Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/106

 

 

 

 

С.Б, Б.М, Э.Бнарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор П.Даваасүрэн

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Жавзан

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Булгамаа,

            Ц.Батзаяа /цахим сүлжээгээр/

            Шүүгдэгч Э.Болормаагийн өмгөөлөгч У.Хүрэлбаатар

            Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж, шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/381 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Жавзан, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа нарын хамтран гаргасан болон шүүгдэгч Э.Болормаа, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар, С.Б, Б.М, Э.Бнарт холбогдох эрүүгийн 20340006360252 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн,

 

Монгол улсын иргэн,

 

Монгол улсын иргэн,

 

Э.Бнь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр амь хохирогч А.Эрхэмбаярын биед үзлэг хийж, оношлохдоо эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас амь хохирогч А.Эрхэмбаяр нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 18 цаг 55 минутад Төв аймгийн Борнуур сумын эрүүл мэндийн төвд нас барсан,

 

С.Б нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр амь хохирогч А.Эрхэмбаярын биед үзлэг хийж, оношлохдоо эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас амь хохирогч А.Эрхэмбаяр нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 18 цаг 55 минутад Төв аймгийн Борнуур сумын эрүүл мэндийн төвд нас барсан,

 

Б.М нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр амь хохирогч А.Эрхэмбаярын биед үзлэг хийж, оношлохдоо эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас амь хохирогч А.Эрхэмбаяр нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 18 цаг 55 минутад Төв аймгийн Борнуур сумын эрүүл мэндийн төвд нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Э.Болормаа, Б.М, С.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Бт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж,

 

Шүүгдэгч Ихмонгол овогт Батбаатарын Мыг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, мөн зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нарс барсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд,

 

мөн шүүгдэгч Боржигон овогт Энхбаярын Болормааг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жил хорих,

 

Шүүгдэгч Э.Болормааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар сувилах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 8 сар хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М, Э.Бнарт тус бүр оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх,

 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Мт оногдуулсан 2 жил хорих ялаас 2 жилийг, шүүгдэгч Э.Болормаад оногдуулсан 1 жил 8 сар хорих ялаас 2 жилийг тус тус хасаж тус бүрийг шүүх хуралдааныг танхимаас нэн даруй суллаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.М, Э.Бнараас нийт 16.388.534 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 8.194.267 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Жавзанд олгож,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Болормаа, Б.М нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

 

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.М, Э.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, цагаатгагдсан этгээд С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Мын эмчлэх эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, шүүгдэгч Э.Болормаагийн сувилах эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тус тус уг ялыг эдэлж дууссан үеэс буюу 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хугацааг тоолж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Жавзан, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа нар гаргасан давж заалдах гомдолдоо: Шүүх С.Бт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

 

Уг шийдвэрийг гаргахдаа нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан журмыг зөрчиж цуглуулсан баримт болох шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Монгол эм импекс концерн ХХК-ийн Төв аймаг дахь салбарын захирал Ш.Буджавын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаартай тодорхойлолтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй. Уг баримтыг үндэслэн эмнэлгийн шаардлагатай эм буюу диазепам /седуксен/-аар хангаж чадаагүй нь С.Бийн буруу биш байна гэсэн байдаг.

 

Гэтэл хэрэгт авагдсан сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажил байдлын тодорхойлолтод эрүүл мэндийн төвийг өдөр тутмын удирдлагаар хангах, эмнэлгийн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангалтыг хариуцах үүргийг заасан бөгөөд энэ утгаараа С.Б нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй болох нь тодорхой нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна.

 

Мөн шүүхийн шийдвэрийн тодорхойлох нь хэсэгт “...тухайн өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус сумын Засаг даргын өгсөн үүргийн дагуу Сонгуулийн хороонд “Эрүүл мэндийн чиглэлийн ажил”-аар буюу Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахал, халдвараас урьдчилан сэргийлэх Эрүүл мэндийн төвийн болон эмчийн үүргээ гүйцэтгэсэн байна” гэж дүгнэсэн байдаг бөгөөд гэтэл уг асуудлыг нотолж тогтоосон буюу сумын Засаг даргын үүрэг чиглэл өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй.

