Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2016/00827

 

                                                                     Ч.Дэлгэрдалай, Т.Цэцэгмаа нарын                                                                       нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 88 дугаар шийдвэр,

 Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 68 дугаар магадлалтай,

Ч.Дэлгэрдалай, Т.Цэцэгмаа нарын нэхэмжлэлтэй,

            “Транскапитал” ББСБ, Б.Энхдүүрэн, Л.Энхнаран, Б.Жавзангарав нарт холбогдох           

            5.373.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагч Б.Энхдүүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тогтохбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн         

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч “Транскапитал” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтансүх, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

             Нэхэмжлэгч Ч.Дэлгэрдалайгийн нэхэмжлэл болон тайлбарт: “...2014 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 19 цаг 18 минутанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр дээр гэр хорооллын Эрдэнэтээс Булганы төв зам дагуу “Жаст-Ойл” шатахуун түгээх газрын уулзварын баруун талд 25-49 УНС дугаартай sрогtаgе маркийн автомашинтай “хурд сааруулагч дээгүүр даваад гарч байтал “Транскапитал” ББСБ-ын эзэмшлийн гэрчилгээтэй 09-19 ОРО дугаартай цагаан өнгийн соната-6 маркийн автомашиныг иргэн Б.Энхдүүрэн жолоодож яваад sрогtаgе машины араас мөргөсөн. Иргэн Б.Энхдүүрэн нь тухайн үедээ согтуу, хурд хэтрүүлэн зай барихгүй, хурд сааруулагчийг анхаарч хараагүй, миний машины араас хүчтэй мөргөж эд хөрөнгөнд болон дотор нь сууж явсан 5 хүний эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол учруулсныг тэр даруйд нь замын цагдаа, даатгалын шуурхай албаны ажилтнууд ирж үзэж зураг авсан, ослын газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, Прокурорын 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 313 тоот эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хавсаргав. Хохирогч бид эмнэлэг сувилалд үзүүлсэн ба тархины доргилт, нуруу нугасандаа гэмтсэн, үзлэг эмчилгээ хийлгэж зардал гаргасан. Миний 25-49 УНС машин шинэ бөгөөд их хэмжээний эвдрэлтэй, замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон, машины сэлбэг эд ангиудыг шинээр худалдан авч засварлуулахад гарсан зардалд Б.Энхдүүрэн нэг ч төгрөг төлөөгүй. Харин Б.Энхдүүрэн “би мөнгөний боломжгүй, жолоодож явсан машинаа хохирол төлбөртөө өгье, энэ машиныг Л.Энхнарангаас худалдаж авсан ба түүний ээж Б.Жавзангаравын нэр дээр “Транскапитал” ББСБ-ын зээлийн барьцаатай, 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 2 596 628 төгрөгийн зээлийн үлдэгдлээс надад хамааралтай зээл хүү 1 000 000 төгрөгийг, 09-19 ОРО соната-6 машины сэлбэг засварын зардал, журмын хашааны мөнгийг төлөөд, мөн 25-49 машины хохирлоо засуулж ав гэж хэлж тохиролцож хохирол барагдуулах гэрээ бичиж өгөөд, мөргөлдсөн эвдрэлтэй 09-19 ОРО соната-6 машинаа надад өгсөн. Б.Энхдүүрэн, Л.Энхнаран нартай 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр уулзсан. Л.Энхнаран “Транскапитал” ББСБ-д Б.Энхдүүрэнгийн төлөх зээлийн хүү 1 000 000 төгрөгийг төлөөд машинаа шилжүүлж авах гэтэл Л.Энхнаран нь /ээж Б.Жавзангаравын нэр дээрх/ зээлээ төлөөгүй байна. Иймд 1.Транскапитал ББСБ-аас Ч.Дэлгэрдалайгийн хүүнд төлсөн 1 001 000 төгрөгийг гаргуулах, 2.Транскапитал ББСБ-ын зээлийн хүүг төлсөн мөнгөний 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хүү 309 000 төгрөгийг гаргуулах, 3. 25-49 УНС автомашины сэлбэг, засвар үйлчилгээнд төлсөн хохирлын зардал 3 889 000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 2.500 төгрөг, замын Цагдаагийн журмын хашааны төлбөр 172 000 төгрөг, нийт 5 373 500 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

            Нэхэмжлэгч Т.Цэцэгмаагийн тайлбарт: “25-49 УНС дугаартай sportаgе маркийн автомашин бол миний эзэмшлийн машин. Гэрчилгээ нь миний нэр дээр байдаг. Осол болсон өдөр нөхөр маань машин барьж явсан. Би машинд учирсан хохирол, гарсан бүх зардлаа “Транскапитал” ББСБ-аас нэхэмжилнэ” гэжээ.

