Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2017/0326/З/ |
Дугаар | 199 |
Огноо | 2018-04-30 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 199
“Ч м д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын
тосны газарт холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Х.Батсүрэн
Шүүгчид: Л.Атарцэцэг
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 19 дүгээр зүйлийн 19.12, 26 дугаар зүйлийн 26.9-д заасныг үндэслэн өргөдлөөр буюу сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох талбайгаас 157... га-д дүйцүүлэн нэр бүхий 12 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшүүлэхийг даалгах тухай.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0543 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0884 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б,
Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ба нар,
Нэхэмжлэгч “Ч м д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Б-гийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0543 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 19 дүгээр зүйлийн 19.12, 26 дугаар зүйлийн 26.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ч м д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших Талбай-1, Талбай-2, Төв аймгийн Заамар сумын нутагт орших Талбай-3, Талбай-4, Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Булган аймгийн Бүрэгхангай сумдын нутагт орших Талбай-5, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших Талбай-6, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших Талбай-7, Хэнтий аймаг Биндэр сумын нутагт орших Талбай-8, Талбай-9, Дорноговь аймаг Дэлгэрэх сумын нутагт орших Талбай-10, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт орших Талбай-11, Ховд аймаг Булган сумын нутагт орших Талбай-12 нэртэй талбайнуудад Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 155 дугаар тогтоолуудад нийцүүлэн нэхэмжлэгч “Ч м д” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0884 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0543 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 19 дүгээр зүйлийн 19.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ч м д” ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 19 дүгээр зүйлийн 19.12, 26 дугаар зүйлийн 26.9-д тус тус заасныг үндэслэн, өргөдлөөр буюу сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох талбайгаас тус компанид 15.7... га бүхий талбайн хэмжээнд дүйцүүлэн “Талбай-1 “Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт 137.6 га, Талбай-2 Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт 163.53 га, Талбай-3 Төв аймгийн Заамар сумын нутагт 396.61 га, Талбай-4 Төв аймгийн Заамар сумын нутагт 387.19 га, Талбай-5 Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Булган аймгийн Бүрэгхангай сумдын нутагт 59.15 га, Талбай-6 Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт 218.83 га, Талбай-7 Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт 137.33 га, Талбай-8 Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт 3388.89 га, Талбай-9 Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт 873.31, Талбай-10 Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт 8034.01, Талбай-11 Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт 1304.02 га, Талбай-12 Ховд аймгийн Булган сумын нутагт 678.3 га, нийт 12 талбайд нэр заасан газруудад хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ба, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Б нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгч “Ч м д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд; нэхэмжлэгч “Ч м д” ХХК нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 624 дүгээр шийдвэрээр эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулах боломжгүй болсны улмаас 235,417,168 төгрөгийн нөхөн олговор авахаар болсон билээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсны дүнд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдалд байгаа болох нь тогтоогдсон. Тодруулбал, шүүхийн шийдвэрээр нөхөн олговор олгох үүрэг хүлээсэн Сангийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар нь Улсын Их Хурлаас баталсан 2018 оны төсөвт уг хөрөнгийг тусгаж батлуулж чадаагүй байсан. Ийнхүү уг хөрөнгийг төсөвт тусгаагүй шалтгаан нь улсын эдийн засгийн нөхцөл байдал муудаж, Монгол Улсын Засгийн газар нь Олон улсын тавцанд дампуурлаа зарлахад хүрээд байгаа зэрэг байдлаас төрөөс ийм төрлийн нөхөн олговорт хөрөнгө мөнгө зарцуулах боломжгүй гэж үзсэн. Ийм учраас шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болох нь тогтоогдсон. Энэ учир Сангийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар нь нөхөн олговрыг төлөх боломжгүй талаар албан бичгээр манай компанид мэдэгдсэн. Үүгээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 624 дүгээр шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон бөгөөд энэ талаар “Ч м д” нь ямар нэгэн байдлаар маргаагүй. Нэгэнт шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэж үзсэн учир манай компани нь “зөрчигдсөн эрхээ сэргээлгэх”-ийн тулд дахин Ашигт малтмал, газрын тосны газарт хандан мөнгөн нөхөн олговор олгох боломжгүй бол өөр талбай эзэмшүүлэх шийдвэр гаргаж өгөх хүсэлт гаргасныг тус байгууллага хянаад 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1/2078 дугаар албан бичгээр “татгалзсан” хариу өгсөн.