 

Түүнчлэн шүүх С.Бийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаар өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй байгаа шалтгаанаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1-т заасан буюу “энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан” гэсэн үндэслэлийг баримталсан хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалтыг зөрчиж мэдүүлэг авсан талаар бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Иймд дээрх асуудалтад нэгдсэн дүгнэлт хийж өгөхийг хүсье.

 

Шүүхээс Б.М, Э.Болормаа, нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага хөнгөдсөн гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд маш их гомдолтой байгаа болно.

 

Учир нь: Б.М, Э.Бнарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх эрүүгийн хариуцлагын хүрээ хязгаартай гэмт хэрэг.

 

Гэтэл шүүх ямар учраас Б.Мт 2 жил, Э.Болормаад 1 жил 8 сар хорих ял оноосон үндэслэлээ шийтгэх тогтоолд тодорхой дүгнэлт хийгээгүй. Б.М, Э.Бнар нь гэм буруутай эсэх асуудлаар шүүхийн хэлэлцүүлэгт маргаж, өөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулах байр суурьтайгаар оролцсон, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй байсаар атал холбогдож буй тухайн зүйл заалтад заасан эрүүгийн хариуцлагын талаас доош хэмжээний ялыг оноож байгаад гомдолтой байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж шударга ёсны зарчмыг тодорхойлсон. Гэтэл уг зарчим хэрэгжээгүй гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч үзэж байгаа болно.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тухайд 2 настай хүүхдээ эмнэлгийн ажилчдын буруутай үйл ажиллагааны улмаас алдсандаа туйлын гомдолтой байгаагаа гомдолдоо дахин дахин илэрхийлж бичихийг хүссэн. Хүүхдийн амь нас хохирсон уг хэргийн тухайд хохирол, хор уршиг арилах боломжгүй атал уг асуудалд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анхаараагүйд маш их гомдолтой байгаа болно.

 

Иймд гомдолд дурьдсан асуудалд дүгнэлт өгч анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж өгөхийг хүсье гэжээ.

 

Шүүгдэгч Э.Болормаа, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нар гаргасан давж заалдах гомдолдоо: Яллагдагч Э.Болормааг амь хохирогч А.Эрхэмбаярт эмнэлгийн тусалмж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч амь насаа алдсан гэж дүгнэж ял шийтгэл оногдуусан юм. Сувилагч ажил үүргийнхээ хуваарийн дагуу эмчийн бичиж өгсөн эм, тариаг цаг алдахгүй хийж байсан, тухайн үед эмчийн заавраар ажиллаж байсан гэж үзэж байх учир гэм буруутайд тооцох үндэслэл байхгүй байгаа тул хэргийг хэргсэхгүй болгуулахаар хүсэлт гаргаж байна. Мөн хор уршгийн талаар дүгнэлт хийхдээ хохирогч нарын өмгөөлөгчийн хөлс 6.000.000 төгрөгийг яллагдагч нараас гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иймд хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Жавзан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Э.Болормаагийн өмгөөлөгч хохирлоо нөхөн төлсөн гэж маш их сэтгэл эмзэглүүлмээр зүйл ярьж байна. Миний хүүхэд миний амьнаас ч илүү үнэтэй. Би хүүхдийнхээ амь насыг мөнгөөр үнэлэх боломжгүй гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх шүүгдэгч С.Бийг цагаатган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Шүүх уг шийдвэрээ гаргахдаа нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн баримтыг үндэслэл болгосон байгааг анхаарч үзнэ үү. Мөн С.Б нь сонгуулийн ажилд оролцож байсан гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа. Мөн Б.М 2 жил, Э.Б1 жил 8 сар хорих ял оногдуулахдаа юуны учир ингэж ял оногдуулсан болох талаар ямар нэгэн дүгнэлт өгөөгүй. Б.М, Э.Бнар нь гэм буруу дээрээ маргадаг, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй байгаа Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй. Түүнчлэн анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх ёстой байсан уу гэдэг нь ч эргэлзээ төрүүлж байгаа. Учир нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хохирлоо нөхөн төлсөн, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардсан байгаа. Хүн нас барсан хэрэгт хохирол төлөхийг илэрхийлэх боломжгүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Булгамаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б, Б.М, Э.Бнар болон эмнэлэг, төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдэн хүүхдийн амь нас хохирсон. Хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Э.Болормаагийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч Э.Бэмчийн өгсөн зааврын дагуу үзүүлсэн сувилах үйлчилгээг гэмт хэргийн шинжтэй хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Сувилагч өвчтөнийг үзэн онош тавих ямар ч боломжгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх шүүгдэгч С.Б холбогдох хэргийг үндэслэлтэй, зөв шийдвэрлэсэн гэж прокурорын зүгээс үзсэн. Харин шүүгдэгч Э.Болормаагийн хувьд өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын гаргасан давж заалдах гомдолтой санал нийлэхгүй байна. Э.Болормаагийн хувьд ажил үүргийн дагуу тухайн өдрийн ээлжийн эмч байхгүй тохиолдолд дараагийн эмчийг дуудах ёстой байсан атал энэ үүргээ огт хэрэгжүүлээгүй байдаг. Э.Болормаа, Б.М нарын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй ба шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн талуудын мэтгэлцээний үндсэн дээр тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдал, болж өнгөрсөн жинхэнэ нөхцөлийг тогтоодог учиртай.

 

С.Б, Б.М, Э.Бнарт холбогдох хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалган тогтоож чадаагүй байна.

 

Прокуророос С.Б, Б.М, Э.Бнарыг 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр амь хохирогч А.Эрхэмбаярын биед үзлэг хийж оношлохдоо эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас амь хохирогч А.Эрхэмбаяр нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 18 цаг 55 минутад Төв аймгийн Борнуур сумын эрүүл мэндийн төвд нас барсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурор яллах дүгнэлтдээ яллагдагчийг яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх талаар тусгах бөгөөд, төрийг төлөөлж шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа улсын яллагч хэргийн нөхцөл, үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгдөг талаасаа яллах дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил үндэслэл, дүгнэлт нь ойлгомжтой байдлаар бичигдсэн байх ёстой.

 

Гэтэл хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 215-222 дугаар талд авагдсан яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт С.Б, Б.М, Э.Бнарын хэнийх нь ямар үйлдэл нь яллаж байгаа гэмт хэргийн аль шинжийг хангасан талаар үндэслэл бүхий тодорхойлж чадаагүй байхад анхан шатны шүүх үүнийг нь анхаарч үзэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн буруу болжээ.

 

Түүнчлэн шүүхээс дүгнэлт өгөхөд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт болох гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд хоорондоо харилцан зөрүүтэй, хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд дутуу гарсан, эргэлзээ төрүүлэхүйц байхад шүүх аль дүгнэлтийг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг тодорхой зааж чадаагүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Амь хохирогч А.Эрхэмбаяр нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 50 минутад Төв аймгийн Борнуур сумын Эрүүл мэндийн төвд “Гүйлсэн булчирхайн идээт үрэвсэл” хавсарсан өвчин “Шодойн эмгэг” оношнуудын дагуу хэвтсэн байдаг.

 

Эмгэг судлалын шинжилгээний №Төв АНЭ-29.2020 протоколын дүгнэлтэд[1] “...Бөөрний сувганцрын голомтлог үхжил, бөөрний завсрын эдийн үрэвсэл..., эмнэл зүй болон эмгэг судлалын шинжилгээний өөрчлөлтөөс дүгнэхэд бага насны хүүхэд цочмог идээт тонзиллитоор өвчлөн халуурч таталт өгснөөс тархи үлэмж хавагнан, шаантагласнаас төвийн гаралтай амьсгал зүрхний дутагдлаар нас барсан байна, эмнэл зүй болон эмгэг судлалын онош үндсэн өвчний нэршлээр тохирсон..., ...Борнуур сумын эрүүл мэндийн төв биеийн байдал хүнд хүүхдийн үзлэг хяналт болон өвчний түүхийн хөтлөлт хангалтгүй, сэхээн амьдруулах арга хэмжээг стандартын дагуу аваагүй зэрэг нь эмчилгээ үйлчилгээний дутагдал болно...” гэж тусгагдсан байна.

 

Түүнчлэн хэргийн материалаар хийгдсэн Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн №43 тоот дүгнэлт, Эрүүл мэндийн яамны хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн хийсэн шинжилгээний 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлтүүдэд[2] амь хохирогчийн үхлийн шалтгааныг тодорхойлсон Эмгэг судлалын шинжилгээний №Төв АНЭ-29.2020 дүгнэлтэд тусгагдсан онош таарсан хэдий ч тухайн дүгнэлтүүдэд дор дурдсан зарим нэг зүйлүүдийг анхаарч үзэлгүй орхигдуулжээ.

 

Амь хохирогч А.Эрхэмбаяр нь тухайн өдөр эмнэлэгт шодойн эмгэг гэх хавсарсан өвчний оноштой хэвтсэн байх ба энэ хавсарсан өвчин нь болон дээрх 3 удаагийн шинжээчийн дүгнэлтүүдэд тусгагдсан түүний биед үүссэн “бөөрний сувганцрын голомтлог үхжил, бөөрний завсрын эдийн үрэвсэл” гэж бичигдсэн онош нь үхэлд нөлөөлөх эсэх, энэ нь юунаас үүдэлтэй болох талаар огт тусгалгүй орхигдуулсан байх тул энэ талаар тусгай мэдлэгийн хүрээнд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байна.

 

Эрүүл мэндийн яамны хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн хийсэн шинжилгээний 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлтийн 2 дахь заалтад “...эмчийг ирэх үед амьсгал үнэлэгдээгүй ч зүрхний цохилт хангалттай, сатураци 78 байсан нь эргэн сэргээх боломжтой байсныг илтгэж байна. Энэ үед AVPU үнэлгээ хийвэл хүүхэд ухаангүй гэж үнэлэгдсэн байна. Энэ үед амьсгалын замыг хамгийн түрүүнд зохицуулж, ам хамрыг амьсгалж байгаа эсэхийг харж, чагнаж мэдэрснийхээ дараа хүчилтөрөгч маскаар эсвэл хамрын гуурсаар өгөх үү, эсвэл амбу ашиглан амьсгал дэмжих гэдгээ шийдэх байлаа...” хэмээн тусгагдсан байдаг.

 

Гэтэл энэ талаар гэрч Э.Уранзаяа мөрдөн байцаалтын шатанд “...дээшээ хүүхэд рүү ороход тухайн хүүхэд орон дээрээ дээшээ харсан байдалтай нумарч татсан, ам, хамраас цагаан хөөс гарсан байдалтай байсан..., ...сувилагчийн өрөө рүү оруулаад хүчил төрөгч залгаад байх хооронд хүүхдийн эгч Норжмаа гэх хүнийг нэг давхрын хүлээн авах руу эм тарианд явуулаад 3мм магни сульфат, 1мм новкын тариаг хүүхдийн булчинд хийж, мөн 250 миллиграмм парацетамоль лааг шулуун гэдсээр хийгээд хүүхдийн зөөлөн арьстай хэсгүүд буюу суга, цавь, хөлийн ул, гарын алгыг спиртээр арчсан, энэ үедээ тухайн өдрийн ээлжийн эмч Б.М руу 18 цаг 25 минутын орчим залгаад хүүхэд маш хүнд байна хурдан ирээрэй гэж ярьсан, тэгээд би хүүхдийн цээжинд зүрхний массаж хийж байхад эмч ирсэн, эмч дахин үргэлжлүүлээд массаж хийсэн боловч хүүхдийг нас барсан байна гэж хэлсэн...” гэж,

 

Э.Б“...хүүхэд татлаа гэхээр нь эмч дээшээ явахдаа надад тухайн хоёр хүнд зөвлөсөн тариаг нь хийгээд дараа нь яваад ороход Э.Уранзаяа эмч хүүхдэд магнизм хийчихлээ эм өгөх гэсэн чинь уулгаж болохгүй байна, хүчил төрөгч өгчихлөө гээд байж байсан. Бид хоёр нийлээд массаж хийгээд дээрдэхгүй байж байтал Б.М эмч ирээд бас адилхан сэхээн амьдруулах хийсэн боловч дээрдэхгүй байсаар байгаад нас барсан...” гэж,

 

Б.М “...18 цаг 20 минутын орчим над руу Э.Уранзаяа эмч энэ хүүхэд татаад байна аягүй хүнд хүүхэд байна. Таталт тавиулах тариа эмнэлэгт алга байна би магнизм булчинд хийлээ спиртээр биеийг нь арчлаа хүчилтөрөгч өгчихсөн байна гэж ярьсан...,  ...18 цаг 26 минутад гараад замдаа Э.Уранзаяа эмчтэй яриад явж байтал өнгөрчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд би нэг их удалгүй яваад ирэхэд хүүхэд орчиндоо харьцаагүй, хүүхэн хараа өргөссөн, хамар, уруулын гурвалжин хөхөрсөн, чагналтаар зүрхний авиа бүдэг, захын судасны дүүрэлт сул, хүчил төрөгчийн хэмжээ 78 хувьтай, фульс 138-тай байсан. Ирэхэд хүчилтөрөгчийг салгачихсан байхаар нь эргэж залгаад хамраар нь өгсөн. Тэгээд зүрх судасны үйл ажиллагааг сэргээхээр судсаар адарналин хийсэн, мөн сипиар буюу зүрхний массаж хиймэл амьсгал хийсэн тэгээд 10 орчим минут болоод хүүхэд 18 цаг 55 минутад нас барсан...” хэмээн тус тус мэдүүлсэн байдаг.

 

Дээрх дурдагсан мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, өөрөөр хэлбэл Б.Мыг ирэх үед амь хохирогчид өгсөн байсан гэх хүчилтөрөгчийн аппаратыг салгасан байсан уу, эсхүл аппаратыг салгаагүй байхад нь Э.Уранзаяа, Б.М, Э.Бнар нь хамтран сэхээн амьдруулах үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийсэн үү гэдгийг шалган мэдүүлгийн зөрүүг гаргаагүй, хэрэв хүчилтөрөгчийн аппаратыг салгасан гэх нөхцөл байдал тогтоогдвол энэ нь хэдий хугацаанд үргэлжилсэн болохыг нарийвчлан тогтоож амь хохирогчийн үхлийн шалтгаанд нөлөөлсөн эсэх болон,

 

Тухайн үйл баримт болсон гэх өдөр жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан Б.М нь ослын дуудлагад явсан, Төв аймгийн Борнуур сумын Эрүүл мэндийн төвийн дарга С.Б нь Сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж байсан талаар мэдүүлсэн байдаг хэдий ч үүнийг нь нотлох баримт хэрэгт огт авагдаагүй байх тул энэ талаар холбогдох баримтуудыг гаргуулан авч хэрэгт хавсаргах, мөн Б.Мын мэдүүлэгт тусгагдсан холбогдох этгээдүүдийг гэрчээр тогтоон мэдүүлэг авч тухайн ослын газрыг орхин явж болохгүй талаар үүрэг, чиглэл өгсөн эсэх зэргийг шалган тогтоогоогүй байна.

 

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатанд өмгөөлөгч Э.Ганбат Монгол эм импекс концерн ХХК Төв аймаг дахь салбарын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 15 тоот “...Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас импортоор орж ирэх сэтгэц нөлөөт, мансууруулах зарим эм тариа тасалдал үүсэж байсан. Үүнд диазепам тариа 2020 оны 09 дүгээр сарын 16-наас нэг сарын хугацаагаар тасарсан нь үнэн болохыг тодорхойлов...” гэх албан бичгийг гарган өгч нотлох баримтад тооцуулсан байдаг.

 

Зарим гэрч нарын мэдүүлэгт тухайн тариа нь манай эмнэлэгт “оноос хойш тасарсан байсан” гэж мэдүүлсэн байх тул уг тариаг тухайн эмнэлэг хэдийд ямар хэмжээгээр нөөцөөлж, хэрхэн зарцуулж байсан талаар мөрдөн байцаалтын шатанд огт шалган тодруулаагүй байх тул энэ магадлалд дурдсан ажиллагаануудыг нөхөн гүйцэтгүүлсний эцэст шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Жавзан, түүний өмгөөлөгч Ц.Булган нарын хамтран гаргасан “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах”, шүүгдэгч Э.Болормаагийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын гаргасан “Э.Болормаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/381 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, С.Б, Б.М, Ж.Бнарт холбогдох эрүүгийн 20340006360252 тоот хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн прокурорын газарт буцааж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Жавзан, түүний өмгөөлөгч Ц.Булган нарын болон шүүгдэгч Э.Болормаагийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол С.Б, Б.М, Ж.Бнарт урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ

        

 

                   ШҮҮГЧИД                                                  Т.ЭНХМАА

 

 

                                                                                      М.МӨНХДАВАА

 

 

 

 

 

[1] хх-ийн 1-р хавтас 126-129-р тал

[2] хх-ийн 1-р хавтас 27-30, 33-35-р тал