          Хариуцагч “Транскапитал” ББСБ-ын гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна. 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Б.Жавзангарав нь манай байгууллагаас 6 000 000 төгрөгийг автомашин худалдан авах зориулалтаар авч лизингийн болон барьцааны гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр Б.Жавзангарав нь зээлийн барьцаанд 2006 онд үйлдвэрлэгдсэн 09-19 улсын дугаартай Соната-6 автомашиныг байршуулсан байдаг. Лизингийн гэрээгээр тохиролцсоноор барьцаанд бариулсан тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлж улмаар өөр этгээд буюу иргэн Ч.Дэлгэрдалайд учруулсан хохирлыг зээлдэгч Б.Жавзангарав хийгээд гэм хор учруулсан иргэн Б.Энхдүүрэн нар хариуцан төлөх үүрэгтэй бөгөөд манай байгууллага гэм хорыг хариуцахгүй. Мөн зээлийн хүү 1.000.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Б.Энхдүүрэн болон Ч.Дэлгэрдалай нарын хооронд байгуулагдсан “хохирол барагдуулах гэрээ” гэх хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Учир нь 09-19 ОРО автомашиныг захиран зарцуулах эрх зөвхөн манай байгууллагад байсан.Ч.Дэлгэрдалай уг хэлцлийн улмаас хохирол хүлээсэн бол Б.Энхдүүрэнгээр хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй. Зээлдэгч 2014 оны 04 сараас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй даруй 10 сарын хугацаа өнгөрсөн тул манай байгууллага зохих журмын дагуу 2015 оны 2 сарын 13-ны өдөр худалдаж зээлийг хаасан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

            Хариуцагч Б.Энхдүүрэнгийн гаргасан хариу тайлбарт: “Ч.Дэлгэрдалайн машиныг мөргөж хохирол төлөх мөнгөгүй тул унаж явсан Соната-6 машиныг гэрээ хийж өгсөн. Уг машиныг би Б.Энхнарангаас 6.000.000 төгрөгөөр авсан байсан. Б.Энхнаран нь “Транскапитал” ББСБ-д машин барьцаалсан өртэй байсан ба бид 2 хувааж төлөхөөр тохиролцоотой байсан. Миний төлөх 1.000.000 төгрөгийг Ч.Дэлгэрдалай төлөөд машиныг авсан. Б.Энхнаран нь өөрийн төлөх ёстой 1.000.000 төгрөгөө төлнө гэж байсан. Осол болсны дараа машины эвдрэлд үнэ тогтоолгоход 972 000 төгрөг гэж тогтоосон боловч Ч.Дэлгэрдалай зөвшөөрөхгүй 3.000.000 төгрөг нэхээд байсан тул би машинаа өгсөн. Миний хувьд хохирлыг төлсөн гэж үзэж байна” гэжээ.

            Хариуцагч Л.Энхнарангийн гаргасан хариу тайлбарт: “Иргэн Л.Энхнаран би 2014 оны 01 сард Б.Энхдүүрэнд 09-19 дугаартай Соната 6 маркийн автомашиныг зарсан. Уг машин нь “Транскапитал” ББСБ-д 3.000.000 төгрөгийн зээлтэй байсан. Би Б.Энхдүүрэнд уг машиныг 6.500.000 төгрөгөнд бодож тохиролцож зарсан. Б.Энхдүүрэн 4.000.000 төгрөгийг бэлэн өгч үлдэгдэл 2.500.000 төгрөгийг сар бүр банкинд төлнө гэж авсан. Удалгүй банкнаас зээлээ төл гэж шаардсан. Б.Энхдүүрэнд хэлэхэд хүний машин мөргөсөн, мөнгө алга гэж хэлээд байсан. Энэ хэргийн талаар би мэдэхгүй, надад хамаагүй. Харин Б.Энхдүүрэнгээс болж манай ээж банкнаас зээл авах боломжгүй болсонд гомдолтой болно. Уг хэрэгт намайг татаж байгааг би зөвшөөрөхгүй байна” гэжээ.

          Хариуцагч Б.Жавзангаравын гаргасан хариу тайлбарт: “...би 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Транскапитал” ББСБ-аас 3.000.000 төгрөгийн лизингийн зээл авч охин Л.Энхнаранд өгсөн. Охин машин авсан. Дараа нь охин маань 09-19 дугаартай Соната 6 маркийн автомашинаа Б.Энхдүүрэнд зарсан байсан. Б.Энхдүүрэнг машины үлдэгдэл зээлийг төлнө гэж ярьж байсан. Тиймээс Б.Энхдүүрэн л зээлийг төлөх ёстой байх. Би надаас зээл төлүүлэхээр шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй" гэжээ.

         Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 88 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Энхдүүрэнгээс 4.063.500 төгрөг, Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д заасныг баримтлан Б.Жавзангараваас 1.310.000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Дэлгэрдалай, Т.Цэцэгмаа нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас “Транскапитал” ББСБ, Л.Энхнаран нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 100.930 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхдүүрэнгээс 79.965 төгрөг, хариуцагч Б.Жавзангараваас 35.909 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

           Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 68 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 88 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Иргэний хуулийн 461 дүгээр зүйлийн 461.6-д зааснаар Б.Жавзангараваас 1.310.000 төгрөг ...” гэснийг “Транскапитал ББСБ-аас 1.310.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас “Транскапитал” ББСБ гэснийг Б.Жавзангаравт гэж, 2 дугаар заалтын Б.Жавзангараваас 35.909 төгрөг гэснийг “Транскапитал” ББСБ-аас 35.909 төгрөг гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Хариуцагч Б.Энхдүүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тогтохбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 68 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж заажээ. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд тээврийн хэрэгслийн өмчлөгч болох “Транскапитал” ББСБ болон тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.Жавзангарав, Л.Ууганцэцэг нарыг хариуцлагаас чөлөөлж хэргийг шийдвэрлэсэн. Б.Жавзангаравын охин Л.Энхнаран нь “Транскапитал” ББСБ-ын өмчлөлийн 09-19 ОРО Улсын дугаартай, Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч нарынх нь зөвшөөрөлгүйгээр Б.Энхдүүрэнд худалдаж, түүний эзэмшилд шилжүүлсэн болох нь хариуцагч Б.Жавзангарав, “Транскапитал ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбаруудаар тогтоогддог. Мөн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 121312090220 дугаар “Лизингийн зээлийн болон барьцааны гэрээ’-н дээр хамтран зээлдэгчээр Л.Ууганцэцэг гэдэг хүн тухайн хэлцлийн нэг тал болж ийнхүү гэрээнд гарын үсэг зурсан гэдгийг ч “Транскапитал” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарладаг. Б.Энхдүүрэн гэм хорын төлбөр төлөх нь гарцаагүй ч Иргэний хуулийн 499.3-т зааснаар “Транскапитал" ББСБ болон Б.Жавзангарав, Л.Ууганцэцэг нар ч мөн адил гэм хорын төлбөрийг хамтран нөхөн төлөх үүрэгтэй. Л.Ууганцэцэг нь дээрх гэрээгээр Б.Жавзангаравын адил “Транскапитал” ББСБ-ын өмнө үүрэг хүлээсэн эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт өгч, түүний эрх зүйн байдлыг зөв үнэлж, түүнийг хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг хүлээн авалгүйгээр хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн учраас хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулахаар ийнхүү гомдол гаргаж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч Б.Энхдүүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тогтохбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

  Нэхэмжлэгч Ч.Дэлгэрдалай, Т.Цэцэгмаа нар нь “Транскапитал” ББСБ, Б.Энхдүүрэн, Л.Энхнаран, Б.Жавзангарав нараас гэм хорын хохирол 3.889.000 төгрөг, замын цагдаагийн журмын хашааны мөнгө 172.000 төгрөг, нотариатын зардал 2500 төгрөг, нийт 4.063.500 төгрөг гаргуулах, хариуцагч “Транскапитал” ББСБ Л.Энхнаран, Б.Жавзангарав нараас зээлд төлсөн 1.001.000 төгрөг, хүү 309.000 төгрөг нийт 1.310.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Хариуцагч Б.Жавзангарав нь 2013.12.09-ний өдөр “Транскапитал” ББСБ-аас 3.000.000 төгрөгийн зээл авч, охин Л.Энхнаранд өгсөн, Л.Энхнаран нь Соната-6 маркийн автомашин худалдан авч “Транскапитал” ББСБ-аас авсан 3.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд энэ машинаа барьцаалсан боловч тэрээр уг автомашиныг Б.Энхдүүрэнд 6.500.000 төгрөгөөр худалдахаар тохирч 4.000.000 төгрөгийг Б.Энхдүүрэн нь Л.Энхнаранд бэлнээр өгч,  үлдэгдэл 2.500.000 төгрөгийг “Транскапитал” ББСБ-аас авсан зээлийг сар бүр төлж дуусгахаар харилцан тохиролцсон тухай үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

