| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
| Хэргийн индекс | 128/2022/0374 |
| Дугаар | 128/ШШ2023/0567 |
| Огноо | 2023-06-29 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2023/0567
2023 06 29 128/ШШ2023/0567
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, шүүгч Д.Чанцалням, Д.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 5 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Энхбаатар овогтой Одончимэг /РД: ЖЮ88090960/,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Одончимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хандармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Балжинням, Г.Дөлгөөн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан, гэрч Э.Үүрийнцолмон, Н.Цэнгэл, А.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 10 сарын 26-ны өдрийн А/498 тоот захирамжийн Г.Идэрбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.
2. Хэргийн үйл баримт, процессын түүх:
2.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай А/498 дугаар захирамжаар гуравдагч этгээд Г.Идэрбаярт Баянзүрх дүүрэг, Замчин 1-15а тоот хаягт байрлах 700 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.
2.2. Үүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Э.Одончимэгээс Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02-06/491 дүгээр албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариуг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгч Э.Одончимэг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Энхбаатарын Одончимэг миний бие Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах замчны 1-р гудамж 15а тоот хаягт байрлах газар дээр 2014 оноос хойш гэр бүлээрээ амьдарч байгаа билээ. Миний бие амьдарч байгаа газар дээрээ газар эзэмших хүсэлтийг гаргаж Баянзүрх дүүргийн газрын албанд удаа дараа очиж уулзаж байсан бөгөөд өөрийн биеэр очиж уулзаад газрын байршлаа хэлэхээр манай хэсгийг хариуцсан газар зохион байгуулагч нь тэр газар дээрээ 3 жил амьдарч байгаад гэрчилгээ авдаг гэж хэлсэн юм.
3.2. 2019 онд очиж уулзахад энэ газар дээр эзэмших эрхийн гэрчилгээ гаргах эрх үүсээгүй байна гэж хэлж байсан. Ингээд би 2022 он гарангуут газрын албан дээр орж уулзахад газрын алба нь цахимаар өргөдөл хүлээж авдаг болсон ирэх 7,8 сард манай амьдарч байгаа газар дээр аль хэдийн буюу 2020 оны 10 сарын 26-ны өдрийн A\498 тоот засаг даргын захирамжаар Г.Идэрбаяр гэх хүний нэр дээр манай газрын эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн байгаа юм. Би гайхаад манай газрыг хариуцсан газар зохион байгуулагч С.Чанагнянгартай уулзсан чинь би мэдэхгүй та хуулийн дагуу шийдвэрлүүл гээд байсан юм.
3.3. С.Чанагнянгар нь намайг удаа дараа газрын гэрчилгээ гаргуулахаар очиход миний бичиг баримтыг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалздаг байсан. Өөрөөр хэлбэл захиргааны ажилтан нь үйлдэл эс үйлдэхүйгээрээ нэхэмжлэгч миний эрхийг зөрчсөн гэж үзэж байна.
3.4. Газрын алба газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар уулзаж байгаа хүмүүсийг тухайн газар дээрээ амьдардаг эсэх гэж асуудаг мөн очиж үздэг атлаа өөр айл амьдарч байгаа газрын дээр нь огт амьдраагүй хүнд эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгсөнд гомдолтой байна.
3.5. Манайх энэ газар дээр амьдраад аль хэдийн өөрийн эзэмшил үүссэн байгаа юм. Энэ тухай нийслэлийн засаг даргад хандсан боловч мөн л хуулийн дагуу шийдвэрлүүл гэсэн албан тоот өгсөн байна гэжээ.
3.6. Нэхэмжлэгч Э.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хүргэн 2012 оноос хойш энэ газарт амьдарч байсан. Бид эхлээд хүргэнийхээ хашаанд амьдарч байгаад 2016 онд маргаан бүхий газарт буугаад хашаа барьж байсан. Хашаа барьсан нь /google/-ийн 2016 оны зураг дээр байгаа.
3.7. 2018 онд би Солонгос улсад явахдаа ээжийгээ газар дээрээ буулгаад явсан. Ээж араас утсаар яриад хэцүү байна, айлгаад байна, урд айлын архичин айл сүрдүүлээд байна гээд газраа алдахгүйн тулд өвөлдөө хойшоо хүргэнийд очоод, зундаа энэ газартаа гардаг байсан. 2020 оны газрын зургийг гаргаж ирсэн байсан. 2020 оны 09 дүгээр сард манайх газар дээрээ байсан.
3.8. 2019 онд ээжид та Газар зохион байгуулалтын албанд очиж газраа хөөцөлд гэж хэлсэн. Ээж өргөдлөө бариад Газар зохион байгуулалтын албанд очиж С.Чанагнянгарын өмнө нь ажиллаж байсан хүнтэй уулзахад энэ газрыг эзэмшүүлэх эрх нь нээгдээгүй байна, өргөдөл авах боломжгүй байна гэж хэлээд буцаасан байдаг. Би 2021 оны 09 дүгээр сард Солонгос улсаас ирсэн. Тухайн үед Г.Идэрбаярын нэр дээр газрын гэрчилгээ гарсныг мэдээгүй. Гараашныхаа суурийг цутгаад бариад явж байтал 2021 оны 11 дүгээр сард ирээд энэ миний газар яагаад миний газар дээр юм бариад байгаа юм бэ гэсэн.
3.9. Иймд Газар зохион байгуулалтын албанд очиж С.Чанагнянгар гэх хүнтэй уулзаж 2017 онд хийлгэсэн кадастрын зургаа үзүүлээд өөр хүний нэр дээр гэрчилгээ гарсан байна, би өргөдлөө өгье гэхэд бичиг баримтыг минь хүлээж аваагүй. Энэ газар дээр хүн ирээд маргаад байна, давхар эзэмшигч байна уу хараад өгөөч гэхэд тухайн үед надад харж өгөөгүй. Намайг egazar.gov.mn цахим хаягт орж хараарай гэсэн би тус хаягаар орж үзэхэд 2019 онд өргөдлөө өгөөд, 2020 онд өөр хүний нэр дээр газар эзэмших эрх гарсан байсан. Маргааш нь миний газар дээр өөр хүний нэр газар эзэмших эрх өгсөн байна, хүчингүй болгож өгөөч гэж дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Авлигатай тэмцэх газар гээд яваагүй газар гэж байхгүй. Намайг явуулж явуулчхаад хамгийн сүүлд шүүхэд ханд гэсэн.
3.10. Би Газар зохион байгуулалтын албанд очоод би энэ газарт кадастрын зураг хийлгэсэн байна. Энэ газрыг эзэмшүүлэх эрхийг надад олгооч гэвэл хэзээ ч үгүй гэж хэлнэ. Би 0.7 га газраа авах хүсэлтэй байна гэхэд энийг хар, тэрийг ав, кадастрын зургаа хийлгээд ир гэдэг. Би хаана ямар газар байгааг мэдэхгүй. Г.Идэрбаяр нь манай тэнд бичиг баримтгүй газар байгаа гэдгийг яаж мэдсэн юм бэ. Миний бодлоор манай ээжийг 2019 онд Газар зохион байгуулалтын албанд очиж уулзахад энэ газар дээр бичиг баримт гараагүй хоосон газар байна гэдгийг мэдээд өөр хүнд энэ газрыг ав гэсэн байх гэж хардаж байна. Хонхорт зөндөө л сул газар байна гэтэл надад газар олддоггүй. Газрыг мөнгөөр худалдаж авна уу гэхээс Газар зохион байгуулалтын албанд очоод энд сул газар байна надад өгөөч гэвэл хэзээ миний өргөдлийг хүлээн авдаггүй. Энэ бол бодит үнэн юм. Тухайн үед хорооны Засаг дарга газар дээр нь үзлэг хийх ёстой байсан. Энэ үзлэгээ хийгээгүй.
3.11. Оршин суудаг нь үнэ гэсэн худал бичиг баримт гаргаж өгсөн. Бүгд баримтаар нотлогдож байгаа. Би 2017 онд Газар зохион байгуулалтын албанд очиж уулзахад эхлээд газар дээрээ 3 жил амьдардаг юм. Хашаагаа барьж 3 жил амьдарсныхаа дараа ирээд бичиг баримтаа өгнө, кадастрын зургаа хийлгэнэ гэж надад хэлж байсан. 2019 онд манай ээжийг очиход эзэмших эрх нь нээгдээгүй байна гэж хэлээд буцаасан. Г.Идэрбаяр нь энэ газрыг яаж олоод, ямар аргаар хэрхэн газар эзэмших эрх авсныг нь үнэн зөвөөр тогтоож, түүнд газар эзэмшүүлсэн тушаалыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
3.12. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Г.Идэрбаяр нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргыг дагуулан тус хорооны нутаг дэвсгэрээр явж энэ газар сул юм гэж заалгаад газар эзэмших эрх авсан гэж байна. Жирийн иргэн хүн хэзээ ч Засаг даргыг дагаж яваад энд хоосон газар байна гэж заалгадаггүй. Иргэд манайх энд байгаа газрыг эзэмших авах гэсэн юм, энэ газарт амьдарлаа гэдгээ хэлээд өргөдлийг хүлээн авдаг.
3.13. Гэтэл Г.Идэрбаяр нь хорооны Засаг даргыг дагуулан яваад энэ газрыг авсан гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийн хардаад байгааг баталсан хариулт болж байна. Өөрөөр хэлбэл өмнөх хорооны Засаг дарга нь гуравдагч этээд Г.Идэрбаяртай хамаарал бүхий этгээд учраас миний амьдарч байгаа, хашаагаа барьсан газар дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулаад авчихлаа гэдэг хардлага анхнаасаа байсан.
3.14. Иргэн хүн газар эзэмшихээр Газар зохион байгуулалтын албанд очиход эхлээд газар зохион байгуулагчтайгаа уулз гэдэг. Газар зохион байгуулагч миний өргөдлийг хүлээн авахгүй гэвэл бичиг хэрэг дээр өргөдлийг хүлээн авдаггүй. Одоо ч энэ зарчмаараа явж байгаа. Газар зохион байгуулагч өргөдлийг цохохгүй бол өргөдлийг хүлээн авдаггүй. Нэхэмжлэгчийн зүгээс өргөдлөө өгье гэхээр газар зохион байгуулагч нь хүлээн авдаггүй.
3.15. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэн амаар болон бичгээр өргөдөл, гомдол гаргах эрхтэй. Нэхэмжлэгч Э.Одончимэг амаар, тайлбараар өргөдөл гаргаж байсан нь харагдаж байна. 2017 онд газар зохион байгуулагч дээрээ очиж энэ газар дээр би амьдарч байгаа гэж уулзаж байсан байна. Мөн 2019 онд очиж уулзаж байсан. Үүнээс амаар тухайн газрыг эзэмшье гэсэн хүсэлтээ гаргаж байсан нь харагдаж байна. Иргэд газар эзэмших хүсэлтээ тавихад хашаа барьсан байх гэсэн шаардлага тавьдаг.
3.16. Одоо ч гэсэн тийм шаардлага тавьдаг. Гэтэл шүүхэд ирэхээрээ өөр зүйл яриад байдаг. Өмнөх онуудад өргөдөлд хашааны зургийг хавсаргадаг байсан. Гуравдагч этгээд Г.Идэрбаяр нь хашааны зураг, кадастрын зураг хавсаргасан. Гэтэл Г.Идэрбаяр нь тухайн газар дээр ганц банз хатгаагүй байж бусдын эзэмшиж байгаа газар дээр би эзэмшиж байна гээд өргөдөл гаргасан. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэн үнэн зөв өргөдөл гаргаж өгөх, гаргасан өргөдлийг төрийн байгууллага шалгаж үзэх үүрэгтэй. 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргад бичгээр гаргасан өргөдөл байдаг.
3.17. Гэтэл өөрөө амьдардаггүй байж, ам бүл 3-уулаа амьдардаг гэсэн өгүүлбэр бүхий өргөдлийг гаргаж өгсөн. Г.Идэрбаярын төрийн байгууллагад анхнаасаа гаргаж өгсөн өргөдөл, хүсэлт нь хуурамч буюу худал байна. Тухайн газарт амьдраагүй, хашааг бариагүй, 1 ч банз хадаагүй, 1 шонгийн нүх ухаагүй байж тухайн газарт амьдардаг гэсэн өргөдөл өгсөн. Үнэхээр эзэмшил үүсээд, тухайн газрыг өөрийн хөрөнгө гэж үзэж байгаа бол 2020 онд газар эзэмшүүлэх захирамж гарчхаад байхад айл амьдраад байгаа бол газар чөлөөлүүлэх нэхэмжлэлээ иргэний хэргийн шүүхэд гаргах эрхтэй байсан.
