Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 516

 

М.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 533 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 793 дугаар магадлалтай, М.О-д холбогдох 1808015310324 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2012 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 сар баривчлах ял, 2015 онд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-нд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг өршөөн хасч, 2017 оны 2 дугаар сарын 23-нд эдлээгүй үлдсэн 7 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэгдэж сулласан Борлууд овогт М.О нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.О-ийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Цэндсүрэнгийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 50.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.О-ээс 9.030.620 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Цэндсүрэнд олгуулах, уг хохирлыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэнгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.О бичсэн гомдолдоо: “... Миний бие хэргийн талаар мөрдөн байцаагчид ганцхан удаа байцаалт өгсөн. Хохирогч Ц.Бямбаа нь лоом, сүх барьж намайг алахыг завдсан тул би эдгээр зэвсгийн чанартай зүйлээс бултаж өөрийн амь насыг хамгаалсан. Гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байгааг анхан шатны шүүх хуралдаан дээр мэдсэн. Намайг хавтаст хэргийн материалтай огт танилцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаанаас дахин шалгуулахыг хүсч байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.О-ийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн гаргасан гомдолдоо: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгаагүй. Банзаар цохьсон гэж мэдүүлсэн гэрчүүд банзны хэмжээг өөр өөр байдлаар мэдүүлсэн. Тухайн шөнө дуудлагаар ирсэн цагдаа нараас хэргийн талаар тодруулаагүй. Яагаад маргалдсан талаар ямар ч ажиллагаа хийгдээгүй. Гэм бурууг тогтооход шаардлагатай хэрэгт хамаарал бүхий нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэд хийлгүй, зөвхөн яллах талын баримт бүрдүүлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон олон тооны гэмтэл ямар хүчин зүйлийн үйлчлэлээс үүссэн байж болох нь эргэлзээтэй. Иймд хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий ажиллагаанууд дутуу хийгдсэн гэж үзэж байгаа учир хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон ахлах прокурор Г.Гэрэлтуяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “М.Оийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон. Гэрчүүдийн мэдүүлгээр М.О-ийн үйлдэлд аргагүй хамгаалалтын шинж үгүйсгэгдсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Харин өмгөөллийн хөлсөнд төлсөн гэх 2.000.000 төгрөгийг хохирлоос хасч, гэм хорын хохирлыг 1 жилийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн М.О-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч М.О-ийг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч М.О нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант нөөлөгтийн 4-01 тоотод Ц.Бямбаагийн толгойн тус газар банзаар цохиж алсан гэмт хэрэг үйлдсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч М.О-ийн хүнийг алсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинж байхгүй талаар хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж үзэв.

Шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын гаргасан хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин шалгуулах тухай гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийг мөрдөн байцаалтад буцаах эрх хэмжээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хяналтын шатны шүүхэд олгогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 50 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталсан ба тус журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно” гэж заажээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Цэндсүрэнгийн хувьд хууль зүйн туслалцаа авах эрхийнхээ хүрээнд өөрийн сонгож авсан өмгөөлөгчтэйгээ харилцан тохиролцож төлсөн өмгөөллийн хөлс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй болно.

Иймд шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гаргуулахаар шийдвэрлэсэн 9.030.620 төгрөгөөс өмгөөллийн хөлсөнд төлсөн гэх 2.000.000 төгрөгийг хасч 7.030.620 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар өөрчлөлт оруулан, уг хохирлыг анхан шатны шүүх 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгох нь зүйтэй.

Харин гэмт хэрэг үйлдэгдэхэд амь хохирогчийн зохих буруу нөлөөлсөн, мөн шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан шүүхээс М.О-д оногдуулсан 13 жил хорих ялыг 10 жил болгон хөнгөрүүлэх тухай өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.7 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 533 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.О-ийг 10 /арав/ жил хорих ял шийтгэсүгэй” гэж,

-тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...М.О-ээс 9.030.620 төгрөг гаргуулж...” гэснийг “...М.О-ээс 7.030.620 /долоон сая гучин мянга зургаан зуун хорь/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Цэндсүрэнд олгож..., хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...хохирлыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг М.О-д үүрэг болгосон” хэсгийг хүчингүй болгосугай.

3.Шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                 ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                     Д.ГАНЗОРИГ

                                                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН