Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 109/ШШ2023/0015

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: М.Б

            Хариуцагч: Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нарын хоорондын “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ээлжит 8 дугаар хурал нь хууль бус байсныг тогтоолгох, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаар “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” тогтоол хууль бус байсныг тогтоолгох” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Б нь Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 2022 оны 9 дүгээр  сарын 30-ны өдрийн ээлжит 8 дугаар хурал нь хууль бус байсныг тогтоолгох, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаар “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” тогтоол хууль бус байсныг тогтоолгох”-оор маргаж байна.

2. Анх Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаар “Ээлжит хуралдааныг товлон зарлах тухай” захирамжаар  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдааныг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цагт Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд хуралдуулахаар товлосон байна. Ийнхүү Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдаан 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 02 цагт эхэлж, хуралдаанд ирвэл зохих 39 төлөөлөгчтэй 100 хувийн ирцтэйгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдааныг нээжээ.

3. Улмаар ээлжит наймдугаар хуралдаанаар Архангай аймгийн Засаг даргыг огцруулах тухай саналыг хэлэлцэж, нийт хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс 21 төлөөлөгч саналыг дэмжиж, олонхын саналаар буюу 53.8 хувийн саналаар аймгийн Засаг даргыг огцруулах санал дэмжигдсэн тул аймгийн Засаг даргыг огцруулах тухай тогтоол батлагдсан байна.

4. Ийнхүү Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” 05 дугаартай тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар 35.1.7, 48 дугаар зүйлийн 48.1, 65 дугаар зүйлийн 65.1.2 дахь хэсгийг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдаанаар Мгийн Быг Архангай аймгийн Засаг даргын албан тушаалаас огцруулах тухай санал хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 53.8 хувийн саналаар дэмжигдсэн тул аймгийн Засаг даргын албан тушаалаас огцруулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар шийдвэрлэжээ.  

5. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 165 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3.-д заасныг баримтлан Мгийн Быг Архангай аймгийн Засаг даргын албан тушаалаас огцруулжээ. Ийнхүү нэхэмжлэгчээс дээрх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэжээ.

6.  Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.Б миний бие Архангай аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Архангай аймгийн Засаг даргаар уламжлагдаж Монгол Улсын Ерөнхий сайд 2021 оны 8 дугаар сард батламжилснаар үүрэгт ажилдаа орсон билээ. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр захирамжаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдааныг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цагт нутгийн удирдлагын ордны хурлын танхимд хуралдуулахаар зарласан. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дээрх захирамжид заасан хугацаанд хуралдаагүй бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 02 цагт хуралдсан нь хууль бус юм. Тус хууль бус хуралдаанаар аймгийн Засаг даргыг огцруулах талаар хэлэлцэж тогтоол гаргасан нь М.Б миний эрх, хууль ёсны ашиг сонирхол болон хөдөлмөрлөх эрх, төрийн алба тасралтгүй явагдах зарчмыг хөндөж байна. Тухайлбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д “хуульд заасан үндэслэлээр тухайн шатны Засаг даргыг огцруулах талаар дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайдад санал тавих” гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг тодорхойлсон байхад өөрийн эрх хэмжээнээс хэтэрсэн шийдвэр гаргасан, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.-д “Анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна. Хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор төлөөлөгчдийн аль нэг нь удирдана” гэж заасныг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, мөн хуулийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж тус тус заасныг зөрчсөн. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна, 27.4.1. сонсгол зохион байгуулах; 27.4.2.саналыг бичгээр авах, 27.4.3.биечлэн уулзах, 27.4.4. утсаар санал авах, 27.4.5. цахим хэлбэрээр санал авах, 27.4.6 төлөөлөгчөөр дамжуулан санал авах, 27.4.7. бусад, 27.5. Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1. Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ” гэж заасныг тус тус зөрчиж Захиргааны актыг сонсох, мэдэгдэх ажиллагааг захиргааны байгууллага хариуцах үүргээ биелүүлээгүй. Иймд Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 2022 оны 9  дүгээр сарын 30-ны өдрийн ээлжит 8 дугаар хурал нь хууль бус байсныг тогтоолгох, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаар “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” тогтоол хууль бус байсныг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч А.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр захирамжаар Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдааныг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цагт нутгийн удирдлагын ордны хурлын танхимд хуралдуулахаар зарлажээ. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дээрх захирамжид заасан хугацаанд хуралдаагүй бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 02 цагт хуралдсан нь хууль бус юм. Тус хууль бус хуралдаанаар Аймгийн засаг даргыг огцруулах талаар хэлэлцэж тогтоол гаргасан нь М.Б миний эрх, хууль ёсны ашиг сонирхол болон хөдөлмөрлөх эрх, төрийн алба тасралтгүй явагдах зарчмыг хөндөж байна. Тухайлбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д “хуульд заасан үндэслэлээр тухайн шатны Засаг даргыг огцруулах талаар дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайдад санал тавих” гэж иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийг тодорхойлсон байхад өөрийн эрх хэмжээнээс хэтэрсэн шийдвэр гаргасан, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д “Анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлаж хуралдуулна. Хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор төлөөлөгчдийн аль нэг нь удирдана” гэж заасныг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар. санал гаргах боломж олгоно” гэж, мөн хуулийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж тус тус заасныг зөрчсөн. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна, 27.4.1.сонсгол зохион байгуулах; 27.4.2.саналыг бичгээр авах; 27.4.3.биечлэн уулзах; 27.4.4. утсаар санал авах; 27.4.5.цахим хэлбэрээр санал авах; 27.4.6 төлөөлөгчөөр дамжуулан санал авах 27.4.7.бусад, 27.5.Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ” гэж заасныг тус тус зөрчиж Захиргааны актыг сонсох, мэдэгдэх ажиллагааг захиргааны байгууллага хариуцах үүргээ биелүүлээгүй. Өмгөөлөгчийн хувьд дараах зүйлийг хэлмээр байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 35.1.7 дахь хэсэгт зааснаар хуульд заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах тухай саналыг ерөнхий сайдад тавих эрхтэй байдаг. Миний үйлчлүүлэгч М.Быг Засаг даргаар ажиллаж байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 35 дугаар зүйлийн 65.1.2-т заасан үндэслэлээр хурал дүгнэлт гаргасан. Дүгнэлт гаргасны дараа хурлыг зарлаж ерөнхий сайдад уламжлах байсан. Гэтэл одоо аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 08 тоот хурлаар Засаг дарга М.Быг хууль зөрчсөн талаар авч хэлэлцсэн бөгөөд хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т зааснаар хуулийг огт биелүүлээгүй талаар огт яригдаагүй байдаг. Гэсэн хэдий ч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 05 тоот тогтоолд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасныг үндэслэсэн байгаа нь хэлэлцсэн асуудал шийдвэрлэсэн шийдвэр хоёр нь эрс зөрүүтэй байгаа. Тэгэхээр Засаг даргыг огцруулсан тогтоол нь өөрөө үндэслэлгүй хууль бус байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан Засаг дарга хууль зөрчсөн гэх асуудлыг наймдугаар хуралдаанаар хэлэлцсэн байгаа. Гэтэл хурлын тогтоолыг гаргахдаа 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасныг үндэслэсэн гаргасан. Тэгснээ 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар хэргийг хэлэлцээд байдаг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 8 дугаар хурал болон хурлаас гарсан 5 тоот тогтоол шийдвэр нь хууль бус байна. Иймд хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэв.

 

8. Хариуцагч Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд гаргасан тайлбартаа:  “... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан”-ны олгогдсон эрхийн хүрээнд хуулийг хэрэгжүүлж ажилласан болно. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь улирал бүр нэг удаа хуралдах хуралдаанаа 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Зөвлөлийн хурлаар хэлэлцэн ээлжит 8 дугаар хурлыг 2022 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 14:00 цагт хуралдахаар 7 хоногийн өмнө товлон Хурлын даргын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаартай захирамж гарсан. Тухайн хугацаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах, хуралдааны бэлтгэл хангах, хурлын хороодыг хуралдуулах, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэгтэй ажилладаг хугацаа болно. 2022 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 14 цагт товлогдсон хуралдаанд олонх хүрэлцэн ирээгүй, ирц бүрдээгүй хуралдаан хугацаандаа эхлээгүй бөгөөд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7. дахь хэсэгт зааснаар олонх хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэй тооцохоор заасан байдаг. Хуралдаанд нийт оролцох 39 төлөөлөгчийн 19 төлөөлөгч танхимд хүрэлцэн ирж олонх болох АН-ын бүлгийн төлөөлөгчид хүрэлцэн ирээгүй байсан тул оролцох боломжийг хангаж олонх бүрдэхийг хүлээж 2022 оны 9 дүгээр сарын 29-ны 24 цагт олонх хүрэлцэн ирж, ирц бүрдсэн. Товлогдсон хугацаа хэтэрсэнтэй холбогдуулан хуралдааны зохион байгуулалтын асуудлаар Хурлын Зөвлөлийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 01 цаг 15 минутад хуралдуулан 8 дугаар хуралдааны товыг хэлэлцсэн. Зөвлөлийн хуралдааны олонх хугацааг сунгаж 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 02 цагт хуралдахаар санал дэмжигдэж, ИТХ-ийн даргын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 32 дугаартай захирамжаар албажуулан хуралдааныг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 02 цагт эхлүүлэн хуралдуулж 4 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 8 дугаар хуралдаан нь хууль зүйн хүчин төгөлдөр хурал болно. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн нутгийн өөрийн удирдлагын байгууллага юм. Шинээр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Хурлын Зөвлөл нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зохион байгуулалтын бүтцийн нэгж болон орж ирсэн. Зөвлөл нь хэрэгжүүлэх ажлын нэг нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байнгын тасралтгүй ажиллагааг хангах, хуралдааны бэлтгэлийг хангах арга хэмжээг, зохион байгуулах үүрэг хүлээж ажилладаг. Дээрх эрх нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 51 дүгээр зүйл, Их Хурлын 2022 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Зөвлөлийн ажиллах журам”-ын 4.1, 4.1.1 дэх заалтаар олгогдсон байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл нь эрхийн хүрээнд хурлын байнгын тасралтгүй ажиллагаа, бэлтгэлийг хангаж хурлаа зохион байгуулж ажилласан байна. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 9 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит 8 дугаар хурлаар хэлэлцэх асуудалд “Архангай аймгийн засаг даргыг огцруулах тухай” асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонх өргөн мэдүүлж, хүлээн авч хуралдаанаар хэлэлцсэн. Хуралдаанаар Аймгийн засаг дарга М.Быг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2 дахь хэсэг “Нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнээд “Засаг даргыг огцруулах” саналыг оролцсон төлөөлөгчдийн 53,8 хувь дэмжиж Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлах шийдвэрийг гаргаж "Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоол”-ыг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй болно. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9. дэх заалтад “Улс төрийн албан тушаал”-д бүх шатны Засаг дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын орлогчийг хуульчлан зааж өгсөн байдаг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлж, ардчилсан зарчмын дагуу Засаг даргыг огцруулах асуудлыг нийт төлөөлөгчдийн олонхоор шийдвэрлэн “Нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр улс төрийн шийдвэр гаргасан. Захиргааны хэргийн шүүх нь хэргийг хянахдаа /улс төр/-ийн шийдвэрт эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөхгүй байх зарчимд тулгуурлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь улиралд 1 удаа хуралддаг. Хурлаа хуралдуулахаар 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цаг 00 минутад товлосон байсан. Товлоод хурлаар хэлэлцэх асуудлаа 3 хоногийн өмнө зөвлөлийн хуралдаанаар оруулж хэлэлцдэг. Энэ үед Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 75 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 21, 22 гишүүн аймгийн Засаг дарга М.Б нь хуульд заасан үндэслэл буюу 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасан “нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэж” аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад огцруулах тухай бичиг өргөн барьсан. Уг өргөн барьсан бичгийг нэгэнт товлогдсон хуралдаанаар оруулж хэлэлцүүлээд хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж баталж зөвлөлийн хурлаар шийдвэр гарч товлогдсон. 9 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цагт товлогдсон хуралдаан 46 дугаар зүйлийн 46.7 дахь хэсэгт зааснаар нийт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 39 төлөөлөгч байдаг. Ардчилсан намын 20, Ардын намын 19 төлөөлөгчтэй. Ингээд ардчилсан намын төлөөлөгчид хуралдаандаа ирээгүй. Бүлгийн хуралдаан хийж байгаа гэсэн шалтгаанаар ирц бүрдээгүй хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт тавьж хуралдааныг хойшлуулж байсан. Хурал гишүүдийн олонх ирсэн тохиолдолд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7 дахь хэсэгт зааснаар олонх ирсэн үед хурал эхлэх ёстой. Энэ үндэслэлээр олонхыг хүлээж хуралдаан хойшилсон. Товлогдсон хугацаа өнгөрч 30-ны өдрийн 00 цагийн үед хурал зөвлөлдөж шийдвэрээ гаргасан. Хуралдааны зохион байгуулалтай холбоотой асуудлаар шийдвэр гаргадаг. Монгол Улсын Их Хурлын 2022 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар зөвлөлийн ажиллах журам батлагдсан. Энэ ажиллах журмын 4 дүгээр зүйлийн 4.1.1-т Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.3-т заасан ээлжит болон ээлжит бус хуралдааны тов хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож, хурлын даргын захирамжаар батлуулна гэсэн үндэслэлээр зөвлөлөө хуралдуулсан. Зөвлөл хуралдаж олонхын шийдвэрээр хуралдааныг үргэлжлүүлэн 30-ны өдрийн 14 цагт товлож хуралдаан эхэлсэн. Энэ нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зохион байгуулагдсан. Иймд хуулийн дагуу хуралдаан явагдсан гэж үзэж байгаа. Хоёрдугаарт Засаг дарга М.Быг огцруулах асуудлыг олонх санал, дүгнэлтээ гаргаж албан бичгээр өгсөн. Энэ огцруулах асуудлыг томьёоллоор нь хуралдаанаар хэлэлцэж, саналаа Монгол Улсын Ерөнхий сайдад 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэгт зааснаар хүргүүлэх шийдвэр гарсан. Огцруулах саналын асуудал болохоос биш огцруулах шийдвэрийг хурал гаргаагүй байгаа. Мөн хуралдаан хойшилсон, товлогдсон асуудал нь хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэж байна. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх хэсэгт улс төрийн албан тушаалтныг заасан байдаг. Үүнд бүх шатны Засаг дарга нь улс төрийн албан тушаалтан гэж заасан байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж ардчилсан зарчмын дагуу Засаг даргыг огцруулах асуудлыг нийт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын олонхоор шийдвэрлэнэ. Нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгэм, хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэн дараах шийдвэрийг гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулийн дагуу хурлаа явуулсан гэж үзэж байна.” гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл, журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэлээ. Үүнд:

 

Нэг. Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийн шийдвэрлэсэн тухайд

 

2. Шүүхээс хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид мэдэгдсэн ч нэхэмжлэгч М.Б шүүх хуралдаан оролцохгүй талаараа шүүхэд мэдэгдсэн, өмгөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэл зоригоо илэрхийлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тухайд

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” нь нэхэмжлэгчийн эрх юм.

 

4. Нэхэмжлэгч анх шүүхэд “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ээлжит 8 дугаар хурал нь хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан.

 

5. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ээлжит 8 дугаар хурал нь хууль бус байсныг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

6. Нэхэмжлэгч нь “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ээлжит 8 дугаар хурал нь хууль бус байсныг тогтоолгох шаардлагыг захиргааны хэргийн шүүхэд гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1., 109 дүгээр зүйлийн 109.2.-т тус тус зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж үзэн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж нь зүйтэй гэж үзлээ.

 

7. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсэгт заасан Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан бөгөөд хуралдаан гэдэг нь хуулийн дээрх ойлголтод хамаарахгүй. Тодруулбал, хуралдаан нь дангаараа гадагш чиглэсэн, тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан буюу тодорхой этгээдэд, тухайлбал, нэхэмжлэгчид чиглэсэн эрх зүйн шууд үр дагаврыг үүсгэхгүй тул захиргааны актын үндсэн шинжийг агуулаагүй байна.

 

8. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1. дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.” гэж заасан. Өөрөөр хэлбэл хуралдаан нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гаргах ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр байхаар хуульчлан зохицуулжээ.

 

9. Нөгөөтээгүүр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална.” гэж зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас гарах шийдвэр нь “тогтоол” байхаар хуульчлан заасан тул тухайлсан хуралдаан нь дангаараа захиргааны актын үндсэн шинжийг хангахааргүй байна.

 

10. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн эл шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Гурав.Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоол нь хууль бус байсныг  тогтоолгох шаардлагын тухайд

 

11. Нэхэмжлэгч анх Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2022 оны 05 дугаартай “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

12. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн эл шаардлагаа:  “Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаар “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” тогтоол хууль бус байсныг тогтоолгох” гэж тодруулан өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

 

13. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн  46.6. дахь хэсэгт “Анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна. Хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор төлөөлөгчдийн аль нэг нь удирдана.”, 52 дугаар зүйлийн 52.1. дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 52 дугаар зүйлийн 52.1.1.-т “тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах;” гэж заасан.