3.18. Газар дээрээ юу болоод байгааг ч мэдэхгүй байгаа. Гэтэл аль хэдийн айл амьдраад, хашаагаа бариад, байшингаа бариад амьдарсан. Энэ байдлаар тухайн газрыг Г.Идэрбаяр нь өөрөө мэдэхгүй, өөрийн өмч гэж үзэхгүй байсан байна. Тухайн газар дээр огт амьдраагүй байж хуурамч нотлох баримт төрийн байгууллагад гаргаж өгч хүний эзэмшил үүссэн, амьдарч байгаа газар дээр өөрийн танил талын байдлаар өөрийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан гэж хэлж болохоор байна. Засаг дарга хэзээ ч иргэнийг дагуулаад энэ газар сул байна гээд дагуулж явдаггүй. Энэ нь гуравдагч этгээд өөрийн танил талыг ашиглаад газрыг авсан байна гэдэг харагдаж байна.
3.19. Захиргааны ерөнхий хуульд захиргааны акт бусдын хууль ёсны эрх, ашгийг хөндөх ёсгүй гэж заасан. Маргаан бүхий захиргааны акт Засаг даргын захирамж нь иргэн Э.Одончимэгийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн. Мөн бусдын эд хөрөнгийг эрхийг хөндөж болохгүй. Гэтэл эд хөрөнгийн эрхийг зөрчиж байна. Э.Одончимэг нь Солонгос улсад 2, 3 жил хар ажил хийж байгаад Монгол улсад ирээд амьдралаа босгох гээд үл хөдлөх хөрөнгө барьсан. Хэрэв Засаг даргын захирамжийг хэвээр үлдээвэл нэхэмжлэгч эд хөрөнгөө яах юм бэ. Иймд нөхцөл байдал үүсээд байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.
4. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
4.1. Нэхэмжлэгч нь 2014 оноос тус дүүргийн 11 дүгээр хорооны 1 дүгээр гудамж 15а тоот хаяг оршин сууж байгаа бөгөөд тус газрыг эзэмших хүсэлт удаа дараа тавьсан болов ч хүлээж аваагүй бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/498 дугаар захирамжаар иргэн Г.Идэрбаярт эзэмшүүлсэн гэж ээ.
4.2. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана." гэж заажээ.
4.3. Гэвч иргэн Э.Одончимэг нь 2013-2021 онуудад дүүргийн Засаг даргад болон газар зохион байгуулалтын албанд хандан газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй. Мөн газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч С.Чанагнянгар нь 2020 онд хээрийн судалгаа хийх явцад уг газарт хашаа бариагүй ямар нэгэн айл, өрх амьдардаг гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд энэ тухайгаа өөрийн хариу тайлбарт дурдан агаарын зургийг хавсарган өгсөн.
4.4. Дээрхээс үзэхэд дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.", 27.4 "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно." 31 дүгээр зүйлийн 31.3-т "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна." гэж заасны дагуу мэдээллийн санд ямар нэгэн давхцал байхгүй тул иргэн Г.Идэрбаярт 2020 оны А/498 дугаар захирамжаар тус газрын эзэмшүүлсэн байна.
4.5. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
4.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дөлгөөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана гэж заасан. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Газар зохион байгуулалтын албаны архивт нэхэмжлэгчээс гаргасан хүсэлт 1 удаа ч бүртгэгдээгүй байдаг.
4.6. Нэхэмжлэгч Э.Одончимэг нь 2015 оноос хойш 2022 оныг хүртэл тухайн газраа газрын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ямар нэгэн шийдвэргүйгээр, зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглаж байсан нь тогтоогдож байна. гэжээ.
5. Гуравдагч этгээд Г.Идэрбаяр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарын гаргаж байна.
5.1. Уг нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд дурдсан газрыг эзэмшихээр гэрээ байгуулах, гэрчилгээ гаргуулах үед уг газрыг хэн ч эзэмшээгүй байсан. Иймд ч дүүргийн Засаг дарга надад газрыг эзэмшүүлэхээр захирамж гаргасан, гэрчилгээ олгосон гэж үзэж байна.
5.2. Нийслэлийн Засаг дарга, дүүргийн газрын албаны албан бичиг, тайлбар, бусад баримтуудаас үзэхэд Э.Одончимэг нь уг газрыг эзэмшиж байгаагүй, энэ талаар хүсэлт гаргаж байгаагүй аж. Иймд газар эзэмших захирамж, гэрчилгээгүй атлаа Э.Одончимэг нь уг газарт бууж суурьшин барилга байшин барьж хууль зөрчжээ. Би газрынхаа гэрээг байгуулж гэрчилгээгээ гаргуулчхаад газраа хамгаалж хашаа хороо барьж хамгаалах зорилготой очиход Э.Одончимэг нь хагас хугас хашаа барьсан байхаар нь би Газрын албанд хандаж мэдэгдсэн.
5.3. Гэтэл Э.Одончимэг нь хууль бус үйлдлээ зогсоохын оронд блокоор урт байшин барьсан. Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу. Мөн түүнийг албадан нүүлгэх шийдвэр гаргаж миний хууль ёсны эрхийг хамгаалж газраа эзэмших боломж олгоно уу. гэжээ.
5.4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Идэрбаяр нь маргаан бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмшсэн. Тэрээр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд амьдардаг. Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороотой ойролцоо амьдарч байгаа. Өөрийн амьдардаг хороонд 0.7 га газар эзэмших хүсэлтэй байсан учраас тухайн үед ажиллаж байсан 11 дүгээр хорооны Засаг даргад 0.7 га газар эзэмших хүсэлтэй байна.
5.5. Эзэмшүүлэх боломжтой газар байна уу гэдэг агуулгаар уулзаж, Засаг даргатай явж байгаад маргаан бүхий газар дээр очиход сул газар байсан гэж өөрөө надад тайлбарласан. Иймд тус газрыг авах боломжтой юм байна гэж үзээд 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тухайн газрын хил, заагийг тогтоолгож, солбицлын цэгийг тогтоосон актыг Барга уул ХХК-иар үйлдүүлээд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Газар зохион байгуулалтын албанд хүсэлтээ гаргасан.
5.6. Хүсэлтээ гаргахдаа хууль заасан шаардлагыг хангасан холбогдох бичиг, баримтыг бүрдүүлэн өгөхөд Газар зохион байгуулалтын алба хүлээн авсан. Хүсэлтийг тухайн үеийн Баянзүрх дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан гэдэг агуулгаар хүсэлтийг 2020, 2021 он дамжуулан шийдвэрлэсэн байдаг. Албан ёсоор газар эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй байсан учраас гэрчилгээ гарах хүртэл тухайн газар дээр ямар нэгэн ажил хийх, үйл ажиллагаа явуулах, оршин суух боломжгүй, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар газар эзэмшихийг хориглосон учраас албан ёсоор гэрчилгээ гарахыг хүлээсэн.
5.7. Гэрчилгээ 2021 оны 06 дугар сарын 29-ний өдөр гарч, газар эзэмшүүлэх гэрээг Газар зохион байгуулалтын албатай байгуулсан. Энэ хугацааны туршид Г.Идэрбаяр нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод хяналтын инженерээр ажиллаж байсан учраас 2021 оны 09 дүгээр сард өөрийн эзэмшил газар дээр очиход нэхэмжлэгч Э.Одончимэг нь блокоор барьсан барилгын ажлаа эхлүүлсэн байсан. Иймд миний эзэмшил газар дээр барилга бариад байна гэхэд огт хүлээн аваагүй Г.Идэрбаярыг хөөж, туусан байдаг.
5.8. Нэхэмжлэгчтэй эвээр ярилцах гэсэн боловч тохиролцоод хүрээгүй. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчид илүү хохироогүй байгаа дээрээ барилгын ажлаа зогсоо гэж олон удаа ярилцсан боловч нэхэмжлэгийн зүгээс хүлээн аваагүй. Өнөөдөр нэхэмжлэгч хохирсон мэтээр ярьж байгаа боловч бодит байдал дээр одоогийнхоос огт өөр зан, араншинтай хүн юм.