4. Ашигт малтмал, газрын тосны газрын өөр талбайд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 624 дүгээр шийдвэрийн дараа гарсан захиргааны шинэ акт юм. Гэтэл уг байдлыг давж заалдах шатны шүүх “шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үйлдэл“-ийг “захиргааны байгууллагын эс үйлдэхүй” гэж анхан шатны шүүхийн дүгнэснийг буруутгасан нь хэрэгт авагдсан үйл баримт, нотлох баримтыг буруу үнэлсэн. Учир нь давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, ...тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй тул уг хэргийг бүхэлд нь хянан үзэж, “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл”-д бүхэлд нь дүгнэлт өгч шийдвэрлэх боломжтой байсан.
5. Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал бий болсон нь тогтоогдохгүй байна гэжээ. Энэхүү шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал бий болоогүй гэж дүгнэсэн нотлох баримтаар “Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1/2078 дугаар албан бичгийн “нөхөн олговрыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ” гэснээр нотлогдсон гэж үзжээ. Энэ нь захиргааны акт биш бөгөөд заавал биелэгдэх шинжгүй баримт юм. Захиргааны байгууллагын “нөхөн олговрыг олгоно” гэсэн захиргааны актын шинжийг агуулаагүй албан бичиг үйлдэгдсэнээр нэхэмжлэгчийн эрх сэргэж байгаа явдал огт биш, нөгөө талаас улсын 2018 оны төсөвт тусгуулаагүй, хойшид тусгуулах талаар “Ч м д” ХХК-тай ямар нэг байдлаар тохиролцоо, гэрээ хэлцэл хийгээгүй байхад ийнхүү заавал биелэгдэх шинжгүй, биелэгдэх эсэх нь нотлогдоогүй албан бичгийг үндэслэн дээрх дүгнэлт хийж байгаа нь нотлох баримтыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасны дагуу хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд л шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа эхэлдэг, энэхүү шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлснээс үзвэл хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлэхгүй гэдэг нь нотлогдсон.
7. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд; Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь “нэхэмжлэгчийг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгогдох хуульд заасан нөхцөл, шаардлага, үндэслэл бий болоогүй” гэж дүгнэжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасан. Уг заалтын дагуу нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр нэгдүгээрт, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай, хоёрдугаарт, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг “олгож болох”-оор тогтоосон. Энэ нь эдгээр талбайгаас заавал нөхөн олговорт олгох ёстой гэсэн хуулийн хатуу шаардлага биш юм. Учир нь хуулийн заалтыг шүүх болон захиргааны байгууллага хэрэглэхдээ сонгож хэрэглэх заалт гэдэг нь “болно” гэсэн зохицуулалтаас харж болно.
