Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/104

 

 

 

 

 

Н.Цт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор П.Даваасүрэн

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямсүрэн

            Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж, шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/386 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Ууганбаярын өмгөөлөгч Д.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Н.Цт холбогдох эрүүгийн 2134002440354 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,

 

Н.Ц нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Кристал оптикал” ХХК-ийн худалдагчаар 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажиллах хугацаандаа хохирогч Н.Ууганбаярын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс 9.079.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Н.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Наранбаатарын Цийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Цт оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ц нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.Цээс 9.079.000 төгрөг гаргуулж, хохирогч "Кристалл оптикал" ХХК-ийн захирал Н.Ууганбаярт олгож,

 

Хохирогч "Кристалл оптикал" ХХК-ийн захирал Н.Ууганбаяр нь нэмж нэхэмжилсэн 9.981.800 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Н.Ууганбаярын өмгөөлөгч Д.Төмөрбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т заасан “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, хэн яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэд, хангалттай нотлох баримтаар шалгаж тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгож, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад бодит, хуульд нийцсэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, мөрдөн байцаалт бүрэн гүйцэд хийгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн.

 

Учир нь: Хохирлын хэмжээг мөрдөн байцаалтын шатанд нарийвчлан тогтоогоогүй, шүүгдэгч хохирогч 2 хоорондоо хохирлыг 9.079.000 төгрөгөөр тохиролцсон гэж үзэж байгаа нь үндэслэлгүй буюу мөрдөн байцаалтаар хохирлыг нарийвчлан тогтоох үүрэгтэй.

 

Шүүгдэгч Н.Ц нь 2020 оны 08 дугаар сарын 02-ноос 2021 оны 08 дугаар сарын 01-ний хооронд 1 жилийн хугацаанд 19.000.000 гаруй төгрөгийг хувьдаа ашиглан шамшигдуулж завшсан байдаг ба хохирлоосоо өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримтыг хавсаргана”, 17.4 дүгээр зүйлийн 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж заасан ба шүүгдэгч Н.Ц нь хохирлыг хэрхэн яаж, хэзээ, ямар хугацаанд төлөхөө огт илэрхийлээгүй болно.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Н.Ц нь Н.Ууганбаярын эзэмшлийн нүдний шилний газар ажиллаж байхдаа нийт 9.079.000 төгрөгийг хувьдаа ашигласан нь тогтоогдсон. Н.Ц нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу  хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй болсон. Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар цуг сууж байгаад тооцоогоо нийлж нийт 9.079.000 төгрөгийн бараа материалын дутагдал гарсан гэсэн тооцоог гаргасан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл тогтоогдсон учир хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хохирогч нь үлдэх хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй болсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.Хуягбаатарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Н.Ууганбаярын өмгөөлөгч Д.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд шалган тогтоож чадаагүй байна.

 

Хохирогч Н.Ууганбаяр 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр анх цагдаагийн байгууллагад хандан Н.Цийн буруутай, хууль бус үйлдлийн улмаас нийт 19.062.300 төгрөгийн хохирол учирсан хэмээн өргөдөл гаргасан байдаг.  

 

Уг өргөдлийнх дагуу 213400244 дугаар бүхий хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байх боловч хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг үндэслэн Н.Цийг Г.Ууганбаярт нийт 9.079.00 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн болох нь тодорхойгүй, ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд Н.Ууганбаяр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...2021 оны 08 дугаар сарын сүүлээр Төв аймаг дахь салбар дээр ирж Н.Ц гэх охинтой хөдөлмөрийн гэрээ хийсэн...” гэж,

 

Н.Ц гэрчээр “...2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр над руу Н.Ууганбаяр эгч утсаар залгаад Ганчимэг ажлаасаа гарсан чи оронд нь ажиллах юм уу гэхээр нь за тэгье гэж хэлээд 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байх би сайн санахгүй байна маргааш нь Төв аймаг дахь Кристал оптикал ХХК-нд ажиллаж байхад Н.Ууганбаяр эгч ирж уулзаад надтай тооцоо нийлээд ажил дээр хэрэглэгддэг бараа материалыг тоолж надад хүлээлгэж өгөөд буцаад явсан..., ...2020 оны 10 дугаар сард орон нутгийн сонгуулийн үеэр өрөө нүүлгэж, шилжих болсон, урьд нь ажил явагдаж байсан өрөөнд Ардын намын штаб орно гэж байсан, тэр үеэр Н.Ууганбаяр эгчийн дүү Уламбаяр гэх хүн ирээд өрөө нүүлгэж өгөөд мөн надтай хамт бараа материалын тооцоо нийлсэн, тэр үед нэг 45.000 төгрөгийн чулуун шил дутсан...” гэж тус тус мэдүүлсэн байдаг.

 

Дээрх хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүдээс үзвэл Кристал оптикал ХХК-ийн Төв аймаг дахь салбарт өмнө нь ажиллаж байсан Ганчимэг гэх хүнийг олж тогтоон түүнээс ажлыг нь хүлээн авсан Н.Цт хэдэн төгрөгийн бараа материал болон бэлэн мөнгө хүлээлгэн өгснийг,

 

2020 оны 08 дугаар сарын сүүлээр хохирогч Н.Ууганбаяр нь Төв аймагт ирж Н.Цтэй бараа материалын тооцоо хийж бараа материал хүлээлцэхэд хэдэн төгрөгийн бараа материал байсан эсэх, Кристал оптик ХХК, Н.Ц нарын хооронд ямар гэрээ байгуулагдсан,

 

2020 оны 10 дугаар сард хуучин байрлаж байсан газраасаа өөр газар руу нүүн ороход хохирогч Н.Ууганбаяр дүү Уламбаяр нь нүүлгэж өгөхөд нийт хэдэн төгрөгийн үнэ бараа материал байсан зэргийг зайлшгүй нарийвчлан шалган тогтоох, тухайн мэдүүлгүүдэд дурдагдсан н.Ганчимэг, н.Уламбаяр нарыг гэрчээр асууж холбогдох материалууд болох ажил хүлээлцсэн болон тооцоо нийлсэн акт зэргийг гаргуулан авч хэрэгт хавсаргах зайлшгүй шаардлагатай болно.

 

Хэдийгээр Н.Ууганбаяр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...орлого зарлагаа тулж үзэхэд нийт 9.079.000 төгрөг дутсан...” хэмээн мэдүүлсэн байдаг ч уг мэдүүлэгт тусгагдсан бараа материал, бэлэн мөнгө нь прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан хуулийн этгээдэд учирсан бодит хохирол гэх 9.079.000 төгрөгөөс илт зөрүүтэй бага байгааг прокуророос анхаарч үзэлгүй орхигдуулсан нь буруу болжээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Н.Ц нь зарим бараа материалуудыг бусдад зээлээр өгсөн талаар хохирогч Н.Ууганбаярын мэдүүлэгт тусгагдсан байгааг анхаарч үзэн Н.Цээс уг байдлыг асууж тодруулан хэнд хэдэн төгрөгийн бараа материалыг зээлээр өгсөн гэдгийг тогтоон, цаашид тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагчийг тогтоох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Дээрх нөхцөл байдлууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.4, 1.5, 1.6-д заасан үндэслэлүүдэд хамаарч байгаа болно.

 

Түүнчлэн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/386 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь хаанаас эхлэж байгаа нь тодорхой бус, шийтгэх тогтоол нь удиртгал, тогтоох хэсгээс бүрдсэн гэж үзэхээр бичигдсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүхийн шийдвэрийн хэлбэр бүтэц нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ хэмээн хуульчилсантай нийцээгүй байна.  

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа ба мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно.

 

Иймд хохирогч Н.Ууганбаярын өмгөөлөгч Д.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч ханган, Н.Цт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт заасан журмын дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд ч гэсэн хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй  тогтоох үүрэгтэй.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон эсэх зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзэхээр заасан ба хэрэв шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл дээр дурдагдсан нөхцөл байдлуудын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана гэж мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасныг цаашид анхаарвал зохино.

 

Монгол Улсын Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 19-д Төв аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг хамааруулан “Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх” гэх нэршил олгон тус шүүхийг байгуулсан байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тус шүүхийн нэршлийг “Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх” гэж буруу бичсэн болон хэргийг прокурорт очтол шүүгдэгч Н.Цт урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/386 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Н.Цт холбогдох эрүүгийн 2134002440354 дугаар хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж, хохирогч Н.Ууганбаярын өмгөөлөгч Д.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.  

 

2. Хэргийг прокурорт очтол Н.Цт урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ  

     

 

                   ШҮҮГЧИД                                                  Т.ЭНХМАА

 

 

                                                                                      М.МӨНХДАВАА