Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
Хэргийн индекс | 128/2023/0386/З |
Дугаар | 128/ШШ2023/0554 |
Огноо | 2023-06-23 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2023/0554
2023 06 23 128/ШШ2023/0554
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С******* ХХК /РД: 5*******/,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын хооронд үүссэн газар ашиглах эрхийн маргааныг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/349 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах.
2. Хэргийн үйл баримт, процессын түүх:
2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/349 дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн С******* ХХК-ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй хэмээн газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэрийг гаргажээ.
2.2. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас маргаан бүхий тушаалыг С******* ХХК-д мэдэгдээгүйгээс нэхэмжлэгч нь тушаалыг мэдсэн өдрөөс тооцож шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.
3. Нэхэмжлэгч С******* ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Манай компани Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн А-337 дугаартай тушаал, мөн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А-508 дугаартай тушаалаар Улаанбаатар хотын Б******* дүүргийн нутаг дэвсгэр, З******* зүүн б******* амны хязгаарлалтын бүсэд Үндэсний сурын цогцолбор барих 14,8 га газар ашигладаг бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Б******* дүүргийн Засаг дарга нартай гурван талт гэрээг байгуулан газрын төлбөрийн болон ашиглалтын ямар нэг зөрчилгүйгээр үйл ажиллагаагаа явуулж, газрыг ашиглалтын зориулалтын дагуу төсөл хэрэгжүүлж байгаа билээ.
3.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан А/349 дугаартай тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын З******* амны хязгаарлалтын бүсэд манай компанийн ашиглах эрхтэй 14.7 га газрын ашиглах эрхийг бидэнд мэдэгдэлгүйгээр хүчингүй болгосон юм байна. Бид сайдын тушаалыг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гэнэт мэдэж хуулбарлан аваад эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэхээр өөрт нь гомдол гаргасан боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 08/2389 дугаартай албан бичгээр бидний гомдлыг шийдвэрлээгүй юм. Иймд бид хуульд заасны дагуу дараахь үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
3.3. Сайдын А/349 тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд, Сайдын А/349 дугаартай тушаалын үндэслэл нь "С*******" ХХК-ийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дахь хэсэгт .... газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх үүрэгтэй;" гэснийг, мөн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт ....хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй..." гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж гаргажээ.
3.4. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Б******* дүүргийн Засаг дарга нар 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А-508 тоот тушаалыг үндэслэн "Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай" 2019/376 дугаартай гурван талт гэрээг байгуулсан юм. Гэрээ байгуулах үед дэлхий даяар, түүний дотор Монгол Улсад нийтийг хамарсан Ковид-19 вирусын цар тахал тархаж төр, захиргааны байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хязгаарлалт тавьсан билээ. Үүнтэй холбогдуулан бид 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас 02/510 дугаартай "Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ"-г авсан болно. Мөн Ковид-19 цар тахлын улмаас төсөл хэрэгжүүлэх үйл явц саатаж байгаа тухайгаа 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд АБ/20-05 дугаартай албан бичгээр мэдэгдэж байсан юм.
3.5. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаартай Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10 дахь заалтад дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ".... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно" гэж заасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолоор шинэ коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гарч удаа, дараа сунгасаар хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаад хэсэгчилсэн байдлаар өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалсан болох нь бүх нийтэд ил үйл баримт билээ.
3.6. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1. дэх хэсэгт "... "гамшиг" гэж аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, музейн үзмэр, цуглуулга, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг ойлгоно" гэж заасан бөгөөд КОВИД-19 цар тахлыг гамшиг гэж үзсэн байна. Цар тахлын хөл хорио, хязгаарлалтын энэ 1 жил 5 сарын хугацаанд Монгол Улсад ямар нэгэн үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан болохыг зориуд тэмдэглэж байна. Энэ нөхцөл байдал нь газар эзэмшигчээс үл хамаарах шалтгаан тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "хүндэтгэн үзэх шалтгаан" мөн гэж үзэж байна.
