Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/105

 

 

 

 

Б.Б, Б.Б, Ч.Э

О.Х, Ц.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн,

Шүүгдэгч /Б.Б/-ийн өмгөөлөгч Д.Жаргал,

Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/293 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Б.Б, Б.Б, Ч.ЭО.Х, Ц.Э нарт холбогдох эрүүгийн 2034000000477 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Д.Жаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

 

Монгол улсын иргэн,

 

Монгол улсын иргэн,

 

Монгол улсын иргэн,

 

Монгол улсын иргэн,

 

Шүүгдэгч Б.Б, Б.Б, Ч.Э, О.Х, Ц.Э нар нь бүлэглэж, машин механизм ашиглан Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутаг “зүлэгт” гэх газар 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Т.Баасансүрэнгийн 1 тооны эр үхрийг хулгайлж, нядлан 1 617 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Б.Б, Ч.ЭО.Х, Ц.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

  Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/293 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б.Б, Б.Б, Ч.ЭО.Х, Ц.Э нарыг бүлэглэн машин механизм ашиглаж, бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б.Б, Б.Б, Ч.ЭО.Х, Ц.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т зааснаар тус бүрийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүрд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Б, Ч.ЭО.Х, Ц.Э нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тус тус зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн тус тус сольж,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.Б, Ч.ЭО.Х, Ц.Э нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

Шүүгдэгч Б.Б, Б.Б, Ч.ЭО.Х, Ц.Э нарт оногдуулсан тус тус 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг Төв аймаг болон Улаанбаатар хот Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б, Б.Б, Ч.ЭО.Х, Ц.Э нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4-д зааснаар шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэгт үйлдэхдээ ашигласан Тоёота приүс-30 маркийн 81-63 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгчээс гаргуулан улсын төсөвт шилжүүлж,

            Шүүгдэгч Б.Б, Б.Б, Ч.ЭО.Х, Ц.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Д.Жаргал давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолын 8 дахь заалтаар Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4-т зааснаар шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгийн Тоёота приус маркын 81-63 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгчээс гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй... гэжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайгаа ялтан Б.Б хүлээн зөвшөөрч 2021 оны 7 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар "шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэнд ялтны хувьд хүлээн зөвшөөрч шүүхийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч байгаа. Гэвч ялтан Б.Бийн нэр дээр 81-63 УБК улсын дугаартай автомашин нь Б.Бийн өмчлөлийн хөрөнгө биш нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзэж байгаа бол тухайн тээврийн хэрэгсэл нь "...гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулна" гэжээ. Шүүгдэгч Б.Бийн өмчлөл биш болох нь хэрэгт байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байгаа гэтэл "Бийн өмчлөлийн" гэж шийтгэх тогтоолд заасан нь хэрэгт байхгүй баримтаар 81-63 УБК улсын дугаартай автомашиныг хураасан байх тул хууль зүйн үндэслэлгүй болжээ. Эрүүгийн 2034000000477 дугаартай хавтаст хэрэгт “Даян Үүр” ХХК-тай байгуулсан "зээлийн гэрээ"-ний барьцаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. 81-63 УБК Тоёота приус маркын автомашин нь “Даян Үүр” ХХК-ийн өмчлөлд байгаа болох нь тухайн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар нотлогддог. Шүүхийн шийдвэр нь биелэгдэх боломжгүй гарсан тул Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/293 дугаартай шийтгэх тогтоолын 8 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гарсан. Иргэний нэхэмжлэгчийн тухайд автомашиныг нэхэмжлэхгүй гэсэн. Дээрх тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б.Бийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Жаргал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гаргасан гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8 дугаар заалтыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б, Б.Б, Ч.ЭО.Х, Ц.Э нарт холбогдох эрүүгийн 2034000000477 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.

Шүүгдэгч Б.Б, Б.Б, Ч.ЭО.Х, Ц.Э нар нь бүлэглэж, машин механизм ашиглан Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутаг “зүлэгт” гэх газар 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Т.Баасансүрэнгийн 1 тооны эр үхрийг хулгайлж, нядлан 1 617 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Тоёота приус-30 маркийн 81-63 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх саналыг мөрдөгч О.Сайханбилэг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор И.Мөнхцэцэгт гаргасан /1хх-н 64х/ боловч мөрдөгчийн гаргасан саналыг прокурор хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт байхгүй байна.

Мөрдөгчийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолоор Тоёота приус-30 81-63 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг гаргахыг “Хан үнэлэмж” ХХК-ийн шинжээч Ч.Адьяасүрэнд даалгасан тогтоол гарсан /1хх-н 79х/. Гэтэл “Хан үнэлэмж” ХХК-ийн шинжээч Ч.Адьяасүрэн нь мөрдөгчийн тогтоолд заасан тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг биш тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг 400 000 төгрөгөөр тогтоосон байна. /хх-н 77х/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота приус-30 81-63 УБК улсын дугаартай автомашины үнийг шинжээчийн дүгнэлт гаргуулан тогтоох шаардлагатай байна. Дээрх ажиллагаанууд мөрдөн байцаалтын шатанд хийгдээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий гарахад нөлөөлж байна.  

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Тоёота приус-30 81-63 УБК улсын дугаартай автомашиныг битүүмжлэх, уг автомашины үнэлгээг тогтоох зэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан тул шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Д.Жаргал нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг удирдлага болгосон, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо 1.Шүүгдэгч Боржигон овогт Буянтогоогийн Б, Гүнсамба овогт Батбаярын Б, Боржигон овогт Чойжамцын ЭБоржигон овогт Отгонбаярын Х, Батхаан овогт Цогтхүүгийн Э нарыг бүлэглэн машин механизм ашиглаж, бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тус тус тооцсугай.” гэж тодорхой бус, ойлгомжгүй бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-т “ шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг тусгана гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Шүүгдэгч Б.Б, Б.Б, Ч.ЭО.Х, Ц.Э нарт холбогдох хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/293 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон магадлалд заасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Д.Жаргал нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол Б.Б, Б.Б, Ч.ЭО.Х, Ц.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХДАВАА

 

 

                   ШҮҮГЧИД                                        Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