 

14. Улмаар Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаар “Ээлжит хуралдааныг товлон зарлах тухай” захирамжаар  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдааныг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цагт нутгийн удирдлагын ордоны хурлын танхимд хуралдуулахаар товлосон нь хуулийн дээр дурдсан хэм хэмжээг зөрчөөгүй байна. (Хавтаст хэргийн 57 дахь тал)

 

15. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1. дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч дараах эрх, үүрэгтэй байна:”, 39.1.4.-т “Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах;”, 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй.” гэж заасан.

 

16. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нь иргэдийн хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах эрхтэй учир Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нараас Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Бд 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаартай албан бичгээр Архангай аймгийн Засаг дарга М.Быг огцруулах тухай саналыг хүргүүлсэн нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байна. (Хавтаст хэргийн 58-61 дэх тал)

 

17. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1. дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий таваас долоо хүртэл төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулна.”, 51.3. дахь хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурал батална.” гэж тус тус заасан.

 

18. Монгол Улсын Их Хурлын 2022 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмын 4.1.1-т “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.3-т заасан ээлжит болон ээлжит бус хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож Хурлын даргын захирамжаар батлуулах;” гэж заажээ.

 

19. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдаан 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цагт буюу товлосон хугацаандаа хуралдаагүй тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, ээлжит наймдугаар хуралдааныг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 02 цагт сунгах эхлүүлэх саналыг зөвлөлийн олонхын саналаар дэмжиж, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 32 дугаар “Ээлжит хуралдааныг товыг сунгаж тогтоох тухай” захирамжаар 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цагт товлогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдааныг хойшлуулж, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 02 цагт нутгийн удирдлагын ордны хурлын танхимд хуралдуулахаар шийдвэрлэсэн байна. (Хавтаст хэргийн 62-66, 67 дахь тал)

 

20. Ийнхүү Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг хавсралтаар баталж, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 02 тогтоолоор хэлэлцэх асуудлыг баталсны 1 дүгээрт аймгийн Засаг даргыг огцруулах тухай бичигджээ. (Хавтаст хэргийн 70-71 дэх тал)

 

21. Мөн Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдааны шийдвэрийн төсөл боловсруулах редакцын комиссыг Э.Б, Д.Х, О.Б нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. (Хавтаст хэргийн 72 дахь тал)

 

22. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдаан 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 02 цагт Нутгийн захиргааны ордоны хурлын танхимд эхэлж, хуралдаанд ирвэл зохих 39 төлөөлөгч ирж 100 хувийн ирцтэйгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдааныг нээжээ. (Хавтаст хэргийн 74-89 дэх тал)

 

23. Ээлжит наймдугаар хуралдаанаар Архангай аймгийн Засаг даргыг огцруулах тухай саналыг хэлэлцэж, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн аймгийн Засаг даргыг огцруулах тухай 05 дугаартай тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар 35.1.7., 48 дугаар зүйлийн 48.1., 65 дугаар зүйлийн 65.1.2. дахь хэсгийг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдаанаар Мгийн Быг Архангай аймгийн Засаг даргын албан тушаалаас огцруулах тухай саналыг хүлээн авч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдаанаар хэлэлцээд нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнээд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 53.8 хувийн саналаар дэмжигдсэн тул аймгийн Засаг даргын албан тушаалаас огцруулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчийг аймгийн Засаг даргын албан тушаалаас огцруулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна. (Хавтаст хэргийн 91 дэх тал)

 

24. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1. дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 35.1.7.-д “хуульд заасан үндэслэлээр тухайн шатны Засаг даргыг огцруулах талаар дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайдад санал тавих;”, 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална.” гэж зааснаар аймгийн Засаг даргыг огцоруулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад тавих эрх хэмжээ нь тухайн шатны хурлын онцгой бүрэн эрхэд хамаарч байна.

 

25. Маргаан бүхий Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 05 дугаартай тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2. дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэгч М.Быг Архангай аймгийн Засаг даргын албан тушаалаас огцруулах тухай саналыг хүлээн авч “нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнээд” Засаг даргын албан тушаалаас огцруулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар шийдвэрлэжээ.

 

26. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас төлөөлөгчдийн хуралд оруулсан саналыг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7.-д зааснаар “хуульд заасан үндэслэлээр буюу мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-д заасан “Нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж дүгнэн Монгол Улсын Ерөнхий сайдад огцруулах саналыг хүргүүлжээ.

 

27. Маргаан бүхий актаар “Нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр огцруулсан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д зааснаар улс төрийн албан тушаалд хамаарч буй учир дээрх үйл баримтын үндэслэлийг хянах захиргааны хэргийн шүүхийн хяналт нь тухайн хурлын үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх буюу “огцруулах санал тавьсан” шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлийг “хэлбэр”-ийн талаас нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэсэн эсэхэд дүгнэлт өгсөн болно.

 

28. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ээлжит наймдугаар хуралдааны 05 дугаартай тогтоолыг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 169 дугаартай Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 90 дэх тал)

 

29. Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 165 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3.-д заасныг баримтлан Мгийн Быг Архангай аймгийн Засаг даргын албан тушаалаас огцруулах шийдвэрийг гаргажээ. (Хавтаст хэргийн 93 дахь тал)

 

30. Нэхэмжлэгчийн зүгээс тус Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 165 дугаар захирамжтай маргаагүй болно.

 

31. Түүнчлэн Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 08 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргад Б.Цг нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 34 дүгээр захирамжаар Архангай аймгийн Засаг даргаар томилжээ. (Хавтаст хэргийн 147-148 дахь тал)

 

32. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2.-т зааснаар Засаг даргыг огцруулах асуудлаар санал тавихдаа эхлээд огцруулах үндэслэл бүрдсэн эсэх талаар “дүгнэлт” гарах ёстой. Үүний дараа огцруулах саналыг хэлэлцэж Ерөнхий сайдад тавих эсэхийг шийдвэрлэх ёстой” гэж тайлбарлан маргадаг.

 

33. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7.-д “хуульд заасан үндэслэлээр тухайн шатны Засаг даргыг огцруулах талаар дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайдад санал тавих;” мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална.” гэж заасан. Өөрөөр хэлбэл иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас дээрх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн асуудлаар “тогтоол” гэсэн эрх зүйн акт гаргахаар хуульчлан зохицуулжээ.

 

34. Тодруулбал, дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 05 дугаартай тогтоолд “Нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж дүгнээд саналыг Ерөнхий сайдад уламжилсан нь тухайн үндэслэлээр иргэдийн Төлөөлөгчдийн хурал зохих дүгнэлтээ хийж, олонхын зарчмаар шийдвэрлэсэн гэж ойлгогдохоор байна.

 

35. Нөгөөтээгүүр эл асуудлаар иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас “дүгнэлт” нэртэй тусгайлсан эрх зүйн акт гаргах зохицуулалт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тусгагдаагүй байна.

 

36. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг гаргахдаа  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6,  26, 27 дугаар зүйлд зааснаар эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй гэж маргасан нь үндэслэлгүй болжээ.

 

37. Учир нь хууль хэрэглэх дарааллын зарчмын үүднээс тухайлсан харилцаанд хамааралтай хэм хэмжээг ерөнхий зохицуулалттай хуулиас түрүүлж хэрэглэнэ, тусгайлсан хуульд маргаантай харилцааг зохицуулсан хэм хэмжээ агуулагдаагүй бол ерөнхий зохицуулалттай хуулийн хэм хэмжээг хэрэглэж шүүх хэргийг шийдвэрлэх зарчимтай.

 

38. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Засаг даргыг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө “огцруулах” үндэслэл, журам, шийдвэрлэх процессыг хууль тогтоогч тухайлан зохицуулжээ.

 

39. Тиймээс маргаан бүхий эл тохиолдолд сонсох ажиллагаа хийх боломжгүй бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан журмын дагуу Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг гаргасныг хууль зөрчсөн гэж үзэхгүй, шүүхээс эл тохиолдолд сонсох ажиллагаа хийх ёстой гэж тухайлан дүгнэх боломжгүй.

 

40. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн эл шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3., 106.3.14., 106.5. дахь хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1., 109 дүгээр зүйлийн 109.2. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  М.Бын Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ээлжит 8 дугаар хурал нь хууль бус байсныг тогтоолгох” шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзсугай. 

 

2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2020 он/-ийн 35 дугаар 35.1.7., 48 дугаар зүйлийн 48.1., 65 дугаар зүйлийн 65.1.2. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Бын Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хууль байсныг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2., 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ТҮВШИНТУЛГА