Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 221/MA2017/0615

 

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2017/0615

Улаанбаатар хот

“Талын гал” ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч С.Цэрэндондов, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батболд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхтөгс, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Батхүү нарыг оролцуулан, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор “Талын гал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: ”Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 35.1.1, 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Талын гал” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” 94 тоот захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Энгүй тал” ХХК-ийн “Сүхбаатар сумын Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 77 тоот захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, 2005 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Аж ахуйн байгууллагын газар эзэмших гэрээ байгуулснаар эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг тогтоолгох” бие даасан шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Дамба, Ц.Батхүү нар давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийг бие даасан шаардлагаа өөрчилсөн гэж хүлээн зөвшөөрч дүгнэсэн атлаа түүнд холбогдох нотлох баримтыг үнэлэхгүй гэсэн нь зөрчилтэй, ямар учир шалтгаантай болох нь тодорхойгүй, энэ тухай заагаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх дээрх хуулийн заалтад нийцэхгүй байна.

Түүнчлэн шүүхээс “ ...Сүхбаатар сумын Засаг даргын 2007 оны 77 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг тогтоолгох” шаардлагыг гуравдагч этгээдийн өөрчилсөн бие даасан шаардлага гэж үзсэн атлаа хариуцагчид гардуулж танилцуулаагүй, түүнээс уг шаардлагыг хүлээн зөвшөөрч эсхүл үгүйсгэж байгаа талаарх тайлбарыг авч сонсохгүйгээр дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалт, 57 дугаар зүйлийг зөрчсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно.

... Нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн гэх 77 дугаар захирамжийн он, сар, дугаар адил ч бичвэр нь өөр өөр техник хэрэгслээр үйлдэгдсэн, уг захирамжийг гаргахаас өмнө маргаж байгаа байршилд нэхэмжлэгч “Талын гал” ХК дээрх зориулалтаар газар эзэмшиж байсныг нотолсон баримт байхгүй байгааг анхаараагүй.

... Түүнчлэн шүүхийн үзлэгээр 2 компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайнууд ямар ч давхцалгүй байгаа, “Энгүй тал” ХХК нь бодит байдал дээр 1391 га газар эзэмшдэггүй болох нь тогтоогдсон байхад шүүхээс хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй талаарх дүгнэлтийг хийгээгүй.

Иймд анхан шатны шүүхийн 2007 оны 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул давж заалдах шатны шүүх гомдлын агуулгад дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна.

Нэг. Нэхэмжлэгч “Талын гал” ХК-аас “Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” 94 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох“ тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж тодорхойлжээ.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 77 дугаар захирамжаар “Талын гал” ХК-д уурхайн ашиглалтад зориулж 89 га, хот тосгонд зориулж 2 га, зам шугам сүлжээнд зориулж 10 км газрыг 20 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэсэн боловч Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2000 оны 09 дүгээр шийдвэрээр “Талын гал” ХК-д 35 га газарт 2060А тусгай зөвшөөрөл олгосонтой холбогдуулж уг олгосон газраа 35 га болгон багасгаж маргаан бүхий 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 94 дүгээр захирамжийг гаргаж, 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 77 дугаар захирамжаа хүчингүй болсонд тооцсон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнтэй холбоотой хуулийг хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн, энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсхүл хангахаас татгалзах үндэслэл болж байгааг тусгах үүрэгтэй. Ялангуяа нэхэмжлэгчээс 2008 онд гаргасан захиргааны актыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бусд тооцуулах шаардлагыг нэхэмжлэгч гаргасантай холбогдуулан энэ талаар дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай байжээ.

Үүнээс гадна анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан төрийн захиргааны байгууллагаас Ашигт малтмалын тухай хуульд заасан  бүрэн эрхийн хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон тохиолдолд сумын Засаг дарга тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайд газар эзэмших, ашиглах эрхийг бусдад олгох боломжтой эсэхэд, мөн маргааны үйл баримттай холбогдуулж нэхэмжлэгчийн ашиглаж байгаа газрын хэмжээ, нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа гэх 56 га газрын байршил нь гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрөл бүхий болон хэсэгчлэн буцаан өгсөн талбайд хамрагдаж байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэх зэргээр тодруулах шаардлагатай.

Хоёр. Гуравдагч этгээд “Энгүй тал” ХХК анх “Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 94 дүгээр захирамж нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын албаны ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлд үндэслэсэн тул уг захирамжийг хэвээр үлдээж, өөрийн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах” гэж тодорхойлсон бие даасан шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлагаа нэмэгдүүлж, өөрчилсөн бөгөөд “Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 77 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Сүхбаатар сумын газрын асуудал хариуцсан албан тушаалтан, “Талын гал” ХК-ийн хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг тогтоолгох” гэж тодорхойлсонд шүүх ямар нэг дүгнэлт хийгээгүй, “Сүхбаатар сумын Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 77 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, 2005 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Аж ахуйн байгууллагын газар эзэмших гэрээ байгуулснаар эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг тогтоолгох” шаардлагыг хянан шийдвэрлэсэн боловч “Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 94 дүгээр захирамж нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын албаны ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлд үндэслэсэн тул уг захирамжийг хэвээр үлдээж, өөрийн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах” шаардлагыг хянан шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Зүй нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасны дагуу бие даасан шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, улмаар тус бүрт нь дүгнэлт өгөх байжээ.

Дээрх ажиллагааг хийж бие даасан шаардлагыг тодорхой болгоогүйгээс зарим шаардлага нь шийдвэрлэгдээгүй мэт нөхцөл байдал үүсжээ.

Эдгээрээс гадна гуравдагч этгээд бие даасан шаардлагаа шүүх хуралдаан дээр өөрчилсөнтэй холбогдуулж хариуцагчид гардуулах, шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх, холбогдох бусад тайлбарыг аваагүй, гуравдагч этгээдэд эрх, үүргийг нь тайлбарлаагүй зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57 дугаар зүйлд нийцээгүй бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл болно.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                        Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                        Э.ЗОРИГТБААТАР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.БАТБААТАР