| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2018/00885/и |
| Дугаар | 00026 |
| Огноо | 2019-02-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 00026
2019 02 19 26
Г Э нарын
нэхэмжлэлтэй,хариуцагч Дд
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2018/01053 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Г, Э нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дд холбогдох,
19.880.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагч Дгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.
Нэхэмжлэгч Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Г миний бие 2016 оны 9, 10 дугаар саруудад Дгийн гуйлт, хүсэлтийг үндэслэн өөрийн тогтмол харилцаж туслалцаа авдаг ломбард ажиллуулдаг Ц-ээс 6.400.000 (Зургаан сая дөрвөн зуун мянган) төгрөгийг сард 10 хувийн хүүтэйгээр зээлж авч өгсөн юм. Түүнээс хойш Д нь зээлж авсан мөнгө болон хүүг өгөхгүй удаа дараа худал ярьж Улаанбаатарт байр зарж өгнө, цалингийн зээл аваад өгнө, хөдөөнөөс мал, мах авчирч зараад өгнө гэх мэтчилэн элдэв янзын шалтаг, шалтгаан тоочиж 21 сар өнгөрөөд байхад зээлсэн мөнгө, хүүг өгсөнгүй. Тухайн үедээ өөрийн хэрэгцээ шаардлагыг хангаж мөнгийг хэрэглэсэн боловч хугацааг явуулж намайг маш хүнд байдалд оруулж хохироосон. Иймд Дгаас түүний зээлж хэрэглэсэн 6.400.000 (Зургаан сая дөрвөн зуун мянган) төгрөг, 21 сарын хүү болох 13.440.000 (Арван гурван сая дөрвөн зуун дөчин мянган) төгрөг, нийт 19.880.000 (Арван есөн сая найман зуун наян мянган) төгрөгийг гаргуулж хохирлыг бүрэн барагдуулж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О нар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:
Г миний бие өөрийн биеэр Д-д дансаар болон бэлнээр өгсөн мөнгө, Э хүүнд төлсөн зэрэг 13.220.000 төгрөгийг нэхэмжилнэ. Хамтран нэхэмжлэгч Д.Энхцацарал үндсэн мөнгө 3.700.000 төгрөг, хүү 2.960.000 төгрөг нийт 6.660.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ гэжээ.
Хариуцагч Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2016 оны 09 дүгээр сард хүүхэд хичээлдээ явж чадахгүй байна мөнгө байна уу? гэхэд Галмандах эгч надад 1.000.000 төгрөгийг хүнээс аваад өгье гээд харин 100.000 төгрөгийг нь авлаа гээд охиноор 900.000 төгрөг өгч явуулсан байсан. Дараа нь би нэлээн өртэй цалингийн зээл аваад өгчих гэхэд нь би 1.450.000 төгрөгийн Капитал банканд зээлтэй гэхэд би хаагаад өгье гээд хамт явж хаасан. Тэгээд миний нэр дээр зээл авах гэж хөөцөлдөөд ажилд ороод удаагүй гээд зээл гараагүй. Энэ хооронд Г эгч тэтгэвэртэй гарч Америк яваад 2017 онд ирсэн. Энэ хооронд үнэхээр би мөнгийг нь өгч чадаагүй. Тэгээд бид хоёр уулзаад мөнгө авсан хүн дээр очъё чи гарын үсэг зураадах би өөрөө бас 10 гаран сая төгрөгийн өртэй хэцүү байна гэхэд би дагаж очиж 3-17 байрны үйлчилгээний төв рүү харсан ломбарданд орж уулзаад бүх авсан мөнгийг нийлүүлээд бичлээ гээд 3.700.000 төгрөгийн гэрээг 2017 оны 10 дугаар сард миний бие өөрийнхөө нэрээр бичүүлж авсан. Өрөндөө мах авах уу гэтэл аваагүй. Харин 1 ямаа, 1 хонь авсан. Галмандах эгч 2018 оны 04 дүгээр сард утсаар яриад чи гарын үсэг зурах хэрэгтэй байна гэхээр нь очиж гарын үсэг зурсан. Би хүнээс мөнгө авсан ч ийм их хэмжээний мөнгийг аваагүй. Би энэ хүний нэхэмжилсэн ийм их мөнгийг төлж чадахгүй. Харин өөрийнхөө хэрэглэсэн 2.700.000 төгрөг, 1.000.000 төгрөг нийт 3.700.000 төгрөгийг төлнө гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2018/01053 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-д заасныг баримтлан хариуцагч Дгаас 6.400.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Гад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.820.000 төгрөг, нэхэмжлэгч Эын 6.660.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дгаас 117.350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г-ад олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Д давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2. дахь хэсэгт «Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна» гэснийг, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д «шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ» гэснийг, мөн хуулийн 40.2.-т «нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ» гэснийг, мөн хуулийн 44.2.-т «бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө» гэснийг, мөн хуулийн 47.1-т «хэрэг хянан шийдвэрлэхэд... зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, шүүхийн санаачилгаар шинжээч томилно» гэснийг тус тус зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Гын зүгээс Д надад 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 6.400.000 төгрөг зээлдүүлсэн гэдэг тайлбараа нотлохын тулд шүүхэд гарган өгсөн хоёр өөр зээлийн гэрээ хавтаст хэргийн 7-р талд болон 77-р талд тус тус авагдсан ба эхнийхийг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн, хоёрдохыг шүүх хурал дээр гаргаж өгсөн. Энэ хоёр гэрээ нь хоёулаа эх хувь биш канондсон хувиуд байх тул шүүхэд гаргах нотлох баримтын шаардлага хангахгүй учраас шүүх эдгээрийг нотлох баримтаар үнэлэх учиргүй гэж хариуцагч тал мэтгэлцсэн болохоороо шинжээч томилуулах хүсэлт гаргах шаардлагагүй гэж үзсэн болно. Шүүх хурал дээр хоёрдох гэрээг гарган өгсөнтэй нь холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн өмгөөлөгч «..та энэ хоёр өөр гэрээнийхээ чухам алиныг нь эх хувь гэж үзэж байна вэ?» гэж асуухад тэрээр: «..шүүх хуралдаан дээр гаргаж байгаа сүүлийнхийг нь эх хувь гэж үзэж байна... » хэмээн хариулсан нь хуралдааны тэмдэглэлийн 9 дэх талд хавтаст хэргийн 88-д байгаа. Эндээс нэхэмжлэгч тал өөрөө эхний нэхэмжлэлд хавсаргаж өгсөн гэрээгээ эх хувь биш гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа нь харагдана. Харин шүүх нэхэмжлэгчийг хоёр гэрээ гаргаж өгсөн гэдгийг шийдвэрийн 4 дэх талд дээрээсээ долоо дахь мөрөнд бичсэн байх боловч энэ хоёрын алиныг баримтаар үнэлж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэл болгож байгаагаа дүгнэсэнгүй. Мөн түүнчлэн шийдвэрийн гурав дахь нүүрэнд бичигдсэн доод талын гурван абзац нь ойлгомжгүй, логик утга авцалдаа муутай, харилцан бие биенээ үгүйсгэсэн шинж чанартай дүгнэлтүүд болжээ. Шүүх нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр уг гэрээг байгуулагдаагүй гэж үзсэн хэрнээ уг өдөр мөнгө хүлээлгэн өгсөн гэж ямар ч үндэслэлгүй дүгнэлт хийлээ. Мөн хариуцагч Дгийн гарын үсэг хэлбэрийн хувьд мөн боловч эх хувь биш байна, гарын үсэгний эх хувь бүхий баримтыг дээд талд нь зээлийн гэрээг зохиож бичсэн баримттай эвлүүлэг хийсэн хуурамчаар зохиомжилсон гэрээ байна гэж хариуцагч талын маргаж байгааг шүүх тэмдэглэсэн атлаа, харин энэ гэрээг шинжлүүлэх хүсэлт гаргаагүй болохоор нь гэрээг нотлох баримтын шаардлага хангасан гэрээ мөн гэж үндэслэл болгох нь хуулийн шаардлагад нийцсэн дүгнэлт болж чадсангүй. Шүүх санаачилгаараа шинжээч томилж болох байсан төдийгүй тэгэх шаардлагатай байсан гэж үзэж байна. Мөн шүүх нь энэ гэрээг 10 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдаагүй хожим нөхөж үйлдсэн гэх ба ба хариуцагч 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гарын үсэг зурсан гэх мэтээр дүгнэж байгаа нь хариуцагч талын маргаж байгаачлан гэрээний эх хувь хэрэгт авагдаагүй байхад буюу ядаж л эх хувь эсэх нь эргэлзээтэй байхад хийх боломжгүй дүгнэлтүүд юм. Түүнчлэн энэ хоёр гэрээ нь энгийн нүдээр харахад илтэд эргэлзээтэй дараахи шинж чанар бүхий баримт байна.Үүнд:
Дээд талынх нь хэсгийн бичвэр доогуур давхардсан зураас гарсан, абзацуудын үсгийн хэв өөр өөр, Дгын гэх нэр, гарын үсэг, регистрийн дугаараа бичсэн нь нэрнийхээ доор бичсэн огноо зэрэг нь хоёр гэрээн дээр өөрөөр бичигдсэн зэрэг зөрүүтэй зүйлүүд байна. Хариуцагч, нэхэмжлэгч нарын хооронд 2016 оны 9, 10-р сард 2.700.000 төгрөгийн өгөө аваа үүссэн бөгөөд нэхэмжлэгчийн гуйж хүссэний дагуу 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч 3.700.000 төгрөгийн зээлийн гэрээн дээр гарын үсэг зурж өгсөн болохоос биш 6.700.000 төгрөгийн гэрээ байгуулаагүй юм. Яагаад 3.700.000 төгрөгийг зөвшөөрсөн юм гэхээр 2.700.000 төгрөгийн өглөгийг төлж чадалгүй удаасан тул хүүнд тооцож нэг сая төгрөг нэмж төлөхийг хариуцагч зөвшөөрч байсан болно. Ингээд нэхэмжлэгч тал 6.700.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохих хүү, алдангитай зээлдүүлсэн бичгэн хэлцэл байгуулсан гэдгээ баримтаар нотолж чадаагүй харин хариуцагч нэхэмжлэгчид 3.700.000 төгрөгийн төлбөр төлөх үүрэг үүссэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгааг харгалзан үзэж шийдвэрт өөрчлөлт оруулж төлбөрийн хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Г зээлийн гэрээний үүрэг 19.880.000 төгрөг гаргуулах тухай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Энхцацрал 6.660.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Д “...6.400.000 төгрөг зээлж аваагүй, 3.700.000 төгрөг төлнө... ” гэх тайлбар гаргаж, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч Дгаас зээл - 6.400.000 төгрөг гаргуулж, үлдэх-6.820.000 төгрөг, Эын 6.660.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Нэхэмжлэгч Г нь хариуцагчид удаа дараа мөнгө зээлж байсан, зээлийн төлбөрийг нэгтгэж 6.400.000 төгрөгийн зээлийн гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь зохигчдыг гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Д нэхэмжлэгч Гаас мөнгө зээлж авч байсан боловч 6.400.000 төгрөгийг аваагүй гэх тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээнд шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаагүй байна.
Хариуцагч Дгийн “...зээлийн гэрээний дагуу 6.400.000 төгрөг аваагүй, 3.700.000 төгрөг төлөх ёстой, нэхэмжлэгч 2018 оны 4 дүгээр сард гэрээнд гарын үсэг зурах хэрэгтэй байна гэхээр нь очиж гарын үсэг зурсан” гэх тайлбар гаргасан, хэрэгт авагдсан 2 зээлийн гэрээнд бичигдсэн зүйл өөр өөр байдлаар бичигдээгүй тул шүүх өөрийн санаачилгаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагагүй юм.
Түүнчлэн шүүх нотлох чиг үүргийг нэхэмжлэгч, хариуцагчид адил хэмжээгээр хүлээлгэж талууд зээлийн гэрээг 2018 оны 4 дүгээр сард байгуулсан, удаа дараа мөнгө зээлэхдээ хэдэн хувийн хүүтэй өгч байсан нь тодорхойгүй зэрэг байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн төлбөрийг хасч тооцсон нь зөв байна.
Иймд Дгийн гаргасан “...төлбөрийн хэмжээг багасгаж өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2018/01053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Дгийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Дгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
Б.ОЮУНЦЭЦЭГ