8. Ашигт малтмалын тухай хуулийн 19.12. 26.9-д заасан талбайгаас нөхөн олговорт талбай өгөх боломжтой болгож байгаа нь өөр бусад талбайд тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон гэсэн үг биш, эрдсийн хуримтлалгүй, нөөц нь тогтоогдоогүй газарт тусгай зөвшөөрөл олгох нь хуулиар хориглосон зохицуулалт биш юм. Нөгөө талаас Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлд “төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан тул нэхэмжлэгч нь төрийн албан тушаалтны буруутай ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхээ “төрөөр хамгаалуулах, сэргээлгэн эдлэх” эрхтэй билээ. Ашигт малтмал, газрын тосны газар нь бусад хуулийн этгээдэд олгосон байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19.12, 26.9-д заасан талбайд хамаарах лицензийг цуцалж, бусад аж ахуйн мэгжид нөхөн олговрын журмаар олгохоор шийдвэрлэж байгаа атлаа анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль бус гэж тайлбарлаж байгаа нь нэг асуудалд хоёр өөрөөр хандсан үндэслэлгүй тайлбар байсан. Тухайлбал, “А г ч “ ХХК-д Булган аймгийн Тэшиг сумын нутаг, “Цагаан жалга” гэх нэртэй газарт олгосон МV-013... дугаар тусгай зөвшөөрөл, “Э Э А” ХХК-д Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг, “Дэлийн хяр” нэртэй газарт олгосон ХV-012... дугаар тусгай зөвшөөрлийг цуцалж, уг талбайг нөхөн олговорт олгосон жишээнүүд олон байдаг. Энэ ч учраас анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг ойлгож, иргэний эрхийг сэргээсэн шийдвэр гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу төрөөс иргэнийхээ зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг биелүүлсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, мөн хуулиар тогтоосон “шударга ёс“-ны зарчимд бүрэн нийцсэн шийдвэр гэж үзэж байна.
9. Давж заалдах шатны шүүх нь “нэхэмжлэгчийн өмнө эзэмшиж байсан талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төр мэдэлдээ шилжүүлэн авсан гэж үзэхгүй” гэжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан “үндэсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх” гэсэн зорилгоор тусгай зөвшөөрлийг цуцалсан байх ойлголт юм.
10. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах, гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ”, мөн зүйлийн 3.2-т “үндэсний язгуур ашиг сонирхолд Монгол Улсын ...экологийн тэнцвэрт хөгжил багтана” гэж тус тус заасан байна. Улсын Их Хурлаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг батлан гаргах болсон шалтгаан нөхцөл нь экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулах хэмжээнд тусгай зөвшөөрөл олгож байгаа нөхцөл байдлыг таслан зогсоох зорилгоор гарсан буюу өөрөөр хэлбэл, Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг агуулсан үндэсний аюулгүй байдлыг хангах буюу экологийн тэнцвэрт хөгжлийг хангах зорилгоор батлагдсан хууль гэдгийг хэнд ч нотлох шаардлагагүй.
11. Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд үндэсний аюулгүй байдлыг хангах гэдэг ойлголтыг тодорхойлон хуульчилсан байхад давж заалдах шатны шүүх нь энэхүү хуулийг хэрэглэхгүйгээр дүгнэлтээ хийж байгаа нь шүүх хэрэглэх ёстой хуулийг тайлбарлаж хэрэглээгүй гэдэг нь харагдаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлд тодорхойлсон талбайн координатыг “Тогтоох” хэсэгтээ тодорхой заагаагүй нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл үүсгэсэн байна. Эдгээр байдлыг нэгтгэн дүгнэвэл анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0884 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
12. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
13. Нэхэмжлэгч “Ч м д” ХХК нь Монгол Улсын Засгийн газар болон Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 19 дүгээр зүйлийн 19.12, 26 дугаар зүйлийн 26.9-д заасныг үндэслэн өргөдлөөр буюу сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох талбайгаас 157... га-д дүйцүүлэн нэр бүхий 12 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг “...шүүхийн шийдвэрээр олгох ёстой нөхөх олговрын мөнгийг олгохоос хариуцагч татгалзсан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх боломжгүйг илэрхийлсэн” гэх үндэслэлээр гаргажээ.
14. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Толбо, Бугат сумдын нутаг “Хүнгүйн нуруу” нэртэй газрын 157... гектар талбайд ашигт малтмал эрэх, хайх эрхийн 145...Х дугаар тусгай зөвшөөрлийг “Т У” ХХК-иас шилжүүлэн авч 2011 оноос эзэмшсэн, хайгуулын тусгай зөвшөөрлийн уг талбай нь “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарч тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон, хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлахдаа нөхөх олговрыг олгоогүй” гэх үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга болон Сангийн яамны төрийн сангийн газраас 235,417,168 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 624 дүгээр шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн байна.
