| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 307/2026/0138/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/140 |
| Огноо | 2026-03-11 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2026/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2026/0138/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандах,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******т холбогдох эрүүгийн 2518007440053 дугаартай хэргийг 2026 оны 03 сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1973 оны 06 сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, тэтгэвэрт гарсан, ам бүл 5, эх, дүү, зээ дүү нарын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 04 дүгээр баг,*******,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн******* ажиллаж байхдаа 2025 оны 01 сараас 2025 оны 10 сар хүртэл хугацаанд тус эмнэлгийн эмнэл зүйн лабораторийн нян судлаач их эмч*******гийн хувийн тамгыг хуурамчаар үйлдэж, хуурамч гэдгийг нь мэдсээр байж хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, алба хаагч нарын урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтэрт “үзлэгт орсон эрүүл байна” гэх агуулга бүхий хүний их эмч******* гэсэн тамгыг дарж 13,869,000 төгрөгийн ашиг олсон, хуурамч баримт бичиг үйлдэж ашигласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******ын: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Архи зарах зөвшөөрөл авахаар үзлэг шинжилгээнд ороход хугацаа шаардагдаж байгаа учраас тэмдэг дараад өгөөч гэж гуйхаар нь дэвтрүүдэд нь дарж өгсөн гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
“...манай эмнэлэгт шинжилгээнд хамрагдаагүй “ ” дэлгүүрийн 12 ажилтны үзлэгийн цагаан дэвтэрт манай байгууллагын 3 тамга /нян судлалын шинжилгээг баталгаажуулах тамга, огнооны дардас, лабораторийн эмчийн тамга/ гарын үсгийг хуурамчаар үйлдсэн зөрчил илэрлээ...” гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгээс Дархан-Уул аймгийн Прокурорын газарт явуулсан 2025 оны 09 сарын 22-ны 1/ дугаартай албан бичиг /хх-ийн 5/,
“Нэгжлэг хийхээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 04 дүгээр багийн 22 дугаар хорооллын Төмөр замын*******ны******* тоотод очиход ******* нь өөрийн сайн дурын үндсэн дээр тамга, тэмдгүүд байгаа газрыг өөрөө заан өгч гаргаж өгье гэсэн тул нэгжлэгийг зогсоож тэмдэглэл үйлдэв” гэх шүүгдэгч *******ын гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-24/,
“...нийт 63 удаагийн гүйлгээгээр дэвтэр, цагаан дэвтэр, шинжилгээний дэвтэр гэх мэт утгуудаар ний 7,719,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байв...” гэх шүүгдэгч *******ын Хаан банкны тоот дансны хуулга, уг хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-72/,
Эд мөрийн баримтаар Монголын ахмадын чөлөөт холбооны салбар зөвлөл гэсэн тамга нэг ширхэг, HIV (-) negative гэсэн тэмдэг нэг ширхэг, TPHA (-) negative гэсэн тэмдэг нэг ширхэг, Цөсний пигмент гэсэн тэмдэг нэг ширхэг, ЭЕРЭГ гэсэн тэмдэг нэг ширхэг, B-III гэсэн тэмдэг нэг ширхэг, O-I гэсэн тэмдэг нэг ширхэг, СӨРӨГ гэсэн тэмдэг нэг ширхэг, A-II гэсэн тэмдэг нэг ширхэг, AB-IV гэсэн тэмдэг нэг ширхэг, Огнооны дардас нэг ширхэг, хүний их эмч гэсэн тэмдэг нэг ширхэг, Тамганы тостой дардас таглаатай хайрцагтай нэг ширхэг, Цэнхэр өнгийн үдээс авагч нэг ширхэг, үдээсний машин нэг ширхэг, цэнхэр өнгийн таглаатай хуванцар сав нэг ширхэг, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр 17 ширхгийг тус тус тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 78/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн: Эрүүл мэндийн газрын эрүүл ахуйн байцаагч нь манай Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгч руу залгаж “танай ээлжийн амралттай байгаа эмчийн чинь тамга урьдчилсан сэргийлэх үзлэгийн дэвтэр дээр дарагдчихсан байна” гэж гэж хэлсэн. Тэгэхээр нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “ ” дэлгүүрийн менежер рүү залгаж “танайх шинжилгээ өгөөгүй байж ажилчдынхаа урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтэр дээр манай байгууллагын тамгыг дарсан байна. Танайх урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтэр дээрээ хэнээр, хэрхэн яаж манай байгууллагын тамга тэмдгүүд даруулсан юм бэ?” гэж асуухад “танай байгууллагаас тэтгэвэртээ гарсан гээд нэг хүнтэй утсаар яриад Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг зах дээр уулзаж дэвтрүүдээ өгөөд буцаагаад хэсэг хугацааны дараа дэвтрүүдээ авсан. Тухайн хүн урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтэр дээр 1 хүнээс 40,000 төгрөгийн хөлс авч нийт 12 ажилчдын дэвтэр дээр тамга тэмдэг даруулсан” гэж хэлсэн. Бид нар тухайн дэвтэр дээр дарагдсан огнооны дардас болон манай эмнэлгийн лабораторийн эмч*******гийн хувийн тамга болон Нэгдсэн эмнэлгийн “эмгэг төрөгч”, “нян илрээгүй” гэх тамгануудыг хуурамчаар дуурайлгаж хийсэн байсныг шалгуулахаар танай байгууллагад хандаж байна. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийн анкетын хэсэг дээр манай кассын ажилтан өөрийн гараар бичилт хийдэг бөгөөд тухайн 12 иргэний дэвтэр дээрх бичгийн хэв нь манай ажилтанийн бичгийн хэвтэй таарахгүй байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 81/,
Гэрчн: ... ” ************ ” ХХК-аас архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлт ирсний дагуу би төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тухайн байгууллагад хийсэн. Шалгалтаар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээний дэвтэрт шалгалт хийж үзэхэд 12 ажилтны дэвтэр бүрэн шинжилгээнд орсон нь баталгаажсан байсан ба дэвтэр дээр нян судлалын шинжилгээнд 2025 оны 08 сарын 22-нд хийгдэж Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч******* эмчийн гарын үсэг зурагдаж баталгаажуулалт хийгдсэн байсан. Гэтэл тухайн цаг хугацаанд******* эмч ээлжийн амралттай, эмч орлож байсныг би мэдэж байсан болохоор гайхаж уг асуудлыг лавшруулж шалган Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн лаборатори луу холбогдоод эмчтэй өөртэй нь ярьж тухайн дэвтрүүд дундаас 2 хүний шинжилгээний кодын хэлсэн. Тухайн кодоор нь тулгаж үзэхэд лабораторийн шинжилгээ хийсэн хүмүүсийн бүртгэл дээр овог, нэр нь зөрж байсан. Тэгээд тухайн аж ахуйн нэгжийн менежертэй холбогдож асуухад “бид нар өөрсдөө очиж шинжилгээнд хамрагдсан” гэж хэлсэн ба төлбөр төлсөн баримтаа гаргаж ирж үзүүлж чадахгүй байхаар нь би Нэгдсэн эмнэлгийн даргад энэ талаар мэдэгдээд эмнэлгээс цагдаагийн байгууллагад хандаж шалгуулахаар болсон гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 83/,
Гэрчйн: Манай байгууллага 2025 оны 08 сард архи, согтууруулах ундааны зүйлээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулахаар материал бүрдүүлэх гээд ажилчдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулсан материал бүрдүүлэх шаардлагатай байсан. Тэгээд найз болохг гуйсан чинь ойролцоогоор 14 хоногийн дотор байхаа манай ажилчдад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтэртэй болгоод уг дэвтэр дээр үзлэгт хамрагдсан мэдээлэл тамга тэмдгийг нь дараад авчирч өгсөн. Бусдаар бол манай ажилчид жинхэнээсээ эмнэлэг явж шинжилгээнд бол хамрагдаагүй байсан. Сая сүүлд шалгалтын дараа манай ажилчид бүгд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр очиж шинжилгээнд хамрагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 85/,
