Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 458

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Б.А,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Д холбогдох эрүүгийн 1706 0046 10028 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 1-ний өдөр хотод төрсөн, настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилгүй, оюутан, дүүрэг, дугаар хороо, хотхоны байр, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б.Д, /РД: /,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Д 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Төгөл хус хотхонд иргэн С.М муухай харлаа гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Өсвөр насны хохирогч С.М мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Төгөл хус хотхоны гараажийн тэнд найз И хамт сууж байтал үл таних 20 орчим насны залуу аавын хамт байрнаас гарч ирсэн. Энэ үед ундаа ууж байсан найз И сахартай ундаа уусны улмаас аманд нь зунгааралдаад шүлсээ сууж байсан шатан дээр хаяхад тэр ахын аав нь ирээд “та нар шатан дээр шүлсээ яах гэж хаяад байгаа юм, явцгаа” гэж хэлсэн. И “уучлаарай, бид хоёр одоо явлаа” гэж хэлээд босоод зогсож байтал тэр хоёр хажуугаар зөрөөд гарааш руу орсон. Энэ үед араас нь хараад зогсож байхад залуу нь ирээд “чи юундаа муухай хараад байгаа юм” гэж хэлээд толгойн ар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Би ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй байхад цамцнаас заамдаж бариад шатны бариул дээр нуруу хэсгээр хойш дарсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 8-10 дугаар хуудас/,

Гэрч Ц.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэрээсээ гараад грааш руу өгсдөг шатан дээр хоёр эрэгтэй хүүхэд сууж байсан. Тэр хоёр нилээн их хэмжээний шүлс, тамхины иш хаясан байсан тэгэхээр нь “та нар яах гэж ингэж заваарч шүлс, тамхины ишээ хаяж байдаг юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн чинь М гэх банди “би хаясан юм уу, яагаад над руу уурлаад байгаа юм” гэж хэлэхэд цуг хажууд байсан банди нь “уучлаарай ахаа, би хаясан юм” гэж хэлсэн. Би хүүтэйгээ хажуугаар нь гараад явахад араас М гэх банди “хүн хаяагүй байхад чинь илүү үгэллээ” гэж хэлсэн. Тэгээд манай хүү “чи настай хүний өөдөөс буруу юм хийчээд дуугүй байхгүй” гэж хэлээд очоод тэр залуугийн цамцны энгэрээс заамдаж аваад шатны түшлэг рүү хойш нь дарсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн ¹8802 дүгнэлтэд “М биед уруулын зөөлөн эдийн няцрал, уруулын язарсан шарх, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 18 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 27 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Д 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Төгөл хус хотхонд иргэн С.М муухай харлаа гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Б.Д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.