         2014 оны 02 сарын 02-ны өдөр хариуцагч Б.Энхдүүрэн нь дээрх автомашиныг жолоодож яваад нэхэмжлэгч Ч.Дэлгэрдалайгийн жолоодож явсан Т.Цэцэгмаагийн эзэмшлийн 25-49 УНС дугаартай “stortage” маркийн автомашины араас мөргөж гэм хор учруулсан, хариуцагч Б.Энхдүүрэн нь Т.Цэцэгмаагийн эзэмшлийн автомашинд учруулсан хохирлоо нөхөн төлөх зорилгоор Ч.Дэлгэрдалайтай “хохирол барагдуулах гэрээ”, “авто машин шилжүүлэх тухай” гэсэн баримт үйлдэж Соната-6 маркийн машиныг өр төлбөртөө өгөх, Ч.Дэлгэрдалай нь “Транскапитал” ББСБ-д төлөх зээлийн үлдэгдэл 1.000.000 төгрөг, журмын хашааны төлбөр 172.000 төгрөгийг төлөөд машинаа авахаар тохиролцсон зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хх-8,10/

          Түүнчлэн нэхэмжлэгч Ч.Дэлгэрдалай нь “Транскапитал” ББСБ-д Б.Жавзангаравын төлөх зээлийн үлдэгдэлд 1.001.000 төгрөг, хүүнд 309.000 төгрөг,  журмын хашааны төлбөрт хариуцагч Б.Энхдүүрэнгийн төлөх 172.000 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогджээ.

         “Транскапитал” ББСБ нь Б.Жавзангаравын зээлийн үлдэгдэл хугацаандаа төлөгдөөгүй гэсэн үндэслэлээр 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Ч.Дэлгэрдалайн эзэмшлээс Соната-6 автомашиныг гаргуулан авч, худалдан борлуулж Б.Жавзангаравын зээлийн үүргийг барагдуулсан гэх боловч хэдий хэмжээний төлбөрт тооцсон нь тодорхойгүй, хэрэгт энэ тухай баримт авагдаагүй байна.

           Б.Энхдүүрэнгийн гэм буруутай үйлдэл, нэхэмжлэгч нарт учирсан гэм хортой шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон учир Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Дэлгэрдалай, Т.Цэцэгмаа нар өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцагч Б.Энхдүүрэнгээс шаардах эрхтэй.

           Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд эд хөрөнгөнд гэм буруутай үйлдэл болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хариуцагч Б.Энхдүүрэнгийн гэм буруутай үйлдэл, нэхэмжлэгч нарт учирсан гэм хортой шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, талууд гэм буруугийн тухайд маргаагүй байх тул Б.Энхдүүрэнгээс гэм хорын хохиролд 4.063.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д нийцжээ.

    Харин Б.Жавзангаравын бусдад төлөх ёстой зээлийн үлдэгдэл 1.001.000 төгрөг, хүү 309.000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Дэлгэрдалай түүний нэрийн өмнөөс “Транскапитал” ББСБ-д төлсөн нь нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд 1.310.000 төгрөгийг Б.Жавзангараваар төлүүлсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг буруутгах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, Б.Жавзангаравын авсан зээлийн барьцаанд барьцаалсан Соната-6 автомашиныг “Транскапитал” ББСБ Ч.Дэлгэрдалайгаас хураан авч худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангасан талаар хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч Ч.Дэлгэрдалай нь Б.Жавзангаравын зээлийн үлдэгдэл хүүнд 1.310.000 төгрөгийг “Транскапитал” ББСБ-д төлснийг төлбөр давхардсан гэж үзэх үндэслэлтэй тул уг мөнгийг “Транскапитал” ББСБ-аас гаргуулахаар өөрчилсөн нь үндэслэл бүхий байна. 

            Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв боловч найруулга болон техникийн алдаа гаргасныг хяналтын шатны шүүхээс залруулж, магадлалд өөрчлөлт оруулна.

“... хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг хүлээн авалгүйгээр хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн учраас хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, шийдвэр магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хариуцагч Б.Энхдүүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тогтохбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 68 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Энхдүүрэнгээс 4.063.500 төгрөг, Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д заасныг баримтлан “Транскапитал” ББСБ-аас 1 310 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Дэлгэрдалай, Т.Цэцэгмаа нарт олгож, Л.Энхнаран, Б.Жавзангарав нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Хариуцагч Б.Энхдүүрэн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР

                                                ШҮҮГЧ                                                   Д.ЦОЛМОН