Гэрч*******гийн: Би 2025 оны 07 сарын 13-нд Улаанбаатар хотод авто осолд орсны улмаас 2025 оны 07 сарын 13-аас 08 сарын 01-ний хооронд листтэй байж байгаад 2025 оны 08 сарын 01-ээс 2025 оны 09 сарын 09 хүртэлх хугацаанд ээлжийн амралттай байсан. Энэ хугацаанд би хувийн тамгаа өөртөө байлгаад байгууллагын 2 тамгыг цуг ажилладаг эмчид үлдээсэн байсан. Тухайн дэвтэр дээр дарагдсан тэмдэг, дардаснууд миний ашигладаг тамга тэмдэг, дардаснаас өөр байсан. Мөн миний гарын үсгийг дуурайж зурах гэж оролдсон байсан ч миний гарын үсгээс өөр байсан гэх мэдүүлэг /хх-ийн/,
Гэрчийн: Би “ ” ХХК-д салбарын менежер хийдэг байсан бөгөөд 2025 оны 06 сард ажлаасаа гарсан. Намайг ажлаасаа гарсны дараа нэг удаа хуучин ажил дээрээ очтол манай хуучин ажлын менежер надаас "Ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтэр дээр үзлэгт орсон гээд тамга тэмдэг дараад өгчих хүн байна уу?” гэж асуусан. Би “надад тийм хүн байхгүй гэхдээ хүмүүсээс асууя” гэж хэлсэн. Тэгээд би борлуулалтын ажилд орж ажлаа хийж явж байхдаа үйлчилгээний байгууллагуудаас асууж байсан бөгөөд 2025 оны 07 сарын сүүлээр байх над руу нэг дугаараас залгаад "Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтэр дээр тамга тэмдэг даруулах уу" гэж асуусан. Тэгээд Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар баг 18-н автобусны буудлын ойролцоо 50 орчим насны эмэгтэй хүнтэй уулзаад тэр эмэгтэй хүн надаас дэвтрүүдийг аваад явсан. 4-5 хоногийн дараа Зах дээр явж байтал над руу залгаж надаас авсан дэвтрүүдээ буцааж өгсөн. Тухайн үед дэвтрүүд дээр бичилтийг нь хийгээд тамга тэмдгүүдийг нь дарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 89/,
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 11 сарын 07-ны дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн 18 ширхэг дэвтэр,******* гэсэн гэсэн бичиглэлтэй тэмдэг,******* гэсэн бичиглэлтэй*******18163844 гэсэн дугаартай тэмдгийн дардас,*******гийн гэх гарын үсгийн туршилтын загвар зэрэг нь эх хувиараа байх тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 18 ширхэг дэвтрийн 2025.06.30, 2025.08.04, 2025.08.12, 2025.08.21, 2025.08.22-ны өдрүүдэд дарагдсан тэмдэг нь харьцуулах загвараар ирүүлсэн*******, хүний их эмч гэсэн бичиглэлтэй, эх хувиар ирүүлсэн тэмдэгтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн 18 ширхэг дэвтрийн 2025.06.30, 2025.08.04, 2025.08.12, 2025.08.21, 2025.08.22-ны өдрүүдэд дарагдсан тэмдгийн гол хэсэгт зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн*******гийн гэх гарын үсгийн туршилтын загвартай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 98-106/,
Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилладаг талаарх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 10 сарын 14-ний 1/ 850 дугаартай албан бичиг, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 137-144/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Хуурамч бичиг баримт ашиглах гэмт хэргийн үндсэн шинж нь тухайн тусгай зөвшөөрөл, эрх олгосон үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл ба иргэний, албаны жолооны эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хувь хүний байдлыг тодорхойлсон гэрчилгээ, эдийн болон эдийн бус байдлыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон байдаг ба баримт бичгээ хуурамчаар үйлдэж, мөн хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж худалдаалснаар илэрдэг. Шүүгдэгч ******* нь******* гэх тэмдгийг хуурамчаар үйлдэж, тэтгэвэрт гарсны дараа өөртөө ашиглахаар хуурамч тамга, тэмдэг хэвлэсэн зэрэг нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон учраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж шүүхэд хэргийг шилжүүлсэн. Миний үйлчлүүлэгч хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас гэм буруу болон хэргийн зүйлчлэлд маргахгүй гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн******* ажиллаж байхдаа эмнэл зүйн лабораторийн нян судлаач хүний их эмч*******гийн хувийн тамгыг дуурайлган хийлгээд 2025 оны 01 сараас 2025 оны 10 сар хүртэл хугацаанд “ ” ХХК, “ ” кафены ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний дэвтэрт эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан гэх агуулгаар бичилт хийн дуурайлган хийлгэсэн “хүний их эмч******* ” гэх тэмдгийг дарж, 13,869,000 төгрөгийн ашиг олсон гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан үйлдлийг хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөртөө ашиг олох зорилгоор “хүний их эмч******* ” гэх тамгыг дуурайлган хийлгэж, нэр бүхий 12 иргэний урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний дэвтэрт эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан гэх агуулгаар бичилт хийн дарж ашигласан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад шууд хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 5, эх, дүү, зээ дүү нарын хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч: шүүгдэгчид 01 жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хувийн байдлын тухайд нь архаг хүнд хэлбэрийн зүрх судас, амьсгалын дутагдал гэх оноштой эхийгээ болон төрсөн дүүийн охин болох хөнгөн хэлбэрийн оюуны хомсдол гэх оноштоййг асардаг, өөрөө хөхний хоргүй хавдартай, гадаад улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг тул зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчид 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдэж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн сарын орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан Монголын ахмадын чөлөөт холбооны салбар зөвлөл гэсэн тамга нэг ширхэг, Цэнхэр өнгийн үдээс авагч нэг ширхэг, үдээсний машин нэг ширхэг, цэнхэр өнгийн таглаатай хуванцар сав нэг ширхэг зэргийг шүүгдэгчид буцаан олгож, HIV (-) negative гэсэн тэмдэг нэг ширхэг, TPHA (-) negative гэсэн тэмдэг нэг ширхэг, Цөсний пигмент гэсэн тэмдэг нэг ширхэг, ЭЕРЭГ гэсэн тэмдэг нэг ширхэг, B-III гэсэн тэмдэг нэг ширхэг, O-I гэсэн тэмдэг нэг ширхэг, СӨРӨГ гэсэн тэмдэг нэг ширхэг, A-II гэсэн тэмдэг нэг ширхэг, AB-IV гэсэн тэмдэг нэг ширхэг, Огнооны дардас нэг ширхэг, хүний их эмч гэсэн тэмдэг нэг ширхэг, Тамганы тостой дардас таглаатай хайрцагтай нэг ширхэг, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр 17 ширхэг зэргийг устгахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж 13,869,000 төгрөгийн орлого олсон байх тул түүнд хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авч шүүгдэгчээс 13,869,000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан Монголын ахмадын чөлөөт холбооны салбар зөвлөл гэсэн тамга нэг ширхэг, Цэнхэр өнгийн үдээс авагч нэг ширхэг, үдээсний машин нэг ширхэг, цэнхэр өнгийн таглаатай хуванцар сав нэг ширхэг зэргийг шүүгдэгчид буцаан олгож, HIV (-) negative гэсэн тэмдэг нэг ширхэг, TPHA (-) negative гэсэн тэмдэг нэг ширхэг, Цөсний пигмент гэсэн тэмдэг нэг ширхэг, ЭЕРЭГ гэсэн тэмдэг нэг ширхэг, B-III гэсэн тэмдэг нэг ширхэг, O-I гэсэн тэмдэг нэг ширхэг, СӨРӨГ гэсэн тэмдэг нэг ширхэг, A-II гэсэн тэмдэг нэг ширхэг, AB-IV гэсэн тэмдэг нэг ширхэг, Огнооны дардас нэг ширхэг, хүний их эмч гэсэн тэмдэг нэг ширхэг, Тамганы тостой дардас таглаатай хайрцагтай нэг ширхэг, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр 17 ширхэг зэргийг устгасугай.
7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 13,869,000 /арван гурван сая найман зуун жаран есөн сая/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР