндэслэлгүйгээр багасгасан 815 м.кв буцаан олгож эзэмшил газрын хэмжээ нийт 3462 м.кв болгосон нь Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах, эргүүлэн авахад нөхөх олговор олгох хуулийн зохицуулалтын дагуу явагдсан байх тул захиргааны байгууллагаас нэхэмжлэгч компанид шинээр газар эзэмшүүлэхдээ сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар эзэмшүүлэх журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй, энэ журмыг баримтлах тохиолдол биш байна.
7.Нэхэмжлэгч Т******* ХХК нь эзэмшил газартаа, 2018 онд батлагдсан зураг төслийн дагуу барилгын ажил эхлүүлэхээр дулааны шугамыг өөрийн хөрөнгөөр зөөн шилжүүлж Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК болон бусад эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Т******* ХХК-ийн эзэмшил газар дээрх дулааны шугам шилжүүлэх 2020 оны ажлын зургаар тогтоогдож байна.
8.Мөн 2021 онд Х ХХК нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Т******* ХХК-ийн эзэмшлийн газартай холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2022 оны 2 дугаар сард хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Х ХХК-ийн нэхэмжлэл, шүүгчийн захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т******* ХХК нь 2018-2022 оны хооронд өөрийн эзэмшлийн газартаа авто замын трасст орсноос шалтгаалан 2 удаа хийлгэсэн зураг төслийн дагуу барилга байгууламж барихын тулд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан болох нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн захирамж,
2020 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн архитектур төлөвлөлтийн даалгавар, төлөвлөлтийн талбайн схем зураг, үйлчилгээтэй орон сууцны барилгын загвар болон ажлын зураг,
2022 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ,
2020 оны Техникийн нөхцөл /дулааны/,
2021 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 15/00 дугаартай Техникийн нөхцөл /цахилгаан эрчим хүч/,
2021 оны 81/21 дугаартай Техникийн нөхцөл /ус сувгийн/,
2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг дүгнэлт,
С ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 19/055 дугаартай дулааны шугам зөөх зөвшөөрөл,
T ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 19/0 дугаартай дулааны шугам зөөх зөвшөөрөл,
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 11/1216 дугаартай дулааны шугам зөөх зөвшөөрөл,
М ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн дугаартай дулаан болон цэвэр усны шугам хоолойг шилжүүлэх зөвшөөрөл,
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай зам сэтэлж дулааны шугам татах зөвшөөрөл,
Т******* ХХК-аас 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай Өмчийн газарт гаргасан хүсэлт,
Т******* ХХК-аас оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай албан бичгээр Газрын албанд гаргасан хүсэлт,
2020 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, гадна дулаан, ус хангамжийн зөөх шугамын ажлын зураг төсөл гүйцэтгэх гэрээнүүд,
2020-2023 оны хооронд ажлын хөлс төлсөн шилжүүлэг гүйлгээний болон бэлэн мөнгөний орлогын баримт, мэдээлэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх хариуцагчийн тайлбар няцаагдаж байна.
9.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “... Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан, нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд энэхүү хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна.
Захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө эдгээр үйл баримтыг шинжлэн судлаагүй, 2023 онд шийдвэр гаргахаас өмнө өөрсдөө хянаж баталгаажуулсан баримтаа харьцуулан үзээгүй, бодит нөхцөл байдалд тохироогүй шийдвэр болжээ.
10.Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20.-д “барилгын үйл ажиллагаа” гэж барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичиг боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, үе шатны ажилд хяналт тавих, чанар аюулгүй байдлын шинжилгээ хийх, ашиглалтад оруулж, гэрчилгээжүүлэхийг” гэж заажээ.
11.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... тохиолдолд Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”-оор зааснаас үзвэл, Засаг дарга энэ үндэслэлээр газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо газраа 2 жил дараалан ашиглаагүй болохыг энэ нь “хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх”-ийг заавал харгалзан үзэж, нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоосон байх шаардлагатай.
12.Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг юм.
Гэтэл хариуцагч Засаг даргаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо “хүндэтгэн үзэх шалтгаантай” эсэхийг нягтлан шалгах, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг бодитойгоор хийлгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн байна гэж үзлээ.
13.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэг /Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй/-т заасан үндэслэл нь газрыг хууль ёсны дагуу эзэмших эрхтэй болсон этгээд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх явцад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан нь тогтоогдвол тухайн шатны Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх зүйн зохицуулалт болно.
Өөрөөр хэлбэл газар эзэмшигчийн 2018-2023 онуудад хийсэн дээрх ажиллагаанууд нь цаашид үргэлжлэх, улмаар газар эзэмшигч газраа зориулалтын дагуу эзэмших эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна гэж үзэхээр байна.
14.Хэдийгээр хариуцагч захиргааны байгууллага сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн тухай баримт байгаа боловч дээрх үйл баримт тогтоогдож байхад Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг баримт цуглуулах замаар тогтоох үүргээ бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчмын агуулгыг зөрчсөн байна.
15.Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу Засаг даргын 2023 оны 04 үгээр сарын 05-ны өдрийн дугаар захирамж нь нэхэмжлэгч Т******* ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 42, 43, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