3.7. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаартай Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10 дахь заалтад "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэсэн байна. Ковид-19 цар тахлын хязгаарлалтын хугацаа 1 жил 5 сар орчим үргэлжилж цуцлагдмагц бид 2021 оны 5 дугаар сард төслийн үйл ажиллагааг эрчимтэй эхлүүлэн Ерөнхий төлөвлөгөө, цогцолборын эскиз зураг батлуулах, экспертиз хийлгэх, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон эрх бүхий байгууллагуудад танилцуулах, зөвшөөрөл авах ажлуудыг гүйцэтгэж дараах баримт бичгүүдийг бүрдүүлсэн юм.
3.8. Үүнд: а/ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр олгосон 2021//11-3 тоот "Хашаа барих зөвшөөрөл; б/ Эрчим хүчний яамнаас 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр олгосон 84/2021/252 тоот төслийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөл; в/ Нийслэлийн ерөнхий архитектор, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтын бүс нутгийн удирдлагын газрын дарга нараас 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр олгосон төслийн зураг төслийг баталсан шийдвэр; г/ "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-иас 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр олгосон ТН-199/2022 дугаартай техникийн нөхцөл; д/ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газартай 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төслийн 2022 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлав; е/ Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газраас 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ"-г олгов.
3.9. Эрх бүхий байгууллагуудаас холбогдох зөвшөөрлийг авч 2022 оноос барилга угсралтын үйл ажиллагааг эхлүүлж тасралтгүй ажилласаар өнөөдрийг хүртэл 15,0 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж төслийн үйл явц 50 гаруй хувьтай явж байна. Бид төслийн үйл ажиллагаа эхэлсэн тухай болон явцын талаар мэдээллийг тухай бүр Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, асуудал хариуцсан мэргэжилтэнд бичгээр, амаар өгч нягт холбоотой ажилласаар ирсэн юм. Тийм учраас газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг дүгнэлт үндэслэлгүй юм. Хоёр. Шийдвэр гаргасан процессын тухайд. 2.1. Сайдын А/349 дугаартай тушаалд ".... Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 904 дүгээр албан бичгээр ирүүлсэн саналын дагуу..." гэсэн байна. Бид Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай маш нягт холбоотой ажилладаг бөгөөд тус газраас 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 904 тоот ямар утга, агуулгатай албан бичиг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргэгдсэн болохыг мэдэхгүй байна. Манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тухай сайдын А/349 дугаартай тушаалыг бид санаандгүй байдлаар 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр мэдээд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас бидэнд мөн өдөр тушаалыг хуулбарыг гардуулсан юм. Бидэнд өмнө нь ийм тушаал гарах гэж байгаа, гарсан эсэх талаар хэн ч, хэзээ ч мэдэгдэж байгаагүй тул бид энэ мэдээг ихэд цочирдож хүлээн авсан юм.
3.10. Сайдын тушаал ийм байдлаар гарсан нь дараах хууль тогтоомжуудыг зөрчсөн байна. Үүнд: а/ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд .... бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тусгай зарчмыг баримтална" гэснийг, 6/ Захиргааны ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2. дах хэсэгт сонсох ажиллагааны "Оролцогч энэ хуулийн 18.1-д заасан этгээдийг нэрлээгүй бол түүнд хаяглагдсан баримт бичгийг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр, харин цахим шуудангаар явуулсан баримт бичгийг түүнийг илгээснээс хойш ажлын таван өдөр өнгөрснөөр баримт бичиг гардуулсанд тооцно" гэснийг; в/ Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэснийг; г/ Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1. дэх хэсэгт "Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно" гэснийг д/ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2. дэх хэсэгт "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ" гэснийг тус тус зөрчсөн байна. Бидний үзэж байгаагаар Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны өмнөх удирдлага захиргааны хууль зүйн үр дагавар бүхий акт гаргуулахдаа хуульд заасан захиргааны процессыг ноцтой зөрчиж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад илтэд худал, бодит байдалд нийцээгүй мэдээлэл гаргаж өгсөн байна.
3.11. Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд манай компанитай холбоо барих бүх утасны дугаар, хаягийн мэдээлэл байсаар байхад бидэнтэй утсаар, хүргэлтийн шуудан болон цахим шуудангаар холбоо барих ямар нэгэн оролдлого хийгээгүй байна. Энэ талаар бид Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны бичиг хэргээс холбогдох бүртгэлийн баримтуудыг шүүж үзсэн болно. Мөн бидний төслийг хэрэгжүүлж буй газар дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нэг ч хүн ирж уулзаагүй, газар дээр нь ирж танилцах үйл ажиллагааг хийгээгүй, холбогдох үзлэг, шалгалтыг явуулаагүй болохыг онцгойлон тэмдэглэж байна. Сайдын А/349 дугаартай тушаал 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гарсан байхад уг тушаалыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж байгаа бидэнд мэдэгдээгүй, өөрсдийн байр суурь, үйл баримтын талаар нотолгоог гаргаж танилцуулах боломж олгоогүй нь захиргааны байгууллагаас захиргааны актыг гаргах хуульд заасан журам ноцтой зөрчигдсөн гэж үзэхээр байна. Дээр дурдсан үндэслэлээр манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн, хуульд нийцээгүй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын "С*******" ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/349 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
4. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
4.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/337 дугаар тушаалаар "С*******" ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын З******* аманд 14.7 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгож, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/508 дугаар тушаалаар 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэсэн байна.
4.2. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/349 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд, Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэсэн байна.
4.3. Нэхэмжлэгч "С*******" ХХК нь 2019 оны А/508 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг сунгуулж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Б******* дүүргийн Засаг даргатай "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах" гуравласан гэрээг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №2019/376 тоот гэрээгээр байгуулсан байна.
4.4. Үүнээс хойш газар ашиглагч нь гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 904 дүгээр албан тоотоор гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байх тул газар ашиглах эрхийг хүчингүй болгох санал болон нэхэмжлэгч компанид хүргүүлсэн сонсох ажиллагааны мэдэгдэх хуудсыг хавсаргаж ирүүлсэн. Тус албан бичигт дурдагдсан нөхцөл байдлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газраас тодруулан шалгахад 2019 оны 10 сарын 28-ны өдрийн 2019/376 дугаар гэрээ байгуулагдсанаас хойш 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны санал ирүүлэх хүртэл хугацаанд 34 сар 19 хоног өнгөрсөн байх бөгөөд тус хугацаанд газар ашиглагч нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй байсан тул Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтад зааснаар "С*******" ХХК нь гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тул газар ашиглах эрхийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж тушаалыг төслийг боловсруулж А/349 дүгээр тушаал гарсан.
4.5. Тус тушаалын 2 дахь заалтаар "...хуулийн этгээдэд албан ёсоор мэдэгдэл өгч, гэрээ, гэрчилгээг хураан авах..." талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд даалгасан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны актыг мэдэгдэх ажиллагааны талаарх баримтыг тус захиргаанаас гаргуулах нь зүйтэй. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" А/349 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/349 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын З******* амны хязгаарлалтын бүсэд С******* ХХК-д олгосон 14.7 га газрын ашиглах эрхийг ...Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 904 дүгээр албан бичгээр ирүүлсэн санал-ын дагуу газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон шийдвэрийг гаргажээ
3. Үүнийг эс зөвшөөрч, тус тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч С******* ХХК-аас ...газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл бүрдсэн талаар болон маргаан бүхий акт гарсан болохыг манай компанид мэдэгдээгүй, хэрэв бидэнд мэдэгдсэн бол газраа ашиглаж байгаа талаар, мөн зарим хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо нотлох боломж бидэнд байснаас гадна 2 жил дараалан газраа ашиглаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй, ... бид газар ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш Ковид19 цар тахлын улмаас хөл хорио тогтоогдсон хугацаанд газар дээрээ үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан, энэ талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2020 онд мэдэгдсэн, ... хөл хорионы хугацаанд мөн хөл хорио цуцлагдмагц нэн даруй төслийн ажлаа эхлүүлж, холбогдох газруудаас зөвшөөрлүүдээ авснаар газар дээрээ барилгын ажлаа эхлүүлж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсээр байхад газар ашиглах эрхийг цуцалсанд гомдолтой... гэж маргасан.
4. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...газар ашиглагч нь гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 904 дүгээр албан тоотоор мэдэгдсэн, ....тус албан бичигт дурдсан нөхцөл байдлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газраас тодруулан шалгахад 2019 оны 10 сарын 28-ны өдрийн 2019/376 дугаар гэрээ байгуулагдсанаас хойш 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны санал ирүүлэх хүртэл хугацаанд 34 сар 19 хоног өнгөрсөн байсан тул 2 жил дараалан газраа ашиглаагүйд тооцогдсон... гэж маргаан бүхий актын үндэслэлээ тайлбарлажээ.
5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Зүүн б******* аманд үндэсний сурын цогцолборын зориулалтаар С******* ХХК-д 14.8 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийг олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/508 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг нь 5 жилийн хугацаагаар сунгаж, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гурвалсан гэрээ-г нэхэмжлэгч С******* ХХК-тай байгуулсан байна.
6. Гурвалсан гэрээг байгуулсан хугацаанаас хойш Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 904 дугаартай албан бичгээр ....С******* ХХК Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн тул газар ашиглах эрхийг цуцлах... гэсэн саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн.
7. Тус саналыг үндэслэн хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан зөрчлийг С******* ХХК-ийг гаргасан гэж үзээд газар ашиглах эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгожээ.
8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас маргаан бүхий актыг гаргахад үндэслэл болгосон гэж үзэх Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 904 дугаартай албан бичиг, мөн тус газрын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 871 дугаартай сонсох ажиллагааны мэдэгдлийг шүүхэд ирүүлснээс өөрөөр А/349 дүгээр тушаалд холбогдох баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй.
9. Ийнхүү шүүхээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны бичиг баримтад үзлэг хийхэд, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 904 дугаартай албан бичгийн хавсралтаар тус газрын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 871 дугаартай сонсох ажиллагааны мэдэгдлээс өөр баримтыг яаманд хүргүүлээгүй, тухайлбал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг хэрхэн зөрчсөн талаарх баримтуудыг ирүүлээгүй нөхцөл байдал тогтоогдох ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...газар ашиглах эрхийг цуцлах саналыг хүлээн аваад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраас нөхцөл байдлыг тодруулан шалгасан... гэх боловч тайлбарт дурдагдсан нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийсэн болох нотлох баримт байхгүй.
10. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны бичиг баримтуудаас шүүх үзэхэд, нэхэмжлэгч С******* ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах саналыг гаргасан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 904 дугаартай албан бичигт дурдсан нөхцөл байдлыг тогтоосон ямар ч баримт үйлдэгдээгүй, мөн тус газраас 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 871 дугаартай С******* ХХК-д хүргүүлсэн гэх сонсох ажиллагааны мэдэгдэл, маргаан бүхий тушаалыг тус тус нэхэмжлэгчид хүргүүлэх ажиллагааг хийгээгүй үйл баримтууд тогтоогдож байна.
11. Түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрийн 713 дугаарт С******* ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн АБ/20-05 дугаартай албан бичгээр ...2020 оны 1 дүгээр сард гарсан шинэ коронавирусийн улмаас ...төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимаас манай компанид олгосон гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосныг хүргүүлэв. ...хорио цээрийн дэглэм дуусмагц төслийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ гэсэн мэдэгдлийг, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний хамт тус газарт хүргүүлсэн болох нь бүртгэгджээ.
12. Эдгээр үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 871 дугаартай сонсох ажиллагааны мэдэгдлийг С******* ХХК-д хүргүүлээгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй болох үйл баримтыг тогтоох ажиллагааг хийгээгүй, мөн албан бичигт дурдаад буй Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэдэгт нэхэмжлэгчийг хэрхэн буруутгаад байгааг тогтоогоогүй атлаа 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 904 дугаартай албан бичгээр ...газар ашиглах эрхийг цуцлах... саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн.
13. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраас дээрх албан бичгээр ирүүлсэн саналыг хүлээн авч, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг С******* ХХК зөрчсөн гэж үзсэн бол Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нөхцөл байдлыг хэрхэн тогтоосон болохыг тодруулж, холбогдох баримтуудад үндэслэн шийдвэр гаргах шаардах ёстой байтал зөвхөн сонсох ажиллагааны мэдэгдэлд үндэслэн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь тогтоогдож байна.
14. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. 24.2.-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., 26 дугаар зүйлийн 26.1.-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. гэж заасан.
15. Гэтэл хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас нөхцөл байдлыг тогтоож, үндэслэл бүхий шийдвэр гаргах ажиллагааг хийгээгүй, эрх нь хөндөгдөж болзошгүй этгээдийг оролцуулан тайлбар, санал гаргах боломжийг олгох үүргээ биелүүлэхгүйгээр 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/349 дүгээр тушаалыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.
16. Хэрэв хариуцагчаас нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлж, эрх нь хөндөгдөж болзошгүй этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулсан бол С******* ХХК-ийг газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байсан болох нь дараах байдлаар нотлогдож байна.
17. Нэхэмжлэгч С******* ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гурвалсан гэрээ-г байгуулсанаас хойш Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 02/510 дугаартай корона вирусийн халдварт өвчинтэй холбогдуулан гарсан хорио цээрийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх Гэнэт буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг авч, тус хугацаанд төсөл хэрэгжих боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн талаар 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн АБ/20-05 дугаартай албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд мэдэгдэж байсан, мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төслөө хэрэгжүүлэхээр хашаа барих зөвшөөрөл авч байсан зэргийг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 904 дугаартай албан бичгээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах санал гаргахдаа харгалзаагүй.
18. Түүнчлэн нэхэмжлэгч С******* ХХК нь 2019 онд Байгаль орчны яамны Ерөнхий шинжээчээр Богдхан уулын дархан цаазат газарт хэрэгжих төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголыг, Байгаль орчны яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргаар 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус тус батлуулсан, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраар, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр харилцаа холбооны техникийн нөхцөлийг Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-аар батлуулсан, Нийслэлийн ерөнхий архитектороор 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр маргаан бүхий газарт хэрэгжих Байт харвааны спорт цогцолбор, олон улсын амралт, жуулчлалын төв-ийн загвар зургийг батлуулж, Хот байгуулалт, хөгжлийн газраас 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авсан.
19. Мөн энэ хугацаанд төслийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах дээрх техникийн нөхцөл, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, барилгын ажлын загвар зургийг батлуулах зорилгоор холбогдох этгээдүүдтэй байгаль орчны төлөв байдлын тайлан болон нарийвчилсан үнэлгээний ажлыг гүйцэтгэх, барилгын ажлын загвар зургийг боловсруулах, барилгын ажлын гүйцэтгэгчтэй барилга угсралтын гэрээг байгуулах зэрэг ажлуудыг хийсээр байсан болох нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хэрэгт авагдсан гэрээнүүдээр нотлогдсон.
20. Иймд нэхэмжлэгч С******* ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш корона вирусийн халдварт өвчинтэй холбогдуулан гарсан хорио цээрийн хугацаанд ч маргаан бүхий газар дээр хэрэгжих төслийн үйл ажиллагааг эхлүүлэхээр холбогдох газруудаас зөвшөөрлүүдээ авч, үндэсний сурын цогцолборын төслийг хэрэгжүүлэхээр батлагдсан барилгын ажлыг хийж гүйцэтгэж байсан нь маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр болон хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдсон тул хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч С******* ХХК-ийн газар ашиглах эрхийг гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
21. Дээрх үндэслэлээр хариуцагчаас нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн хэмээн хууль бус шийдвэр гаргасан, үүний улмаас нэхэмжлэгч С******* ХХК-ийн газар ашиглах эрх зөрчигдсөн байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/349 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
22. Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, түүнээс шүүх хуралдааныг хойшлуулах талаар шүүхэд ямар нэг хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчээс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д зааснаар хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан гэж үзээд шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж хэргийг хянан шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С******* ХХК-ийн хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/349 дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