Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 00023

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Чын нэхэмжлэлтэй, хариуцагч

“Э” ТӨХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/00025 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Чын нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Э” ТӨХК-д холбогдох,

“Э ТӨХК-ийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан “Э ТӨХК-ийн түлш дамжуулах цехийн үйлдвэрлэлийн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтнаар эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүхийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ч нь “Э ТӨХК-ийн Түлш тээврийн цехэд 13 жил тасралтгүй үйлчлэгчээр ажилласан. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Цехийн дарга намайг дуудан боловсон хүчин Тунгалаг чамайг дуудаж байна гэхээр нь урагшаа 15 цагийн үед боловсон хүчин Тунгалагын өрөөнд очиход чамайг ажлаа хийдэггүй, бид нартай хэрэлддэг гэж ёс зүйн хороонд танай цехийн инженерүүд гомдол гаргасан байна гэж амаараа хэлсэн. Яг одоо хариу тайлбар бич гэсэн. Тухайн үед би их гайхаж, сэтгэл зүйн дарамтанд орсон байсан. Намайг зүгээр ажлаа хийгээд явж байхад Түлш тээврийн цехийн инженерүүд нь ажлаа хийдэггүй, бид нартай хэрэлддэг гэж ор үндэслэлгүй гүтгэж байна, гомдлын үнэн зөвийг шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбарыг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бичиж өгөхөд чамд арга хэмжээ авна нэг дэх өдөр асуудлыг шийдвэрлэнэ одоо гар гэсэн. Ёс зүйн хороонд бичгээр гомдол ирсэн байсан бол гомдлыг надад танилцуулах байсан гэтэл боловсон хүчин Тунгалаг бичгээр ирээгүй гомдлыг амаараа хэлж, надад гомдлыг танилцуулаагүй надаас тайлбар авсан байсан.Тэгээд ёс зүйн хорооны хуралдааныг хүлээгээд байж байтал 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр чиний ажлын байрыг сольсон байна гэж надад хүн хэлсэн. Ёс зүйн хороо хуралдалгүйгээр, ирсэн гомдлын үнэн зөвийг шалгаж тогтоогоогүй, ёс зүйн хорооноос ямар ч дүгнэлт гаргаагүй байхад 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/266 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирлын тушаал гарч 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажлын байрыг сольсон. Ёс зүйн хороонд ирсэн гомдлыг ёс зүйн дүрмэнд заасны дагуу шалган тогтоогоогүй, байж ажлын байрыг минь өөрчилж, ажлын байрны хүнд нөхцөлд ажиллаж байхад энгийн нөхцөл рүү шилжүүлсэн, мөн үндсэн цалин удаан жилийн нэмэгдэл 35 хувь байсан 30 хувь болгож 5 хувиар бууруулсан тушаал гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн түлш тээврийн цехийн инженерүүд нийлж үйлчлэгчээ ёс зүйн хороонд гомдол гаргаж байгаа талаар мэдээгүй байхад тушаалд удирдлагын санал гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гарсан Б/266 дугаартай тушаалыг надад 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр танилцуулсан, эх хувиар нь надад гардуулж өгөөгүй, би нэг хувийг канондож авсан. Иймд Э төрийн өмчит хувьцаат компанийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Э төрийн өмчит хувьцаат компанийн түлш дамжуулах цехийн үйлдвэрлэлийн цэвэрлэгээ үйлчилгээний ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Чын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг манай компанийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Үүнд:

Үйлчлэгч Ч нь өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан шууд харьяалагдах албан тушаалтнууд болох ашиглалтын инженер, цехийн инженерүүд, инженер техникийн ажилтнуудын тавьсан үүрэг даалгаврыг байнга эсэргүүцэж, цаг хугацаанд нь гүйцэтгэдэггүйн улмаас ажилчид бохир орчинд ажиллаж эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг. Мөн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлдэг, төлөвлөгөөт ажлыг тогтоосон цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэдэггүй зэргийг нь үндэслэн ажлын байрыг нь өөрчилж, хөдөлмөрийн нөхцөлийг нь сайжруулсан. Үйлчлэгч нарын цэвэрлэгээ, зан харьцаа ёс суртахуунд нь хяналт тавих эрх бүхий албан тушаалтан (ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй) бага эмч З.Цогзолмаад 1 сар сануулах арга хэмжээ авсан. Харин Чинбаатарт сахилгын арга хэмжээг аваагүй. Үйлчлэгч Чын ажлын байрыг өөрчлөөгүй, өөр ажилд шилжүүлээгүй, түүний ачааллыг хөнгөлж түлш дамжуулах цехээс, захиргаа удирдлага руу шилжүүлсэн нь түүний хөдөлмөрлөх нөхцөл, цалин мөнгөөр нь хохироогоогүй учир нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4-р зүйлийн 13-т заасан хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгоход нөлөөлөх зүйлгүй юм. Үйлчлэгч Ч нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд тус компанид нийт 13 жил ажиллажээ. Дээрх хуульд зааснаар нийтдээ 20-оос доошгүй жил үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгал төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгох эрх нь нээгддэг учир түүний ямар нэгэн эрх зөрчигдөөгүй байна. Нэхэмжлэгч Ч тус компанид ажиллаж байхдаа 538.661 төгрөгийн цалинтай байсан. Түүний ажлын нөхцөлийг сайжруулснаар 538.661 төгрөгийн цалин авч байгаа болно. Эндээс харахад үндсэн цалин болон нэмэгдлийг, нэг ч төгрөгөөр бууруулаагүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/00025 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Э төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг хүчингүй болгож, Чыг Э төрийн өмчит хувьцаат компанийн түлш дамжуулах цехийн үйлдвэрлэлийн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтны ажилд эгүүлэн томилж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Э төрийн өмчит хувьцаат компаниас 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 28-ны өдрийн 142//ШШ2019/00025 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх Чын нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40- р зүйлийн 40.1-д заасан: “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан: “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтуудыг зөрчиж хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримтуудыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй, няцаагаагүй байхад үнэлэхгүйгээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 37 дугаар зүйлийн 37.1.-т заасан нотлох баримт байна гэж үзсэн эсэх нь тодорхойгүй шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч Чын хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөвчилсөн нь түүний хөдөлмөрийн гэрээг зөрчөөгүй ба хөдөлмөрийн нөхцөл нь илүү сайжирч ажлын ачаалал багассан. /Тухайлбал цэвэрлэдэг талбайн хэмжээ багассан, орчин нөхцөл нь дулаахан цэвэрхэн, нүүрсний тоосжилт байхгүй, цалин буураагүй, хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр хөнгөлөлт эдлэх эрх нь бүрэн хангагдсан/ байхад шүүх үүнд бодит дүгнэлт хийлгүй шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч Чын хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөвчилсөн шалтгаан нь гэвэл олон жил Түлш дамжуулах цехийн нүүрсний тоосжилттой хортой нөхцөлд ажилласан ба цехийн инженер техникийн ажилтнуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, нүүрс тоосжилтыг цаг тухай бүрд нь цэвэрлэх үүргээ ажилтан хангалттай биелүүлж чадахгүй байгаатай холбоотой ажилчид олон нийтийн зүгээс удаа дараа хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн нөхцөлд ажиллах шаардлага тавьж байсантай холбоотой хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2-т заасны дагуу зөрчлийг арилгах арга хэмжээ авч хөдөлмөрлөх нөхцөлийг нь хөнгөрүүлсэн. Чын нэхэмжлэлийн шаардлагаас болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбараас түүний хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөрүүлсэн байхад ямар эрх ашиг нь яаж зөрчигдөөд байгааг анхаарч үзэлгүй, дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгч огт тайлбарлахгүй байхад шүүх буруу шийдвэр гаргасан.

Иймд: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 142//ШШ2019/00025 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ч хариуцагч Э төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус компанийн түлш дамжуулах цехийн үйлдвэрлэлийн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтнаар эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх “...ажлын нөхцөлийг хөнгөрүүлж өөрчилсөн, цалин буураагүй, өөр ажилд шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Чын эрхэлж буй цэвэрлэгээ, үйлчилгээний ажлын чанар байдал, түүний хувийн харьцааны талаар тухайн байгууллагын ажилтан нараас удаа дараа хүсэлт гаргасан байна. Ажил олгогч дээрх хүсэлтийн дагуу нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлэхдээ хуульд заасан зохицуулалтанд нийцүүлж шийдвэрлэх ёстой.

Гэтэл нэхэмжлэгч Чыг өөр ажилд шилжүүлэн томилсон 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг тус компаний гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарын өмнөөс санхүү хариуцсан ажилтан гарын үсэг зурж баталгаажуулсан нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна. Тухайлбал тус компаний гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар нь өөрийн эзгүйд орлон ажиллах ажилтанд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэх эрх олгосон эсэх нь тодорхойгүй, тус компаний хөдөлмөрийн дотоод журамд энэ талаар тусгагдаагүй байх тул ажил олгогчийн гаргасан тушаалыг  илт  хууль бус шийдвэр гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх Чын ажиллаж байсан цехийн удирдлага, инженерийн гаргасан санал нь дангаараа нэхэмжлэгчийн  хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажил үүргийг өөрчлөх үндэслэл болохгүй, ажилтныг өөр ажилд шилжүүлэхдээ хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр заалтыг баримталсан нь оновчгүй болсон гэж дүгнэснийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүхийн гаргасан “...шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/00025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч “Э” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А-ийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                С.УРАНЧИМЭГ

                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