5.9. Иймд Г.Идэрбаяр нь тухайн газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа гэсэн байр суурьтай байна. Нэхэмжлэгчийн шүүхээр хамгаалуулах гээд байгаа эрх, ашиг сонирхол нь хууль бус ашиг сонирхол гэдгийг хэлье. Нэхэмжлэгч тус газрыг 2015 онд хүнээс худалдан авсан гэдэг. Газрыг худалдан авахдаа эрхийн гэрчилгээгүй хүнээс газар худалдан авч байгаагаа мэдэж байсан. Барилга барих шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгч хууль бус гэдгээ мэдэж байсан.
5.10. Дээрх нөхцөл байдлууд байсаар байтал байшин барьсан нь нэхэмжлэгчийн өөрийнх нь ухамсартайгаар гаргасан шийдвэр учраас үүссэн үр дагаврыг нэхэмжлэгч өөрөө хариуцах ёстой. Шүүхээр хамгаалуулах гээд байгаа ашиг сонирхол нь шүүхийн хамгаалалтад хамаарахгүй хууль бус ашиг сонирхол байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/498 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Замчин 1-15а тоот хаягт байрлах, 700 м.кв газрыг Г.Идэрбаярт эзэмшүүлснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Э.Одончимэг ...Нэхэмжлэгч Э.Одончимэг нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Замчин 1-15а тоот хаягт 2014 оноос амьдарч тус газрыг эзэмшихээр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа уулзан хүсэлт гаргасан ч хүлээн аваагүй. Маргаан бүхий газарт амьдарч байсан нөхцөл байдлыг тогтоохгүйгээр гуравдагч этгээд Г.Идэрбаярт давхцуулан олгосон нь хууль бус... гэж маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээд Г.Идэрбаяр нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг гаргаснаар түүнд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/498 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон байна.
4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ., мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. гэж тус тус заасан байдаг.
Нэхэмжлэгч Э.Одончимэгээс 2014 оноос хойш маргаан бүхий газарт амьдарч байсан гэх боловч суурьшил үүсгэн амьдарсан, зуны 3 сард гэр барьж амьдарч өвлийн улиралд байдаггүй нь дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд тухайн газрыг эзэмших эрхтэй болон маргаан бүхий газарт амьдарч байсан гэх нотолгоо болохгүй юм.
Мөн тухайн газрыг гуравдагч этгээд Г.Идэрбаярт эзэмшүүлсэн хугацаа буюу 2018 онд нэхэмжлэгч нь Бүгд Найрамдах Солонгос Улсад оршин сууж байсан, маргаан бүхий газарт барьсан хашаа хайс нь алга болдог байсан гэх зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
5. Түүнчлэн шүүхээс маргааны үйл баримтын хүрээнд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны архив бичиг хэргийн газарт хийсэн үзлэгээр Хүн амын өрхийн бүртгэлийн 2019 оны дэвтэрт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны 15а хаягт Э.Одончимэг бүртгэлтэй гэх боловч 11 дүгээр хороонд бүртгэлтэй иргэдийн талаарх мэдээллийг хөтөлдөг, тэмдэглэдэг. Үүнээс өөр хөтөлдөг баримт байхгүй гэж
Мөн 2016 оны архиваас шүүлт хийж үзэхэд 15а гэсэн хаяг нь бүртгэлгүй, хүн амын өрхийн мэдээлэлд бүртгэлгүй байсан нь тус үзлэгээр нотлогдож байна.
8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахыг, 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, ...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгохоор, 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр хуульчилсан.
9. Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудыг дүгнэхэд, нэхэмжлэгч Э.Одончимэг нь маргаан бүхий газрыг хуульд заасан журмын дагуу эзэмших хүсэлтийг дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанд гаргаж байсан гэж тайлбарлах боловч тухайн газар дээр суурьшин амьдарч байгаагүй энэ тохиолдолд хариуцагч нараас гуравдагч этгээд Г.Идэрбаяр газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж, газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасантай нийцсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Одончимэгийн Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 10 сарын 26-ны өдрийн А/498 тоот захирамжийн Г.Идэрбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