15. Мөн уг шийдвэрээр “Ч м д” ХХК-ийн 145...Х тусгай зөвшөөрөл нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарч цуцлагдсан болохыг тогтоож, нөхөх олговор авах эрхийг нь хангаж шийдвэрлэсэн, шүүхийн энэ шийдвэрт хариуцагч гомдоогүй ба хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул уг шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар дахин дүгнэх /хариуцагч нь “цуцлаагүй”, “дуусгавар болгосон” гэж маргасан/ хууль зүйн боломжгүй.
16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэх”-ээр, 135 дугаар зүйлийн 135.1-д “шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явуулах”-аар зааснаас үзэхэд “шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа” төлбөр төлөгчийн /хариуцагчийн/ үйл ажиллагааг “захиргааны акт”-тай адилтган үзэж, захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй юм.
17. Анхан шатны шүүх, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх харилцаанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хэрэглэгдэх үндэсгүй байхад Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 624 дүгээр шийдвэрийг биелүүлээгүй гэх хариуцагчийн үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т тодорхойлсон “эс үйлдэхүй” /захиргааны акт/ гэж тайлбарлан, улмаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Захиргааны ерөнхий хуулийн 3.1-д заасан үйл ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй”, Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” гэснийг зөрчсөн байна.
18. Иймд, нэхэмжлэгчийн гаргасан “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, ...албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэнээс үзвэл хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлэхгүй гэдэг нь нотлогдсон, ...давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлд бүхэлд нь дүгнэлт өгөөгүй, ...нотлох баримт буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
19. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” /энэ заалтад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж 19.12 гэснийг хассан/ гэж ашигт малтмалын асуудлаарх Засгийн газрын бүрэн эрхийг тодорхойлсон, ашигт малтмалын хайгуулын 145...Х тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарсан үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй байна.
20. Мөн хуулийн 8 дугаар зүйлд ашигт малтмалын асуудлаарх Улсын Их Хурал бүрэн эрхийг тодорхойлж, 8.1.5-д “Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачлагаар тодорхой нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг, эсхүл хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хязгаарлах буюу хориглох” гэж заасан, Улсын Их Хурал 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг батлан гаргаж, Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон ба уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар “...хуулийг дагаж мөрдөхөөс өмнө ...хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрлийг ...цуцлах”-аар заажээ.
21. Нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон Баян-Өлгий аймгийн Толбо, Бугат сумдын нутаг “Хүнгүйн нуруу” нэртэй газрын 157... гектар талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарсан, энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалт хэрэглэгдэхгүй байхад анхан шатны шүүх “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор”, Засгийн газрын шийдвэрээр төрийн мэдэлд шилжүүлэн авсан мэтээр дүгнэж, хэрэглэх ёсгүй уг хуулийг тухайн маргаанд тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
22. Давж заалдах шатны шүүх, маргааны үйл баримтад холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, иймд, нэхэмжлэгчийн “Улсын Их Хурлаас Гол,... хуулийг ...экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулах хэмжээнд тусгай зөвшөөрөл олгож байгаа нөхцөл байдлыг таслан зогсоох зорилгоор гаргасан,... Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд үндэсний аюулгүй байдлыг хангах гэдэг ойлголтыг тодорхой хуульчилсан, давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой уг хуулийг тайлбарлаж хэрэглээгүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
23. Түүнчлэн, ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглосон талбайд тусгай зөвшөөрөл шударгаар эзэмшиж байсан этгээдийн хувьд тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан тохиолдолд зөвхөн нөхөх олговор авах эрхтэй байхаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасан байх тул нэхэмжлэгчийн “...хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг ...төр хариуцах,... бусад аж ахуйн нэгжид нөхөн олговрын журмаар талбай олгосон, нэг асуудалд хоёр өөрөөр хандсан, анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг ойлгож, ...эрхийг сэргээсэн шийдвэр гаргасан,... шударга ёсны зарчимд нийцсэн гэх” гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
24. Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, “магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгах тухай” нэхэмжлэгч “Ч м д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0884 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