Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/103

 

 

 

 

 

Ц.Эад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,

Хохирогчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн,

Шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/328 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Ц.Эад холбогдох эрүүгийн 1934000930213 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч Ц.Э нь 2019  оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мон дулаан”  ХХК-ийн талбай руу гар аргаар алт олборлох зорилгоор дайрах үедээ чулуу шидэж, хамгаалагч Г.Баасандоржийн аман тус газар цохиж, улмаар эрүүл мэндэд нь “уруулд шарх, хавантай, дээд эрүүний үүдэн зүүн 1 шүд хугарсан, баруун 1 шүдний ирмэг эмтэрч хугарсан” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Ц.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/328 дугаар шийтгэх тогтоолоор:

Төв аймгийн прокурорын газраас эрүүгийн 1934000930213 дугаартай хэргийн шүүгдэгч Ц.Эад холбогдох хэргийг хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж,

 

Эрүүгийн 1934000930213 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг хагарсан бамбай хураагдан ирснийг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж,

 

            Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Прокурор Х.Оюунцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд 328 дугаартай шийтгэх тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэжээ.

Шүүх улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгчийн байдлыг яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын бүхий л нотлох баримтыг бичих ёстой атал шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэрч Э.Билгүүний мэдүүлгийг орхигдуулан, зөвхөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан яллах талын нотлох баримтууд болох мэдүүлгүүдийг түүж бичсэн байдал харагдаж байна. Гэрчүүдийн мэдүүлгүүдээс үзэхэд хэний, хаанаас шидсэн чулуунд хохирогч оногдсон эсэх нь эргэлзээтэй байх тул эрүүгийн 1934000930213 дугаартай хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж хуульд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй байна гэж дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан атлаа шийтгэх тогтоол гаргаж шийдвэрлэсэн байна.

 

Шийтгэх тогтоолыг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 17 цаг 40 минутад хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Хохирогч Г.Баасандорж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгийн эх сурвалжаа зааж Ц.Э нь чулуу шидэж, уг чулуунд оногдсоны улмаас эрүүл мэндэд нь хохирол учирсан талаар тогтвортой мэдүүлэг өгдөг ба хохирогч Г.Баасандоржоор шүүгдэгч Ц.Эыг таньж олуулах мөрдөн шалгах ажиллагааг явуулахад "...2 дугаарыг барьсан залуу мөн байна, би зүсээр нь болон биеийн байдлаар нь таньж байна гэж зааж..." Ц.Эыг таньдаг.

Мөн хохирогч Ц.Баасандоржийн мэдүүлэг нь гэрч Д.Эрдэнэнямын "...Баасандорж руу тэр залуу чулуу авч шидсэн юм. Тэгэхэд би гүйж очиход Баасандоржийн амнаас цус гарсан байсан. Баасандорж руу хашаан дээр сууж байсан залуу чулуу шидсэн... хар бараан хувцастай Э гэдэг залуу байсан..." гэх мэдүүлэг,

Гэрч С.Жавхлангийн "...Эрдэнэням хашаан дээр сууж байсан залуу руу газ цацсан, тэгсэн чинь тэр залуу жоотуу гаргаж ирээд хашаа эвдэж орж ирээд Отгонжаргал бид хоёр руу жоотуугаараа цохиход бамбай нь хагарсан... Баасандоржийн үүдэн дээд нэг шүдний тал нь хугарсан байсан, доод шүд нь буйлаараа хөдөлсөн, завьж хэсэг нь язарсан байсан..." гэх мэдүүлэг,

Гэрч Б.Отгонжаргалын "...Эрдэнэням газыг хашаан дээр сууж байсан залуу руу цацсан, тэгсэн тэр шар залуу жоотуу гаргаж ирээд хашаа эвдэж орж ирээд Жавхлангийн барьж байсан бамбайг жоотуугаараа 2 цохиход бамбай хагалаад, газраас чулуу аваад шидэхэд Баасандорж тэр чулуунд оногдсон юм..." гэх мэдүүлэг,

Гэрч М.Отгонбаатарын "...Эын нүдрүү газ цацсан юм, Э хашаанаас буугаад илжгэн чих буюу дөрвөлжин төмрөөр эрээн хувцастай намхан хамгаалагч залуугийн барьж байсан бамбайг 2 удаа цохиод хагалсан юм..." гэх мэдүүлэг,

Гэрч Б.Шинэсайханы "...Эыг цагдаа дээр дуудаж авчрахад Баасандорж гэж залуу энэ залуу надруу чулуу шидсэн залуу мөн байна гэж хэлж таньж байсан..." гэх мэдүүлэг,

Гэрч Б.Жаргалангийн "...Баасандоржтой хамт байсан хамгаалагч нар нь тэр Э гэж залууг чулуу шидэж Баасандоржийн биед гэмтэл учруулсан гэж байх үед Э гэж залуу Баасандоржийг хоёулаа тохиролцъё, эмчилгээний мөнгө төгрөг чинь хэдэн төгрөг болох юм гээд ярилцаж байх шиг байсан..." гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байхад шүүх хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг болон дээрх гэрч нарын мэдүүлэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан байна.

 

Мөн анхан шатны шүүх улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгчийн байдлыг яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын бүхий нотлох баримтыг бичих ёстой атал шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэрч Э.Билгүүний мэдүүлгийг орхигдуулан зөвхөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан яллах талын нотлох баримтууд болох мэдүүлгүүдийг түүж бичсэн байдал харагдаж байна гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "хэргийн бодит байдлыг нотлохын тул мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж заасантай нийцэхгүй бөгөөд прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах нотлох баримтыг дурдах хууль зүйн үндэслэл байхгүй юм.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар "Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана" гэж заасан байх ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Эад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа шийтгэх тогтоол гаргаж, уг тогтоолын Тогтоох хэсэгт хуулийн ямар үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан талаар дурдаагүй байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гэрч нар Ц.Эыг чулуу шидсэн талаар гэрчилдэг. Энэ мэдүүлгүүдэд шүүх дүгнэлт хийгээгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгохдоо шийтгэх тогтоол гаргасан нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын эсэргүүцлийн үндэслэл тодорхойгүй байна. Энэ хэрэг нь 3 жил шалгагдаж байгаа хөнгөн ангиллын хэрэг юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогчийн хувьд шүүх хуралдаанд суухгүй, гомдол саналгүй гэдэг. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Э тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Тухайн үед би газдуулаад илжгэн чихээр бамбайг нь хагалсан. Шинэсайхан намайг гүтгээд хэдэн жил явуулаад байгаа гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Эад холбогдох эрүүгийн 1934000930213 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын гаргасан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мон дулаан” ХХК-ийн талбай  руу гар аргаар алт олборлох зорилгоор дайрах үедээ чулуу шидэж, хамгаалагч Г.Баасандоржийн аман тус газар цохиж, улмаар эрүүл мэндэд нь “уруулд шарх, хавантай, дээд эрүүний үүдэн зүүн 1 шүд хугарсан, баруун 1  шүдний ирмэг эмтэрч хугарч” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Ц.Эын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэжээ.

 

             Шүүгдэгч Ц.Эын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Г.Баасандоржийн аман тус газар цохиж, улмаар эрүүл мэндэд нь “уруулд шарх, хавантай, дээд эрүүний үүдэн зүүн 1 шүд хугарсан, баруун  1  шүдний ирмэг эмтэрч хугарч” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шалгаж, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэж чадаагүй байна.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын нэрийн өмнөөс гарах шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна гэж гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх Ц.Эад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/328 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг хэргийг анхан шатны шүүхэд очтол Ц.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХДАВАА

 

 

                   ШҮҮГЧИД                                        Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